| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/04344/И |
| Дугаар | 183/ШШ2021/01094 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2021/01094
| 2021 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2021/01094 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т О ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э К ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 110 265 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ө, хариуцагчийн төлөөлөгч Э.С, Д.У, гэрч О.О, С.Б, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т О ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т О ХХК нь Э К ХХК-тай 2008 оноос хойш барилгын салбарт хамтран ажиллаж байсан. Энэ хугацаанд бид 26 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, төлбөр тооцоог хуваан төлж, харилцан итгэлцэл дээр ажиллаж ирсэн. Гэтэл Э К ХХК нь гэрээт ажлын үлдэгдэл тооцоог дуусгах талаар манай компанийн удаа дараагийн нэхэмжлэлийг хүлээн авч өр төлбөрийг барагдуулахгүй нэлээд цаг хугацааг алдаж, компанийн санхүүгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж өдий хүртэл төлбөрөө төлөхгүй манай компанид хохирол учруулсаар байна. Тухайн үед нийт ажлын хөлсийг 257 560 600 төгрөг гэж тооцож байсан бөгөөд үнээс 180 750 000 төгрөгт орон сууц, граж тооцож авсан байдаг ба ингэж тооцохдоо нөат-ын 18 075 000 төгрөгийг нэмж, нийт дүнг 198 825 000 төгрөгөөр тооцсон байдаг. Гэтэл уг нөат-ын бичилтийг Э К ХХК нь Т О ХХК-д бичилт хийж өгөөгүйгээс уг мөнгийг буцаан авч чадаагүй байдаг. Харин ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 55 435 600 төгрөгийг төлөөгүй талаар хариуцагч Э К ХХК-ийн Т О ХХК-ийн тооцоо гэсэн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ баримтыг тус компанийн нягтлан О.О гаргаж өгсөн байдаг. Манай компани хамгийн сүүлийн нэхэмжлэл болох албан бичгийг 2020 оны 3 сарын 11-ний өдрийн 176 тоот өгснөөс хойш гэрээний заалтын дагуу хоног тутамд 1 хувийн алданги тооцож үзээд хуулинд заагдсанаар төлөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэн гэрээний төлөөгүй үнийн дүнгийн 50 хувь болох 27 717 800 төгрөгийг нэмж тооцон нэхэмжилж байна. Иймд үндэслэлгүйгээр нөат-т тооцож авсан 18 075 000 төгрөгийг нэмж, нийт 101 228 400 төгрөгийг Э К ХХК-иас гаргуулж өгнө үү. Бид нэхэмжлэл гаргахдаа нөат-ын 18 075 000 төгрөгөөс алданги тооцсон байсан ба энэ шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 9 037 500 төгрөгөөр багасгасан болно гэв.
Хариуцагч Э К ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э К ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Э К ХХК нь нэхэмжпэгч Т О ХХК-тай 2008 оноос 2011 он хүртэл хэд хэдэн удаа ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээнүүдийн дагуу төлөх ёстой төлбөрөө тухай бүрт нь төлж байсан. Иргэний хуулийн 74-р зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75-р зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус заасны дагуу 2008-2011 он хүртэл байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу нэхэмжлэгч Т О ХХК хариуцагч Э К ХХК-иас гэрээний дагуу шаардлага гаргах хуулиар тогтоосон хугацаа дууссан байна. Мөн нэхэмжлэгч талаас тооцоо нийлсэн баримт гэж яриад байгаа баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй, 2 талаасаа тооцоо нийлж баталгаажуулсан баримт биш юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх гэрч О.О, С.Б нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т О ХХК хариуцагч Э К ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 55 435 600 төгрөг, алдангийн 27 171 800 төгрөг, НӨАТ-т үндэслэлгүйгээр тооцож авсан 18 075 000 төгрөг, нийт 101 228 400 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2008 оноос хойш барилгын салбарт хамтран ажиллаж байсан. Энэ хугацаанд бид 26 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, төлбөр тооцоог хуваан төлж, харилцан итгэлцэл дээр ажиллаж ирсэн. Гэтэл Э К ХХК нь гэрээт ажлын үлдэгдэл тооцоог дуусгах талаар манай компанийн удаа дараагийн нэхэмжлэлийг хүлээн авч өр төлбөрийг барагдуулахгүй нэлээд цаг хугацааг алдаж, компанийн санхүүгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж өдий хүртэл төлбөрөө төлөхгүй манай компанид хохирол учруулсаар байна. гэж тайлбарлаж байна.
Хариуцагч тал ...2008 оноос 2011 он хүртэл хэд хэдэн удаа ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээнүүдийн дагуу төлөх ёстой төлбөрөө тухай бүрт нь төлж байсан. Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасныг зөрчсөн байх ба хөөн хэлэлцэх хугацааг дууссан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2008 оны 6 сарын 18-ны өдрөөс 2011 оны 11 сарын 01-ний өдрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, /нийт 26 удаа/ уг гэрээнүүдээр Т О ХХК нь Э К ХХК-ийн баригдаж байгаа барилгуудад галын автомат систем болон дохиолол, хамгаалалтын систем суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, Э К ХХК нь төлбөрийг бартераар болон мөнгөөр төлөхөөр тохиролцсон гэрээг тус тус бичгээр байгуулжээ.
Дээрх гэрээ тус бүрт ажил бүрэн хийгдэж дууссан талаар тэмдэглэж, гэрээг дүгнэсэн болох нь хавтаст хэргийн 23-73 дугаар талд авагдсан гэрээнүүдээр тогтоогдож байх ба талууд уг асуудлаар маргаагүй байна./хх-ийн 23-73/
Нэхэмжлэгч тал дээрх ажлыг гүйцэтгэж төлбөрийн талаар хариуцагч Э К ХХК-ийн нягтлантай тооцоо нийлж, манай компанид 55 435 600 төгрөгийн өр төлбөртэй талаарх баримтыг 2020 оны 5 сард гаргаж өгсөн ба манай компани 2019-2020 онуудад өр төлбөрийн талаар албан бичгийг хүргүүлж байсан гэх тайлбар гаргаж байх ба гэрч С.Б ...Э К ХХК-ийн захирал С.Н-тай энэ асуудлаар байнга уулзаж, утсаар ярьж байсан бөгөөд чамд ажил өгнө хүлээж бай гэсээр өдрийг хүрсэн бөгөөд миний бие энэ ажлуудыг өөрийн биеэр хийж гүйцэтгэсэн тул сайн мэдэх юм. гэж мэдүүлжээ.
Харин гэрч С.Оюунтунгалаг ... Э К ХХК-ийн гэрээ хариуцсан нягтлангаар ажилладаг бөгөөд Т О ХХК-ийн тооцоо гэх баримт нь албан ёсны тооцоо нийлсэн баримт биш, уг баримтыг Т О ХХК-ийн С.Б гэж хүн 2018 оны 4-5 сарын үед ирээд хийгээд өг гэж гуйхаар нь гаргаж өгсөн, энэ нь 2 компанийн 2008-2012 онуудад байгуулсан гэрээний гүйцэтгэлийн талаар гаргаж өгсөн баримт болохоос өр төлбөрийн талаарх акт биш гэж мэдүүлжээ.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Т О ХХК нь Э К ХХК-тай дээрх гэрээнүүдийн үлдэгдэл өр төлбөрийн талаар тооцоо нийлж, улмаар 2012 оноос 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд хариуцагч Э К ХХК-нд холбогдуулан шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба, энэ талаараа нотлоогүйн дээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэснийг хэтрүүлсэн байх ба хэрэгт уг хугацаа тасалдсан, зогссон, түүнчлэн уг хугацааг сэргээх талаар баримтгүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч тал НӨАТ-т үндэслэлгүйгээр тооцож авсан 18 075 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан үндэслэлгүйн дээр талууд уг бартераар авсан байрны үнийг нөат-тай тооцсон нь хавтаст хэргийн 14-р талд авагдсан 2012.03.22-ны өдрийн Э К ХХК-ийн /нягтлан бодогч Э.Батзаяа/ баримтаар тогтоогдож байх ба уг мөнгийг буцаан гаргуулна гэсэн шаардлага нь үндэслэлгүй юм.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э К ХХК-иас 101 228 400 төгрөгийг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 709 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ