Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2021/00701

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2021/00701

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дүгээр багийн ...... дугаар гудамжны ...... тоотод оршин суух, И овогт Зын О (..................)-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дүгээр багийн ..... дүгээр гудамжны ....... тоотод оршин суух, Х овогт Бын Б (...................)холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 155/2021/00447/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч З.О, хариуцагч Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Б.Бтой 2010 онд танилцаж үерхэж байгаад 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр том хүү Б.А, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бага хүү Б.Ам нар төрсөн. Бид 6 жил хамтран амьдарч байгаад том хүүгээ 1 дүгээр ангид орох жил буюу 2017 оны 7 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Б.Б нь хамт ажиллаж байсан хүүхэнтэйгээ харилцаа тогтоосноос болж хэрүүл маргаан үүсэж би хүүхдүүдээ аваад хот явсан. Том хүү хичээл нь орох болсон тул буцааж хүүгээ нааш нь явуулаад өөрөө бага хүүтэйгээ Улаанбаатар хотод амьдарч байсан. Том Б.А улирлын амралтаараа дүү ээж хоёр дээрээ ирдэг байсан. 2020 онд том хүүгээ өөр дээрээ авч 2 дугаар ангид оруулж том хүүтэйгээ нэг жил хамт амьдарсан. Том хүүгээ 2 дугаар ангийг нь төгсгөөд бага хүү сургуульд орох болсон тул би хоёр хүүгийнхээ хамт Хөвсгөл аймагт ирсэн. Хоёр хүү маань Гурван-Эрдэнэ сургуульд суралцаж байгаа. Том банди маань аавтайгаа хамт амьдарна гэж хэлсэн. Том хүү Б.Аг аав Б.Бын асрамжид үлдээж, бага хүү Б.Амг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа харилцан тохирч нэг, нэг хүүхдээ авсан тул татгалзаж байна. Гэрлэлт цуцалж өгнө үү....Том хүү маань Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургуулийн 3 дугаар ангийг сурч төгссөн. Том хүү тархины усжилттай гэх оноштой. Бүрэн шимэгдээгүй байгаа тул эмийн эмчилгээ хийгддэг. Бага хүү маань эрүүл бойжиж байгаа. Бага хүү Б.Ам нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургуулийн 1 дүгээр ангийг сурч төгссөн....Эд хөрөнгийн маргаан байхгүй....Б.Б өөр хүнтэй харьцаатай, тэр хүнээс хүүхэд нь төрсөн, тэр хүнтэйгээ цаашид амьдарна гэж байгаа тийм учраас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан....2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн....гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид хоёр 2010 онд танилцаж 2011 он 12 дугаар сарын 7-ны өдөр том хүү Б.А төрсөн. 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бага хүү Б.Ам төрсөн. Тусдаа амьдраад 5 жил болж байна. Нэхэмжлэгч хотод амьдарч байгаад саяхан ирсэн. Манай том хүү тархины усжилт гэх оноштойгоор хааяа эмчилгээ хийлгэдэг. Одоо буцаж нийлэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж дээр том хүүг би өөрийн асрамжид авч, бага хүүг ээжийнх нь асрамжид үлдээхээр харилцан тохирсон. Мөн хүүхдийн тэтгэлэг дээр хүүхдүүдээ нэг нэгээр авч байгаа учир тэтгэлэг гаргуулахгүй байхаар тохирсон....Эд хөрөнгийн маргаан байхгүй....Би гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.О нь Б.Бод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2010 онд танилцаж, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэгчдийн дундаас 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.А, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Ам нар төрсөн болох нь Бүртгэлийн 899, 6701000614 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 6-9 дүгээр тал)

Нэхэмжлэгч З.О, хариуцагч Б.Б нар нь хоорондын үл ойлголцол, хариуцагч нь гэр бүлээс гадуур хүнтэй харьцаа үүсгэснээс болоод 2017 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад зохигч нь 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Аг эцэг Б.Бын асрамжид үлдээхээр, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Амг эх З.Оын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Аг эцэг Б.Бын асрамжид, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Амг эх З.Оын асрамжид тус тус үлдээх нь зүйтэй байна.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигч нь хоёр хүүхдээ нэг, нэгээр нь өөрсдийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч З.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг гаргасан тул энэхүү татгалзлыг батлахаар тогтов.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Аг эцгийн асрамжид, хүү Б.Амг эхийн асрамжид тус үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Бын хувьд түүний эцэг байх, нэхэмжлэгч З.Оын эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд зохигчоос Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэн алиндаа саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан гэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгч З.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Од олгохоор тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Бын Б (......................) овогт Зын О (............................) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.А (.......................)-г эцэг Б.Бын асрамжид, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Ам (..........................)-г эх З.Оын асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч З.О нь хоёр хүүхдээ нэг, нэгээр нь өөрсдийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон гэх үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай.

4.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч З.О, хариуцагч Б.Б нарт тус тус даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,874 (нэг зуун дөчин мянга найман зуун далан дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Од олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              С.ОЮУНЖАРГАЛ