| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00461/И |
| Дугаар | 155/ШШ2021/00672 |
| Огноо | 2021-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2021/00672
| 2021 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2021/00672 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .... дүгээр хороо, ............. гудамж-....., Төрийн банкны ....... дугаар байр, ....... давхар, Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч (...............)-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Хөвсгөл аймгийн У сумын ...... дугаар багийн Тосгон ........ тоотод оршин суух, Х овогт Цын З (.....................),
хариуцагч: Хөвсгөл аймгийн У сумын ...... дугаар багийн Тосгон ........ тоотод оршин суух, Ж овогт Шын Б (....................) нарт холбогдох,
үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 5,312,060.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,668.88 төгрөг, нийт 11,173,729.75 (арван нэгэн сая нэг зуун далан гурван мянга долоон зуун хорин есэн төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 155/2021/00461/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б (онлайн), Л.Г (онлайн), хариуцагч Ц.З (онлайн), Ш.Б (онлайн) нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ танилцуулъя.
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлдэгч Ц.З, Ш.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 11,173,729.75 төгрөгийг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Монгол шуудан банк болон Х банк нь 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1 тоот Монгол шуудан банкны актив, пасив хөрөнгийг шилжүүлэх гэрээгээр тэдгээрийн шаардах эрхийг Х банканд шилжүүлсэн байдаг. Х банканд Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/155 дугаар тушаалаар банкны албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа. Банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллахад банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд чанаргүй актив зээлүүд үлдсэн байдаг. Үүнд Ш.З, Ш.Б нарт олгосон зээл хамаарагдаж байгаа. Иймд Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нар нь Хөвсгөл аймгийн Монгол шуудан банкны 110 дүгээр салбар 17 дугаар төвтэй 2008 оны 3 дугаар сарын 14-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан байдаг. Ингэж байгуулахдаа 5,000,000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, жилийн 31.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч ашигласан байдаг. Зээлийн барьцаанд зээлдэгчид дундын өмчийн хэд хэдэн хөрөнгийг барьцаалсан байдаг боловч барьцаа хөрөнгө нь бодит байдал дээр байдаггүй. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй учир банкийг хохироож байна гэж үзэж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 5,312,060.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 861,668.88 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна....2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан....Авто машин 1 ширхэг, хашаа байшин 1, өвөлжөө 1, 135 толгой мал барьцаалсан....2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа сунгах талаар хүсэлтийг үндэслэн Зээлийн зөвлөлийн хурлын протокол үйлдэн зээлийн гэрээг 5 сараар сунгах шийдвэр гаргаж байсан....2009 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан....Хариуцагч нар огт төлбөр хийгээгүй....2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөр буюу нэхэмжлэл гаргах өдрөөр тооцож гаргасан мөнгөн дүн байгаа....гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нарын хувийн хэрэгт барьцаа хөрөнгөний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авагдаагүй байна....Хариуцагч нартай нэхэмжлэл гаргасны дагуу холбогдсон....Зээлдэгч нарын хувийн хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон хариуцагч нарын иргэний үнэмлэхийн мэдээллээр шүүхэд нэхэмжлэл гаргаж холбогдож байна....Дансны хуулгаараа нотлогдоно. Хавтаст хэрэгт дэлгэрэнгүй хуулгыг нь гаргаж өгөөгүй. Үлдэгдлийг нь гаргаж өгсөн....Нягтлан бодогчид хүсэлт гаргасны дагуу программаас харах боломжтой байдаг. Шүүх хуралдаанд үлдэгдлийг нь гаргаж өгсөн учир нь хариуцагч нарын зүгээс төлөлт огт хийгээгүй учир төлөлтийн талаар маргаан үүсэхгүй гэж тооцоолоод гаргаж өгсөн....Ямар нэгэн байдлаар төлөлт огт хийгдээгүй учраас төлөлтийн талаар маргаан үүсэхгүй гэж үзсэн. Мөн хэрэгт зээлийн гүйлгээ хийх шийдвэрийг гаргаж өгсөн учир хариуцагч нарын данс руу шилжүүлэг хийгдсэн гэдэг нь үүгээр нотлогдоно гэж нэхэмжлэгч талаас дүгнэсэн....Монгол шуудан банкны 20140009469 дугаартай Ц.Зын нэр дээрх данс руу зээлийг шилжүүлсэн байдаг....Монгол шуудан банк хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа шаардаж байсан талаарх баримт байхгүй. Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч томилогдсоноосоо хойш 2,000 гаруй чанаргүй зээлдэгч байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу одоо хариуцагч нартай холбогдож байна....гэв.
Хариуцагч Ц.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2008 онд Монгол шуудан банкнаас мөнгө зээлээгүй. Дараа нь хэдэн онд билээ зээлтэй байна гэж хэлж байсан. Манайх ямар ч зээл авч байгаагүй. Дахиж зээлтэй байна гэж банкнаас холбогдож байгаагүй. Саяхан мэдэгдсэн....Нилээн дээр үед таараад уг зээлийн талаар хэлсэн. Тэгээд сунгалтын талаар ярихад нь сунгалт хийлгэхгүй, өөрөө учрыг нь олоорой гэж байсан. 5,000,000 төгрөгийн зээл авсан байна гээд зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах талаар ярихад нь зээлийн хугацааг сунгах ойлголт байхгүй шүү, өөрөө учраа олоорой гэж П.Цолмонд хэлсэн....гэв.
Хариуцагч Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2008 онд манайх зээл авч байгаагүй. 2008 оноос хойш чимээгүй байснаа яагаад гэнэт зээлтэй гэж байгааг гайхаж байна. Сумын банкны хүн хэнд өгснийг сайн мэдэхгүй байна. Давж заалдах шатны шүүхэд хандана. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байна....Өөрөө аваагүй учир давж заалдана....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Ц.З, Ш.Б нарт холбогдуулан үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 5,312,060.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,668.88 төгрөг, нийт 11,173,729.75 (арван нэгэн сая нэг зуун далан гурван мянга долоон зуун хорин есэн төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч Ц.З ....2008 онд Монгол шуудан банкнаас мөнгө зээлээгүй....Манайх ямар ч зээл авч байгаагүй.... гэж, хариуцагч Ш.Б ....2008 онд манайх зээл авч байгаагүй. 2008 оноос хойш чимээгүй байснаа яагаад гэнэт зээлтэй гэж байгааг гайхаж байна.... гэж тус тус тайлбарлав.
2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг Х банкинд шилжүүлсэн байна. /хх-ийн 5-7 дугаар тал/
Х банк ХХК-ийг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж, мөн өдрөөс эхлэн 1 жил хүртэл хугацаатайгаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, улмаар удаа дараа Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгаж байсан болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-214 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А-30 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А-28 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А-258 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр, Ч.Аварзэд нь Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн, М.Э нь Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тус тус томилогдсон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-216 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 8-18 дугаар тал/
Иймээс Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хариуцагч Ц.З, Ш.Б нар нь Монгол шуудан банкны 110 дугаар салбарын 17 дугаар төвөөс 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 163 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 2.6 хувь, жилийн 31.2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд машин, 135 толгой мал, хашаа байшин, өвөлжөө зэргийг барьцаалан авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаартай Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо. /хх-ийн 19-21, 22-23 дугаар тал/
Зээлдэгч нарын барьцаа хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаартай Барьцааны гэрээнд тусгагдаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гын шүүх хуралдаанд гаргасан ....Зээлдэгч нарын хувийн хэрэгт барьцаа хөрөнгөний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авагдаагүй байна... гэх тайлбар, 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь ...2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа сунгах талаар хүсэлтийг үндэслэн Зээлийн зөвлөлийн хурлын протокол үйлдэн зээлийн гэрээг 5 сараар сунгах шийдвэр гаргаж байсан.... гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчүүлсэн хуулбарт зээлдэгч Ц.З, Ш.Б нар гарын үсэг зураагүй байх ба уг гэрээ нь хууль зөрчжээ.
Иймээс Монгол шуудан банкны 110 дугаар салбарын 17 дугаар төв, зээлдэгч Ц.З, Ш.Б нарын хооронд байгуулагдсан 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаартай зээлийн гэрээ 5 сарын хугацаагаар сунгагдаагүй гэж үзлээ.
Зээлийн гэрээний хугацаа 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дууссан болох нь 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаартай Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд огт төлбөр төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдлоо.
Хариуцагч Ц.З, Ш.Б нар нь 2008 онд Монгол шуудан банкнаас 5,000,000 төгрөгийн зээл авч байгаагүй гэж маргах боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Мөн хариуцагч Ц.Зын шүүх хуралдаанд гаргасан ...5,000,000 төгрөгийн зээл авсан байна гээд зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах талаар ярихад нь зээлийн хугацааг сунгах ойлголт байхгүй шүү, өөрөө учраа олоорой гэж П.Цолмонд хэлсэн... гэх тайлбараас үзэхэд хариуцагч нар нь дээрх зээлийг аваагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Гэтэл Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна., мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн хугацаа болох 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд хариуцагч Ц.З, Ш.Б нараас зээлийн төлбөрийг шаардаж байсан, эсхүл тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх боловч 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг Х банкинд шилжүүлсэн хугацаанаас буюу шаардах эрх нь зөрчигдсөн тухай мэдэх ёстой байсан үеэс тоолоход нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь зээлийн төлбөрийг Ц.З, Ш.Б нараас шаардах эрх дуусгавар болжээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.З, Ш.Б нарт холбогдох, үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 5,312,060.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,668.88 төгрөг, нийт 11,173,729.75 (арван нэгэн сая нэг зуун далан гурван мянга долоон зуун хорин есэн төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.З, Ш.Б нарт холбогдох, үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 5,312,060.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,668.88 төгрөг, нийт 11,173,729.75 (арван нэгэн сая нэг зуун далан гурван мянга долоон зуун хорин есэн төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ