| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2022/0232/З |
| Дугаар | 506 |
| Огноо | 2022-06-22 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Б**********;
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга;
“Нэхэмжлэгч Н.Б**********-ийг албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэн сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрт холбогдох” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б**********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н********** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нь “Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ********** дүгээр тушаалын Н.Б**********-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараахь үйл баримтыг дурдсан байна.Үүнд:
2.2. Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ********** дугаар албан бичгийн талаар;
2.3. Нэхэмжлэгч Н.Б**********-ийн шалгалт явуулах хугацааны талаар;
2.4.Нэхэмжлэгч Н.Б********** албаны шалгалт явуулсан ажиллагааныхаа талаар;
2.5.Ц.Ц**********-ийн гомдлыг шалгах ажлын хүрээнд Н.Б********** 2021 оны 10 дугаар сарын 5-11-ний өдөр явуулсан гомдол гаргагч Ц.Ц********** холбогдож дуудсан, тайлбар мэдүүлэг авах болон бусад ажиллагааны талаар;
2.6.Цагдаагийн ерөнхий газраас Н.Б**********-т холбогдуулан явуулсан ********** дугаартай Албан шалгалтын талаар;
2.7.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ********** дугаар тушаалын үндэслэлийн тухай зэрэг болно.
3.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б********** миний бие Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргаар 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байсан. Мөрдөн байцаах тасгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байх хугацаанд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн газрын удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Т********** ********** дугаартай албан бичгээр “иргэн Ц.Ц********** 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын 126 дугаарын утсанд танай хэлтсийн алба хаагчдад холбогдуулж гаргасан гомдол мэдээллийг хүргүүлэв, удирдлагаас өгсөн үүрэг холбогдох чиглэлийн дагуу шуурхай явуулж дүнг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирүүлнэ үү” гэх албан бичиг ирүүлснийг хэлтсийн дарга хурандаа н.Х**********-ийн цохолтоор 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан.
Хүлээн авсан албан бичгийн дагуу гомдол гаргагч иргэн н.Ц********** гэдэг хүнийг олж уулзаж тогтоох зорилгоор утасны дугаарыг нь олж аваад 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 6, 7, 8-ны өдрүүдэд залгаж дуудсан.
Ц.Ц********** утсаар холбогдоход өөрийгөө би Улаанбаатар хотоос гарсан байгаа хөдөө байна гэхэд нь та цагдаагийн албан хаагчтай холбоотой гомдол гаргасан байна энэ талаараа ирж тайлбар тодруулга өгөх шаардлагатай байна гэж хэлэхэд намайг цагдаагийн хоёр албан хаагч гавласан гэхдээ надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй, намайг гавласан хоёр албан хаагчтай холбоотой гомдол санал байхгүй гэж хэлсэн. Энэ тухай ирж тайлбарлаж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч Ц.Ц********** нь ирээгүй.
10 дугаар сарын 9, 10-ны өдрүүд нь амралтын өдөр таарсан бөгөөд 11-ний өдөр нь ирээгүй учир Нийслэлийн цагдаагийн газарт хариу мэдэгдэх хугацаа дөхсөн тул 11-ний өдөр эрүүлжүүлэх саатуулах байрны эмч н.Б**********, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа н.Т**********, Н.Б********** гэх гурван хүнээс ямар асуудал болсон талаар тайлбар авсан.
Ингээд уг шалгалтын ажилд тайлбар авсны дараа тухайн өдрийн орой Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Дотоод аюулгүй байдлын дарга хурандаа н.А********** утсаар холбогдож шалгалтын ажил явагдаж байгаа эсэхийг тодруулахад нь “тодруулга явагдаж байгаа тухай” мэдэгдэхэд материалаа аваад Ерөнхий газарт хүрээд ир гэсэн. Ерөнхий газар дээр очиж танилцуулахад Нийслэлийн Засаг даргын зөвлөх н.Б********** талаар цахим орчинд мэдээлэл гарсан учир танайх энэ материал шалгах хэрэггүй манайх үргэлжлүүлж шалгах болно, материалаа хяналт шалгалтын байцаагчид хүлээлгэж өг гэж хэлсэн.
Ингээд би тухайн өдөр нь хяналт шалгалтын байцаагч дэд хурандаа н.А********** хүлээлгэж өгсөн. Уг материалыг хүлээлгэж өгснөөс хойш Цагдаагийн ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс гомдол мэдээлэлтэй холбогдуулан албаны шалгалт явуулсан. ... Хүмүүсээс тайлбар мэдээлэл авах ажиллагаа явагдсан.
Энэ ажиллагаа явагдаж байхад 10 дугаар сарын 16-ны өдөр надаас тайлбар авсан. Ингэж тайлбар авсны дараа нөгөөдөр нь буюу 18-ны өдөр намайг Цагдаагийн ерөнхий газар дээр н.А********** дуудсан. Ингэж дуудахдаа сонсох ажиллагааг танилцуулсан бөгөөд сонсох ажиллагаа дээр албаны шалгалтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн тогтоогоогүй, шалгалтын ажиллагааг чанартай явуулаагүй, Цагдаагийн байгууллагын код журам 112.4-т заасан нөхцөл байдлыг дутуу тогтоож хариуцлага алдсан гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авах сонсох ажиллагааг танилцуулсан. Уг сонсох ажиллагаатай танилцаад яагаад надтай хамааралгүй асуудал дээр сахилгын арга хэмжээ авч байгаа талаар асууж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Ингээд хүлээн зөвшөөрөхгүй бол өөрийн чинь цол албан тушаалтай ярина, цалингаа хасуулж байгаадаа баярла гэж хэлээд сонсох ажиллагааг танилцуулж дууссан. Үүний дагуу тушаал гарч үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаатай хасах сахилгын арга хэмжээ авсан. Энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэл гаргасан учир нь Цагдаагийн албан хаагчийн код журам 112-ын 8.1.а-д “гомдол мэдээллийн дагуу албан шалгалт явуулахдаа урьдчилан шалгасны дагуу албан хаагчийг дуудан ирүүлэх тайлбар авах” гэж заасан байдаг. Үүний дагуу 126 дугаар тусгай дугаарт дуудлага өгсөн иргэн Ц.Ц**********-ийг цагдаагийн албан хаагчтай холбогдуулж гаргасан гомдолтой нь холбогдуулан тайлбар авах зорилгоор удаа дараа дуудсан. Энэ гаргасан гомдолтой нь холбоотой санал хүсэлт байгаа эсэх, зөрчил маргаан болсон эсэх, албан хаагчдын холбоотой маргаан үүссэн эсэхийг тодруулах зорилгоор удаа дараа дуудсан боловч ирээгүй. Ирээгүйн улмаас би 11-ний өдөр хүртэл хүлээгээд 11-ний өдөр энэ асуудлыг албан хаагчдаас тодруулж эхэлсэн. 126 дугаарын утсанд Ц.Ц********** нь дуудлага өгөхдөө “хурандаа н.Т********** байна, н.Ц********** байна та нар гомдол мэдээллийг ингэж авдаг юм уу, би ийм байна” гэж өөрийнхөө нэрийг 2, 3 янзаар худал хэлж агсам тавьсан байдалтай харьцсан мэдээлэл нь ирүүлсэн материалд нь байгаа. Дээрх гаргасан гомдол мэдээлэл нь үнэн зөв эсэхийг тодруулах үүднээс н.Ц********** дуудсан. Мөн иргэдийн төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8, 9, 10, 14 дүгээр зүйлд заасны дагуу гомдол мэдээлэл нь үнэн зөв байсан эсэхийг шалгадаг. Гаргасан гомдол мэдээлэл нь үнэн зөв эсэхийг тухайн хүнээс өөрөөс нь тодруулах шаардлагатай. Өргөдөл, гомдол гаргахад тавих шаардлагад гомдол гаргагч нь овог нэр, оршин суугаа хаяг, шуудангийн хаягаа хийж гарын үсгээ зурсан байна гэж заасан.
Цахимаар ирүүлсэн гомдол мэдээллийг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч дарааллын дагуу бүртгэнэ гэж зааснаар нийслэлийн цагдаагаас Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээр бүртгэгдэж над дээр ирсэн бичиг юм. Энэ хуульд зааснаар өргөдөл гомдлыг хянан үзэхгүй байх буцаах гэдэг үндэслэлээр өргөдөл гомдол нь тодорхой нэр хаяггүй гэж байгаа. Учир нь Ц.Ц********** мөн эсэх нь эргэлзээтэй зүйлийг согтуу хүн ярьсан. Дээрх хууль болон Цагдаагийн байгууллагын код журам 112-т шалгалтын ажиллагааг 30 хоногт явуулна гэж заасан байдаг. Би энэ шалгалтын ажиллагааг хууль болон код журамд заасны дагуу явуулж байсан. Цагдаагийн ерөнхий газраас танайх энэ албаны шалгалтыг материалыг нь бүрдүүлэн шалгах шаардлага байхгүй, үүнийг бид үргэлжлүүлэн шалгана гэж өөрсдөө авч шалгачхаад шалгагч дээрээ арга хэмжээ авсан.
Код журам 112-т шалгагч дээр арга хэмжээ авах үндэслэл журмыг заасан байдаг. Код журмын 112.7.12-т “шалгагч нь албаны шалгалтаар тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн тогтооход анхаарч шалгалтын ажиллагааг бүх талаас нь бүрэн дүүрэн чанартай явуулна, албаны шалгалтаар 112.8.8-д заасан нөхцөл байдлыг дутуу тогтоосон нь тухайн шалгагчид хариуцлага тооцох үндэслэл болно” гэж заасан байдаг.
Энэ нь ямар нэгэн байдлаар үнэлэлт, дүгнэлт өгсний дараа буруу үнэлэлт дүгнэлт өгөх буюу алба хаагчийг сахилга хариуцлагын алдаа гаргасан байхад гаргаагүй байна, эсвэл гаргаагүй байхад нь гаргасан байна гэх байдлаар буруу үнэлэлт бүхий шийдвэр гаргасны дараа явагдах процесс юм. Ерөнхий газраас сахилгын арга хэмжээ авахдаа намайг өргөдөл, гомдол, мэдээллийг албаны шалгалтын дугаар аваагүй батлуулаагүй гэсэн үндэслэлээр буруутгасан. Код журмын 112.7.9-т “өргөдөл гомдол мэдээллийг бичгээр авч даргын бичгээр өгсөн үүргийн дагуу гомдол мэдээллийг хүлээн авсан алба хаагч нь албаны шалгалт явуулах төлөвлөгөө боловсруулж тухайн газар хэлтсийн даргаар батлуулна” гэж заасан байдаг. Код журамд зааснаар тэд хоногт төлөвлөгөөг батлуулах, тэд хоногт даргаар батлуулах, албаны шалгалтын дугаар авна гэж заагаагүй. Энэ шүүх хурал дээр нэмэлтээр гаргаж өгсөн нотлох баримт дээр Нийслэлийн цагдаагийн газраас ирсэн албан бичгийн дагуу би гомдол мэдээллийг шалгаад цагдаагийн алба хаагчтай холбоотой сахилгын арга хэмжээ авах, алба хаагчтай холбоотой албаны шалгалт явуулах материал мөн эсэх дээр, Ц.Ц**********, н.Б********** хоёрын гаргасан уг асуудал нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл мөн эсэхийг шалгаж тогтоосны дараа албаны шалгалт явуулах төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөө гаргах, дугаар авах эсэхээ журмын дагуу 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор шийдвэрлэх ёстой. Журамд заасны дагуу гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг урьдчилсан байдлаар шалгаж байгаа юм. Гомдол мэдээллийн дагуу урьдчилсан байдлаар шалгаж тогтоосны дагуу алба хаагчийг дуудан ирүүлнэ гэж код журамд заасан байдаг. Иймээс энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл үү, эсвэл алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл үү гэдгийг шалгасны дараа албан шалгалтын төлөвлөгөө батлуулж дугаар авах ёстой. Энэ ажиллагаа явагдаж байх хооронд Цагдаагийн ерөнхий газраас материалыг татаж авч бүрдүүлэн шалгаад гомдол гаргасан Ц.Ц********** гэдэг хүнийг гавласан гэдэг асуудал биш шалгаж тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэдгээр үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан.
... Гэрч Ц.Ц********** гэрчээр мэдүүлэг өгөхдөө Н.Б**********-тэй уулзаагүй намайг н.Дамдинжав гэдэг ахлах байцаагчаараа байцаалгасан гэж хэлсэн байсан. Код журмын дагуу тасгийн дараас дээш тушаалтай хүн албаны шалгалт явуулна өөрт нь цохогдсон материал дээр н.Д байцаалт авхуулсан гэж хэлж байна. Би Ц.Ц********** гэдэг хүнийг 10 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд утсаар дуудсан нь үнэн бөгөөд өөрөө ирээгүй. н.Ц********** материалыг 11-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас авсан учир надад албаны шалгалтыг үргэлжлүүлж хийж тэр хүнээс тайлбар мэдүүлэг авах шаардлага гараагүй. Ахлах байцаагч н.Д яагаад уулзуулж байцаалт мэдүүлэг авхуулсан бэ гэвэл энэ нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн үйлдэл дээр нь гэмт хэргийн тоо бүртгэлд бүртгэх гэж шалгаж байгаа материал дээрээ манай ахлах байцаагч гэрчийн мэдүүлэг авсан. Миний явуулж байгаа албаны шалгалт дээр Ц.Ц********** өөр байцаагчаар авхуулж байгаа байцаалт биш. н.Д********** байцаагч Ц.Ц**********, н.Б********** хоёрын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн асуудлын гомдол мэдээллийг бүртгэн авч шалгаж байгаа асуудал дээр Ц.Ц********** гэрчийн мэдүүлэг авсан, үүнийг буруу ойлгож байна.
Нийслэлийн цагдаагаас 126 дугаарт ирсэн дуудлага мэдээллийн дагуу албаны шалгалт явуулах уу, гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгах уу гэдэг дээр ажиллагаа явагдаж байгаа юм. Үүний дараа төлөвлөгөөгөө батлуулах эсэх яригдах байсан. Гомдол мэдээллийг аваад юу тодруулах, яах гэж байгаагаа мэдэхгүйгээр хэдэн хуудас төлөвлөгөө боловсруулна гэж байхгүй. Гомдол гаргагчтай уулзаж тайлбар мэдүүлэг авсны дараа юуг шалгах ёстой вэ гэдгийг төлөвлөх ёстой байтал, 126 дугаарт дуудлага өгсөн байна гэхэд л түүнтэй нь уялдуулан төлөвлөгөө боловсруулна гэдэг боломжгүй. Би 20 жил гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байна.
Үйл явдлыг тусгасны дараа төлөвлөгөө боловсруулдаг болохоос шууд нэг өргөдөл буюу согтуу хүн дуудлага өгсний төлөө төлөвлөгөө боловсруулах боломжгүй. Албаны нэр хүндийг хохироосон гэж хариуцагч хэлсэн. Албаны нэр хүндэд ямар байдлаар хохирол учруулсан бэ, худал мэдээлэл гараагүй. Цагдаагийн ерөнхий газрын дарга н.Б**********, Нийслэлийн Засаг даргын зөвлөх н.Б********** гэдэг хоёр хүний гүтгэсэн илтэд худал мэдээлэл хэвлэл мэдээллээр гараагүй. Зүгээр л танай цагдааг согтуу дарга нар зодож байна гэдэг асуудлыг анхааруулсан.
Харин цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдаж буруу шийдвэр гаргаж буруу ажилласан гэдэг асуудал яригдаагүй. Үүнийг цагдаагийн нэр хүнд унгасан асуудал гэж үзэх эсэх, 112.7-д “албаны шалгалтыг иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд явуулна, энэ хугацаан дотор цагдаа дотоод хяналт шалгалтын дарга албаны шалгалт явуулах хугацааг тогтоож өгнө” гэж заасан байдаг.
14-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газар шалгахад энэ нь цагдаагийн албан хаагчтай холбоотой асуудал байх тул албаны шалгалт явуулахаар болсон, энэ нь цагдаагийн албан хаагчтай холбоотой асуудал биш харин цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн асуудал байх тул гэмт хэргийн гомдол мэдээлэлд бүртгэж шалгалаа гэдэг танилцуулга явуулна. Эдгээр асуудлыг тогтоосны дараа 14-ний өдөр хугацаанд нь хариуг нь өгөх ёстой. Цагдаагийн албан хаагчийн сахилга ёс зүйн дүрэм зөрчигдсөн байгаа эсэх, Ц.Ц**********, н.Б********** гэдэг хоёр цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зүйл байгаа эсэх нь гэмт хэрэг зөрчлийн шинжтэй байгаа эсэх, үүнийг гэмт хэргийн тоо бүртгэл явуулж шалгах ёстой юу? эсвэл албаны шалгалт явуулж шалгах ёстой юу гэдгийг шалгасны эцэст би 14-ний өдөр хариу өгөх ёстой. Энэ цаг хугацааны асуудал байгаа” гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны гол асуудал нь хугацаа юм. Удирдлагаас 10 дугаар сарын 14-ний өдөр гэхэд энэ хэргийн шалгах ёстой гэсэн үүрэг даалгавар өгсөн. 10 дугаар сарын 11-ний өдөр чамаар шалгуулахгүй гэж буцааж авчхаад чи энэ хугацаандаа чанартай явуулсангүй гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр энэ албан бичиг дээр 11-ний өдөр явуулаарай гэсэн бол чанартай явуулаагүй гэж үзэж болох юм. Гэтэл 14-ний өдрийг хүртэл шалгалтын ажиллагааг явуулах боломжийг олгоогүй байж шалгалтын ажиллагааг чанартай явуулаагүй гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Код журам 112-ын 8.8-д заасны алийг зөрчсөн гэдгийг хариуцлага тооцож байгааг төрийн захиргааны байгууллага албан тушаалтнууд нь тогтоож чадсангүй. Мөн маргаан бүхий актад шалгалтын ажиллагааг чанартай явуулаагүй гэж заасан байдаг. Шалгалтын ажиллагааг ямар хэмжээнд явуулахыг чанартай явуулах гэж байгаа нь тодорхой биш байна. Мөн Код журмын 112.8.8-ын яг аль хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхой биш байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хангах” гэдэг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Энэ үүргээ хэрэгжүүлэх бодит хугацаа нь 14-ний өдөр байсан. Ц.Б********** гэдэг хүнийг шалгалтын ажиллагааг 14-ний өдөр хүртэл хийлгүүлсэн бол шалгалтын ажиллагаа чанартай явагдаж Төрийн албаны тухай хуульд заасан үүрэг нь хэрэгжих боломж нь байсан. 11-ний өдөр хурааж авснаа шалгалтын ажиллагааг чанартай явуулаагүй гэж буруутгаж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Хэрэв буруутгаж шийдвэр ногдуулах бол Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12.15 дахь хэсэгт заасан гурван нөхцөл зааж өгөх ёстой. Цахим сүлжээнд тавигдсан бичлэг нь цагдаагийн албан хаагчийн нэр хүндийг унгасан үйлдэл юм уу эсвэл сайт дээр цагдаагийн ерөнхий газрын даргын нэр нь бичигдсэн нийтлэл нь цагдаагийн байгууллагын нэр хүндийг унгасан асуудал юм уу? Энэ асуудал дээр шүүх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өчигдөр н.Ц********** гэрчээр асуугдахдаа би Н.Б********** гэдэг хүнд гомдол саналгүй гэдэг үгийг утсаар огт хэлээгүй, би Н.Б********** рүү яриад мэдүүлэг тайлбараа өгөх гэсэн юм гэж хэлэхэд, манай ахлахтай уулзаарай гэж хэлсэн, ахлахтай нь уулзаж тайлбар өгөхдөө хоёр цагдаад гомдол саналгүй гэдгээ хэлсэн, Н.Б**********-тэй нэг ч удаа уулзаагүй гэдгээ гэрч өөрөө хэлсэн. Гэрч нь өөрөө 126 дугаарын утсанд өргөдөл гомдол гаргасан цагдаагийн ахмад н.Ц********** гэдэг хүн юм. Яагаад нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэс дээр очиж шалгагдах болсон нөхцөл байдлыг тайлбарлая. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 цаг 36 минутад Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст н.Ц**********, н.Б********** хоёр лаунжид агсам тавьсан гэх дуудлагын дагуу манай хоёр цагдаа очсон. Очоод энгэрийн камер гэх мэт зүйлс байхгүй учир албаны таблетаараа 1 минут 36 секунтын бичлэг хийсэн байсан. Агсам тавьсан хоёр иргэнээ аваад Хан-Уул дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэх байранд ирэхэд цагдаагийн бэлтгэл хурандаа н.Ц********** гэдэг хүн н.Б********** гэх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтантай байсан. Ингээд н.Ц********** нь 126 дугаарын гомдол мэдээлэл авдаг утсанд хоёр цагдаагийн талаар гомдол гаргасан. Шалгагч буюу нэхэмжлэгч нь н.Ц********** гомдол гаргасан зүйл буюу хоёр цагдаатай холбоотой асуудлыг шалгах ёстой байсан. Өнөөдрийн шинээр гаргаж өгсөн нотлох баримт н.Б********** гэдэг хүн дээр хууль сахиулагчийг эсэргүүцэх гэдэг Эрүүгийн хуулийн зүйлээр хэрэг үүсгэсэн байгаа талаарх баримт байна.
Бид албаны шалгалтын хүрээнд н.Ц********** гаргасан гомдлын дагуу манай цагдаагийн албан хаагч нар ямар зөрчил гаргасан юм бэ? н.Ц********** ярьсан шиг үйл ажиллагааны журам болон цагдаагийн албан хаагчийн хийх ёстой ажлыг хийгээгүй, өөрийнх нь эрхийг зөрчсөн зүйл байгаа эсэхийг албаны шалгалтаар тогтоох ёстой байсан.
Маргаан бүхий захиргааны актын гурав дахь заалтад Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах Тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Б********** нь албаны шалгалтаар тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн тогтоох, шалгалтын ажиллагааг чанартай явуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 112.8.8 дахь заалтад заасныг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.5, 13.1, 13.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан албан тушаалын сарын цалинг гурван сар 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэж заасан байдаг.
Дэд дарга дуудаж албаны шалгалтын материалыг Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэст татсан бэ гэхээр 1 минут 36 секундийн бичлэг нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл гээд н.Б*** даргаа танай цагдаа нар чинь албан тушаалтнуудад зодуулах нь зөв үү гэдэг гарчигтайгаар олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Үүнтэй холбоотой мэдээллүүдийг цааш нь дэд дарга, удирдлагууд мэдсэн. Ингээд Цагдаагийн ерөнхий газар, хэлтсийн эрх ашгийг хамгаалах, Эрүүгийн цагдаагийн газрын кибер халдлагын албанаас гээд алба хаагч нарыг шалгаж үзэхэд урд болсон 3-ны шөнө болсон таблет дээр байсан 1 минут 36 секундийн бичлэг нь нийтийн сүлжээнд тавигдсан болох нь тогтоогдсон.
Энэ бичлэгийг хэн тавьсан, урд нь албаны шалгалт яаж явагдсан гэдгийг мэдэх үүднээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хийгдэж байсан албаны шалгалтыг татаж үзэх шаардлагатай болсон.
Иймд энэ албаны шалгалт Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэс дээр дэд хурандаа н.А********** дээр шалгагдахаар ирсэн. Ирсэн материалуудыг нь авч үзэхэд Цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйл ажиллагааны дотоод хяналт шалгалт зохион байгуулах сахилга ёс зүйн зөрчлийн талаар өргөдөл, гомдол, мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А-60 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулах Код 112 журмын дагуу явуулдаг.
Энэ журамд 112.7.9-т өргөдөл, гомдол, мэдээллийг бүртгэж даргын бичгээр өгсөн үүргийн дагуу гомдол, мэдээллийг хүлээн авсан албан хаагч албаны шалгалт явуулах төлөвлөгөө боловсруулж, тухайн газар хэлтсийн даргаар батлуулна гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь энэ ажиллагааг хийгээгүй. Нэхэмжлэгч нь хэрэг, зөрчил гэдгээ ялгасны дараа төлөвлөгөөг батлуулна гэсэн.
Төлөвлөгөө гэдэг нь тодорхой зорилгод хүрэхийн тулд ямар ямар үйл ажиллагаа хийхийг зорилгодоо хүрэхээс өмнө үйл ажиллагаагаа төлөвлөж байгаад хийх албан бичгийн төрөл юм. Хариуцагчийн зүгээс н.Ц********** дуудаж уулзаж, цагдаа нараасаа тайлбар авах, таблет дээр байсан бичлэгийг хурааж авах, үзлэг хийх гэх мэт зорилгодоо хүрэх бүхий л үйл ажиллагаануудаа албаны шалгалтын төлөвлөгөө батлуулж хийх ёстой байсан.
Төлөвлөгөө батлахтай зэрэгцээд манай байгууллагын албаны шалгалт явагдаж байдаг. Бүх зүйлийг хийсний дараа хэрэг шалгах төлөвлөгөө гэж ярьдаггүй. ... Код журмын 112.7.5-д “албаны шалгалтыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд явуулна, энэ хугацааны дотор цагдаа дотоод хяналтын байгууллага албаны шалгалт явуулах хугацааг тогтоож болно” гэж албаны шалгалт явуулах хугацааг заасан байдаг. Нэхэмжлэгчийн хэлснээс харахад 14-ний өдрийн дотор явуулна гэж хэлсэн байна. Албаны шалгалтын материалыг 8-ны орой бичлэг цацагдсанаас болоод хугацаанаас нь өмнө татаж авсан. н.Ц********** хурандаа “би Н.Б********** гэдэг хүнд ямар нэгэн тайлбар өгөөгүй нэг удаа утсаар ярьсан би Н.Б********** гэдэг хүний зааж өгсөн ахлахтай нь уулзаж тайлбар өгсөн, энэ үедээ гомдол саналгүй гэдгээ хэлсэн” гэж гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байна.
Мөн энэ нь манай код журмыг зөрчсөн байгаа. Код журмын 112.7.1-т “албаны шалгалтыг цагдаагийн төв байгууллагын хэмжээнд хяналт шалгалт дотоод аудит болон аюулгүй байдал хариуцсан нэгж харьяа албаны хяналт шалгалт хариуцсан нэгжийн алба хаагч бусад байгууллагаас даалгасан эрх бүхий албан тушаалтан буюу тасаг хэсэг, хэлтсийн дарга түүнээс дээш албан тушаалтан явуулна” гэж заасан байдаг.
Өөрт цохогдсон материалыг тайлбар авхуулахаар өөр ахлах байцаагчид шилжүүлсэн нь албаны шалгалт явуулах эрхгүй албан тушаалтнаар тайлбар авхуулж албаны шалгалтыг явуулсан байна.
Дүүрэг дээр тасаг, хэсгийн дарга түүнээс дээш албан тушаалтан албаны шалгалт хийж байгаа. Актад дурдсан албаны шалгалтаар тогтоогдвол зохих нөхцөл байдлыг албаны шалгалтаар бүрэн тогтоогоогүй, шалгалтын ажиллагааг чанартай явуулаагүй гэх үйл баримтад хамаарч байгаа учир актад ингэж дурдсан.
Гаргаж байгаа үйлдлүүд нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны ********** дүгээр тушаалаар баталсан сахилгын дүрмийг үндэслэсэн. Код 112.12.8.8-д албаны шалгалт явуулах үед дараах нөхцөл байдлыг тогтооно гээд Кодын 8.2.3 дэх заалт байгаа. ... 8.2-т шалгагчийн үүргийн талаар дурдсан байдаг. Албаны шалгалт хийсэн ажилтан Кодын 112.8.8-д заасан бүх нөхцөл байдлыг тогтоосон байх ёстой атал үүнийг тогтоогоогүй байна гэх үүднээс актад зааж өгсөн. 8.2.3 дэх заалтад шалгагчийн өөрийнх нь бүрэн эрх байгаа бөгөөд бүрэн гүйцэт хийх хийгээгүй бол өөрт нь хариуцлага хүлээлгэхээр байгаа.
Сахилгын дүрмийн 12.15-т “цагдаагийн төв байгууллагаас тогтоосон үйл ажиллагааны журмыг зөрчсөн бол сануулах уг үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан бол албан тушаалтны цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20% бууруулах, албан тушаал бууруулах, цол бууруулах, цагдаагийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж ирэх боломжгүй болгох сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг.
Сахилгын дүрмийн 13.11-т “алба хаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүй, хүний эрх чөлөөг урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй албан тушаалтан энэ үүргээ биелүүлээгүй бол сануулах, эсвэл албан тушаалын цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20% хүртэл бууруулах, эсвэл албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. 13.17-д “дээд шатны байгууллага албан тушаалтан нь хуульд нийцсэн үүрэг даалгавар шийдвэрийн биелэлтийг хангуулах замаар ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол сануулах, албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сараар 20% хүртэлх хугацаагаар бууруулах, албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгчийн дээрх гаргасан зөрчил нь энэ сахилгын зөрчилд хамаарч байгаа учир бид энэ заалтуудаас хийгээгүй үйлдлийнх нь төлөө албан тушаалын цалинг гурван сар 20% хүртэл бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны тушаалыг гаргасан. Уг тушаал нь хуульд нийцсэн байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргаж буй эрх зүйн харилцааны төрөл, маргааны зүйл:
1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь төрийн албаны харилцаан дахь нэхэмжлэгчийг албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэн сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл хуульд нийцсэн эсэх болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.2.Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ********** дугаар албан бичгээр “иргэн Ц.Ц**********-ийн ирүүлсэн гомдлыг шуурхай шалган, 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор хариу мэдэгдэх”-ийг даалгасны дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга нь уг албаны шалгалтыг нэхэмжлэгч Н.Б**********-өөр хийлгэхээр, цохолт хийж, шилжүүлжээ /ХХ-н 33 дахь тал/.
2.3.Энэхүү албан бичгээс үзвэл Н.Б**********-ийн шалгалт явуулах, гомдлыг шийдвэрлэх шуурхай хугацаа гэдэг нь 9 хоног байна.
2.4.Энэ даалгаврын дагуу нэхэмжлэгч Н.Б********** нь “Ц.Ц********** гомдолд хамаарах асуудлыг буюу цагдаагийн алба хаагч нар хэв журам сахиулахдаа уг иргэний эрхийг зөрчсөн эсэх талаар нотлох баримт цуглуулах, үйл баримтыг тогтоох, эдгээрийн үндсэн дээр дүгнэлт хийх зэрэг ажиллагааг явуулах ёстой” байсан ба гомдол гаргагч Ц.Ц********** гомдол гаргаснаас нь хойш 2 хоногийн дараа утсаар холбогдон цагдаагийн байгууллагад ирүүлэхээр дуудсан, Ц.Ц**********-ийнхүү дуудахад нь 2 дотор хоног очоогүй, харин тус байгууллага дээр очихдоо “гомдол саналгүй” гэдгээ мэдэгдсэн болох нь гэрч Ц.Ц********** шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Ингэхдээ Ц.Ц**********, Н.Б********** биечлэн тайлбар аваагүй, тэрээр өөр байцаагчид тайлбар өгсөн нь гэрч, нэхэмжлэгч нарын доорх тайлбараар тогтоогдлоо.
2.5.Тодруулбал, нэхэмжлэгч Н.Б**********ийн “10 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Ц.Ц********** холбогдож асуудлыг тодруулах гэсэн боловч хөдөө явсан гэх шалтгаанаар ирээгүй, 9, 10-ны өдөр нь амралтын өдөр байсан, 11-ны өдөр цагдаагийн 3 албан хаагчаас тайлбар авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлсэн, би сургалттай байсан тул ахлах мөрдөн байцаагчаар Ц.Ц**********с тайлбар авхуулсан” гэх тайлбар нь гэрч Ц.Ц**********“... намайг гомдол гаргаснаас хойш 2-3 хоногийн дараа Б********** гэдэг хүн яриад шалгалтын материал ирсэн ...”, “... би өнөөдөр амжихгүй 2-3 хоногийн дараа очно гэж хэлсэн” “... уулзъя гэж тохирсноос хойш 1-2 хоногийн дараа холбогдоход сургалтад явсан байна гэсэн”, “... ахлахтай нь уулзаад би гомдолгүй гэдгээ хэлсэн” гэх мэдүүлгээс зөрөөгүй, мөн 10 дугаар сарын 9, 10-ны өдөр нь амралтын өдөр мөн тул энэ өдрүүдэд шалгалт явуулах боломжгүй нөхцөл байсан гэдэг нь үндэслэлтэй байна.
2.6.Мөн Н.Б********** нь Ц********** гомдлыг шалгах ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа З.Т**********, Г.Б**********, эмч Г.Б********** нараас тайлбар авсан, гомдол гаргагч Ц.Ц********** тайлбар аваагүй нь Албаны шалгалтын материалд авагдсан байна /ХХ-н 48, 57-61 дэх тал/.
2.7.Дээрх байдлуудаас үзвэл 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10-ний өдрийн хоорондох 5 хоногийн 2 өдөр нь амралтын өдөр байсан тул иргэн Ц.Ц********** тайлбар мэдүүлэг авах, дуудан ирүүлэх боломжгүй, тэрээр дуудсан өдөр нь хөдөө явсан байгаад, 2 хоногийн дараа ирж, очихоор тохирсон өдөр нь Н.Б********** сургалттай байсан зэрэг нөхцөл байдал болоод Н.Б********** 11-ний өдөр холбогдох этгээдүүдээс тайлбар авсан байгаа зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгч Н.Б**********ийг шалгалтыг зохих ёсоор хийгээгүй гэж шууд дүгнэх үндэслэл байгаагүй байна.
2.8.Нэхэмжлэгч Н.Б**********-т Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны 26е/3672 дугаар албан бичиг цохогдон ирснээс хойш 6 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Цагдаагийн ерөнхий газраас “иргэн Ц.Ц********** холбоотой албаны шалгалтын материал”-ыг 19 цагийн үед татан авсан гэх тайлбартай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй тул энэ үйл баримт тогтоогдсон гэж үзэв.
2.9.2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Цахиур.мн сайтад “Жирийн цагдаа чинь согтуу даргад зодуулаад байж байх зүгээр үү. Ж.Б********** дарга аа” гэсэн нийтлэл гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас Н.Б**********т холбогдуулан албаны шалгалт явуулсан болох нь ********** дугаартай “Албан шалгалтын материал”-ийн Ц.А********** 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Н.Б**********-өөс авсан тайлбарын тэмдэглэлд “... нийтлэл цацагдсантай холбогдуулан албаны шалгалт явуулж байна” гэх тэмдэглэл /ХХ-н43 дахь тал/, Ц.Х********** асуусан тэмдэглэл /ХХ-н 46 дахь тал/-ээр тогтоогдлоо.
2.10.Энэ ажиллагааны хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэдэн цаг нь тодорхойгүй хугацаанд цагдаагийн дэд хурандаа Ц.А********** нь нэхэмжлэгч Н.Б**********-өөс тайлбар авсан байна.
2.11.Нэхэмжлэгч Н.Б********** нь шүүх хуралдаан дээр “цагдаагийн дэд хурандаа Ц.А********** 10 дугаар сарын 11-ний оройноос шалгалт явуулж эхэлсэн” гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар няцааж чадахгүй байгаа, мөн харин шөнийн 22 цаг 30 минутаас 23 цаг 40 минутын хооронд цагдаагийн дэд хурандаа М.Х********** нар нь саатуулах байрны жолооч Г.Б********** тайлбар авсан нь тэмдэглэлээр /ХХ-н 62 дахь тал/ тогтоогдож байгаа зэрэг байдлаар зарим шалгалтыг ажлын цаг дууссанаас хойш явуулсан гэж үзэв.
2.12.Ийнхүү цагдаагийн дэд хурандаа Ц.А********** явуулсан хяналт шалгалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ********** дугаар тушаалын 3 дахь заалтаар Н.Бийг:
-албаны шалгалтаар тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн тогтооход анхаарч, шалгалтын ажиллагааг чанартай явуулаагүй гэж үзэн;
-Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /Код 112/-ын 112.8.8 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэж албан тушаалын сарын үндсэн цалинг 3 /Гурван/ сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
2.13.Нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь зөрчил гаргаагүй, удирдлагаас өргөдлийг шалгаж, дүнг танилцуулахыг тогтоосон хугацаа дуусаагүй байсан, би ажиллагааг зохих журмаар явуулж байсан, гомдол гаргагчаас асуудлыг тодруулсны дагуу ямар ажиллагаа хийхээ тогтож, төлөвлөх ёстой, урьдчилан ямар ажиллагаа явуулахыг шууд төлөвлөх боломжгүй байсан” гэж маргаж байна.
2.14.Шүүх дээр тогтоогдсон үйл баримт болон талуудын тайлбар, мэтгэлцээнээр тогтоогдсон үйл баримтыг хууль, журамд нийцсэн эсэхтэй нэгтгэн дүгнэж, дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж үзлээ.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр Н.Б**********ийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /цаашид “Код 112” гэх/-ын 112.8.8 дахь заалтын “а-е” хүртэл хэсгийг зөрчсөн” гэж тайлбарласныг хяналаа.
3.2.Код 112-ын 112.8.8-д “Албаны шалгалт явуулах үед дараахь нөхцөл байдлыг тогтооно” гээд:
а/сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, ажлын хариуцлага алдсан байдал, сахилга ёс зүй, зөрчсөн үйлдэл нь хууль тогтоомж болон эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичгийн аль бүлэг, заалт хэсгийг зөрчсөн эсэх;
б/сахилга, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын хариуцлага алдсан байдалд тухайн албан хаагч, ажилтны оролцоо;
в/сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл;
г/сахилга, ёс зүйн зөрчил болон ажлын хариуцлага алдсанаас үүссэн хор уршиг;
д/сахилга, ёс зүйн зөрчигдсөн тухай нотломж бүхий материал болон түүний талаар иргэд албан хаагчдаас тайлбар гаргасан;
е/бусад нөхцөл” гэжээ.
3.3.Нэхэмжлэгч Н.Б********** нь цагдаагийн албан хаагчийн хэв журам сахиулахдаа ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоож ажлынхаа хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 6 хоногийн хугацаанд гомдол гаргагч Ц.Ц********** утсаар холбогдож, цагдаагийн байгууллагад ирүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн, уг этгээд ирж тайлбар гаргасан, түүнчлэн Албаны шалгалтын хүрээнд зөрчил сахилгын хэрэгт холбогдуулан шалгагдаж эхэлсэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа З.Т**********, Г.Б********** болон бусад нөхцөлийг тогтоохоор тус байрны эмч Г.Б нараас тайлбар авсан болох нь тогтоогдсон тул, тэрээр Код 112-ын 112.8.8-ийн “б”-д “сахилга, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын хариуцлага алдсан байдалд тухайн албан хаагч, ажилтны оролцоо” болон “д”-д заасан “сахилга, ёс зүйн зөрчигдсөн тухай нотломж бүхий материал болон түүний талаар иргэд албан хаагчдаас тайлбар гаргасан” гэх ажиллагааг явуулж байсан нь нотлогдсон тул нэхэмжлэгч Н.Б********** нь Кодын 112.8.8-ын “б”, “д” хэсгийг зөрчөөгүй байна.
3.4.Н.Б********** ийн шалгалт явуулж, дүнг танилцуулах сүүлийн хугацааг дээд шатны удирдлагаас 2021 оны 10 дугаар сарын 14-ны дотор байхаар тогтоож өгсөн байгаа учраас нэхэмжлэгч Н.Б********** Код 112-ын 112.8.8-н а, в, г, е-д заасан нөхцөлийг “дүгнэх” хугацаа нь болоогүй, 3 хоног дутуу байна.
3.5.Кодын 112.8.8-н “а”, “в”, “г”, “е” хэсэг нь албан шалгалтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэж шалгагчийн дүгнэлт хийх ажиллагаа байгаа бөгөөд ийнхүү дүгнэлт хийх хугацаа дуусаагүй байгаа учраас Н.Б**********-ийг Кодын 112.8.8-н “а”, “в”, “г”, “е” хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй тул түүнийг шалгалтын ажиллагааг чанартай явуулаагүй гэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
3.6.Дээр дурдсан Ц.А********** албаны шалгалтын хүрээнд “цагдаагийн албан хаагч нар журам сахиулах үед, тэдгээрийг эсэргүүцсэн иргэний үйлдлийг албан хэрэгцээнд ашигладаг таблетаар бичиж авсан бичлэг нийтэд тараагдсан шалтгаанд Н.Б**********-ийг буруутгасан” болох нь Албаны шалгалтын материалаар тогтоогдож байна.
3.7.Өөрөөр хэлбэл, түүнийг цагдаагийн албан хаагч нарын ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгах хүрээндээ уг таблет дээр бичигдсэн дүрс бичлэгийг хуулж аваагүй, тухайн дүрс бичлэг бусдад тараагдахаас урьдчилан сэргийлж чадаагүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон гэж үзэхээр байгаа нь Ц.А**********н Н.Б**********, Ц.Х**********, З.Т********** нарыг байцаасан тэмдэглэл, М.Х********** Г.Б**********-г байцаасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
3.8.Тодруулбал, нэхэмжлэгч Н.Б**********-ийг “Ц.Ц********** гомдлыг шалгаж зохих журмаар шийдвэрлээгүй” гэдэг үндэслэлээр биш “цагдаагийн албан хаагч нарын үйл ажиллагааг бичсэн таблет доторх бичлэгийг олон нийтэд тараахаас өмнө хурааж аваагүй, гадагш алдагдахаас хамгаалах ажиллагаа явуулаагүй нь цагдаагийн байгууллагын нэр хүндийг алдагдуулсан” гэж буруутгасан болох нь түүнийг шалгасан баримтаас харагдаж байна.
3.9.Нэхэмжлэгч Н.Б********** нь “таблет дээр бичигдсэн дүрс бичлэгийг хуулж аваагүй, тухайн дүрс бичлэг бусдад тараагдахаас урьдчилан сэргийлж чадаагүй” гэж өөрийг нь буруутгасан үйлдлийг няцааж, шүүхэд гаргасан тайлбартаа “цагдаа болгон бичлэг хийх таблет, энгэрийн камер хэрэглэдэггүй тул цагдаа нарт ийм таблет байгааг мэдээгүй” гэснийг хариуцагч талаас няцаах баримт гаргаагүй тул үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд тайлбарлаж байгаа “Н.Б**********-ийн хувьд иргэн Ц.Ц**********-ийн гомдлыг шалгаж шийдвэрлэх ажиллагааны төлөвлөгөөг гаргаагүй, танилцуулж батлуулаагүй” гэх үндэслэлд хамааралгүй тул маргаан бүхий захиргааны актын үндэслэл биш байна.
3.10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Н.Б**********-ийг буруутгаж, “Ц.Ц********** өөрөө тайлбар аваагүй, ахлах байцаагчаар авхуулсан нь албаны шалгалт хийх эрх хэмжээгүй хүнээр ажиллагаа хийлгэсэн” гэж маргасныг нэхэмжлэгч няцааж “... Ц.Ц********** цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл нь шалгалт явуулж, уг ажиллагааны хүрээнд түүнээс ахлах байцаагч мэдүүлэг авсан. Миний шалгаж байгаа асуудлаар би ахлах байцаагчаар мэдүүлэг авхуулсан явдал биш, 11-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас материалыг татсан, шалгалт явуулах шаардлагагүй гэсэн тул Ц.Ц********** тайлбар аваагүй” гэж байна.
Нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хариуцагч талаас нотлох баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.
3.11.Нэхэмжлэгч Н.Б**********ийг шалгаж, гаргасан зөрчлийн талаар Ц.А********** танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд уг тэмдэглэлээр “Н.Б********** зөрчлөө зөвшөөрч, сахилгын шийтгэл хүлээлгэхэд татгалзахгүй гэсэн тэмдэглэл үйлдсэн байна.
3.12.Ийнхүү нэхэмжлэгч Н.Б********** нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, сахилгын шийтгэл оногдуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байгаа боловч тэрээр шүүх хуралдаан дээр “... энэ тайлбарыг оройн цагаар авсан, “... хүлээн зөвшөөрөхгүй бол өөрийн чинь цол, албан тушаалтай ярина, цалингаа хасуулж байгаадаа баярла” гэж хэлээд сонсох ажиллагааг танилцуулж, гарын үсэг зуруулсан, би зөвшөөрөхгүй” гэснийг шүүх буруутгах үндэслэлгүй байна.
3.13.Учир нь Н.Б**********-т холбогдох шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой, ажлын цаг дууссан байхад явуулсан байх бөгөөд ажлын бус цагаар явуулсан энэ дотоод хяналт, шалгалтыг Үндсэн хуульд заасан төрийн албаны “хүний эрхийг дээдлэх”, “хуульд нийцсэн байх” зарчим болон Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ... ард түмэндээ үйлчилж, ... зүтгэхэд оршино” гэж заасанд нийцээгүй гэж анхан шатны шүүх үзэж байгаа тул нэхэмжлэгч Н.Бийн дээрх тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн.
3.14.Дээрхээс гадна, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Код 112-т аливаа хяналт шалгалтыг ажлын бус цагаар явуулах, тайлбар тэмдэглэл үйлдэхийг зөвшөөрсөн, эрх олгосон заалт байхгүй тул ажлын бус цагаар нэхэмжлэгчээс тайлбар авсныг зөвтгөх хууль зүйн үндэслэл шүүхэд тогтоогдоогүй учраас түүнийг зөрчил гаргаснаа зөвшөөрсөн гэж үзээгүй болно.
3.15.Нөгөө талаас Код 112-ын 112.7.8-д Албаны шалгалт явуулахгүй байх тохиолдлыг тогтоож өгсний дотор “б”-д “өргөдөл гомдол гаргагч нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өргөдөл, гомдлоосоо татгалзаж, буцаан авсан” гэж заасан байна.
3.16.Иймд гэрч Ц.Ц********** “намайг цагдаагийн байгууллагаас дуудахад нь очиж, одоо би гомдол саналгүй гэдгээ тайлбарласан” гэх агуулга бүхий мэдүүлгээс дүгнэвэл тэрээр цагдаагийн байгууллагад очиж гомдлоосоо татгалзсан гэж үзэхээр байгаа учраас түүний гомдлоор албаны шалгалт явуулах шаардлагагүй болсон Код 112.7.8-д хамааруулж үзэх ёстой байна.
3.17.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “Албаны шалгалтыг явуулах цагдаагийн албан хаагч нь төлөвлөгөө гаргаж, батлуулах ёстой боловч энэ ажиллагааг хийгээгүй нь албан ажилдаа хайнга хандсан, шалгалтыг чанартай явуулаагүй гэж үзэх үндэслэл” гэх агуулгаар маргасан боловч нэхэмжлэгч ийнхүү албаны шалгалтын төлөвлөгөөг гаргаж, батлуулаагүйгээс гомдол гаргагчийн эрхийг зөрчигдсөн, түүнд хохирол учруулсан үр дагавар үүсгэсэн, улмаар цагдаагийн байгууллагын нэр хүндийг алдагдуулсан гэх нөхцөл тогтоогдохгүй байна.
3.18.Нэхэмжлэгч Н.Б**********-ийн цагдаагийн албан хаагч нарт холбогдох албаны шалгалтыг явуулахдаа “цагдаагийн албан хаагч нарын үйлдлийг бичсэн бичлэгийг хурааж авч архивлаагүй, нууж хамгаалаагүй” үйлдэл нь цагдаагийн байгууллагын нэр хүндийг олон нийтэд алдагдуулсан, хохирол учруулсан явдал биш юм.
3.19.Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагч нар нь зөрчил гаргагч этгээдийн эсэргүүцлийг зогсоож чадахгүй байгаа үйл баримтын талаарх бичлэгийг задруулсан үйлдэл тус байгууллагын нэр хүндийг алдагдуулж, хохирол учруулж байгаа биш, харин цагдаагийн албан хаагч нар биеэ хамгаалах чадваргүй, эсэргүүцсэн этгээдийг мэргэжлийн төвшинд таслан зогсоож чадаагүй бодит үйл баримт л тус байгууллагын нэр хүндийг алдагдуулж байгаа явдал тул нэхэмжлэгч Н.Б**********-ийг цагдаагийн байгууллагын нэр хүндийг алдагдуулсан, албаны нэр хүндэд хохирол учруулсан гэж хариуцагч үзсэнийг хуульд нийцэхгүй гэж үзлээ.
3.20.Дээр тогтоогдсон үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагчаас нэхэмжлэгч Н.Б**********ийг ёс зүйн зөрчил гаргасан үзэн буруутгасан үйл баримт нь тэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэснийг болон Код 112.8.8-н “а-е”-д заасан, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.5, 13.1, 13.7-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, тогтоогдоогүй тул маргаан бүхий захиргааны акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ********** дугаар тушаалын 3 дахь заалт буюу Н.Б**********т холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж заасантай нийцээгүй гэж үзэн хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь Цагдаагийн ахлах байцаагч, дэд хурандаа Ц.А********** Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 112-т заасны дагуу дотоод хяналт шалгалт явуулж, цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон Албаны шалгалтын материалын хүрээнд цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Өөрөөр хэлбэл, Цагдаагийн Ахлах байцаагч нь хяналт шалгалтаар цуглуулсан материал дээрээ үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын дарга шийдвэрээ гаргасан тул уг материалын хүрээнд “нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл зөрчил гэж үзэх эсэхийг шүүх шалган шийдвэрлэх нь “шүүх хөндлөнгийн байх” зарчимд нийцнэ гэж үзлээ.
4.2.Гэрч Ц.Ц********** шүүхэд мэдүүлэг өгөхдөө үйл баримт өрнөсөн сар, өдрийг тодорхой нэрлээгүй, мөн өөрийг нь цагдаагийн байгууллагад дуудсан хоногийн хоорондох зайг тодорхой хэлэхгүй, тойм төдий тайлбар хийсэн тул шүүх гэрчийн мэдүүлгийг шууд нотлох баримт гэж үзээгүй, харин нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, бичгийн нотлох баримттай зөрөөгүй маргасан үйл баримтыг тогтоогдсон гэж үнэлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б**********-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ********** дугаар тушаалын 3 дахь заалт болох Н.Б**********-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Н.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ