Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/42

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2423000000049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 19 настай, эрэгтэй, ******* боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, ах нарын хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ы *******, /регистрийн дугаар: /.

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын төвд байрлах эзэнгүй хашаанд насанд хүрээгүй хохирогч Б.ыг пиво уусангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний баруун хөлийн хянга хэсэг рүү хөлөөрөө хавсарч унагаан, мөн хөлөөрөө хөшиж, цохиж эрүүл мэндэд нь баруун шаант болон тахилзуур ясны доод 3/1 хэсгийн хугарал, баруун шилбэний хэсгийн цус хугаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад                             

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу насанд хүрээгүй хохирогч Б., түүний хууль ёсны төлөөлөгч Б. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:            

Шүүгдэгч  Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын төвд байрлах эзэнгүй хашаанд насанд хүрээгүй хохирогч Б.ыг пиво уусангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний баруун хөлийн хянга хэсэг рүү хөлөөрөө хавсарч унагаан зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Шүүгдэгч Б.*******д зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.ын: "...2024 оны 03 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед бид хоёр сумын төвд орж ирээд, ******* дэлгүүрээс 2 литрийн Нийслэл пиво 2 ширхгийг авсан. Тэндээс бид 2 сумын төвийн дээд худгийн доод талын эзэнгүй хашаанд очиж ******* тухайн пивоноосоо уусан. Надад цайны аягаар 2 удаа хийж өгөхөөр нь би талыг нь уугаад өгсөн. Тэгээд би явлаа гээд хашаанаас гарч явахад, миний араас гарч ирээд, намайг явуулахгүй гээд буцааж намайг тухайн эзэнгүй хашаанд дагуулж ороод, зүв зүгээр байж байсан чинь миний баруун хөлийн хянга хэсэг рүү хөлөөрөө хавсарч унагааж байгаад дээрээс зодоод байсан. Би босоод зугтах гэсэн боловч хөл явж болохгүй байсан. Тэгээд ******* намайг хаячхаад, яваад өгсөн. Би явж чадахгүй сууж байсан чинь ******* буцаж ирээд, намайг гэрийн үүдэнд хүргэж өгчхөөд "андаа гай болов” гэж хэлчхээд яваад өгсөн..." гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

Б. гэртээ биедээ гэмтэл авсан байдалтай ирсэн тухай мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ы: "...03 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн үед манай хүү гэртээ доголоод, хөл хугарчихлаа гэж хэлээд баруун талын хөлөөрөө гишгэж, чадахгүй байдалтай унинаас бариад байж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар хүүхдээсээ асуухад, намайг ******* ах зодоод миний хөлийг хугалчихсан. Тэгээд сая намайг үүрч гэрийн гадаа авчирчхаад, яваад өглөө гэж хэлж байсан. Тэгэхээр нь би шууд хүүхдээ сумын эмчид үзүүлж, тусламж аваад, маргааш өглөө нь эрт эмчийн хамт Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлж, эмчилгээ хийлгэж хагалгаанд орсон. ...Манай хүүхдийн баруун талын хөлийн шилбэ хэсгээрээ хугарсан байсан...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

Б.т эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн тухайгаа мэдүүлсэн гэрч М.ын: “...2024 оны 03 дугаар сарын 26-ны 01 цагийн өнгөрч байхад хүүхдийн хөл хугарсан байна гэж хүргэж ирээд, үзэхэд гэх хүүхдийн баруун хөл, шилбэ хэсгээрээ хугарсан шинж тэмдэгтэй байхаар нь Аймгийн гэмтлийн эмчээс зөвлөгөө авахад одоо рентген зураг авахгүй учир өглөө аваад ир гэхээр нь би өвчин намдаах тариа хийгээд, хөлд нь боолт хийгээд гэр рүү нь буцаасан. ын хөл нь гишгэж чадахгүй, хавдсан байдалтай байсан. Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны өглөө Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ болон шүүгдэгч Б.*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******н үйлдлийн улмаас Б.ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128 дугаартай "...1. Б.ын биед баруун шаант болон тахилзуур ясны доод 3/1 хэсгийн хугарал, баруун шилбэний хэсгийн цус хугаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх учирсан гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2024 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 4. Б.ын биед учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Б.ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлтээр /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/ тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийг хавсарч унагаахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.******* нь насанд хүрээгүй хохирогч Б.ын баруун хөлийн хянга хэсэг рүү хөлөөрөө хавсарч унагаан зодсон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн баруун хөлийн хянга хэсэг рүү хөлөөрөө хавсарч унагаан зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Б.******* нь насанд хүрээгүй хохирогч Б.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүний баруун хөлийн хянга хэсэг рүү хөлөөрөө хавсарч унагаан зодсон шууд санаатай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрт  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогчид хохирол нөхөн төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:           

Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.            

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн байна.

Шүүгдэгч  тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж  шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж  шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд        

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ