Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 22

 

Х.Б-, О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0021/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор М.Нарантуяа,  

Шүүгдэгч Х.Б-, О- нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяагийн эсэргүүцлээр Х.Б-, О- нарт холбогдох эрүүгийн 2039000000092 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1998 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв аймгийн “Эко алтан заамар” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 64-2а тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Х-н Б-

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1993 онд төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, “Баавар Төгөлдөр” ХХК-д нярав ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Нийтийн байрны 01 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ж овогт Г-н О-  

Х.Б- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Э” зочид буудалд 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан,

О- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Э” зочид буудалд 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяа шүүгдэгч Ж овгийн Г-н О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овгийн Х-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Х.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: О- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Э” зочид буудалд 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б-ыг хацар руу нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн 2039000000092 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд “...О- нь Б-ыг хацарт нь хэд хэдэн удаа алгадсан нөхцөл байдал тогтоогдсон боловч Б-ы биед тогтоогдсон зүүн талын хэнгэрэг хальсны цоорол, дунд чихний идээт үрэвсэл гэмтэл нь О-ийн үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлгүй, учир нь Б- нь хэрэг гарснаас хойш 16 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эмчид үзүүлэхэд хэнгэрэг хальс нь шинэ цооролтой байсан талаар гэрч О мэдүүлдэг өгсөн бөгөөд үүнээс үндэслэн хэнгэрэг хальсны цоорол нь хэрэг болох үед буюу 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үүсээгүй байна” гэж дүгнэн О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаартай “...Б-ы биед зүүн талын хэнгэрэг хальсны цоорол, дунд чихний идээт үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулна. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт,

Хохирогч Х.Б-ы “...О- ...намайг таксинд суулгаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд буудлын өрөөнөөс хамт гарах гэтэл О- ...зүгээр бай гээд миний зүүн шанаа руу баруун гараараа хоёр удаа алгадахаар нь би О-ийн хоёр гарыг нь барьж байгаад түлхсэн. ...үүнээс хойш миний чихнээс булаг гарч чих өвдсөн. ...эмчид үзүүлэхэд чихний хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн. Мөн намайг орон дээр сууж байхад О- намайг гараараа хэд хэдэн удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,

Гэрч Э-н “...О- согтоод Б-ыг нилээд хэдэн удаа алгадсан. Б- зүгээр байгаач гээд босч ирээд түлхсэн чинь О- ойчоод өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

Гэрч М-н “...О- босч ирээд Б-ыг хоёр удаа гараараа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

Гэрч Г.Мө-н “...бид нарыг юм яриад сууж байтал О- Б-ыг гараараа хоёр, гурван удаа алгадсан, сүүлд нь бээлийгээрээ алгадаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Гэрч А-н “...О- явлаа гээд байсан. Б- би гаргаад өгье гэсэн чинь О- үгүй гээд гараараа хоёр гурван удаа алгадсан. Б-ыг О- бээлийгээрээ хацар руу нь алгадсан. Мөн бээлийгээ өмсөж байгаад хацар руу нь алгадаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар О-ийн үйлдлийн улмаас Б-ы биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүх анх үзлэг хийсэн эмч болох О-н “...би 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б- гэдэг хүний биед үзлэг хийсэн. Тухайн үед Б-ы зүүн чихний суваг хатсан цустай, хэнгэрэг ард, доод хэсэгтээ цоорсон шинэ цоорол харагдсан. Үзлэгийн дараах тэмдэглэл үйлдэж эмчийн тамга, тэмдэг дарж өөрт нь өгч явуулсан. Чихний цоорол чих рүү хийтэй алгадах, осол аваар, гэмтэл доргилтоос үүсдэг. Мөн үзүүртэй зүйлээр чих ухах үед ч үүснэ...” гэсэн мэдүүлгийг үнэлэхдээ зөвхөн “шинэ” гэдэг үгэнд дүгнэлт хийж хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үүсээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь уг гэмтэл нь ямар цаг хугацаанд үүссэн эсэхийг тусгай мэдлэг бүхий нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоох атал шүүгч гэмтэл авсан цаг хугацааг өөрөө тогтоож дүгнэсэн. “Б-ы биед зүүн талын хэнгэрэг хальсны цоорол, дунд чихний идээт үрэвсэл гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлтийг гаргахдаа Б-ы биед үзлэг хийхээс гадна эмч О-н тодорхойлолтыг үндэслэсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэсний эцэст хэргийг шийдвэрлэх байтал зөвхөн анх үзсэн эмчийн мэдүүлэгт авагдсан “шинэ” гэдэг үгээр нотлох баримтыг бүхэлд нь үгүйсгэж, тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоодог асуудлыг шүүгч өөрөө тогтоож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Х.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд О-т гомдол санал байхгүй. Би Төв аймгийн “Э” ХХК-д жолоочоор ажилладаг, олон удаа нааш цаашаа явахад хүндрэлтэй байгаа тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

Шүүгдэгч О- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний толгой их өвддөг. Надад эмч мэдрэлийн эмчилгээ заасан боловч жирэмсэн учир эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна. Мөн би Баян-Овоо суманд амьдардаг бөгөөд жирэмсэн тонус өгөөд байгаа учир нааш цааш явахад хүндрэлтэй байгаа тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Би Б-г нэг удаа алгадсан нь үнэн. Гэхдээ Б-ы биед учирсан үйлдэл миний буруугаас болоогүй гэж бодож байна. Би эмчилгээгээ хийлгэчихвэл Б-д ямар нэгэн гомдол саналгүй гэжээ.

О- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Э” зочид буудалд 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяагийн эсэргүүцлээр Х.Б-, О- нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Х.Б- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд байрлах “Э” зочид буудалд 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- намайг баруун гараараа толгойн хэсэг рүү цохиход нь би хана мөргөж, толгой дүйрч, нүд бүрэлзээд суусан. ...шөнөжин бөөлжсөн. Намайг гаргахгүй байхаар нь би эхэлж түлхээд баруун гараараа нэг удаа зүүн хацарт нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 хуудас/,

Гэрч Н.Энх-Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О- нилээд  согтсон, агсраад байсан. ...Б-ыг түлхтэл ойчоод өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,    

Гэрч С.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О-ийн цээж рүү Б- түлхсэн чинь О- 00-ийн өрөөний хаалгыг түшээд ойчоод өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний  өдрийн 118  дугаартай

...О-ийн биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...

...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Анхан шатны шүүх О-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

О-ийн үйлдлийн хувьд Х.Б-ы хацарт алгадсан нөхцөл байдал тогтоогдсон боловч үүнээс хойш 16 хоногийн дараа анх үзсэн эмч О-н үзлэгийн түүхэн дэх ...хэнгэрэг хальс нь шинэ цооролтой байсан гэх тодорхойлолт, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь эмчийн дээрх тодорхойлолтыг үндэслэн гаргасан зэргээс үзэхэд О-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд прокурорын зүгээс гэмтэл үүссэн хугацааг тогтоох, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, гэрч оролцуулах зэрэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй атлаа одоо тусгай мэдлэг бүхий шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

О-, Х.Б- нар нь харилцан бие биендээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 99 дугаартай хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                                Б.СҮХГОМБО