| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0089/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/91 |
| Огноо | 2024-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/91
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000380077 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, ******* Дэнжийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: ЖЮ97122618/.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, 72Б-2 тоотод гэртээ 2024 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр “эмнэлэгт үзүүлэх дугаар авсангүй, машины түлхүүр өгөхгүй” гэх шалтгаанаар түлхэж унагаах, хоолойг нь боох, хана, хөргөгч, орны толгой мөргүүлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, 72Б-2 тоотод гэртээ эхнэр “эмнэлэгт үзүүлэх дугаар авсангүй, машины түлхүүр өгөхгүй” гэх шалтгаанаар түлхэж унагаах, хоолой боох, эд зүйл мөргүүлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2024 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн орчим босоод миний хүзүүний булчирхай өвдөөд хөндүүрлээд байсан тул эхнэрийг “өчигдөр чи эмнэлэгт үзүүлэх номер авчихгүй яасан юм бэ” гэж хэлэхэд эхнэр өөдөөс “чи айл хэсэж байхаар өөрөө эмнэлэгт үзүүлэх номероо авчихаж болох л байсан ш дээ” гэж хэлэхээр нь би уурлаж эхнэрийг түлхэхэд эхнэр газар унаад босож ирээд над руу уурлан “чи яахаараа намайг түлхэж байгаа юм бэ” гээд өөдөөс хэлэхээр нь би дахин буйдан руу түлхэж босоод ирэхээр нь нэг удаа толгой руу нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ийн “...2024 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд босоод байтал нөхөр ******* мөн босоод гэнэт над руу “чи намайг эмнэлэгт үзүүлэх номер авчихгүй яасан юм бэ, бие өвдөөд байхад арчаагүй сэгсийсэн юм өдөржингөө зүгээр байж” гэж хэлэхээр нь би “чи айл хэсэж байж тэр үедээ эмнэлэгт үзүүлэх номер авчихаж болох л байсан биз дээ” гэх мэтээр хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргаж байх үед нөхөр над руу өдөж ирээд намайг түлхэж хана мөргүүлж буйдан ор руу түлхэж унагаагаад хоолойг боож дух руу 2-3 удаа мөргөсөн. ...Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 21-ний орой толгой өвдөөд зүгээр болохгүй байхаар нь би нөхөр ******* хандан “хамт явж бариачид толгойгоо бариулъя” гэж хэлэхэд явахгүй байхаар нь би “машины түлхүүр өг, би өөрөө явна” гэж хэлэхэд уурлаж түлхүүр өгөхгүй гээд дахин намайг хүзүүнээс боож хөргөгч мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тоот “...ийн биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******гийн хоёр удаагийн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА