| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0043/э |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ийн Тд холбогдох эрүүгийн 2417000000046 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 14-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 50 настай, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ............ ХХК-д харуул ажилтай, ам бүл 1, Г аймгийн С сумын............ дүгээр баг, ........... тоотод оршин суух хаягтай одоо Говьсүмбэр аймгийн С сумын ....... дүгээр баг, .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 56 дугаартай шитйгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-ийн Т /РД:............../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой Говьсүмбэр аймаг С сум ........ дүгээр баг, ...... тоотод ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ч.Хын баруун мөрөнд хутгаар хутгалж эрүүл мэндэд нь баруун мөрөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Миний хувьд Хын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор юу болсон талаар санахгүй байна. Хын эмчилгээний зардалд болон бусад хохиролд зориулан 1.500.000 төгрөг дансаар нь шилжүүлэн өгсөн...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 86 хуудас/
2. Хохирогч Ч.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Ттэй хэрэг болсон өдөр танилцсан. Би урд өдөр нь архи уусан байсан болохоор хөдөө явах гээд миний машиныг бариад яваад өгөөч гэж Тд хэлтэл тэр зөвшөөрөөд хөдөө хамт явчихаад ирсэн. Машинаа манай гэрийн гадаа тавиад манай гэрт орж 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад салсан. Гэтэл цаг яг хэд болж байсныг санахгүй байна нилээн орой болж байтал Т над руу утасдаад манай гэрт хүрээд ир 1 шил архи авчихлаа гэхээр нь би өөрөөр нь гэрийг нь заалгаад очсон. Тгийн гэрт ороход Т нэг танихгүй залуутай архи уугаад сууж байсан. Тэр залуу нэг их удалгүй согтоод гал тогооны ширээн дээр унтаад өгсөн. Т бид 2 том өрөөний орон дээр суугаад архи хувааж уугаад байж байтал Т гэнэт бор өнгийн модон иштэй хутга гаргаж ирсэн. Тухайн үед би архи ууичхсан согтуу байсан болохоор Тг яагаад хутга барих болсныг мэдэхгүй байна. Миний бодлоо Т намайг дээрэлхэж айлгах гэж хутга барьсан байх гэж бодож байна. Тэгээд гэнэт миний баруун мөр орчим барьж байсан хутгаараа Т нэг удаа хутгалсан. Т намайг хутгалснаас болоод миний баруун мөрнөөс маш их хэмжээний цус гарч байсан ба цус нь тогтохгүй байхаар нь би цамцаараа дарж байсан. Тухайн үед Т намайг дарчихаад түргэн дуудаж өгөхгүй байхаар нь би Улаанбаатар хотод байдаг дүү Т-руу залгаад намайг хүн хутгалчихлаа гэж хэлээд цагдаа түргэн дуудуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/
3. Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ ...Тэгээд би унтаж байгаад 23 цагийн үед сэртэл Тгийн гэрт цагдаа нар болон эмнэлгийн хүмүүс ирчихсэн байсан. Мөн Тгийн том өрөөнд Х ирчихсэн баруун мөрөндөө хутгалуулаад цус нөж болчихсон хэвтэж байсан. Тэгээд Т бид 2-г цагдаа дээр авчирсан. Цагдаа дээр ирээд Хыг хэн хутгалсныг асуухад би сайн санахгүй байна бодвол Хтай муудалцсан юм шиг байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
4. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Ч.Хын аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулториор үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 218400 төгрөг гарсан байна. Тус мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансаар эргүүлэн авна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/
5. Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаар дүгнэлтэнд:
Ч.Хын биед баруун мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 38 хуудас/
6. Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 009/006 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэнгүй. Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Билгүүн гэжээ. /х.х-ийн 42-43 хуудас/
7. Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 009/005 дугаар дүгнэлтэнд:
- Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардас, санд бүртгэгдсэн эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна.
- Шинээр нөхцөл байдал илэрсэнгүй.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Билгүүн гэжээ. /х.х-ийн 47-48 хуудас/
8. Шинжээчийн 2024 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн 1870 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн судалтай цагаан өнгийн 2 ширхэг дэвсгэр даавуу, цагаан алаг өнгийн гар нүүрийн алчуур дээр цусны мөр илэрсэн. Ягаан өнгийн судалтай цагаан өнгийн 2 ширхэг дэвсгэр даавуу, цагаан алаг өнгийн гар нүүрийн алчуур дээр илэрсэн цус А(II) бүлгийн харъяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжилгээний лабарторийн шинжээч, цагдаагийн дэслэгч П.Ундрах гэжээ. /х.х-ийн 52-53 хуудас/
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шийтгэх тогтоолын хуулга /х.х-ийн 97, 7-9, 44, 49, 71-75, 100-103 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 1 дүгээр баг, 101б-01 тоотод ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ч.Хын баруун мөрөнд хутгаар хутгалж эрүүл мэндэд нь баруун мөрөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч Б.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тгийн өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.Х, гэрч Х.Г, иргэний нэхэмжлэгч Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Мөн шүүгдэгч Б.Т нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Т нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Б.Тгийн хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Хохирогч Ч.Хын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 218 400 /хоёр зуун арван найман мянга дөрвөн зуу/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Тгээс 218 400 /хоёр зуун арван найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна
Эрүүгийн 2417000000046 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цамц 2 ширхэг, хүрэм 1 ширхэг, хутга 1 ширхэг, даавуу 2 ширхэг, гар нүүрийн алчуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гарын мөр бэхжүүлсэн цаас 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна. Хохирогч Ч.Х нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 800 /найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 800 /найм зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх зааснаар шүүгдэгч Б.Тгээс 218 400 /хоёр зуун арван найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
6. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цамц 2 ширхэг, хүрэм 1 ширхэг, хутга 1 ширхэг, даавуу 2 ширхэг, гар нүүрийн алчуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гарын мөр бэхжүүлсэн цаас 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ