| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 105/2016/0127/э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2017-03-30 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Шүүгдэгч Б.Бат-Оргил, түүний өмгөөлөгч А.Ганбат /ҮД: 0875/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Тайжтан овгийн Батчулууны Бат-Оргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020006 тоот хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, "Янмал" ХХК-д оймсны машин баригч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо "Янмал" ХХК-ний байранд түр оршин суух, /Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 5 байр 5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, ял шийтгэлгүй, Тайжтан овгийн Батчулууны Бат-Оргил \РД:МТ96092715\,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Бат-Оргил нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн зуслангийн задгайд үйл ажиллагаа явуулдаг "Янмал" ХХК-ний байранд, мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 34 дүгээр гудамжны 04 тоот хашааны гадна О.Мөнхдавааг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бат-Оргил нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Шүүгдэгч Б.Бат-Оргил нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..Манай эхнэр надад Мөнхдаваа намайг ажил дээр хоргоогоод байсан, тэгээд Мөнхдаваагийн ахынх нь хүүхэд төрсөн гээд гэрт нь очсон гэсэн. Тэгсэн чинь манай эхнэрийг утсаар ярих гээд гэрээс нь гарсан чинь Мөнхдаваа гэрээсээ гарч ирээд манай эхнэрийг үнсэх гээд оролдоод, байхаар нь манай эхнэр тоогоогүй гэсэн. Мөнхдаваа манай эхнэр Бааскааг Дамбадаржаагийн эцэс дээр такситай хүргэж өгөхдөө “хоёулаа жаахан дулаахан газарт орж сууя, юм ярья” гэхээр нь манай эхнэр “яах гээд байгаа юм бэ, одоо чи яв” гээд яваад өгсөн гэсэн. Тэгээд Мөнхдаваа ажил дээр хүртэл тайван байлгахгүй байна гэж энэ талаар надад хэлж байсан юм. Эхнэрийг тэгж хэлэхээр нь би “за за” гэж хэлчихээд, ажил тараад, манай компанийн ажилчид автобусаараа төв зам дагуу хүргүүлдэг тул би тэр автобусанд суугаад, Дамбадаржаагийн эцэс дээр ирэх үед нь би Мөнхдаваад урьд нь уулзъя гэж хэлсэн байсан болохоор Дамбадаржаагийн эцэс дээр ирээд “энд бууя” гэхэд Мөнхдаваа зөвшөөрөөд, бид хоёр Дамбадаржаагийн эцэс дээр буусан. Би замдаа Мөнхдаваагаас “яасын” гэж асуусан чинь Мөнхдаваа “яагаа ч үгүй” гэж тиймэрхүү юм яриад явж байгаад, хадмын гэрийн гадна ирсэн, би хадмынхаа гэрт орчихоод, буцаад гарч байхдаа эхнэр Бааскагийн төрсөн ах Бүрэнбаяр бие засах гээд нойлоос гарч ирж тааралдсан. Тэгээд би Бүрэнбаярыг хашаанаас дагуулж гараад, Мөнхдавааг заагаад, “наадах чинь Бааскааг хоргоогоод байна” гэж хэлсэн, тэгсэн чинь Бүрэнбаяр Мөнхдаваа дээр очоод, “яг яасын” гэж асуусан чинь Мөнхдаваа “яагаа ч үгүй” гэж хэлээд юу ч хэлээгүй. Тэгээд юм хэлэхгүй болохоор нь би Мөнхдаваагийн хажуугаас нь зүүн гараараа нүүрлүү нь цохисон, тонгойход нь нэг өшиглөсөн, миний өшиглөлт Мөнхдаваагийн биеийн аль хэсэгт нь туссаныг сайн мэдэхгүй байна. Би Тэгээд Мөнхдаваа юм ярихгүй болохоор нь Бүрэнбаяр дахиж ингэж асуудал гаргаж болохгүй шүү гэж хэлээд, Мөнхдаваа за за одоо би явчихъя гэж хэлээд яваад өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-35 дугаар хуудас/,
Хохирогч О.Мөнхдаваа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Б.Бат-Оргил өдрийн цайны цагийн үеэр ажил дээр орж ирээд надруу дайраад эхнэртэйгээ хардаад “юу хийснийгээ мэдэж байна уу” гээд уурлаад, дайраад байсан. Бат-Оргил намайг гараараа миний баруун талын шанаа руу хоёр удаа цохисон. Тэгээд Бат-Оргил заамдалцаж байтал жижүүр орж ирээд бид хоёрыг салгасан. Дараа нь Бат-Оргил дахиад орж ирээд, “орой хамт явж нэг газарт очиж хамт ууя, юм ярья” гэсэн. Би “тэгье тэгье” гээд орой 19.30 цагт ажил тараад, ажлын автобусаар явж байгаад Дамбадаржаагийн эцэс дээр буусан. Бат-Оргил автобуснаас буусныхаа дараа надад хоёулаа айл руу очоод юм авъя гээд намайг дагуулаад явсан. Тэгээд нэг айлын хашааны гадна ирээд, намайг цуг орж хоол идчихээд гаръя гэсэн, би тэгэхэд нь би энд хүлээж байя гэж хэлсэн. Бат-Оргил хувцаснаас чирч татаад, оръё гээд байсан, би орохгүй, чамайг гарч иртэл чинь хүлээж байя гэж хэлэхэд Бат-Оргил тэр айл руу ганцаараа орсон. Тэгээд 10-аад минутын дараа нэг ахыгаа дагуулаад гараад ирсэн. Тэр хүндээ “энэ танай шинэ хүргэн” гэж хэлээд миний уруул руу баруун гараа зангидаж байгаад цохисон, би нүүрээ дараад доошоо суугаад, “би яасын бэ яагаад намайг цохиж байгаа юм бэ” гээд орилоход Бат-Оргилтой гарч ирсэн ах нь Бат-Оргилыг хойш нь татаад надаас холдуулаад байсан. Тэгээд би ахад нь “юу ч болоогүй наадах чинь буруугаар ойлгоод хардаад байгаа юм гэсэн” тэгсэн чинь Бат-Оргил цаад талаас нь орж ирээд миний зүүн талын хөмсөг хэсэгт гараараа цохисон. Ах нь намайг Бат-Оргилоос хойшлуулахад Бат-Оргил ирээд духаараа миний хамар руу мөргөсөн. Би хамраа гараараа дараад доошоо суухад Бат-Оргил миний нүүр рүү гутлаараа өшиглөсөн. Тэгээд би тэр ахаас нь “одоо ахаа би явж болох уу, манай гэр хол надад автобусны мөнгө байхгүй” гэж хэлээд ...би явсан..." гэсэн мэдүүлэг \хх-ийн 11-15 дугаар хуудас\
Гэрч Б.Бүрэнбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намайг гэрийнхээ хашаан дотор жорлондоо бие засаад гараад иртэл гаднаас Бат-Оргил ороод ирсэн. Тэгээд би Бат-Оргилтой юм ярихад Бат-Оргил таньтай нэг хүн уулзуулъя, гээд бид хоёр хашааны гадна гараад харахад, 21-23 орчим насны танихгүй эрэгтэй хүн ганцаараа зогсож байсан. Тэгээд “энэ хүн Баасан руу мессеж бичсэн, энэ танай шинэ хүргэн байна” гэж хэлэхээр нь би тэр залуугаас “яасан юу болсын, чи манай дүүтэй мессеж бичсэн юмуу” гэж асуусан. Тэгсэн чинь тэр залуу нь “үгүй би бичээгүй тийм юм байхгүй” гэсэн. Тэгээд хажуугаас Бат-Оргил орж ирээд гараараа цохисон, нүүрэн хэсэгт нь хоёр гараараа хоёр, гурван удаа цохисон. Тэгээд би тэр хоёрын дундуур нь орж салгасан юм. Тэгээд нөгөө залуу яваад, би Бат-Оргилыг аваад гэр рүүгээ орсон..." гэсэн мэдүүлэг \хх-ийн 17-18 дугаар хуудас\,
Гэрч Б.Баасанмядаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Мөнхдаваа гэх залууг зодсон талаараа Бат-Оргил надад өөрөө хэлсэн. Мөнхдавааг зодсон өдрийнхөө орой хэлсэн. Би тэгээд мэдсэн. Яг хэрэг гарах үед хажууд нь байгаагүй. Мөнхдаваа гэх залууг надтай хардсаны улмаас зодсон. Мөнхдаваа нь ч гэсэн ямар ч асуудалгүй байж, өөрийгөө ойлгуулж хэлж чадалгүйгээр Бат-Оргилоос уучлал гуйсан юм. Бат-Оргил Мөнхдаваа гэх залууг надтай ямар нэгэн асуудал үүссэн байна гэж бодоод уурлаад, тийм үйлдэл хийсэн гэж би ойлгосон юм..." гэсэн мэдүүлэг \хх-ийн 19-20 дугаар хуудас\,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ¹87 дугаартай шинжээчийн дүгнэлт : “...Дүгнэлт:
1.О.Мөнхдаваагийн биед зүүн талын 8, 9-р хавирганы зөрүүгүй хугарал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, дотор булан, зүүн чихний ар хэсэг, хүзүүний зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх зүүн талын 8, 9-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...шинжээч эмч Б.Ундармаа...” гэжээ. \хх-ийн 25 дугаар хуудас\,
Гэрч Г.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бат-Оргилын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, ял шийтгэл шалгасан хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 39 дүгээр хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Бат-Оргил нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн зуслангийн задгайд үйл ажиллагаа явуулдаг "Янмал" ХХК-ний байранд, мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 34 дүгээр гудамжны 04 тоот хашааны гадна хохирогч О.Мөнхдавааг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бат-Оргилын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Мөнхдаваа, гэрч Г.Бүрэнбаяр, гэрч Б.Баасанмядаг нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 87 дугаартай актаар: “…Б Мөнхдаваагийн биед зүүн талын 8, 9-р хавирганы зөрүүгүй хугарал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, дотор булан, зүүн чихний ар хэсэг, хүзүүний зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн талын 8, 9-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Бат-Оргилыг өөрийн эхнэр Б.Баасанмядагтай хамт ажилладаг хохирогч О.Мөнхдавааг эхнэртэйгээ хардаж улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Бат-Оргилд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт /түүний хувийн байдал/ зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Бат-Оргил нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайжтан овгийн Батчулууны Бат-Оргилыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бат-Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Оргилд оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Бат-Оргил нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Оргилд оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хариуцуулсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бат-Оргилд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН