Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2021/00638

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2021/00638

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын ........ дугаар багийн ....... дүгээр гудамжны ....... тоотод оршин суух, Д овогт Вийн Ч (.....................)нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын ....... дугаар багт байрлах, Хөвсгөл ЭХ ХХК (...........)холбогдох,

Хөвсгөл ЭХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 155/2021/00412/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч В.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би "Хөвсгөл ЭХ" ХХК-д харуулаар ажиллаад нэг жил болсон. 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэн н.Н гэх эмэгтэй надад тамга тэмдэггүй мэдэгдэх хуудас өгсөн. Таныг орон тооны цомхотголоор халж байна гэж хэлээд өгсөн. Тухайн үед би Г.Очирхуяг захирал дээр ороод надад тамга тэмдэггүй мэдэгдэх хуудас өглөө хоёр жолоочийн орон тоо байна захирлаа гэхэд за би эргээд чамтай уулзана гэж хэлээд дахиж надтай уулзаагүй. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр захирлын төрсөн дүү Г.Очирбатыг жолоочоор аваад мэдэгдэх хуудсаараа 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр намайг ажлаас халсан. Шинээр орон тоо байхгүй гэж намайг ажлаас халсан байтлаа шинээр хүн авсанд гомдолтой байна. Хөвсгөл ЭХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан харуулын ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна....Би Хөвсгөл ЭХ ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр харуулын ажилд томилогдож 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ажлаас халагдсан....Би ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гардан авсан....Хүний нөөцийн мэргэжилтэн н.Н харуулуудыг бүгдийг нь цуглуулаад хурал хийнэ гэхээр нь бид харуул дээр таван хүн гардаг байсан. Түүнээсээ хасаад нэгийг нь жолооч болгох гэж байгаа байх гэж бодоод байж байтал нэг орон тоо хасагдахаар болсон гэж хэлсэн. Харуулын албан тушаалд хамгийн сүүлд томилогдсон би байсан. Гэтэл хамгийн сүүлд ажилд орсноор нь В.Ч гуай таныг харуулын орон тооноос чөлөөлж байна гэж хэлээд тамгагүй мэдэгдэл өгсөн....Хурал хийж гэрэлтүүлэг орчин тойрны асуудлаар ярьж байгаад хамгийн сүүлийн асуудал үлдлээ гээд харуулын нэг орон тоо цомхотго гэсэн учир хамгийн сүүлд ажилд томилогдсоноор нь таныг ажлаас чөлөөлөх болсон гээд мэдэгдэх хуудас өгсөн. Нөгөө харуулын ажилтай хүмүүст маань мэдэгдэл өгөөгүй....2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ээлжээс буугаад тэр өдрөө ажлаа хүлээлгэж өгөөд дахиад ажилдаа гараагүй....2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр би ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Тэгэхэд жолооч байсан н.Дамдиндоржийг миний оронд харуулаар авсан. Тэгээд оронд нь Б.Нямдорж гэх жолоочийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаднаас авсан. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр намайг ажилдаа эргэн ороход н.Дамдиндорж харуулаар хэвээрээ үлдэж орон тооны илүүдэлтэй болсон. Намайг буцаад харуулын ажилдаа ороход Нямдоржийг жолоочоос халаад Дамдиндоржийг харуулын албан тушаалд томилох ёстой байсан. Гэтэл Нямдоржийг ажлаас халаагүйн улмаас харуулын орон тоонд илүү хүнтэй ажиллах болсон....гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:В.Чы ажлаас халагдсан болон халсан тушаалын талаар би сайн мэдэхгүй байна. Орон тооны хувьд манай байгууллага бүрэн ажиллаж байгаа. В.Чаас хойш хэн нь ажилд орсон талаар мэдэхгүй байна. В.Чыг ажилд нь эгүүлэн авахад орон тооны асуудал байхгүй буюу бүтэц орон тоо бүрэн ажиллаж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....Би 2021 оны 4 дүгээр сард ажлаа хүлээн авсан....Одоо 4 харуулын орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа....Тогтоол дээр харуул гэж бичигдсэн эсэхийг мэдэхгүй байна. Байгууллагын нийт орон тоог баталсан тогтоол байгаа байх....Орон тоо хасагдсан учраас ажлаас чөлөөлсөн байх гэж үзэж байнаАжилтны тоог цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх гэж ойлгож байгаа....Байгууллагын нийт орон тоо цөөрсөн гэж үзэж байгаа.Би өмнөх захирлын гаргасан тушаалыг тайлбарлаж хэлж мэдэхгүй байна....Байгууллагын бүтэц орон тоог Төлөөлөн удирдах зөвлөлөөс санал оруулж ЭХний зохицуулах хороо батална. Батлагдаагүй байгаа....Байгууллагын нийт орон тооноос нэг илүү орон тоо байсан учраас халсан байх....115 орон тоотой болж хэтэрсэн тул цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх....Одоо баталсан 114 орон тоотойгоор ажиллаж байгаа....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Ч нь Хөвсгөл ЭХ ХХК-д холбогдуулан Хөвсгөл ЭХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаа урьд эрхэлж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодруулав.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тухай Хөвсгөл ЭХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай В.Чыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б эс зөвшөөрч ...В.Чыг ажилд нь эгүүлэн авахад орон тооны асуудал байхгүй буюу бүтэц орон тоо бүрэн ажиллаж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Ажилтны тоог цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх гэж ойлгож байгаа. ...Байгууллагын нийт орон тоо цөөрсөн гэж үзэж байгаа.... гэж маргасан болно.

Нэхэмжлэгч В.Ч нь Хөвсгөл ЭХ ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн харуулаар ажиллаж байсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдов. /хх-ийн 43-45 дугаар тал/

В.Чыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаар тогтоолоор харуулын орон тоо нэгээр хасагдаж батлагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Хөвсгөл ЭХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай В.Чыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 15 дугаар тал/

Хөвсгөл ЭХ ХХК нь нэхэмжлэгчтэй харуулын албан тушаалд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 43-45 дугаар тал/

Ажил олгогч нь нэхэмжлэгчид 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халагдах тухай мэдэгдэх хуудас өгсөн, нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ээлжээс буугаад тэр өдрөө ажлаа хүлээлгэж өгөөд дахиад ажилдаа гараагүй гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үгүйсгээгүй болно.

Хөвсгөл ЭХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай В.Чыг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэх заалтыг зөрчжээ.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д ..., сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж заасан.

Ажил олгогч нь ажилтанд ажлаас халагдах тухай мэдэгдлийг 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр өгсөн байх ба энэ өдрөөс 1 сар өнгөрөөгүй буюу 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасантай нийцээгүй байна.

Хөвсгөл ЭХ ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай тушаал гаргаж, В.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалын 1 дэх заалтад тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаар тогтоолоор харуулын орон тоо нэгээр хасагдаж батлагдсан гэх үндэслэлийг заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдах гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, орон тоо цөөрүүлэх гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг тус тус ойлгодог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин 2021 онд Хөвсгөл ЭХ ХХК-ийн харуулын ажлын байр хасагдаагүй, мөн харуулын орон тооноос 1 орон тоогоор багасгаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ....Байгууллагын бүтэц орон тоог Төлөөлөн удирдах зөвлөлөөс санал оруулж ЭХний зохицуулах хороо батална. 2021 оны бүтэц орон тоо батлагдаагүй....Байгууллагын нийт орон тооноос нэг илүү орон тоо байсан учраас халсан байх.... гэх тайлбараар тогтоогдож байна.

Иймээс ажил олгогч нь харуулын орон тоо нэгээр хасагдсан буюу орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцэхгүй байна.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б нарын гаргасан ...Хамгийн сүүлд ажилд орсон... гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэх тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Хөвсгөл ЭХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай В.Чыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Хөвсгөл ЭХ ХХК-ийн харуулын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл буюу гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 5, 10-14, 17-18 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудсанд авагдсан баримт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл ЭХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай В.Чыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д овогт Вийн Чыг Хөвсгөл ЭХ ХХК-ийн харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Чы нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл ЭХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ