| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00446/И |
| Дугаар | 155/ШШ2021/00629 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2021/00629
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т сумын .... багийн Тын ....... тоотод оршин суух, Х овогт Сгийн О (.......................)-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын ..... багийн Тын ...... тоотод оршин суух, Б овогт А М (....................)-д холбогдох,
хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 12,000,000 (арван хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 155/2021/00446/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч С.О, хариуцагч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2019 оны 7 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа хүүхэдтэй болсон. 2019 оны 10 дугаар сард би өөрийн эзэмшлийн хашаа байшинтай байсан. Хариуцагч нь эхлээд машиныг маань өөрийн нэр дээр шилжүүлж банканд 15,000,000 төгрөгийн барьцаанд тавьж байсан. Дараа нь миний өмчлөлийн хашаа байшинг дур мэдэн зарсан. Би уг хашаа байшин зарсан мөнгөнөөс 12,000,000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн байгаа. Би цаашид хариуцагчтай хамтран амьдрахгүй гэдэг байр сууринаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. А.М нь маш их гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Намайг жирэмсэн байхад зодож байсан удаатай. Би энэ хүнээс салах хүсэлтэй байна. 12,000,000 төгрөгийг өгөхгүй гэж байгааг гайхаж байна. Би өөрийн гэсэн хашаа байшинтай, машинтай байсан. Хүүхдээ би яаж цааш нь авч явах юм бэ. Мөнгө өгөхгүй мөн машин аваад өгөөч гэхээр машин авч өгөхгүй байгаа. Хүүхдэдээ өгсөн 100,000, 200,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдүүддээ өгсөн мөнгөө яагаад надаас нэхээд байгаа юм. Доод үнэ нь 23,000,000 төгрөгөөр зарах байсан хашаа байшинг дур мэдэн 15,000,000 төгрөгт зарсан байсан....А.Мгийн өгч байсан мөнгө нь хүүхдийн сүүний, өлгий даавууны мөнгө байсан. Хариуцагчийн өөрийнх нь хүүхэд надтай хоёр жил хамт амьдарсан. Тэр хүүхдийн сургуульд хүргэж өгдөг байсан машины бензиний мөнгийг өгч байсан. Хүүхдээ сургуульд нь зөөлгүүлэхийн тулд машиндаа бензин хийсэн мөнгөө одоо яагаад надаас нэхэмжлээд байгаа юм бэ. Би хүүхдүүддээ өгч байсан мөнгийг хасуулмааргүй байна. Өөрийнх нь хүүхдийн үсийг хүртэл засуулж байсан мөнгийг надаас нэхээд байгааг гайхаж бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийнхөн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байж яагаад хүүхдэдээ тэтгэлгийг нь өгөхгүй гээд мөн дээрээс нь өлгий даавуу хэрэглээний мөнгийг нь надаас нэхээд байгаа юм. Чиний данснаас надад ирж байсан өндөр гүйлгээтэй мөнгөнүүд надад өгч байсан мөнгө биш байтал яагаад тэмдэглэсэн юм бэ. Над руу шилжүүлж байсан мөнгөнүүдийг чи өөрийн Хас банкны данс руу хийлгэхийн тулд миний данс руу хийж би чиний Хас банкны данс руу хийдэг байсан мөнгө биз дээ. Охин Сгийн эцэг А.М болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулна. Мөн миний хашаа байшин зарсан мөнгөнөөс түүнд өгсөн 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна....2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн О.С гэх охин байгаа....Би солонгос улсаа ирээд Хөвсгөл аймгийн Т сумын Т гэх газарт хураасан мөнгөөрөө хашаа байшин барьж авсан. Хашаа байшингийнхаа тал мөнгийг би өөрөөсөө гаргаад тал хувийг нь манай эгч өгөөд нийт 20,000,000 гаруй төгрөгөөр хашаа байшинг 2017 онд барьж авсан. Уг хашаа байшинг А.М нь дур мэдэн зарсан. Би хашаа байшингийн мөнгөнөөс 12,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн. Энэ мөнгөө хариуцагчаас гаргуулж авах хүсэлтэй байна....Хашаа байшингаа зараад надад мөнгөө хэрэглүүлчих гээд шаналгаад байсан....Орж ирсэн мөнгийг өдөр өдөрт нь А.Мгийн Хас банкны данс руу нь шилжүүлдэг байсан. Өндөр мөнгөн дүнтэй шилжүүлэгтэй гүйлгээнүүд бүгд хариуцагчийн Хас банкны данс руу буцааж өгсөн. Үлдсэн мөнгө нь хоёр хүүхдүүддээ зарцуулсан байна. Надаас авсан 12,000,000 төгрөгийг өгөөгүй....Хоёр хашаа байшин зарсан. Миний хашаа байшинг зараад би өөрт үлдсэн Приус машинаараа хашаа байшин сольж авч байсан. Одоо машинаар хашаа байшин сольж авдаг хүн байхгүй. Машинаар сольж авсан хашаа байшингаа зарж хоёр гурван гудамжны наана дахин хашаа байшин авсан. Тэр хашаа байшиндаа одоо амьдарч байгаа....Би хашаа байшингаа зараад А.Мг гуйгаад шалаад байхаар нь 12 сая төгрөгийг зээлүүлсэн. Би сүүлчийн 3 сая төгрөгийг зээлүүлэхдээ гүйлгээний утга дээр нь зээл гэж шилжүүлсэн байгаа. 12 сая төгрөг шилжүүлэхдээ эхэнд нь шилжүүлсэн 9 сая төгрөгийг мал мах гэж шилжүүлээрэй. Банкнаас зээл авахад хэрэгтэй байдаг юм гэж хэлээд надаас авч байсан юм....гэв.
Хариуцагч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хүүхдийн эцэг тогтоолгох тал дээр охин М.С миний хүүхэд мөн. Нэхэмжлэгчийг би хүүхэд авч явах чадваргүй гэж үзэж байгаа....С.О нь 12,000,000 төгрөгийг над руу шилжүүлж өгсөн нь үнэн. Би нэхэмжлэгчид надад шилжүүлсэн 12,000,000 төгрөгөөс нь илүү хэмжээний мөнгийг өгч байсан....Надад өгсөн 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөр байгаа ч 12,000,000 төгрөгөөс нэг сарын өмнө 16,000,000 төгрөгийн банкнаас зээл авч адилхан зарцуулаад дууссан. 2020 оны 3 дугаар сард ээж маань надад 3,500,000 төгрөг явуулсан. Мөн л бид дундаа хэрэглээд дууссан байгаа. Нэхэмжлэгч нь намайг хашаа байшинг нь хүчээр зарсан гэж хэлж байна. Нэхэмжлэгч нь өөрөө нотариат орж өөрийн гарын үсгээ зурж хашаа байшингаа шилжүүлж өгсөн байгаа. Намайг зөвхөн хүүхдэдээ мөнгө өгч байсан гэж байна. Би нэхэмжлэгчид зөвхөн мөнгө өгөөгүй. Хамтран амьдарч эхэлсэн цагаас хойш хонь авч иирж өгдөг байсан. Мөн нэг үхрийн мах авч ирээд бид цугтаа идэж уугаад дууссан байгаа. Энэ хүний хэрэглэж байгаа зүйлүүд нь ямар ч үнэ цэнэгүй юм уу. Банкнаас 16,000,000 төгрөгийн зээл аваад нэхэмжлэгчийн хашаа байшингийн зээлд ойролцоогоор 400,000 төгрөгийн зээлийг нь дарж байсан. Надаас өмнө лизингээр авагдсан байсан зүйлс болох ор шкафын 600,000 гаруй төгрөг, машины мөнгө болох 5,800,000 орчим төгрөгийг би төлж өгсөн байгаа. Эдгээр мөнгөнүүд яагаад үнэ цэнэгүй болчхож байгаа юм бэ. Миний хувьд энэ хүнээс салах бодол байхгүй байгаа. Бид одоог хүртэл хамтран амьдарч байгаа....Урьд өмнө нь хэн хэндээ өгч, авч байсан мөнгөө мартаад энэ талаар дахин юм ярихгүйгээр амьдаръя гээд өмнөх шүүх хуралдаанаас хойш С.От мөнгө өгөөд явж байсан байгаа. Миний энэ хүнтэй ашиг сонирхлоор суугаагүй болно бүтнэ гэж хандаад энэ хүнтэй гэр бүл болсон. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр С.О манайд очсон. Манайд очсоны маргаашаас машиных нь зээлийг төлөөд хоёр гурван хоногийн дараа ор шкафын мөнгийг нь төлж, мөн хэд хоногийн дараа хашаа байшин барьцаасан зээлийн төлбөрийг нь төлж байсан. Ашиг сонирхол хайж би энэ хүнтэй учраагүй. Харилцан бие биедээ тус нэмэртэй амьдарна гэж ярилцаад бид хамтран амьдарч эхэлсэн байгаа. Хашаа байшинг би дураараа зарсан зүйл байхгүй....2020 оны 7 дугаар сарын сүүлээс энд хашаа байшинг авсан. Лизингтэй байсан машины 6,000,000 гаруй төгрөгийг дараад өөрийн нэр дээр шилжүүлсэн Приус-30 маркийн машинаа өгөөд хашаа байшин болгосон....С.О бид хоёр бие биетэйгээ харилцан амьдарна гэсэн болохоос би мөнгө, байр, машин авч өгөн тансаглуулж амьдарна гэдэг ямар нэгэн амлалт болон гэрээ хийж амьдраагүй байгаа. Надаас байнга үнэтэй машин, байр нэхэж ингэж л амьдран тэгж л амьдармаар байна гэж ярьдаг. Энэ шаардлагыг би нэг жил хүлээж бай. Би одоо 17,000,000 төгрөгийн зээлтэй зээлээ дарагдахаар би чиний хүссэн зүйлийг лизингээр болон урьдчилгаагаар авах боломжтой болж байгаа юм. Чи тэр хүртэл хүлээ гэж хэлэхээр чамтай амьдрах юм бол би гуйлгачин шиг амьдрах юм байна гээд салахаар шийдсэн гэж хэлсэн. Би өмнөх хүүхдээ 8 сартай байхад шүүх хурлаар орж албан ёсны асран хамгаалагчаар тогтоогдоод амьдарч байгаа. Би хүүдээ хагас амьдрал үзүүлсэн учир охиноо өнчрүүлэх хүсэлгүй байна. Нэхэмжлэгчийг зөвшөөрвөл охиноо өөр дээрээ авч өсгөөд явах бүрэн боломжтой....Би хүүхдээ мөнгөөр үнэлэхгүй байгаа. Учир нь би өөрийнхөө төрсөн үр хүүхдийг өнчин өсгөхийг хүсэхгүй байна....Хашаа байшинг зарахаас өмнөх гурван зээлийг нь төлсөн. Эдгээр зүйлсийг огт дурдаагүй байгаа....Би нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг нь авсан байгаа....ХААН банкны 5914094724 дугаартай данс нэхэмжлэгчийн данс юм....ХААН банкны 5026740609 дугаартай данс миний данс....Хүүхдийн эцэг мөн учир маргах зүйлгүй....Авсан өгсөн мөнгөө нотлох зорилгоор гаргаж өгсөн. Нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг авсан. Би нэхэмжлэгчийн данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Би Хас банкны зээлтэй байсан учир зээлийн эргэн төлөлтүүдийг хийхдээ нэхэмжлэгчийн ХААН банкны данс руу өөрийн ХААН банкны данснаас гүйлгээ хийлгэж байсан. Нэхэмжлэгч ХААН банкны интернэт банктай юм. Тэгээд нэхэмжлэгчийн ХААН банкны данснаас өөрийн Хас банкны данс руу зээлийн төлбөрийг хийлгэж авсан 20,000,000 гаруй төгрөг авсан баримт надад байгаа....Би С.Оаас авсан 12,000,000 төгрөгийг бүгдийг нь С.От төлсөн гэж үзэж байгаа....12,000,000 төгрөгийг бүтэн төлөөд илүү гарсан байгаа гэж бодож байна....гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь А.Мд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 12,000,000 (арван хоёр сая) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.О, хариуцагч А.М нар нь 2019 оны 7 дугаар сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хамтран амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба тэдний дундаас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин О.С төрсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нь эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, энэ талаар маргаагүй тул 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин О.Сгийн төрсөн эцгээр А.Мг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч А.М нь нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч ...Би хүүхдээ мөнгөөр үнэлэхгүй байгаа. Учир нь би өөрийнхөө төрсөн үр хүүхдийг өнчин өсгөхийг хүсэхгүй байна... гэж тайлбарлав.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин О.С нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч А.Мгөөс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч С.О нь 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....Би хашаа байшингаа зараад А.Мг гуйгаад шалаад байхаар нь 12 сая төгрөгийг зээлүүлсэн. Би сүүлчийн 3 сая төгрөгийг зээлүүлэхдээ гүйлгээний утга дээр нь зээл гэж шилжүүлсэн байгаа. 12 сая төгрөг шилжүүлэхдээ эхэнд нь шилжүүлсэн 9 сая төгрөгийг мал мах гэж шилжүүлээрэй. Банкнаас зээл авахад хэрэгтэй байдаг юм гэж хэлээд надаас авч байсан юм...12,000,000 төгрөгийг гаргуулна.... гэж , хариуцагч А.М нь 12,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч ....12,000,000 төгрөгийг бүтэн төлөөд илүү гарсан байгаа гэж бодож байна...Төлсөн нь дансны хуулгаар нотлогдоно.... гэж тус тус тайлбарлав.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн хашаа байшин худалдсан төлбөрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч нь зээлэх хүсэлт тавьж зээлсэн болох нь хариуцагчийн эзэмшлийн Хас банк дахь 5002224508 дугаар дансны хуулганы хуулбарууд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 85-86 дугаар тал/
Иймд дээрх 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 12,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа нотлохоор шүүхэд өөрийн эзэмшлийн Хас банк дахь 5002224508 дугаартай данс, ХААН банк дахь 5026740609 дугаартай дансны хуулгуудын хуулбаруудыг гарган өгсөн ба ХААН банк дахь 5914094724 дугаартай дансны эзэмшигч нь нэхэмжлэгч С.О болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 12,000,000 төгрөг зээлсэн гэх өдрөөс хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд хариуцагч А.Мгийн эзэмшлийн ХААН банк дахь 5026740609 дугаартай данснаас нэхэмжлэгч С.Оын эзэмшлийн ХААН банк дахь 5914094724 дугаартай данс руу нийт 54 удаагийн гүйлгээгээр 24,321,000 төгрөгийг, харин нэхэмжлэгч С.Оын эзэмшлийн ХААН банк дахь 5914094724 дугаартай данснаас хариуцагч А.Мгийн эзэмшлийн ХААН банк дахь 5026740609 дугаартай данс руу 5 удаагийн гүйлгээгээр 1,960,000 төгрөгийг, хариуцагч А.Мгийн эзэмшлийн Хас банк дахь 5002224508 дугаар дугаартай данс руу 23 удаагийн гүйлгээгээр 20,899,000 төгрөгийг, нийт 22,859,000 төгрөгийг тус тус данс хоооронд шилжүүлжээ. /хх-ийн 31-79, 80-96, 138-139 дүгээр тал/
Хариуцагч А.Мгийн эзэмшлийн ХААН банк дахь 5026740609 дугаартай данснаас нэхэмжлэгч С.Оын эзэмшлийн ХААН банк дахь 5914094724 дугаартай данс руу нийт 54 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 24,321,000 төгрөгөөс 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 20,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн 30,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 50,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн 100,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 100,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 100,000 төгрөг, нийт 420,000 төгрөгийг гүйлгээний утгаас үзэхэд хүүхдүүддээ болон шинэ жилийн бэлэг, өлгийний үнэ зэрэг агуулгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгө байх тул уг 420,000 төгрөгийг хариуцагчийг нэхэмжлэгчээс зээлсэн зээлэнд төлсөн үнэ гэж үзэх боломжгүй байна.
Иймээс дээрх 420,000 төгрөгийг, С.Оын эзэмшлийн данснаас хариуцагч А.Мгийн эзэмшлийн Хас банк дахь 5002224508 дугаартай данс руу 23 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 20,899,000 төгрөгийг, хариуцагч А.Мгийн эзэмшлийн ХААН банк дахь 5026740609 дугаартай данс руу 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 1,960,000 төгрөгийг тус тус хариуцагч А.Мгийн эзэмшлийн ХААН банкны данснаас нэхэмжлэгч С.Оын эзэмшлийн ХААН банкны дансанд шилжүүлсэн 24,321,000 төгрөгөөс хасаж тооцоход 1,042,000 /24,321,000 төгрөг - 420,000 төгрөг 20,899,000 төгрөг 1,960,000 төгрөг = 1,042,000 төгрөг/ төгрөгийг зээлийн төлбөрт хариуцагч А.М нь нэхэмжлэгч С.От төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчаас 10,958,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ болон түүний тал хувь хэмжээгээр хүүхдэд сар бүр хариуцагч А.М нь төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин О.Сд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,337 төгрөг, 10,958,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 190,278 төгрөг, нийт 295,815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.От олгохоор тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч С.От, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч А.Мд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашин, хашаа байшин, ор, шкаф зэргийн үлдэгдэл зээлийг төлсөн гэж маргах боловч энэ талаар шаардлага гаргаагүй тул шийдвэрлэх боломжгүй ба энэ талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин О.С (........................)-гийн төрсөн эцэг Б овогт А М (....................) мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин О.С-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Мгөөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч А.Мгөөс 10,958,000 (арван сая есэн зуун тавин найман мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,042,000 (нэг сая дөчин хоёр мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,487 (гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун наян долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мгөөс улсын тэмдэгтийн хураамж нийт 295,815 (хоёр зуун ерэн таван мянга найман зуун арван тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.От олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч С.От, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч А.Мд тус тус мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ