Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0670/Э |
Дугаар | 2024/ШЦТ/455 |
Огноо | 2024-04-29 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
Улсын яллагч Г.Баярмаа,
Шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ц т холбогдох эрүүгийн 2009008130438 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...” ломбардаар үйлчлүүлэхдээ тус ломбардын үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг “Хаан” банкны ... тоот дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж мэдэн улмаар тус данснаас үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн “Хаан” банкны ... тоот данс руу 10,000,000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ж.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 250,000 төгрөгийг, мөн өдөр Г.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 150,000 төгрөгийг буюу нийт 10,400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б.Ц нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...” ломбардаар үйлчлүүлэхдээ тус ломбардын үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг “Хаан” банкны ... тоот дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж мэдэн улмаар тус данснаас үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн “Хаан” банкны ... тоот данс руу 10,000,000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ж.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 250,000 төгрөгийг, мөн өдөр Г.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 150,000 төгрөгийг буюу нийт 10,400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч С.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй ломбардын “Хаан” банкны данснаас 10.400.000 төгрөг алдагдсан тухай ажилчин М хэлсэн. Алдагдсан талаар тухайн өдөр хэлээгүй бөгөөд маргааш нь надад хэлсэн ба гар утас ломбардад тавих гэж байсан хүн нэвтрэх нэр, нууц код, гүйлгээний нууц үг бүгдийг сонсож гараад мөнгө авчих шиг боллоо гэж хэлсэн. Мөнгө шилжүүлж авсан хүний дансны дугаараар тухайн хүнийг олж аваад камерын бичлэгээ шүүж үзэх үед манайд орж ирсэн хүнтэй яг таарч байсан тул цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Тухайн хүнийг олж аваад дансыг нь үзэх үед бүх мөнгөө үрчихсэн байсан. Тухайн үед камер шүүж үзээд мөн байна гэдгийг нь тогтоогоод цагдаад өгч байсан. Тухайн үеийн камерын бичлэгийг хуулж, хуулбарлаж огт аваагүй. Манай камер 3 сар бичлэгээ хадгалдаг. Ц гэх хүн л ломбардад орж ирээд нууц дугаар, нэвтрэх нэр, гүйлгээний нууц дугаар зэргийг мэдээд өөрийн дансандаа авсан байсан. Мөн тухайн үеийн камерын бичлэг дээрх хүн Ц мөн байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 96-97, 248-249 дүгээр тал/,
Гэрч Г.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01-02 дугаар сард өвлийн гутлын сизон дуусаж байх үед өөртөө таарсан биетэй, тарган ч биш, туранхай ч биш, 170-175 см өндөртэй, цэвэрхэн царайтай, халимаг хагас долгионтой хар өнгийн үстэй, зөөлхөн дуутай, 35 орчим настай эрэгтэй хүн ирээд надаас өвлийн гутлын зөвлөгөө аваад “дулаахан уу, чийг татахгүй биз дээ” гэх зэрэг асуулт асууж байгаад 20 орчим минут гутал өмсөж сонгож байгаад Катерпиллар загварын нэхий дотортой, хар өнгийн гутал 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо тэр залууг харвал танина. ...Ямар ч байсан бэлэн мөнгөөр гүйлгээ хийгээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46, 105, 2хх-ийн 27-29 дүгээр тал/,
Гэрч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 сарын 20-ны өдрийн 12 цагийн үед өөрийн ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” гэх нэртэй ломбардад сууж байхад манай ломбардын данснаас 11 цаг 59 минутад “...” гэх хүний “Хаан” банкны ... дугаартай данс руу 250.000 төгрөг, 14 цагт С гэх хүний “Хаан” банкны ... дугаартай данс руу 150.000 төгрөг тус тус гарсан. Ингээд гайхаад “Хаан” банкны гар утасны гүйлгээгээ харахад 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 28 минутад Ц гэх хүний Хаан банкны ... дугаартай данс руу төлбөр гэх утгатай 10.000.000 төгрөг явуулсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 9 дүгээр тал/,
Гэрч С.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө Хаан банкны интернэт банк хэрэглэгч нь интернэт банкны төхөөрөмжийг хэрэглэгчдэд таниулан баталгаажуулдаг болсон. Түүнээс өмнөх хугацаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө Хаан банкны интернэт банкны хэрэглэгч нь интернэт банкныхаа нэр, нууц үгээ мэдэж байгаа тохиолдолд дурын төхөөрөмжөөс нэвтрэх боломжтой байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 218 дугаар тал/,
Гэрч М.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ломбард 2 ээлжээр сууж ажилладаг байсан. Нэг нь би, нөгөө нь М байдаг байсан. Тэгэхээр бид хоёр л тэр дансыг ашиглаж, захиран зарцуулж ажлаа хийдэг. Тэгсэн нэг өдөр тэр мобайл банк нь болохгүй болсон учир “интернэт банктай болго” гэж Д ах М ид хэлсэн. М ахын найз нь Хаан банканд таньдаг ажилтан байгаа гээд интернэт банк суулгаад ирсэн. Бид хоёр ажил дээрээ гүйлгээний нууц үгээ ярилцаад байж байхад тэр үед нэг хүн манай ломбардаар үйлчлүүлээд зогсож байсан. Дараа нь хүн нь гэмт хэрэгтэн нь болж таарсан гэж Д ахаас сонссон. М ахын дансаар бүх орлого, зарлагаа хийдэг байсан. Ажлын компьютер дээр Хаан банкны цэс суулгаад тэр дээрээ интернэт суулгасан байсан. Харин урд нь мобайл банкийг ашигладаг байхдаа ажлаас өгсөн нэг муу утас байсан, тэр утсан дээр нь интернэт банк нь сууж болдоггүй юм байна лээ. Миний ажилладаг ломбардыг 2 хүн эзэмшдэг. Д , Б гэсэн хүмүүс байгаа. М ах бид хоёр л мэдэж байсан. Хэн нэгэн хүнд ямар нэгэн байдлаар хэлээгүй. Харин М ах хэлсэн байж магадгүй. Нэг их хүн байхгүй байсан санагдаж байна. Би гар утсаараа тоглоод л байсан. Харин М ах ирээд интернэт банкны нууц кодыг ярилцаж байхад гаднаас нэг эрэгтэй орж ирээд гар утас авах уу гэж асуугаад нүдний шилтэй эрэгтэй хүн зогсоод байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 244-245 дугаар тал/,
Гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д аас гар утсыг худалдаж авч байсан. Одоо уг гар утас байхгүй. Би уг гар утсыг дүүдээ өгсөн байгаа. Миний дүү хаячихсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 47-48 дугаар тал/,
Гэрч Ж....ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...... нь миний “Хаан” банкны данс мөн байна. Би тухайн үед Баянзүрх захын баруун талд байдаг “В ” нэртэй буудалд ресейфшн хийдэг байсан. Тэр үед л манай буудлаар үйлчлүүлж байсан хүний төлбөр тооцоо байсан байх. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 50-51 дүгээр тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 106-108 дугаар тал/,
Б ы М эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот дансны хуулга /1хх-ийн 51-54 дүгээр тал/,
Б Ц эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 42-43 дугаар тал/,
Ж ийн ... эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 44 дүгээр тал/,
Г ын С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ин 45 дугаар тал/,
“Хаан” банкны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 50/13204 дугаартай албан бичиг түүний хавсралт /1хх-ийн 75-88 дугаар тал/,
“Хаан” банкны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 50/549 дугаартай албан бичиг түүний хавсралт /1хх-ийн 75-88 дугаар тал/,
“... ” ХХК, “... ” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа /2хх-ийн 14-17 дугаар тал/,
“Хаан” банкны 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 29/2950 дугаартай албан бичиг /2хх-ийн 56-58 дугаар тал/,
2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 59-61 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хүний кодыг нууцаар мэдэж аван өөрийн данс руу 10 сая төгрөг шилжүүлж хулгай хийгээгүй. Тийм зүйл огт болоогүй. Харин миний дансанд 10 сая төгрөгийн орлого олж, 5 саяыг нь тухайн хүн авсан ба миний дансанд үлдсэн байсан 5 сая төгрөгийг бол өөрийн хэрэгцээнд хэрэглээд үрээд дуусгасан. Тэр үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би тухайн 5 сая төгрөгийг миний дансанд байгаа буудалд сэрээд гарахдаа АТМ орж мэдсэн. ...Хохирогч гэх хүнд 1,250,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Үлдэгдэл хохирлыг хэрэг шийдэгдээд тодорхой болохоор төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 113-114 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц аас: “...250,000 төгрөг, дараа нь 150,000 төгрөг гээд байгаа нь мобайл банкнаас аваад надад тэр хүн карттай юм чинь мөнгө шилжүүлээд өг гэсэн. Тэгээд удалгүй миний данс руу 10,000,000 төгрөг орж ирсэн. Тухайн үед би Ноте 2 загварын гар утастай байсан. Ийм их мөнгийг яаж шилжүүлэх вэ гэхэд хоёр хуваагаад шилжүүлээд өгчих, 100,000 төгрөг өгье гэж хэлсэн. ... ломбардад би гар утсаа тавих гэж орсон уу гэдгээ сайн санахгүй байна. В зочид буудалд би тэр хүний данснаас мөнгө шилжүүлээгүй. Надтай хамт явж байсан хүн тооцоо хийсэн. Би ерөөсөө тооцоо хийгээгүй. Тухайн үед 250,000 төгрөгийн өрөө байгаагүй. Одоо ч байхгүй. Намайг Катерпиллар загварын 150,000 төгрөгийн гутал авсан гэж байна. Би Дүнжингарав орж гутал авахдаа Катерпиллар загварын гутал аваагүй. Би тэр данснаас гутал аваагүй. Намайг дансны нууц кодыг цээжилчхээд өдөр болгон тухайн данснаас мөнгө авсан гээд байна. Тухайн өдөр В зочид буудалд хамт архи уугаад согтсон байсан. Орой нь миний шилжүүлсэн 5,000,000 төгрөг шилжээгүй байсан. Миний дансанд 5,000,000 төгрөг байсан учраас энэ мөнгийг би захиран зарцуулсан...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Ц нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...” ломбардаар үйлчлүүлэхдээ тус ломбардын үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг “Хаан” банкны ... тоот дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж мэдэн улмаар тус данснаас үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн “Хаан” банкны ... тоот данс руу 10,000,000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ж.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 250,000 төгрөгийг, мөн өдөр Г.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 150,000 төгрөгийг буюу нийт 10,400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид 10,400,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч нь 1,250,000 төгрөгийг төлж барагдуулсан учраас үлдэгдэл 9,150,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгөөс: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулах байр суурьтай оролцож байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан нөхцөл байдал буюу нотолбол зохих байдлыг нотлоогүй байна. М гэх хүний данснаас Б.Ц нь өөрийнхөө картыг ашиглаад 10,000,000 төгрөг шилжүүлж авах ямар боломж байсан бэ гэдгийг мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулаад эргэлзээгүй тогтоосон зүйл байхгүй. М ийн данснаас гуравдагч этгээд болох С , ...аа гэх хүмүүсийн данс руу Б.Ц нь шилжүүлэх боломжтой байсан уу гэдгийг мөн шалгаж тогтоогоогүй. Хохирогч М , гэрч Б нар манай ломбардад орж ирээд утасны код, банкны нууц үг зэргийг хэлэхэд чагнаад зогсоод байсан хүн энэ хүн мөн байна. 2 дахь удаа мөнгө шилжүүлэхэд буюу 02 дугаар сарын 20-ны өдөр л цагдаад гомдлоо гаргасан байна. Хэрвээ энэ хүнийг камерын бичлэгт бичигдсэн хүн мөн гэж үзээд байгаа бол хяналтын камерын бичлэгийг яагаад хурааж аваагүй вэ. Б.Ц нь өөрийнхөө дансанд 10,000,000 төгрөг орж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Улаанбаатар Их Дэлгүүрийн үүдэнд байсан АТМ-ийг Залуучуудын холбооны урд суурилуулсан эсэх талаарх баримт байхгүй. Эдгээр зөрүүтэй нөхцөл байдал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг хангалттай нотлоогүй тогтоогдохгүй байгаа учраас хэргийг буцаах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг нь харгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг 60 хоног хүртэл хойшлуулж, ажиллагаа хийлгэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Б.Ц нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...” ломбардаар үйлчлүүлэхдээ тус ломбардын үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг “Хаан” банкны ... тоот дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж мэдэн, улмаар тус данснаас үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн “Хаан” банкны ... тоот данс руу 10,000,000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ж.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 250,000 төгрөгийг, мөн өдөр Г.С эзэмшигчтэй “Хаан” банкны ... тоот данс руу 150,000 төгрөгийг буюу нийт 10,400,000 төгрөгийг авсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ц ыг үргэлжилсэн үйлдлээр “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлт гаргаж оролцсон ба шүүх уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр удаа дараа буцааж, холбогдох ажиллагааг мөрдөгч, прокурор хийж ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж,
-Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж тус тус заасан.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжтой гэж шүүх үзсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор нэг удаа хойшлуулж болох үндэслэл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй болно.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.Д д 10,400,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Ц нь хохирогчид 1,250,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх хохирол болох 9,150,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ц аас гаргуулж хохирогч С.Д д олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Б.Ц т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай... ” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгөөс: “...Миний үйлчлүүлэгчийг улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэм буруу дээрээ маргахгүй, 10,000,000 төгрөг данс руу нь орж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. М ийн данснаас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр С гийн данс руу 250,000 төгрөг, 150,000 төгрөг, ...ын данс руу 250,000 төгрөг тус тус шилжиж орсон гүйлгээнүүд байна. Эдгээр гүйлгээнүүдийг миний үйлчлүүлэгчийг үйлдсэн гэж үзээд байна. 2024 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тайлбар мэдүүлгээ өгсөн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдлаас хамаараад АТМ андуурах шилжүүлсэн мөнгө зэргийг санахгүй байх боломжтой. Эх нь мөн архины хамааралтай талаар мэдүүлсэн байдаг. Яллагдагчийн хуульд заасан үнэн зөв мэдүүлэг өгөх өгөхгүй байх асуудлын үүднээс өөрийн гэм бурууг хүлээх боломжгүй байсан байх. Ар гэрийн хувьд эхнэр нь гэртээ хүүхдүүдээ хардаг. Хааяа нэг орчуулга гарч ирсэн үед орчуулж цалин хөлс авдаг. 2 хүүхэд нь бага насны зэрэг нөхцөл байдлыг харгалзаад энэ гэмт хэрэг нь сонгох санкцтай учраас дээрх нөхцөл байдлыг харгалзаад 02 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 66 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 38 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 67 дугаар тал/, жолоочийн лавлагаа /2хх-ийн 68 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 69 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 70 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ц ыг дээрх хугацаанд байнга оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ц т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Хаан” банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Ц ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц ыг 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц т шүүхээс оногдуулсан байнга оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Ц т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц аас 9,150,000 /есөн сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Д д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Хаан” банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН