Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1351

 

МАГАДЛАЛ

 

2018.06.08                                                     Дугаар 1351                               Улаанбаатар хот

 

 

 

 

ДЦС 3 ТӨХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00920 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ДЦС 3 ТӨХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч МФ ХХК-д холбогдох,

 

Шилэн хүлэмж, байшинг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Засварын зардалд оруулсан хөрөнгө 68 950 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: МФ ХХК-тай харилцан тохиролцож компанийн хөрөнгөнд бүртгэлтэй ашиглахгүй байгаа 100 м.кв талбай бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбай бүхий 1 өрөө модон байшинг 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс түрээслэгчийн өөрийнх нь хүсэлтээр, түүний хөрөнгөөр сэргээн засварлах, ашиглах нөхцөлтэйгөөр сарын 582 000 төгрөгөөр түрээслүүлэхээр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж             5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг түрээслэгчид актаар хүлээлгэн өгсөн. Түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар хийхдээ түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл МФ ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 12 м.кв талбай бүхий модон байшинг нурааж өөр тоосгон байшин барьсан нь түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болсон ба 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгах боломжгүй болсон. Энэ тухайгаа МФ ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч эд хөрөнгийг хүлээлгэн өгөхгүй байна. Иймд түрээсийн гэрээний 3.3-т “зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй” гэж заасны дагуу 12 м.кв талбай бүхий нэг өрөө модон байшинг буулгаж шинээр барьсан тоосгон байшинг компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, МФ ХХК-ийн эзэмшлээс шилэн хүлэмж, байшинг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2 жилийн хугацаатай цаашид сунгах нөхцөлтэйгээр ДЦС-3 ТӨХК-ийн эзэмшлийн 1990-ээд оноос хойш ашиглагдаагүй бүрэн эвдэрч тоногдсон             8 590 074 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хүлэмж, модон модон байшинг засварлаж урт хугацаагаар түрээслэхээр тохиролцож өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн зөвхөн түрээсийн төлбөрт 21 000 000 төгрөг, ашиглалтын төлбөрт 9 000 000 төгрөг нийт 30 000 000 орчим сая төгрөгийн төлбөрийг тус компанид төлж үйл ажиллагаа явуулж байна. Биднийг зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулсан, өмч хөрөнгө нурааж устгасан, гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэн ДЦС-3 ТӨХКомпанийн удирдлагууд манай компанитай байгуулсан гэрээг цуцлах, өмч хөрөнгө хураан авах тухай мэдэгдэл ирүүлсэн. Манай компани гэрээг дуусгавар болгох асуудлаар маргахгүй байгаа бөгөөд харин уг байшинг завсарлахад зарцуулсан хөрөнгөө сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч МФ ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани уг 3х4 хэмжээтэй модон байшинг буулгаагүй бөгөөд яг тэр хэвээр нь арай томсгож, шинэчилж хөрөнгө оруулж засвар хийсэн. Уг засварын ажлыг ДЦС-3 ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу нийт 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулан модон байшин болон шилэн хүлэмжийг сэргээн засварлаж гэрээ байгуулан ажилласан бөгөөд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаагүй болно. Иймд ДЦС-3 ТӨХК-ийн өөрийнх нь удирдах дээд байгуулагынх нь зөвшөөрлөөр оруулсан 68 950 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул уг хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: МФ ХХК нь модон байшин болон хүлэмжийг сэргээн засварласан 68 950 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. МФ ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “...хүлэмж модон байшинг засварлаж урт хугацаагаар түрээслүүлэхээр тохиролцож...” гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Тус компани нь МФ ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх буюу 24 сарын хугацаатай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн ба гэрээг жил бүрийн эцэст хоёр тал гэрээг дүгнэж цаашид сунгах эсэх асуудлыг протокол үйлдэж баталгаажуулахаар харилцан тохиролцсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 тоот тогтоолоор өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж ашиглах нөхцөлтэйгээр түрээсийн төлбөрийн доод үнэ буюу хамгийн бага төлбөртэйгээр түрээслүүлэхийг зөвшөөрсөн ба сэргээн засварласан төлбөрийг нөхөн гаргуулахаар тохиролцоогүй тул хөрөнгө оруулсан гэх төлбөрийг олгох боломжгүй юм. Мөн түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан боловч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт хийх талаар зөвшөөрөл хүссэн, зардал төсвийн талаар танилцуулсан зүйл байхгүй. Хүлэмжийн сантехникийн бүх шугамыг шинээр угсарч суурилуулах ажлыг манай компанийн Засвар механик цехийн сантехникийн бригадын ажилчид компанийн хөрөнгөөр засварлаж гүйцэтгэсэн тул МФ ХХК нь нэхэмжлэх эрхгүй юм. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “...Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй гэж заасан тул хөрөнгө оруулсан үнийг буцаан авах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжпэлийн шаардлага болох              68 950 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 295 дугаар зүйлийн 295.1, 288 дугаар зүйлийн 288.2.4-т заасныг баримтлан хариуцагч МФ ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас ДЦС-3 ТӨХК-ийн өмчлөлийн шилэн хүлэмж, тоосгон байшинг албадан чөлөөлж, хариуцагч МФ ХХК-ийн 68 950 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ДЦС-3 ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч МФ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 502 700 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч МФ ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДЦС-3 ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ДЦС-3 ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу 1990-ээд оноос хойш ашиглагдаагүй бүрэн эвдэрч тоногдсон 8 590 074 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хүлэмж болон модон байшинд нийт 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулан сэргээн засварлаж, түрээсийн байрыг өвлийн улиралд хүнсний ногоо тарьж ургуулах зориулалтаар ашиглаж байсан билээ. ДЦС-3 ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор хүлэмж болон жижиг модон байшинг түрээслүүлэх зөвшөөрөл олгосон ба уг тогтоолын 1 дэх заалтанд "...түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж, ашиглах нөхцөлтэйгээр түрээслүүлэхийг зөвшөөрсүгэй" гэсэн нь хөрөнгө оруулахыг түрээслүүлэгч шууд зөвшөөрсөнийг илтгэж байна. Гэтэл шүүх энэхүү тогтоолын заалтыг түрээсийн харилцаанд хамаарахгүй мэтээр дүгнэсэн нь алдаатай дүгнэлт болсон байна. ДЦС-3 ТӨХК-ийн удирдах дээд байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөл нь уг тогтоолоор манай компанийг түрээсийн байранд хөрөнгө оруулж сэргээн засварлаад ашиглахыг зөвшөөрч шийдвэрлэсэн байгааг шүүх зөв үнэлж дүгнээнгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарч чадсангүй гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ"-ний 1 дүгээр зүйлийн 1.1-д ДЦС-3 ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолыг мөрдлөг болгон энэхүү гэрээг байгуулав" гэсэн нь анхнаасаа уг тогтоолоор манайхыг хөрөнгө оруулахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түрээсийн гэрээ байгуулах үндэслэл нь уг ТУЗ-ийн шийдвэр болохыг нотлож байна. Ийм учраас анхан шатны шүүх нь тухайн маргаанд хэрэглэгдэх ёсгүй Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-д заалтыг буруу хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Манай компанид ДЦС-3 ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор түрээсийн байранд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн тул нийт 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр уг байрыг түрээсийн гэрээний зориулалтаар өвлийн улиралд ашиглах боломж бүрдсэн билээ. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д "талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсоны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах" гэж заасан нь манай гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болж, түрээслэгч нь түрээслүүлэгч талаас түрээсийн объектыг засан сайжруулахад гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ. Манай компани нь түрээсийн байрыг их хэмжээний хөрөнгө оруулж засан сайжруулснаар түрээсийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн ба ийнхүү хөрөнгө оруулснаар тухайн объектын зах зээлийн үнэ ханш даруй 7-8 дахин нэмэгдсэн ба түрээслүүлэгч тал 30 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Анх түрээсийн үйл ажиллагааг явуулж эхлэх үед ДЦС-3 ТӨХК нь манай компанийг тогтвортой удаан хугацаагаар түрээслэн ажиллах боломжийг олгоно гэсэн тул бид энэ амлалтанд нь итгэж их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн болно. Гэтэл үйл ажиллагаа жигдрээд ашигтай ажиллах нөхцөл бүрдээд ирэх үед түрээслүүлэгч нь хэлж ярьснаасаа буцаж хэн нэгэн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлчилж, манай компанийг цаашид ажиллах боломжгүй болгож, бидэнд их хэмжээний хохирол учруулаад байна. Анхан шатны шүүх 1990 оноос хойш 25 жил огт ашиглагдаагүй, эвдэрч, тоногдсон, ашиглагдах боломжгүй байсан хүлэмж түүний дагалдах байшинд хөрөнгө оруулалт хийн засан сайжруулснаар одоо хичнээн төгрөгийн үнэ өртөг бүхий объект болсоныг үнэлж, зах зээлийн үнийг тодорхойлж тооцож чадаагүйгээс манай эрх ашгийг илт хохироосон хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, уг шийдвэрт өөрчлөлт оруулж, МФ ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ДЦС ТӨХК нь хариуцагч МФ ХХК-д холбогдуулан, шилэн хүлэмж, модон байшинг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч засварын зардалд оруулсан хөрөнгө 68 950 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...түрээсийн гэрээний дагуу зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй...” гэсэн бол хариуцагч нь “...хөрөнгө оруулан модон байшин болон шилэн хүлэмжийг сэргээн засварлаж гэрээ байгуулан ажилласан бөгөөд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаагүй болно...” гэж тайлбарлажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” нэртэй Төрийн өмчийн хороо, ДЦС-3 ТӨХК, МФ ХХК  нарын хооронд 3 талт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 100 м.кв талбай бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбай бүхий 1 өрөө модон байшин бүхий хөрөнгийг хүнсний ногоо тарьж ургуулах зориулалтаар 3 жилийн хугацаагаар эзэмшиж ашиглахаар харилцан тохиролцсон, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр гэрээний заалтуудад өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2 жил байхаар тохиролцсон байна. /хх /

Талуудын шүүхэд гаргасан тайлбарын агуулгаас дүгнэвэл нэхэмжлэгч байгууллагаас “...5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 3 417 738,54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг хүлээлгэн өгснийг түрээслүүлэгч сайн дураар өөрчилсөн тул гэрээгээ цуцалсан байгаа, иймд шилэн хүлэмж, модон байшинг албадан чөлөөлүүлэхээр...” шаардсан гэж үзэхээр байна. Харин хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийн агуулгад засан сайжруулалт хийгээд 68 950 000 төгрөгийн үнэтэй болсон гэсэн нь талуудын тайлбар, үнийн дүнгийн илт зөрүүтэй байхад анхан шатны шүүх хариуцагчийн оруулсан хөрөнгө бодитой эсэхийг тодруулаагүй шийдвэрлэсэн нь буруу.

Анхан шатны шүүх түрээсийн байрыг хариуцагч байгууллагаас албадан чөлөөлж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс гаргасан дээрх алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

   ШҮҮГЧИД                                              Б.НАРМАНДАХ

         М.НАРАНЦЭЦЭГ