Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2021/00676

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Х аймгийн М сумын ... дугаар багийн ... дугаар байрны ... тоотод оршин суух, Т овогт Д-ийн А (Р...)-д холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 201.226.058 (хоёр зуун нэг сая хоёр зуун хорин зургаан мянга тавин найм) төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнд С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлд шилжүүлэн, барьцаалсан тээврийн хэрэгслийг оролцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 155/2020/00979/и индекстэй иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч байгууллагын захирал С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д-ийн А нь 2014 оны 10-р сарын 31-ний өдөр С ББСБ-д зээл хүссэн өргөдөл гаргаж, зээлийн төлбөрийг гэрээт хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож 1031 тоот гэрээ байгуулсан.

1

Авсан зээлийн хэмжээ

100.000.000.00 /нэг зуун сая төг/

2

Зээлийн сарын хүү

2%

3

Зээлийг авсан огноо

2014.10.31

4

Зээлийн гэрээ дууссан огноо

2017.10.31

5

Зээлийн хугацаа

36 сар

6

Зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан тухай 1031 тоот зээлийн гэрээний Хавсралт

2017.10.31-2019.10.30

7

Нэхэмжилж байгаа дүнг тооцоолсон

2020.04.30

 

1. Зээлдэгч Д.А зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан бөгөөд 2017.10.30-ны өдөр хүсэлт гаргахдаа 2017.10.30 өдрөөс эхлэн 24 сарын хугацаатай хугацааг сунгаж 2019 оны 10 дугаар сарыг 30-ны өдрийг дуустал зээлийн төлбөр барагдуулж дуусах хугацааг өөрчилж өгөхийг хүссэн. Үүний дагуу 2 тал харилцан тохиролцож зээлийг төлж барагдуулж дууссан байх огноо 2019.10.30 өдөр байсан.

Иргэний хуулийн 453 дугаар зүйл. Зээлдэгчийн хариуцлага 453.1 Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг үндэслэн 1031 тоот ЗГ-ний 2.5, 5.5-д заасныг үндэслэн 2020.04.30-ны өдрөөс зээлийн нэхэмжлэлийг гаргасан. Манай байгууллагын зүгээс Д.А-тай эхэн үед утсаар ярьж мэдэгдэж байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Утсаар ярихдаа зээлийн төлбөрөө төлж дуусгахыг сануулж, шаардлага тавьж байсан боловч зээлийн эргэн төлөлтийг эхний хэдэн сар төлсөн болно.

Иймд хариуцагч Д.А-аас 187.837.433.00 (нэг зуун наян долоон сая найман зуун гучин долоон мянга дөрвөн зуун гучин гурван төг) гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнд С ББСБ-ын нэр дээр байгаа, барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг оролцуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Д-ийн А нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр С ББСБ-д зээл хүссэн өргөдөл гаргаж, зээлийн төлбөрийг гэрээт хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож 1031 тоот гэрээ байгуулсан.

1

Өмнөх нэхэмжлэлийн шаардлагын дүн

187,837,433.00 төгрөг

2

ББСБ-с төлсөн: Улсын тэмдэгтийн хураамж

1,097,137.16 төгрөг

3

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын дүн

13,388,625.00 төгрөг

4

ББСБ-с төлсөн: Улсын тэмдэгтийн хураамж

224,893.13 төгрөг

5

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг тооцоолсон огноо

2020.05.01 - 2020.10.30 дуустал

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ хуулийн 24 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэх хуулийн зүйл заалтыг үндэслэн хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг хангах хүртэл хугацааны зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. Тодруулбал: 2020.05.01- 2020.10.30 -ны өдрийг дуусталх хугацааны үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилж байна. Мөн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч талд замын зардал хохирол учирсан тул эдгээр хохирлыг нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж буй нь:

 

д/д

Агуулга

Нэхэмжлэлийг нэмэгдүүлж буй дүн:

1

Нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн дүн: 2020.05.01- 2020.10.30-ыг дуусталх хүү, нэмэгдүүлсэн хүү

13,239,025.00 төгрөг

2

2020.10.29-ний өдөр УБ-Хөвсгөл явсан Тээврийн зардал

 

74,800.00 төгрөг

3

2020.10.30-ны өдөр Хөвсгөл-УБ явсан Тээврийн зардал

 

74,800.00 төгрөг

4

 

Тээврийн зардал:

13,388,625.00 төгрөг

 

Иймд хариуцагч Д.А-аас 187,837,433.00 төгрөг дээр 13,388,625.00 төгрөгийг нэмж гаргуулан нийт 201,226,058.00 төгрөг (хоёр зуун нэгэн сая хоёр зуун хорин зургаан мянга тавин найман төгрөг) гаргуулж үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнд С ББСБ-ын нэр дээр байгаа, барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг оролцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын захирал С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл хүсэгч А нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Старкредит ББСБ-д зээл хүссэн өргөдөл гаргаж, 1031 тоот зээлийн гэрээ байгуулсан. Авсан зээлийн хэмжээ 100.000.000 төгрөг юм. 100.000.000 төгрөгийг авсан нь өөрийнх нь гарын үсэгтэй баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эхний нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүн 187,837,430 төгрөг байгаа. Банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд таарах улсын тэмдэгтийн хураамжид 1.097.137,16 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд нэмэгдүүлэх болон багасгах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 13.239.025 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийг мөн төлсөн. Зээлийн гэрээтэй холбоотой, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс гадна 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Х аймаг очсон мөн Х аймгаас Улаанбаатар хот руу явсан хоёр хүний тээврийн зардал 149.600 төгрөгийг нэмж шаардсан. С ББСБ-аас нийт хариуцагч А-аас 201.226.058 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г тайлбар өгсөн байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй. Хөвсгөл явсан тээврийн зардалд 149.600 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй зөвшөөрөхгүй гэсэн байсан. Яагаад тээврийн зардлыг нэхэмжилсэн бэ? гэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нь шүүх хуралд өвчтэй гэх хуурамч бичиг баримт өгч шүүх хуралдаанд ирэх, мэдүүлэг өгөхөөс зориуд зайлсхийсэн. Энэ нь шууд санаатай гэж үзсэн. Хуурамч бичиг баримт үйлдсэний улмаас шүүх хуралдаан хойшилсон. Монгол Японы эмнэлгийн эмч нар ёс зүйн хурлаар орж, бичиг баримт үйлдэж өгсөн хүмүүсийг эмчийн ажлаас нь халах хүртэл нөхцөл байдалд хүргэсэн. Үүнээс болоод давхар давхар сөрөг үр дагавар үүссэн. Миний бие уучлалт хүсээд эдгээр эмч нарыг ажлаас халахгүй байх талаар хүсэлт гаргасан. Тэдгээр хүмүүс цалингаасаа хасуулж сануулах арга хэмжээ авсан байсан. Энэ гарсан үр дагавар нь замын зардлын мөнгөндөө байгаа биш юм. Шүүхэд хуурамч бичиг баримт үйлдсэн нь хоёр эмчийг ёс зүйн хурлаар оруулж хүний эмчлэх эрхийг хасахад хүргэсэн тул өөрөө очиж уучлалт гуйх ёстой байтал замын зардал өгөхгүй байх хуулийн заалт ярьж байгаа нь зохимжгүй байх гэж үзэж байна. А-д дарамт шахалт учруулж банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийлгэсэн, хоорондоо хуйвалдсан гэх зэргээр гүтгэж байна. Дарамт шахалт үзүүлсэн гэх ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хариуцагч таны хүсэлтээр Ч дүүргийн шүүх А О нарын мэйлд үзлэг хийлгэсэн. Үүнд банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хий гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. А-д дарамт шахалт үзүүлсэн. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа хоорондоо хуйвалдсан гэх байдлаар гүтгэж байна. Дарамт шахалт хийсэн гэх ямар ч баримт байхгүй. А, О нарын харьцсан мэйлд үзлэг хийсэн. Үүнд дарамж шахалт үзүүлсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Ийм худал тайлбар хийх нь ёс зүйгүй гэж үзэж байна. 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 7.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хүн гарын үсэг зураагүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Мөн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13.000.000 төгрөг өгсөн гэж байгаа юм. Энэ баримтаар нотлогдохгүй байгаа. Гэхдээ О нь мэйл бичихдээ 20.000.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна гэж тайлбарлаж байна. Энэ 20.000.000 төгрөг нь 2012 онд хамаарч байхад 2014 оны 10 сарын 31-ний өдөр хийгдсэн үндсэн зээлээс уг мөнгөн дүнг хасах ямар үндэслэл болох юм бэ? Энэ бол боломжгүй. Манайх санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу зээлдэгчээ судлаад зээлдэгчийн өргөдөл, нотариатчаар баталгаажуулсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ зэргийн нотариатчаар баталгаажуулж авсан. А нь ямар нэгэн хөндлөнгийн дарамт шахалтгүйгээр харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр, дор дурдсан нөхцөлөөр гэрээг байгуулав гэж гэрээнд тусгагдсан байгаа. Тэгээд А нь өөрөө хүсэлтээ гаргасны дагуу нотариатчаар баталгаажуулаад гэрээ хийсэн байгаа. Зээлдэгчээ судлахын тулд Монгол банкны муу зээлдэгчийн талаарх мэдээллийг авсан. Тухайн үед зээлдэгчид ямар нэгэн муу зээлийн түүх байгаагүй. О Б гэх хоёр хүн хоорондоо хамааралтай. Үүнийг Улсын бүртгэлийн тодорхойлолт гаргасан гаргаагүй би шүүх хуралдаан дээр хэлсэн. Гэхдээ Банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч нь банк бус санхүүгийн байгууллагыг бүрэн гүйцэд 100 хувь төлөөлөх эрхгүй энэ үүргийг хүлээдэггүй. О тухайн үед хувьцаа эзэмшигч байсан ч гэсэн дангаараа шийдвэр гаргах эрхгүй мөн төлөөлөх эрхгүй. Учир нь банк бус санхүүгийн байгууллага нь тухайн үед 5 хувьцаа эзэмшигчтэй байсан. Хувьцаа эзэмшигчид нь хяналтын хороотой байдаг. Хяналтын хороо нь төлөөлөн удирдах зөвлөлтэй. Бид зээлийн гэрээг хийхээс өмнө хүсэлт ирүүлснийх нь дагуу зээл олголтыг хүссэн хүсэлтийг илгээж, зээлийн хорооны хурлаар шийдвэрлэж зээл олгодог. Тэгэхээр хувьцаа эзэмшигч нь дангаараа шийдвэр гаргах эрхгүй. Тийм ч учраас санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу ажилладаг. Хувьцаа эзэмшигчид хоорондоо гэрээ байгуулж ажилладаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хувьцаа эзэмшигч зээлийн хүү багатайгаар хэн нэгэн этгээдэд зээл олгох эрхгүй. Хоорондоо гэрээ байгуулж эрх тэгш байдалтай байдаг. Хэн хэдэн хувьцаа эзэмшиж байгаагаас хамаарахгүйгээр хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээний үүргийн биелэлтийг жил болгон Төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлагнадаг. Иймд О нь банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлөх эрхгүй байдаг. Уг нь өөрөө эхлээд лизингийн гэрээ байгуулъя гэж санал тавьсан юм. Би бизнес хийнэ гээд хэвлэлийн машин яригдаад байдаг. Өөрөө зээл хүсэгчийн өргөдөл дээрээ зээлийн зориулалтаа бизнесийн гэж бичсэн байгаа. Тэгээд машин болон хэвлэлийн машин хоёрыг маш хурднаар зараад цувуулж төлөх гэж байгаа юм гэж хэлж байсан.

Машин нь манай өмч байдаг. Эзэмшил нь зээлдэгчийн нэр дээр байдаг. Тэгээд зээлээ төлж дууссан тохиолдолд өмчлөл нь А-д өөрт нь шилжих юм. Фидуцийн гэрээ буюу үүрэг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлсэн гэрээ хийсэн. Манайхаас зээлдэгчийн данс руу шилжүүлдэг. Арилжааны банкнууд шинээр данс нээдэг. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд зээлдэгчийн данс гэж нээдэггүй. Хувийнх нь данс руу хийдэг. Эсхүл бэлнээр олгодог. Зээлдэгч өөрөө бэлнээр авах хүсэлт гаргасан бол бэлнээр олгодог. А нь бэлнээр авъя гэсэн хүсэлт гаргаад бэлнээр авсан. А өөрөө хүсэлтээ гаргасан. Зээлийн гэрээнд нэмэлт оруулах тухай гэдэг нь миний бичиг байна. Доор нь бичсэнийг би мэдэхгүй байна. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэдэгт А өөрөө зээлийн гэрээний хугацааг нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэж анх гэрээ хийсэн өдрөөрөө буруу бичсэн байж байгаад засвар оруулсан байна. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс сунгалт хийж байгаа гэж хэлэхэд зассан юм. Сунгалтын гэрээний огнооны засварыг гараар бичиж засварласан нь харагдаж байна. Доторх огноо нь засваргүй байгаа. Дээр байгаа огноог хэдний өдөр гэдгээ бичээгүй байж байгаад зассан байна. Нэмэлт өөрчлөлт оруулсан талаарх огноонууд засваргүй байгаа. А өөрөө П ХХК-д өгч энэ баримтыг А авсан байна. А банк бус байгууллагаас авсан 100.000.000 төгрөгөө П ХХК-д өгсөн нь үүгээр нотлогдож байна гэж үзэж байна. А өөрөө санхүүгийн хувьд зогсонги байдалтай боллоо. Сунгаж өгөөч гэх хүсэлтийг гаргасны дагуу манай байгууллагын зүгээс өндөр зээлийн дүнтэй, хүндрэлтэй байгаа байх гэж үзээд өөрийн нь хүсэлтийн дагуу сунгасан. Ийм гэрээний хугацааг сунгах хүсэлтээ өөрөө гаргасан байдаг.

Хуримтлагдсан хүү 81.172.743 төгрөг, нэмэгдүүлсэн хүү хуульд заасны дагуу хүүгийн 20 хувь буюу 16.234.549 төгрөг, нийт 187.837.433 төгрөг. Сүүлд нэмэгдүүлсэн шаардлагад 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийг дуусталх хүртэлх хүү нийт 13.388.625 сая төгрөг байна. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийг дуусталх хугацаанд хуримтлагдсан хүү 11.032.521 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.206.504 төгрөг байна. Тухайн үед цаанаа хэвлэлийн машинтай холбоотойгоор зээлээ дарах гэж байгаа юм байна гэсэн ойлголтыг авсан. Тоёото Тундра гээд машины үзүүлэлтүүд нь таарч байна. Гэхдээ энэ нь 2222 ХӨА гээд Х-ийн улсын дугаартай байна. Тэгээд Улаанбаатар хотод оруулж ирэхдээ ... УБҮ гэх хотын дугаартай болгож солиулсан байна. Арлын дугаар нь бусад үзүүлэлтүүд нь таарч байна. Үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг оролцуулна гэж нэхэмжлэлээ гаргасан.Тэрнээс үнийн дүнд оролцуулах биш юм. Анхнаасаа 100.000.000 төгрөгийн зээлийг мэдэж, хүсэлтдээ 100.000.000 төгрөгийг хүссэн байгаа. Өөрөө 100.000.000 төгрөгийг бэлнээр авч манай зарлагын баримтад гарын үсэг зурж хүлээж авсан байгаа. А нь банк бус байгууллагаас авсан 100.000.000 төгрөгөө аваад санамж бичгийн дагуух өрөө хаасан болон яасан нь зээлдэгчийн өөрийнх нь эрх байсан. Хэрвээ тэгж бодсон, тэгэх байх гэсэн бодлоор баримт үйлдэгдэхгүй. Хамгийн гол тодотгож хэлэх зүйл бол П ХХК нь А-аас 100.000.000 төгрөг шаардах эрхээ банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлээгүй. К ХХК, П ХХК , банк бус санхүүгийн байгууллага нар бол тус тусдаа бие даасан хуулийн этгээд юм. Иймд эрх үүрэг шилжүүлсэн ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй. Эгч дүүс болох холбоотой талаар тайлбар хэлье. Хариуцагч А-д олгосон 100.000.000 төгрөгийг хүлээн авсан талаарх П ХХК-ийн баримт нь А-д өөрт нь байгаа нь 100.000.000 төгрөгийг өөрөө аваачиж өгөөд цорын ганц нотлох баримтыг шүүхэд өгсөн байна. Тэгэхээр өөрөө П ХХК-тай холбогдож авсан нь А-ийн өөрийнх нь үйлдлээс харагдаж байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т зааснаар гаргасан зардлыг хэт өндрөөр үнэлж шаардах эрхийг өөртөө олгосон гэж тайлбарласан. Гаргасан зардлыг хэт өндрөөр үнэлсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.10-т санал гаргагч нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон учраас гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж байна гэсэн тайлбар гаргаж байгаа юм. Энэ бол нөхөн төлбөр биш юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл, Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд тус тус заасанчлан гэрээний хугацаа дууссан ч гэсэн үүргийн гүйцэтгэлийг хангаж дуусах хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм. Үндсэн зээлээ төлөөгүй байхад гэрээ цуцлаагүй нь өөрөө зээлдэгч хугацааг сунгах, хойшлуулах, боломж олгох хүсэлтийг удаа дараа гаргаж гэрээний хугацаа, гэрээнд хавсралтаар нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүхэд ирүүлсэн хариу .тайлбартаа: Нэхэмжлэгч С ББСБ ХХК нэхэмжлэлдээ хариуцагч Д.А-аас нийт 187.837.443 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн дүнд барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг оролцуулж өгнө үү хэмээн нэхэмжилжээ.

1. Зээлийн гэрээ байгуулах болсон нөхцөл

1. 2014 оны зээлийн гэрээ хийх болсон гол үндэслэл нь 2011 онд П ХХК-тай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг /хамтран ажиллах гэрээ/ юм. Тухайн харилцан ойлголцлын санамж бичгийг нэг талаас: К ХХК түүнийг төлөөлж Д.А болон П ХХК түүнийг төлөөлж С.О /С ББСБ-ийн хувьцаа эзэмшигч/ нар 2011 оны 6 сарын 07-ны өдөр байгуулсан. Тус харилцан ойлголцлын санамж бичгээр талууд К ХХК-д хөрөнгө оруулалт хийж хэвлэлийн машин худалдан авахаар компанийн хуулийн дагуу харилцан тохиролцсон байдаг. С.О нийт 100 сая төгрөгийн санхүүжилт хийх, ингэхдээ 30 сая төгрөгийг нь хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж К ХХК-ийн хувьцааны 50%-ийг эзэмших, 70 сая төгрөгийг 2 жилийн дотор компанийн үйл ажиллагаагаар хүүгүй эргүүлэн төлөхөөр болжээ.

2. Энэ хугацаанд К ХХК-ийн зүгээс 2012 оны 01-р сарын 26-нд 7 сая төгрөг, 2012 оны 12-р сарын 27-нд 13 сая төгрөгийг тус тус П ХХК-д төлсөн байна. Төлбөрийг С.О хэлсний дагуу Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Зуунбилэг дунд сургуулийн 2 давхарт байрлах С ББСБ-д бэлнээр кассанд нь тушаасан байна.

3. Мөн 2011 оноос 2012 оны хооронд П ХХК болон С.О-ын зүгээс хөнгөлөлттэй үнээр хэвлэлийн ажил хийлгэхээр Харилцан ойлголцлын санамж бичигт тусгасны дагуу нийт 8.324.400 төгрөгийн хөнгөлөлттэй үнэ өртөг бүхий хэвлэлийн зүйлсийг хэвлүүлсний төлбөрийг буцааж өгөх зээл болох 70 сая төгрөгтөө тооцуулахаар төлбөрийг төлөөгүй байдаг.

4. 2012 он К ХХК нь сонгуулийн дараагаас ашиггүй ажиллаж улмаар 2013 онд компанийг хариуцаж байсан этгээд гадаад руу явснаар компанийн үйл ажиллагаа бүр зогсонги байдалд орсон тул С.О-ийн зүгээс Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу буцаан олгох дүнг С ББСБ руу зээл болгон шилжүүлэх шаардлага тавьсан. Иймээс 2014 оны 10-р сарын 31-ний өдөр С ББСБ болон иргэн Д.А нарын хооронд 100 сая төгрөгийн 2%-ийн хүүтэй зээлийн гэрээ хийгджээ. Гэхдээ С ХХК нь А-д зээл олгосон бус зөвхөн үүргийг шилжүүлэн авчээ.

2. Зээлийн эргэн төлөлтийн талаар

1. Түүнээс хойш Д.А нь 2014-2015 онд нийт 37.118.000 төгрөгийг, 2017 оны 01-р сарын 19-ний өдөр 18 сая төгрөгийг нийт 55.118.000 төгрөгийг төлсөн.

2. Гэсэн хэдий ч С ББСБ-аас 2017 оны 11 сарын 15-ны өдөр гаргаж өгсөн тооцоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 90.430.141 төгрөг байгаагаас харахад анх 2012 онд төлөгдсөн 20 сая төгрөг болон хэвлүүлсэн зүйлсийн өртөг болох 8.324.400 төгрөг буюу нийт 28.324.400 төгрөгийг үнсэн төлбөрөөс хасаагүй байсан нь харагддаг.

3. Хариуцагчийн зүгээс 2012 онд төлөгдсөн 28.324.400 төгрөгийг 100 сая төгрөгөөс хасаж, үлдсэн төлбөрийн дүнгээс зээлийн хүү тооцогдох ёстой гэж үзэж байгаа бөгөөд энэ үүднээс 2017 оны 11-р сараас хойш энэ асуудлын учрыг олох, тухайн үед компанийг хариуцаж байсан гадаадад байгаа хүнтэйгээ холбогдож, улмаар өнгөрсөн хавар асуудлыг харилцан ойлголцохоор нэхэмжлэгч талд удаа дараа хандсан.

4. Д.А С.О-той тохиролцож авсан санхүүжилтийг С ББСБ руу шилжүүлж гэрээ байгуулагдахдаа өмнө нь найз нөхдийн харилцаагаар хамтрах ажиллах гэрээ байгуулан ажил эхэлж байсны хувьд, 20 сая төгрөгийг С.О-ын хэлсний дагуу С ББСБ-д бэлнээр төлсөн байдаг. 2014 онд харилцан ойлголцлын санамж бичгийн үлдэгдэл дүнд зээлийн гэрээ байгуулах үед 2012 онд бэлэн төлсөн 20 сая төгрөгийг орлогодож авсан баримтыг үзүүлж байсан зэргээс Харилцан ойлголцлын санамж бичгээр тохирсон 30 саяын хөрөнгө оруулалт болон 70 саяын хүүгүй зээл нийт хөрөнгө оруулалтаа буцаан 100 саяын зээл болж байна гэж ойлгосон бөгөөд гэрээ шилжүүлэхдээ анхны нийт дүнгээрээ хийж, харин гэрээний дараа төлөлтөөс өмнө төлөгдсөн 20 сая болон хэвлэлийн ажлын 8.324.400 төгрөгийг үндсэн зээлээс хасна гэж ойлгож зээлийн гэрээг байгуулсан. Учир нь 2012 онд төлсөн төлбөрийг П ХХК бус С ББСБ орлогодож авснаар төлбөрийг С ББСБ гэрээний нийт дүнгээс хасаж тооцно гэж ойлгосон байдаг.

5. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ нь өмнө нь төлсөн бэлэн 20 сая төгрөг болон хэвлэлийн ажлын үнэ 8.324.400 төгрөгийг хасаад үнсэн зээл нь 71.675.600 төгрөг байх байсан байна. Үүнээс өнгөрсөн хугацаанд төлсөн график төлөлтөө хасаад тооцвол 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү нь нийт 92.070.965.00 төгрөг байх юм.

6. Анх нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хандах тухай мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгчид өмнө төлсөн 20 сая болон хэвлэлийн ажлын үнийг хасах ёстой байсан тухай хэлж тайлбарлан эвлэрэх, тохиролцох оролдлого санал тавьсан боловч хүлээж авсангүйгээр барахгүй хариуцагчийг улам хүнд байдалд оруулах нөхцөлийг тусгаж байгаа. 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Зуун билэг дунд сургуулийн 2 давхарт байрлах С ББСБ-д очиж нэхэмжлэгчтэй уулзахад С ББСБ-ын ажилтан н.О нь 2012 оны 12-р сарын 27-нд 13 сая төгрөгийг орлогодож авснаа өөрийн биеэр нотолж байгаа атлаа өмнө төлсөн 28.324.400 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцохгүй байгаа нь үндэслэлгүй байна. Үүнээс хамаарч 2014-2017 оны хооронд төлөгдсөн төлбөрүүдийн дараах үндсэн төлөлт, хүүгийн тооцоо буруу хийгдэж, хариуцагч талд нэмэлт дарамт учруулж байна. 100 сая төгрөгийн зээлээс өнөөдрийн байдлаар бараг 80 орчим сая төгрөг төлсөн байхад үндсэн төлбөр 92 сая орчим дүнгээс буухгүй байгаагаас харж болно. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 187.837.433 төгрөгийг бүхэлд нь төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Бодитоор 92.070.965.00 төгрөгийн төлбөр төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г хариуцагчийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: "С ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар

1. Нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү болон нэмэгдүүлсэн хүү 13,239,025.00 төгрөг Улаанбаатараас Х явсан тээврийн зардал 2 хүн 2 талдаа 149.600 төгрөг нийт 13,388,625.00 төгрөг нэхэмжилжээ .

2. С ББСБ нь анх 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч шүүхэд хандсанаар тухайн гэрээг цуцлагдсанд тооцох ба цуцлагдах хүртэлх хугацаанд гэрээний үүрэг хэвээр хадгалагдах тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 13,239,025.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

3. Х явсан тээврийн зардал 2 хүн 2 талдаа 149.600 төгрөгийн хувьд нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 25 дугаар зүйлийн 25.1.2 -ын дагуу шүүх хуралдаандаа оролцох эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин хуралдаандаа оролцох үүрэгтэй. Энэ зайлшгүй гарах зардлаа хариуцагчаас нэхэмжилж байгаа нь хууль бус бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5, 202.2.10-ын дагуу нэхэмжлэгчийн үндэслэж байгаа зээлийн гэрээний 4.5 дугаар заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул тус зардлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан

1. С ББСБ болон Д.А нарын хооронд байгуулагдсан 1031 тоот зээлийн гэрээ нь гэрээний эрх зүйн хувьд талуудын тэгш эрх, шударга ёсны зарчимд нийцээгүй, улмаар зээлдэгчид зөвхөн үүрэг үүсгэж төлбөр, торгууль, шимтгэл төлөх талаарх хариуцлага тусгасан байгаа ба харин гэрээний стандарт нөхцөл тавьж буй С ББСБ нь өөртөө бүх давуу эрхийг олгосон байна. Хэдийгээр хариуцагч Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2 - д зааснаар бол хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна .

2. 2012 онд П ХХК -д 7 сая болон 13 сая төгрөгийг хүлээлгэн өгөхөд П XXК болон С ББСБ - ын ажлын байр нэг дор байрлаж байсан, мөн 2014 онд С ББСБ -тай Д.А зээлийн гэрээ байгуулах үед Протек ХХК иас Д.А-ын зээлийн төлбөрт С ББСБ -аас 100 сая төгрөг хүлээж авсан тухай баримт олгосон зэрэг нь Д.А зээлийн гэрээгээ шилжүүлсэн гэж итгэх үндэс болсон. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэгч талаас П ХХК-аас зээлийн төлбөрт 100 сая төгрөг хүлээн авсан тухай баримтыг хуурамч гэж гүтгэж байгаа нь анхнаасаа иргэн Д.А-д зээл шилжүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх, тэгж итгүүлэн бүх баримтыг хариуцагчид зээл олгосон байдлаар санаатайгаар бүрдүүлж хууран мэхэлж хийсэн хэлцэл байжээ гэж үзэхэд хүргэж байна. Иймд 1031 тоот гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дүгээр зүйлийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

3. 2014 оны 10 дугаар сарын 31-нд байгуулсан С ББСБ болон А нарын хооронд байгуулсан 1031 тоот зээлийн гэрээгээр тухайн үед Д.А нь 100 сая төгрөг хүлээж аваагүй бөгөөд зээлийн гэрээний дагуу бол 100 сая төгрөгийг бэлнээр олгосон гэж нэхэмжлэгч тал худал тайлбар хийдэг. Гэтэл тухайн үед Д.А-ын дансанд 100 сая төгрөг орсон зүйл байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийн дагуу зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэх гол шаардлага нь мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээний дагуу зээлдэгч тухайн төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг төлөх үүрэг хүлээдэг. Хариуцагчийн хувьд өмнөх С.О-той байгуулсан гэрээний зээлийн үүрэг шилжүүлсэн гэж итгэсэн тул С ББСБ-ын зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, сар бүр тогтмол төлөх дүнг төлж ирсэн бөгөөд харин 2017 онд талууд тооцоо нийлэх үед үндсэн төлбөрөөс өмнө төлсөн нийт 20 сая, мөн хэвлэлийн ажлын гэрээний төлбөр хасагдаагүй байснаас төлөлт зогсож маргаан эхэлсэн байдаг. Харин нэхэмжлэгчээс зээлийн гэрээ шилжүүлээгүй Д.А-д 100 сая төгрөгийн зээл олгосон зээлийг бэлнээр олгосон хэмээн гүтгэж байгаа тул хариуцагч хүлээн аваагүй мөнгөө төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна.

2014 онд С ББСБ нь зээлдэгчид тайлбарлан, С.О-д өмнөөс нь зээлийг нь төлсөн гэсэн баримт өгч, харин төлбөрийг нь гэрээнд тусгахдаа бэлнээр өгснөөр баримтаа бүрдүүлэх ёстой гэсэн тайлбар хийж, хууран мэхэлж баримтууд бүрдүүлэн авчээ.

Гэрээгээр 100 сая төгрөг бэлэн бусаар олгоно гэх, бэлнээр 100 сая төгрөг олгосон гэх баримт мөн П ХХК - ийн 100 сая төгрөгийг С ББСБ-аас хүлээн авсан гэх баримт зэрэг хоорондоо зөрүүтэй нотлох баримтаас харахад хариуцагчид үнэхээр 100 сая төгрөг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй байна. Тухайн үед хариуцагч С.О-той байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу төлөх зээлийн үлдэгдлээ төлөөгүй удаасан энэ шалтгаанаар С.О өөрийн ББСБ болох C ББСБ-аас зээл авахыг тулган шаардсан үүнтэй холбоотойгоор С ББСБ-аас зээл авахыг тулган шаардсан үүнтэй холбоотойгоор С ББСБ-аас 2014 онд хариуцагчтай удаа дараа холбогдон зээлийн гэрээ байгуулах шаардлага тавьж хариуцагчийг гарцаагүй байдалд оруулан зээлийн гэрээ хийн мөнгө олгосон мэтээр бүх баримтаа бүрдүүлэн авчээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр 2014 оны 10 дугаар сарын 31-нд С ББСБ-тай байгуулсан 1031 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэгчийн шаардаж буй 201,226,058.00 төгрөгийг бүхэлд нь төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Харин зээлийн гэрээ хийгдсэн гэж үзвэл анх 2011 онд хийгдсэн Хамтран ажиллах санамж бичгийн дагуу төлөх зээлийн төлбөрийн үлдэгдэл дээр зээлийн гэрээ хийсэн гэж үзэх бөгөөд бодитоор тооцвол, үндсэн зээлийн үлдэгдэл хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 92.070.965 төлбөр төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С ББСБ-аас зээл авах болсон үндсэн шалтгаан нь 2011 онд П ХХК, К ХХК нарын үүсгэн байгуулагч О, А нарын байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг байгаа юм. Үүнд П ХХК буюу О-ын зүгээс К ХХК-д 100.000.000 хөрөнгө оруулалт хийж үүний 70.000.000 төгрөг нь зээл, 30.000.000 төгрөг нь хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд К ХХК-г 50/50 хувиар эзэмшихээр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу олсон ашгаасаа эхлээд 70.000.000 төгрөгийг төлнө, дараа нь хувьцааны ашиг хуваах асуудал яригдсан байсан. Тэгээд О-оос А-д 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн. А хүлээж аваад хэвлэлийн машин авсан. Ингээд хамтын ажиллагаа эхэлсэн. Гэтэл 2011, 2012 онд А өөр газар явж ажиллаж байсан бөгөөд бусад бизнесийн шалтгаанаар хэвлэлийн ажил явагдаагүй тул 70.000.000 төгрөгийг төлөх боломжгүй болсон. К ХХК-ийн 50 хувийг нь П ХХК-д шилжүүлээгүй байсан учраас мөнгөө хасуулаад үлдсэн зээлээ төлөх байдлаар тохирсон. Энэ тохиролцоо нь хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. О, А нарын харилцсан мэйл байгаа. Чингэлтэй дүүргээс ирүүлсэн материалын 10 дугаар хуудаст миний найз зүгээр миний 100.000.000 төгрөгийг өгчих. Би чамд найдсан. Бараг л тэр жилдээ өгөх байсан. Хэвлэлийн машин нийлүүлээгүй, 100.000.000 төгрөг өгсөн. Тэр хэвлүүлсэн тооцоо ашиг орсон мөнгө гэдгийг бүү мартаарай. Манай алдаа биш, танай алдаа. 20.000.000 төгрөгийн тухайд бол ашгаасаа өгөх байсан юм шүү гэсэн байдаг. Энэ нь 20.000.000 төгрөгийг хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байна. Хамгийн гол нь 20.000.000 төгрөгийг П ХХК биш С ББСБ дээр орлогодож авсан. 13.000.000 төгрөгийг орлогодож авсан баримт нь байхгүй боловч 20.000.000 төгрөг О хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн 7.000.000 төгрөгийн баримт дээр С ББСБ тамга дарагдсан. Үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Ингээд манай зүгээс өмнө нь 20.000.000 төгрөг, хэвлэлийн ажлын 8.324.000 төгрөг өгсөн байгаа. Энэ нь гэрээний дагуу 20 хувь хөнгөлсөн үнэ юм. Үүнээс хойш төлөлтийг төлж чадахгүй байсан үнэн. Гэтэл үүнээс хойш О-оос мөнгөө төл гэсэн байнгын дарамт ирсэн. Тэгээд сүүлдээ манай банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хий. Тэгээд мөнгөө яаж төлөх чинь миний асуудал биш гэдэг байдлаар шахалт ирсэн. Тийм болохоор А С ББСБ-тай гэрээ хийсэн. Тухайн үед С ББСБ зөвхөн өөртөө ашигтай байдлаар гэрээ хийсэн. Гэрээний баримтыг бүрдүүлээд та ирээд гарын үсэг зурахад болно гэсэн 100.000.000 төгрөгийн үнийн дүнг бичээд гарын үсэг зуруулсан. Бэлнээр өгсөн гэдэг нь зөвхөн С ББСБ гэрээний хувьд байгаа. А-д өгсөн болон нотариатчаар баталгаажуулсан гэрээний хуулбарт бэлнээр 100.000.000 төгрөг хүлээж авсан гэх гарын үсэг зурсан баримт байхгүй. Үүнээс харахад С ББСБ өөртөө ашигтай байдал бий болгосон байна. С ББСБ 20.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бол 7.000.000 төгрөгийн баримтыг хэрхэн тайлбарлах гэж байгаа юм бэ?. Манай зүгээс үндсэн зээлээсээ энэ бүхэн эхлээд хасагдах ёстой байсан гэдэг дээр маргаж байгаа юм. Тийм учраас энэ үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа юм. Б-ийн над руу явуулсан мэйлийн 2 дугаар хуудасны хүснэгтийн 4 дүгээр эгнээнд 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн 7.000.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн 13.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийгдэхээс өмнө А өгсөн. Хамгийн гол нь энэ баримтуудыг манайд байхгүй гэдэг шалтгаанаар гаргаж өгөхгүй байна. Энэ баримтыг гаргаж өгөхгүй байна гэдэг нь энэ мөнгийг өгөөгүй байна гэсэн үг биш юм. Энэ нь бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. Тэгэхээр С ББСБ-тай гэрээ хийх болсон шалтгаан нь 2011 оны П ХХК болон К ХХК нарын хамтран ажиллах санамж бичиг байгаа юм. Энэ зээлийг төлж чадахгүй болсон учраас С ББСБ-тай гэрээ хийсэн. Яагаад С ББСБ-тай гэрээ хийх болсон гэхээр О шахалт үзүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл О хамгийн их хувьцаа эзэмшдэг этгээд байсан юм. Б, О хоёр бол хоорондоо харилцан хамаарал бүхий этгээдүүд юм. 2014 онд хийсэн гэрээ бол 2011 онд хийсэн гэрээний үргэлжлэл юм. Үүнийг л нотлох гэж холбогдох нотлох баримтуудыг цуглуулсан. Тэгэхээр үндсэн зээлээс 28.000.000 төгрөг хасагдах ёстой байсан. Би нотариатчаар баталгаажуулаад нотлох баримтын шаардлага хангаж өгсөн. Хэрвээ нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байвал танай зүгээс шаардлагатай гэвэл тамга тэмдгээ шалгуулах шаардлагатай байх. 2012 онд К ХХК болон С ББСБ хоёрын хооронд ямар өглөг авлага байсан юм бэ?. Ямар учраас С ББСБ хүлээж аваад байгаа юм. С ББСБ, П ХХК-тай хамаарал бүхий этгээд болох О-оос тухайн үед 100.000.000 төгрөг авч тэнд, энд аваачиж өг гэж хэлснийх нь дагуу өгч байсан мөнгө юм. Зээлийн гэрээг хийх болсон шалтгаант холбоо юм. Энэ нь 2011 онд К ХХК, П, О, А нарын хооронд хийгдсэн харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу оруулсан хөрөнгө оруулалт, зээлийн асуудлаас үүдэн 1031 тоот зээлийн гэрээг хийх болсон. Ийм шалтгаант холбоогоор К ХХК А гэх нэрээр С ББСБ-д мөнгө өгсөн. К ХХК өгсөн юм чинь А-д хамааралгүй гэж үгүйсгэх гэж байгаа бол О, А нарын хооронд хийгдсэн харилцан ойлголцлын санамж бичгийг хоёулаа үүсгэн байгуулагчийн үүднээс хийсэн. О бол 2020 оны 5 дугаар сар хүртэл С ББСБ хувьцаа эзэмшигч буюу нөлөө бүхий этгээд нь байсан гэдэг нь бүртгэлийн газраас ирсэн баримтаар нотлогдож байна. О, А нарын хооронд хийсэн гэрээний дагуу энэ зээлийн гэрээг хийх болсон юм. Зээлийн гэрээг байгуулахдаа А-г хууран мэхэлсэн гэж үзэж байгаа. Уг зээлийн гэрээг байгуулсан нь үнэн. Бэлэн мөнгө хүссэн өргөдөл, хүлээн авсан гэдэгт гарын үсэг зурсан тохиолдол нь П ХХК-нь А-ийн зээлийн төлбөрт 100.000.000 төгрөгийг С ББСБ-с хүлээж авлаа гэдэг баримтыг өгөөд танд мөнгө бэлнээр өгөөгүй шалтгаан нь энэ шүү. Тийм болохоор А-г бэлнээр мөнгө авсан гээд гарыг үсэг зурчих, өргөдөл биччих гэхээр нь гарын үсэг зурсан баримтууд юм. Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт нийт 55.118.000 төгрөгийг төлсөн гэж байгаа. Үүнтэй маргахгүй. Мөн үндсэн зээлийн төлбөрт тэднийг нь төлсөн хүүгийн төлбөрт тэднийг нь төлсөн гэх зүйлтэй маргахгүй. Төлөлтөд маргах зүйлгүй. Үндсэн төлөлтөөсөө 20.000.000 төгрөгийг хасах ёстой байсан гэдэг дээр маргаж байгаа. Анх гэрээг байгуулахдаа 7.000.000, 13.000.000 төгрөгийг нийт 20.000.000 төгрөгийг хасаж зээлийн гэрээг байгуулах ёстой байсан гэдэг дээр л манай тал маргаж байгаа. Тухайн үед хариуцагчийн ойлголт нь 2011 онд хийсэн гэрээ нь 30.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт, 70.000.000 төгрөгийн зээл бөгөөд нийт 100.000.000 төгрөг болж байсан юм. Мөн К ХХКомпанийн 50 хувийг П ХХК-д өгөх ёстой байсан. Гэтэл өгч чадаагүй болохоор үндсэн зээл шууд 100.000.000 төгрөг гэж ойлгосон байсан. Гэхдээ энэ зээлдээ өмнө нь төлөлт хийсэн юм чинь С ББСБ нь П ХХК-руу 100.000.000 төгрөг шилжүүлээд 20.000.000 төгрөгөө зээлийн үлдэгдлээ хасах юм байна гэсэн ойлголттойгоор 100.000.000 төгрөгийн гэрээ хийсэн байсан. Яагаад 100.000.000 байгаа юм бэ гэдгийг анзаарч ойлгоод түүнээс хойш хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул төлөлт хийгээгүй. Гол нь санхүүгийн олон жилийн өмнөх баримтуудаа хайх, тухайн үед хариуцаж байсан хүн Франц улс руу гарсан байсан тул уг хүнтэй холбогдох гэх зэргээр хугацаа алдсан. Сунгалт хийх болоход үндсэн зээлээ анзаарсан. Сунгалт хийсэн үеэс эхлээд хүлээн зөвшөөрөөгүй тул төлөлт хийгээгүй. П ХХК-ийн үүсгэн байгуулагч нь О гэж хүн байгаа. К ХХК-ийн үүсгэн байгуулагч нь А байсан. С ББСБ-тай холбож байгаа үндэслэл нь С ББСБ-ын гол хувьцаа эзэмшигч нь 2020 оны 5 дугаар сар хүртэл С.О байсан юм. Одоо болохоор С ББСБ-ийн хоёр хувьцаа эзэмшигч нь О-ын хүүхдүүд юм. Манайх өөр газраас зээл авах боломжтой байсан. Яагаад заавал С ББСБ-аас зээл авсан гэхээр О хүссэн учраас юм. Гэхдээ хариуцагч нь хүний мөнгийг авчхаад хурдан хугацаанд эргүүлж төлөх ёстой байсан. Бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон, П ХХК-д 50 хувийг шилжүүлэх байсан боловч хариуцаж байсан хүн нь шилжүүлээгүй байдлаас болоод өөртөө буруу өгч, хүн чанарын хувьд хурдан мөнгийг нь өгье гээд зээлийн гэрээ байгуулсан. Өрний үлдэгдлийг төлсөн гэсэн үг. Яагаад гэвэл өмнө нь төлөлтүүд хийгдсэн байсан. Өрийг шилжүүлж төлж байсан. Санамж бичгээр бол хүүгүй зээл байсан юм. Харин С ББСБ-ийн зээл нь хүүтэй зээл юм. Хуульд зааснаар гуравласан гэрээ байх ёстой. А-ын хувьд тухайн үед энэ зээлээр өрөө шилжүүлж байна. Би ямар ч байсан үлдэгдлийг нь хүүтэй зээлээр хааж байна гэдэг ойлголтоор л хандсан. Барьцаалуулсан машин нь Улаанбаатар хотод байгаа. 8801 УБҮ улсын дугаартай Хан-Уул дүүрэгт манай эзэмшилд байгаа. Зээлийн гэрээний хувьд манай зүгээс үндсэн зээлээс 28.000.000 төгрөг хасах ёстой гэж маргаж байгаа. 1031 тоот зээлийн гэрээний 2.9-д зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд гэрээг шууд цуцалж зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сунгасан байлаа ч түүнээс хойш ямар ч төлөлт хийгээгүй. Хамгийн эцсийн байдлаар 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд С ББСБ шүүхэд хандах эрх нь үүссэн байна. Тэгэхээр үүнээс хойш хугацаанд хуримтлагдсан хүүг тооцох эрхгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс 90.000.000 төгрөгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй учраас төлөлт огт хийгээгүй 3 сар түүнээс дээш хугацаа болсон. Энэ гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт гэрээ гэж ойлгож байна. Гэрээний 6-д мөн гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар заасан. Энэ нь эргэлзээтэй байх тул хэрвээ эргэлзээтэй бол түүнийг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарладаг. Хариуцагчид гэрээний 2.9-д зааснаар гэрээг шууд цуцлаад шүүхэд хандсан нь ашигтай байна. Үүнээс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй. Мөн зээлдэгч нь зээлээ аваад хэрхэн зарцуулах нь хамаагүй гэх байдлаар тайлбарлаж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу банк бус санхүүгийн байгууллага олгож байгаа зээлдэгчээ шалгах ёстой. Тэгээд санхүүгийн чадваргүй гэж үзвэл гэрээгээ цуцлаад олгосон зээлээ шаардах эрхтэй. Үйл ажиллагааг нь зохицуулж байгаа гол хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Хамгийн гол нь 2014 оны зээлийн гэрээг хийх болсон шалтгаан нь 2011 оны харилцан ойлголцлын санамж бичиг байгаа юм. Манай зүгээс гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл дээр маргаж байгаа. Хамгийн анх үндсэн зээлээс 28.324.000 төгрөг хасах ёстой байсан. 8.324.000 төгрөгийн хэвлэлийн ажил хийлгэсэн нь манайхаас өгсөн нэхэмжлэлээр нотлогдож байгаа. 20.000.000 төгрөгийн 7.000.000 төгрөгийг өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Б-ээс ирүүлсэн мэйлд 20.000.000 төгрөгийг хүлээж авсан нь харагдаж байна. О-ын гэрчийн мэдүүлэгт зээл олгоход би зөвлөсөн гэдэг нь харилцан хамааралтай этгээд гэдэг нь харагдана. Мөн О-ын мэйлд тухайн 20.000.000 төгрөгийг ашгаасаа өгөх ёстой, хэвлэлийн ажлын мөнгө нь ашиг орсон үнэ шүү дээ гэдэг нь хэвлэлийн ажил хийлгэсэн, 20.000.00 төгрөг хүлээж авсан гэдгийг нотлох баримтууд гэж үзэж байна. Үүнээс гадна С ББСБ-ийн зүгээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.7-д заасны дагуу зээлийн ашиглалт, зээлийн ашигласан материалыг зээлдэгчийн хувийн хэрэгт заавал тусгах ёстой байсан. Зээлдэгчийн хувийн хэргийг бүрдүүлсэн гэж байгаа ч зээлийг шалгасан материал нь байгаа юм уу?. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Зээлдүүлэгчийн зээл олгохдоо зээлдэгчийн санхүүгийн чадварыг зээлийн мэдээллийг нь холбогдох байгууллагаас авах шаардлагатай. Санхүүгийн чадварыг шалгах үүрэг нь банк бус санхүүгийн байгууллагад байна. Мөн хуулийн 23.4-т Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ гэж заасан. Үүнийг бичсэн баримт байгаа юм уу?. Мөн хуулийн 26 дугаар зүйлд Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй байх тул уг шаардах эрхээ нэхэмжлэгч байгууллага хэрэгжүүлээгүй байна. Зээлийн гэрээний 2.9-д заасны дагуу гэрээг цуцлаад шаардлага гаргах эрхтэй байсан. 2017 онд зээл сунгалт хийгдсэнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зээлийн гэрээний сунгалт нь зээлийн гэрээнийхээ хавсралт гээд салшгүй нэг хэсэг болж байх тул зээлийн гэрээний үндсэн нөхцөл үйлчлэх ёстой байсан. Тэгэхээр 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг цуцлаад нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй учраас үүнээс хойш нэмэгдүүлсэн хүү, хуримтлуулсан хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн зээлийн үндсэн зээлээс өмнө төлсөн 28.324.400 төгрөгийг хасах нь зүйтэй байна. П ХХК-нь С ХХК-аас 100.000.000 төгрөг хүлээж авсан баримт нь А өөрөө 100.000.000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй гэдгийг илэрхийлж байна. Энэ нь 100.000.000 төгрөгийг бэлнээр аваад П ХХК-д өгсөн гэх баримт биш юм. Учир нь хүлээж авсан, хүлээлгэж өгсөн хүмүүсийн гарын үсэг нь өөр байгаа юм. А өөрөө хүлээлгэж өгсөн бол өөрөө гарын үсэг зурах байсан. Тэгэхээр шууд 100.000.000 төгрөг авсан байна гэж үзэх нь учир дутагдалтай байна. Тухайн үед С ХХК нь өөртөө ашигтай байдлаар зээлийн хүсэлт, зээлийн сунгалт, 100.000.000 төгрөг бэлнээр хүлээж авсан гэж зуруулсан байж болох ч энэ нь бусад нотлох баримтаар хангалттай нотлогдох ёстой. Энэ тохиолдолд хариуцагчид ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байдаг гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 90.430.141 төгрөг, зээлийн хүү 81.172.743 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.234.549 төгрөг нийт 187.837.433 (нэг зуун наян долоон сая найман зуун гучин долоон мянга дөрвөн зуун гучин гурав) төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө болох авто машиныг тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13.239.025 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 149.600 төгрөг /замын зардал/ нийт 13.388.625 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 13.239.025 төгрөгийн 11.032.521 төгрөгийг зээлийн хүүд, 2.206.504 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус тооцож нэхэмжилж байна гээд зээлийн гэрээний биелэлт үндсэн зээл 90.430.141 төгрөг, зээлийн хүү 92.205.264 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.441.053 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 149.600 төгрөг нийт 201.226.058 (хоёр зуун нэг сая хоёр зуун хорин зургаан мянга тавин найм) төгрөгийг хариуцагч Д.А-аас гаргуулах, С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлд хариуцагч Д.А-аас шилжүүлсэн 8801УБҮ улсын дугаар бүхий Тоёота тундра маркийн авто машиныг нэхэмжлэлийн шаардлага болох 201.226.058 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 92.070.965 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 201.226.058 төгрөгийг бүхэлд нь төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан байна.

Хэрэгт нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас Зээл хүсэгчийн өргөдөл, зээл хүсэгчийн анкет эх хувиар 1 хуудас, 1031 дугаар 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, 8801 УБҮ улсын дугаартай Тоёота тундра маркийн авто машины Тээврийн хэрэгслийн гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Зээлийн гэрээний сунгалт хийх тухай хүсэлт эх хувиар 1 хуудас, Зээлийн гэрээний сунгалт эх хувиар 1 хуудас, Д-ын А-ын оршин суугаа хаягийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Зээлийн дансны хуулга эх хувиар 1 хуудас, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл эх хувиар 1 хуудас, Кассын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хүснэгтээр гаргасан зээлийн тооцоолол эх хувиар 1 хуудас, Зээлдэгчийн талаарх мэдээлэл эх хувиар 2 хуудас, зээлийн төлбөрийг хийх хувиар, С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн 1/92 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаар тогтоол, хавсралт 9 хуудас хуулбар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-ээс 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 001 дугаар Харилцан ойлголцлын санамж бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, захиалгын гэрээ, зарлагын падаан, нэхэмжлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 9 хуудас, Орлогын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Бэлэн мөнгөний орлогын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Д.А-ийн 2012 оны 01 дүгээр сарын 26-нд 7.000.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 27-нд 13.000.000 төгрөгийг төлсөн баримтыг, 2014 оны 10 дугаар сараас хойш хариуцагчийн нийт төлбөр төлсөн талаарх мэдээлэл, тооцоо нийлсэн актыг тус тус нэхэмжлэгч С Банк бус санхүүгийн байгууллагаас тус тус нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах тухай, 2011 оноос хойших одоог хүртэл С ББСБ болон П ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын талаар дэлгэрэнгүй лавлагаа, С.О болон С.Б нарын төрсөн эгч дүү болох талаар лавлагаа зэргийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах тухай, Д.О-г шүүхэд гэрчээр оролцуулах тухай, хувийн цахим шууданд нь С.Б-ээс ирүүлсэн зурваст үзлэг хийлгэж нотлох баримтаар баталгаажуулах тухай, С.О-оос гэрчийн мэдүүлэг авхуулах тухай, П ХХК-д Д.А-ийн 1031 тоот зээлийн төлбөрт 100.000.000 төгрөг С ББСБ-аас хүлээн авсан тухай орлогын баримтад дарсан санхүүгийн тэмдэг нь П ХХК-ийн 2014 онд ашиглаж байсан санхүүгийн тэмдэгтэй тохирч байгаа эсэх, хэвлэсэн дуурайлгасан, хуурамчаар үйлдсэн шинж байгаа эсэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч томилуулан шинжилгээ хийлгэх тухай, С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшдэг Хас банкны ..., Голомт банкны 1... тоот дансны 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гүйлгээний хуулга баримтуудыг холбогдох банкнуудаас гаргуулах тухай, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Л.Б-ээс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1031 дугаартай С ББСБ, А нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний эх хувийг гаргуулах тухай, П ХХКомпаниас нийт 8.324.400 төгрөгийн хэвлэлийн ажил хийлгэсэн болон хийлгэсэн ажлын хөлсийг тухай бүрд төлсөн тухай баримт гаргуулах тухай, 2014 онд иргэн Д.А нь 9... гэсэн Мобикомын дугаартай байсан бөгөөд тус дугаарт 2014 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд 9... /С.О/, 98... /С.Б/, 93123003 /Н.З/ дугааруудаас ирсэн дуудлага, мессежнүүдийг гаргуулах тухай, Д.А-ийн мэйл хаягт С.О-той харьцсан зурваст үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг,

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Д.О-оос гэрчийн мэдүүлэг авхуулах тухай хүсэлтийг тус тус шүүх хангаж шийдвэрлэсэн болно.

Дээрх хүсэлтүүдийг шүүх хангаж шийдвэрлэсний үндсэн дээр хэрэгт С.О, Д.О нараас авсан гэрчийн мэдүүлэг, хариуцагч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г нарын ашигладаг мэйл хаягт тэдний С.Б, С.О нартай харилцсан зурваст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зурвасын хэсгүүдийг хуулбарласан баримт, криминалистикийн шинжээчийн дүгнэлт, (дүгнэлт гаргуулахаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-ээс орлогын баримтын эх хувийг ирүүлсэн) Улсын бүртгэлийн байгууллагаас П хязгаарлагдмал хариуцлагатай компани, С хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын захирал, хувьцаа эзэмшигчид болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүд болон гүйцэтгэх захирлуудын лавлагаа, С.Б, С.О нарын төрөл садны лавлагаа, Хас болон Голомт банкнуудаас нэхэмжлэгчийн тус банкнууд дахь дансны 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн болон мөн өдрөөс хойших хугацааны хуулга, нотариатч Л.Б-д үлдсэн Зээлийн гэрээний эх хувиас Нийслэлийн архивт өгөгдсөн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Зээлийн гэрээний хуулбар, бүртгэлийн дэвтрийн тухайн гэрээг бүртгэсэн хэсгийн хуулбар зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан.

Харин нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хариуцагч Д.А-ийн 2012 оны 01 дүгээр сарын 26-нд 7.000.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 27-нд 13.000.000 төгрөгийг төлсөн баримт байхгүй гэх албан бичгийн хамт дансны хуулга, кассын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг, П хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хэвлэлийн ажил хийлгэсэн эсэх талаарх санхүүгийн баримтыг шаардахад хадгалах хугацаа дууссан болно гэсэн албан бичгийг тус тус ирүүлсэн байна.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.А-тай 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1031 дугаар 100.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг хэтрүүлсэн хугацаанд нэмж төлөхөөр тохиролцсон Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 24 сарын хугацаатайгаар дээрх нөхцөлтэйгөөр гэрээний хугацааг сунгасан гэрээг тус тус байгуулан, гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатчаар гэрчлүүлжээ.

Дээрх үйл баримтад талууд маргаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч доорх үндэслэлээр 92.070.965 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 201.226.058 төгрөгийг бүхэлд нь төлөх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

1. П хязгаарлагдмал хариуцлагатай компани, К хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын үүсгэн байгуулагч С.О, Д.А нарын 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу П хязгаарлагдмал хариуцлагатай компаниас К хязгаарлагдмал хариуцлагатай компанид 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд үүнээс шалтгаалан С.О нь Д.А-г уг мөнгийг төлөхийг шаардаж өөрийн хувьцаа эзэмшдэг С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас зээл авхуулсан. Зээл авах болсон шалтгаан нь 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн харилцан ойлголцлын санамж бичгийн дагуух хөрөнгө оруулалтаас үүдсэн. Ийм учир 2012-2013 онуудад К хязгаарлагдмал хариуцлагатай компаниас П хязгаарлагдмал хариуцлагатай компанид хийсэн хэвлэлийн ажлын хөлс 8.324.400 төгрөг, харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу төлсөн 20.000.000 төгрөг нийт 28.324.400 төгрөгийг С ББСБ гэрээ хийхдээ хасаж тооцож гэрээ хийх ёстой байсан.

2. С.О нь С.Б-тэй төрсөн эгч дүүс бөгөөд саяхныг болтол С.О нь нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ихэнх хувьцааг эзэмшиж байсан бөгөөд хариуцагч Д.А-г хууран мэхэлж өөрийн хамаарал бүхий компаниас зээл авхуулсан нь талуудын эрх тэгш шударга ёсны зарчимд нийцээгүй хүчин төгөлдөр бус гэрээ юм.

3. Хариуцагч Д.А нь хэдийгээр зээлийн гэрээг зөвшөөрч байгуулсан боловч өөрөө гар дээрээ мөнгийг аваагүй, П хязгаарлагдмал хариуцлагатай компанид орлогын баримтаар шилжсэн нь нотлогддог.

4. Хариуцагч нь өр шилжиж байгаа юм байна гэж ойлгоод төөрөлдөж уг гэрээг хийсэн. Энэ нь Харилцан ойлголцлын санамж бичгээр оруулсан хөрөнгө оруулалтаас үүдсэн Зээлийн гэрээ учир үүгээр өр шилжиж байгаа учир гэрээг байгуулахдаа 28.324.400 төгрөгийг хасах ёстой. Өр шилжиж байгаа.

5. Зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгчийг судлаагүй олгосон, С.О-ын зээлийг түргэн шуурхай олгоход нь хэлж тус болсон гэх мэдүүлэг зэргээс С.О-ын өрийг хаахаар авсан зээл, Д.А-г хууран мэхэлж хийсэн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болж байгаа.

6. Үүнээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн С.О, Д.А нарын хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгээр хариуцагч Д.А-ын үүсгэн байгуулсан К хязгаарлагдмал хариуцлагатай компанид оруулсан хөрөнгө оруулалтаас шалтгаалан С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанитай хариуцагч Д.А зээлийн гэрээг байгуулсан учир өр шилжсэн. Иймд зээлийн гэрээг 100.000.000 төгрөг биш түүнээс өмнө П хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлсөн 28.324.400 төгрөгийг хасаж тооцон байгуулах байсан гэж,

7. Зээлийн гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ. Гэрээний стандарт нөхцөл тавьж буй С ББСБ нь өөртөө бүх давуу эрхийг олгосон байна. Иймд хариуцагч талаас Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2 - д зааснаар бол хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарлан энэхүү зээлийн гэрээ нь Д.А манай компаниас өөрөө хүсэлт гарган зээлийн гэрээг байгуулсан, зээлийн гэрээний хугацааг сунгах талаар мөн өөрөө хүсэлт гаргаж гэрээг байгуулсан. Мөнгийг бэлнээр авах хүсэлт гарган бэлнээр авсан. П хязгаарлагдмал хариуцлагатай компани, С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд нь тус тусдаа удирдлагатай хэдийгээр С.О нь миний төрсөн дүү гэдэгтэй би маргаагүй, С.О нь С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшиж байсан боловч уг зээлийг олгоход ямар ч хамааралгүй юм. 2012-2013 онд П хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлсөн төлбөрийг С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зээлийн гэрээнээс хасаж тооцох нь цаг хугацааны болоод логикийн хувьд боломжгүй зүйл юм гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Д.А нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1031 дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг гэрээг 24 сарын хугацаатайгаар дээрх нөхцөлтэйгөөр сунгасан гэрээг тус тус байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ, Зээлийн гэрээний сунгалт зэргээр нотлогдож байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан нийтлэг зарчимд нийцсэн байхаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан журмаар зохицуулагддаг.

Нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь банк, бус санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

Гэрээнээс үзвэл талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг буюу зээлийн хэмжээ, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээ, зориулалт зэрэг гол нөхцөлийг өөрсдөө тодорхойлсон болох нь хариуцагчийн тухайн зээлийг авахдаа үйлдсэн С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид гаргасан зээл хүсэгчийн өргөдөл, зээлийн гэрээний сунгалт хийх тухай хүсэлт, нэхэмжлэгчийн өөрөө хүсэлт гаргасны үндсэн дээр бид судлан зээлийг олгосон гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээ байгуулсан, гэрээний хугацааг сунгаж дахин гэрээ байгуулсан гэх тайлбар зэргээр нотлогдож байх тул дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд нийцжээ.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж хуульчилсан.

Хэргийн үйл баримтаар талууд Зээлийн гэрээний хугацааг сунган гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар харилцан тохиролцож байгуулсан тул анхны тогтсон хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тогтоох бөгөөд үүгээр 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээний хугацаа 24 сараар үргэлжилнэ гэж тооцохоор байна. Иймд нэхэмжлэгч шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд зээлийн мөнгийг гар дээрээ аваагүй, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээл олгохдоо эргэж төлөгдөх зээлдэгчийн санхүүгийн чадварыг судлаагүй гэж мэтгэлцдэг.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж,

Мөн хуулийн 26 дугаар зүйлд Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Гэсэн хэдий ч эдгээр зохицуулалт нь зээлийг тодорхой зориулалтаар олгох, зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхэд хяналт тавих, зээлийг зориулалтын дагуу ашигласнаар хүү төлөх үүрэг зээлдэгчид үүсэхээс, хүү төлөхийг шаардах зээлдүүлэгчид үүсэх эрхийг хязгаарлах үндэслэл болдоггүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан хариуцагч Д.Амарбаясгалангийн гарын үсэг бүхий 1031 тоот гэрээний дагуу 100.000.000 төгрөгийг бэлнээр олгож өгнө үү гэх Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 100.000.000 төгрөгийг бэлнээр гаргасан талаарх бичилттэй, хариуцагч Д.А-ын гарын үсэг бүхий С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Зарлагын баримт зэргээр хариуцагч Д.А-д зээлийг олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бодитоор зээлийн мөнгийг аваагүй гэдгээ нотлон уг зээлийн гэрээгээр авсан мөнгийг П хязгаарлагдмал хариуцлагатай компани хүлээн авсан тухай орлогын баримт байгаа гэж тайлбарлан нотлох баримтаар Орлогын баримт-ыг ирүүлсэн боловч шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь П хязгаарлагдмал хариуцлагатай компанид Д.А нь өртэй байсан үүнийг тухайн зээлийн мөнгөөр хаасан гэж тайлбарласан ба үүнээс үзвэл Д.А бусдад өгөх ёстой өрөө уг зээлийн мөнгөөр төлсөн, энэ үйл баримтад маргаагүй учир тэрээр зээлийн эд хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн эрх байхаас гадна түүнийг зээлийн гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч зээлийн төлбөрийг эгүүлэн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд П хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч С.О өөрийн өрийг төлүүлэхийн тулд өөрийн хувьцаа эзэмшиж байсан хамаарал бүхий С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас зээл авхуулсан, өмнө нь П хязгаарлагдмал хариуцлагатай компанид бэлнээр төлсөн 20.000.000 төгрөг, хэвлэлийн ажил хийж өгсний 8.324.400 төгрөг нийт 28.324.400 төгрөгийг хасаж тооцоогүй, хасах талаар хариуцагч нь С.О-той ярилцаж тохиролцсон зүйл байсан боловч хууран мэхэлж Зээлийн гэрээ байгуулсан, өр шилжиж байна гэж ойлгуулсан, мөн гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2-д заасныг зөрчсөн учир хүчин төгөлдөр бус гэж тайлбарлан мэтгэлцжээ.

Хариуцагч Д.А, С.О, нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд өр шилжих талаар хийсэн гэрээ хэлцэлгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан бол татгалзал, түүний үндэслэл болох нотлох баримтыг өөрөө бүрдүүлж, цуглуулж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч Д.А, С.О нарын хооронд 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд үүссэн өр, авлага, төлбөр болох хариуцагч Д.А-ийн 2012-2013 онуудад бэлнээр төлсөн 20.000.000 сая төгрөг, хэвлэлийн ажлын төлбөр 8.324.400 төгрөг зэрэг нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний төлбөрөөс хасагдан тооцогдох үндэслэлгүй гэж үзлээ.

Зээлийн гэрээг анх байгуулахдаа дээрх 28.324.400 төгрөгийн төлбөрийг хасаж байгуулах, гэрээг байгуулахгүй гэх эрх хариуцагч Д.А-д хуулиар олгогдсон байдаг.

С.О нь С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулагч, энгийн эрхтэй хувьцааг 2018 оны 04 дүгээр сарыг хүртэл эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-гаар нотлогдож байх боловч компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаагүй нь мөн нотлогдож байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан. Нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь банк бус санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх эрхтэй энэ нь уг компанийн өдөр тутам явуулдаг үйл ажиллагаа байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээг компанийн гүйцэтгэх захирал С.Б гүйцэтгэх захирлынхаа хувиар байгуулсан байх тул С.Од-Эрдэнэ тухайн зээлийг олгосон нэхэмжлэгч нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж буюу өөрийн авлагыг авахын тулд хэлцэл хийсэн гэж үзэхгүй. Хариуцагчийн К ХХК-ийг төлөөлж, С.О-ын П ХХК-ийг төлөөлж байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн улмаас үүссэн хариуцагчийн өр С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид хамааралгүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээг бүхэлд нь стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэх нь учир дутагдалтай. Учир нь Зээлдэгч зээлийн хугацаа, хүү, хэмжээ зэргийг өөрөө тодорхойлж харилцан тохиролцдог. Иймд уг гэрээнд Иргэний хуулийн 202 дахь хэсэгт заасан нөхцлийг тайлбарлан хэрэглэхгүй гэж үзэн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Д.А нарын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 24 сарын хугацаатайгаар дээрх нөхцөлтэйгөөр сунгасан гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд нийцсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан нөхцөлийг агуулаагүй хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтыг хангасан тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ бичгээр байгуулагдсан, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Д.А нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлд шилжсэн Тоёота тундра маркийн 8801УБҮ улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан ба дээрх гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар,

Нэхэмжлэгч хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 149.600 төгрөгийн нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар тус тус шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч байгууллагын захирал С.Б нь хэдийгээр миний бие хуульд зааснаар нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хүрэлцэн ирэх үүрэгтэй боловч тухайн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмнэлгийн баримт хуурамчаар бүрдүүлэн хойшлуулсан, уг асуудлаас болж тухайн хуурамч баримтыг үйлдсэн эмч нар ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл асуудал үүссэн байхад уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа нэхэмжлэгч нь үүргээ шүүхэд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлсэн учир төлөхгүй гэсэн нь ёс зүйгүй үйлдэл учир үүнийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гүйцэтгүүлэгч хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.5-д ... гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэн гарах унаа, харилцаа холбоо, шүүхийн зардал зэрэг гарч буй бүх зардлыг бүрэн хариуцна гэж талууд тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Харин нэхэмжлэгч байгууллага нь Д.О гэж хүний замын зардлыг давхар нэхэмжилсэн нь зайлшгүй гарсан зардал, хохирол гэж үзэхгүй тул түүний замын зардал болох 74.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй бол гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хуульчилсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээний 2.5-д Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан.

Эдгээрээс үзвэл хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй юм.

Гэвч зээлийн гэрээний 2.9-д гэрээний ерөнхий нөхцөл болгон зээлдэгч эргэн төлөлтийг 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд гэрээг шууд цуцалж, зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж талууд тохиролцсон ба үүнийг зээлдэгч буюу нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийн эрх ашиг дорджээ.

Нэхэмжлэгчээс хариуцагчийн зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлт хийсэн тооцоолол зэргийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн бөгөөд үүгээр хариуцагч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 55.118.000 төгрөгийг төлсөн байна.

Үүнд зохигчид маргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд төлсөн мөнгөний хэмжээ, төлсөн хугацаанууд тохирч байгаа, зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн мөнгөний хэмжээг тэд байх ёстой атал тэд байна, эхлээд үндсэн зээлээс хасах ёстой гэх зэргээр маргах зүйлгүй төлөлтийг хийсэн байдалтай маргахгүй, зөвшөөрч байна гэж тайлбарласан болно.

Иймд зээлийн хугацааг сунгасан гэрээг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулснаас хойш хариуцагч зээлийн төлбөрийг хийгээгүй байх тул гэрээнд заасан ерөнхий нөхцөлийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөө 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр илэрхийлсэн, энэ нь бодит байдлаар хэрэгжсэн гэж үзэж түүний хойш 3 сарын хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тасалбар болгон тооцож хариуцагчаас үндсэн зээл 90.430.141 төгрөг, зээлийн хүү 31.617.026 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.323.405 төгрөг нийт 128.370.572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор, /нэмэгдүүлсэн зээлийн хүү 31.617.026 төгрөгийн 20 хувиар тооцсон болно/

Нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 149.600 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал С.Б-ийн Х аймаг дахь сум дундын Иргэний шүүхийн шүүх хуралдааны танхимд товлогдсон шүүх хуралдаанд оролцохоор Улаанбаатар хотоос М суманд ирсэн, М-ээс Улаанбаатар руу явсан замын зардал хэрэгт авагдсан зорчих тасалбар, НӨАТ-ын баримт зэргээр нотлогдож байх тул 74.800 төгрөгийг хариуцагч Д.А-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор,

Мөн зээлийн 1031 дугаар гэрээний үүргийг хангах зорилгоор талуудын хооронд байгуулагдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дагуу 2222 ХӨА улсын дугаартай тоёота тундра маркийн авто машиныг Старкредит ББСБ-ын өмчлөлд улсын дугаарыг 8801 УБҮ дугаартай болгон шилжүүлэн, үүрэг хүлээгч ашиглах эрхтэйгээр гэрээнд талууд тохиролцсон боловч энэ нь бодитоор үүрэг гүйцэтгүүлэгчид шилжээгүй тул хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.А-ын эзэмшил, ашиглалтад байгаа, бага оврын ачааны зориулалттай, Тоёота тундра маркийн 8801 УБҮ улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн түр оршин суугаа газрын харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган тус тус шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72.780.686 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Харилцан ойлголцлын санамж бичиг, нэхэмжлэх, захиалгын гэрээ, зарлагын падаан зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.322.030.29 (нэг сая гурван зуун хорин хоёр мянга гучин төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Д.А-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 128.445.372 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 800.176.86 /найман зуун мянга нэг зуун далан зургаан төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус зааснаар хариуцагч Д.А-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 90.430.141(ерэн сая дөрвөн зуун гучин мянга нэг зуун дөчин нэг) төгрөг, зээлийн хүү 31.617.026 (гучин нэгэн сая зургаан зуун арван долоон мянга хорин зургаа) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.323.405 (зураан сая гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуун тав) төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 74.800 (далан дөрвөн мянга найман зуу) төгрөг нийт 128. 445.372 (нэг зуун хорин найман сая дөрвөн зуун дөчин таван мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 72.780.686 (далан хоёр сая долоон зуун наян мянга зургаан зуун наян зургаа) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлд тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ шилжсэн хариуцагч Д.А-ын эзэмшил ашиглалтад байгаа Тоёота тундра маркийн, бага оврын ачааны зориулалттай 8801УБҮ улсын дугаартай авто машиныг бодитоор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.322.030.29 (нэг сая гурван зуун хорин хоёр мянга гучин төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас 800.176.86 (найман зуун мянга нэг зуун далан зургаан төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА