| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0036/э |
| Дугаар | 2024/ШЦТ/50 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-гийн Э-ад холбогдох эрүүгийн 2317000970029 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19....оны 12 дугаар сарын 01-нд Д аймгийн С суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон армотурчин мэргэжилтэй, Ө ь аймгийн Ц суманд үйл ажиллагаа явуулах М-д *** ажилтай, ам бүл 1, ** аймгийн ** сумын ** дугаар баг, **** тоотод оршин суух, /улсын бүртгэлийн лавлагаагаар ** аймгийн ** сумын ** дугаар баг, *** тоотод хаягийн бүртгэлтэй/ урьд нь
** дүүргийн шүүхийн 20** оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ялаар,
** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Б-гийн Э /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 117 дугаар байрны 7 тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гар утас засварын төв рүү нэвтэрч, улмаар тухайн гар утас засварын төвийн лангуу дээр байсан Samsung А-50, Samsung note-8, Iphone-7, Iphone-8, Iphone-7 /хар/, Iphone-8 plus, Samsung A-90 тус тус загварын 7 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 350 000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000970029 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Тухайн үед хоёулаа 3 шил архи уусан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөр төлсөн. 2 000 000 төгрөг төлсөн. Хураагдаж ирсэн iphone загварын гар утсыг Ш гэх хүнд өгсөн. Мөнгө аваагүй. 2.3 литр айраг, жоохон нэрмэл архи авсан гэв.
2. Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
...Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2317000980029 дугаартай прокурорын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолтой уншиж танилцсан. Би дээрх зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би тухайн гар утас засвараас ганц л гар утас авсан. Гэтэл намайг 7 ширхэг гар утас авсан гэж хохирогч мэдүүлсэн байна. Би 7 ширхэг гар утас аваагүй. Мөн тухайн гар утаснуудыг хэтэрхий өндөр үнээр үнэлсэн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 154 дүгээр хуудас/,
3. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би өглөө 11 цагийн үед хөдөөнөөс идэшний мал авахаар гэрээсээ гарсан юм. Тухайн үед өөрийн найз Э-той хөдөө хамт явахаар тохирсон байсан бөгөөд Э намайг гэрийн гаднаас машинтай ирж авсан. Тэгээд хөдөө мал авах айлынхаа утас руу залгатал одоо нүүдэл суудал хийж байна чи нэг дэх өдөр ирээд малаа авчих гэж хэлсэн. Тухайн үед би гэрээсээ нэг шил архи аваад гарч ирсэн байсан бөгөөд Э бид хоёр Чойроос хойшоо жоохон зайдуу гарч байгаад тэр архийг хувааж уусан. Мөн Э бас нэг шил архи гаргаж ирээд Э бид хоёр нийт 2 шил архи хувааж уусан.
Э-той архи хувааж ууж дуусаад 14 цагийн үед би гэртээ хүргүүлж ирсэн. Тухайн үед Э-ын машиныг А гэдэг залуу жолоодоод явж байсан. Тэгээд би гэрийнхээ гадаа буугаад нилээн согтсон байсан болохоор гэр лүүгээ орж чадахгүй манараад гэрийнхээ гадаа байх контейнерын сүүдэрт суугаад унтчихсан байсан. Нэг сэрэхэд эхнэр намайг дуудаад сэрээж байсан. Тухайн үед би анх унтаж байсан контейнерынхаа сүүдэрт хэвтэж байсан бөгөөд босоход манай гэрийн түлхүүр миний халаасанд байсан. Би тэгээд гэр лүүгээ ороод унтсан. Унтаж байгаад шөнө 2 цагийн үед сэргээд тамхи татахаар утас засварын өрөө рүү орсон. Манай гэр утас засвар залгаа нэг байранд байдаг юм. Тамхи татаад байж байтал шилэн лангуун дээр байсан 7 ширхэг гар утас байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би утас засварын гадаа хаалга нээлттэй байгаа юм болов уу гээд түлхэж үзэхэд хаалга цоожтой байсан. Тэгээд би эхнэр М-г дуудаад лангуун дээр байсан утас алга болчихсон байна, утас засварын өрөөний камер шүүгээд үздээ гэтэл манай эхнэр камер шүүтэл 14 цаг 38 минутын үед гаднаас нэг үл таних залуу түлхүүрээр утас засварын хаалгыг нээж орж ирээд шилэн лангуун дээр байсан гар утаснуудыг аваад гарч байгаа нь бичигдэж үлдсэн байсан. Манайх гадна талдаа хяналтын камергүй зөвхөн утас засвар дотроо хяналтын камертай. Миний бодлоор тэр залуу намайг гадаа контейнерийн сүүдэрт унтаж байхад миний түлхүүрийг миний халааснаас аваад тэгээд утас засварын хаалгыг нээгээд тэнд байсан 7 ширхэг гар утаснуудыг хулгайлсан байх гэж бодож байна. Тэгээд түлхүүрийг маань буцаагаад миний халаасанд хийсэн юм шиг байна лээ.
1. Шаргал өнгөтэй самсунг А-50 нэг ширхэг,
2. Хар өнгийн самсунг нөте-8 нэг ширхэг,
3. Ягаан өнгийн Iphone-8 нэг ширхэг,
4. Шар өнгийн Iphone-8 нэг ширхэг,
5. Хар өнгийн Iphone-7 нэг ширхэг,
6. Цагаан өнгийн Iphone-8 plus нэг ширхэг,
7. Цагаан өнгийн самсунг А-90 нэг ширхэг гар утаснууд байсан. Би тус гар утаснуудыг лангуун дээрээ зарж борлуулж байсан болохоор 7 ширхэг гар утас алдагдсаныг мэдэж байна. Ямар нэгэн бүртгэл судалгаа надад байхгүй. Дээрх гар утаснууд нь хуучин хэрэглэж байсан гар утаснууд байсан. Цагаан өнгийн самсунг А-90 маркийн гар утас нь зөвхөн баруун дээд булан дээрээ бага зэргийн хагархайтай байсан. Бусад гар утаснууд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй.
1. Шаргал өнгөтэй самсунг А-50 маркийн гар утас 450 000 төгрөг,
2. Хар өнгийн самсунг нөте-8 маркийн гар утас 380 000 төгрөг,
3. Ягаан өнгийн Iphone-8 маркийн гар утас 350 000 төгрөг,
4. Шар өнгийн Iphone-8 маркийн гар утас 450 000 төгрөг,
5. Хар өнгийн Iphone-7 маркийн гар утас 350 000 төгрөг,
6. Цагаан өнгийн Iphone-8 plus маркийн гар утас 650 000 төгрөг,
7. Цагаан өнгийн самсунг А-90 маркийн гар утас 580 000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Нийт 3 210 000 төгрөг... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед би утас засвар дээрээ байж байтал гаднаас Ш гэх эмэгтэй орж ирээд шаргал өнгийн Iphone-8 маркийн гар утсанд apple id нээлгэе гэж хэлсэн. Тэгээд би тухайн утсыг нээтэл манай гэрийн wifi шууд орчихсон. Ер нь над дээр зарагддаг гар утаснууд өөрөө программын шинэчлэлтээ update хийдэг тул би гэрийнхээ wifi-аа оруулчихсан байдаг юм. Мөн өмнөх мэдүүлэгтээ ийм маркийн ийм өнгөтэй гар утас алдсан талаараа мэдүүлсэн. Тэгээд эргүүлж тойруулаад үзтэл миний хулгайд алдсан шаргал өнгийн Iphone-8 гар утас мөн байсан. Ш гэх хүний авч ирсэн гар утасны голын товч нь ажиллагаагүй байсан. Мөн чанга яригч дээрээ 6 удаа цоолсон байсан нь миний хулгайд алдсан гар утасны шинж тэмдэгтэй таарч байсан. Тэгээд би Ш гэх хүнээс энэ утсыг хаанаас авсан талаар асуухад хэд хоногийн өмнө Рашааны эгнээнээс нэг залуугаас худалдаж авсан талаар хэлсэн. Тэгээд би хулгайд алдсан гар утсаа таниад энэ талаар цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2023 оны 08 дугаар сарын 09-н билүү 10-ны өдөр би Сүмбэр сумын 2 дугаар баг Рашааны эгнээний зүүн үзүүрт 18 цагийн үед явж байхад над дээр нэг залуу хүрч ирээд эгчээ надад зарах гар утас байна худалдаж авах уу гэхээр нь би тэгье ямар гар утас байгаа юм гэтэл Iphone-6 байна гээд шаргал өнгийн Iphone маркийн гар утас гаргаж ирсэн. Тэгэхээр нь би гар утсаа хэдэн төгрөгөөр зарах юм, надад 280 000 төгрөг байна гэтэл тэр залуу байгаа мөнгөндөө худалдаж ав надад гар утсаа 280 000 төгрөгөөг худалдсан. Тэр залуугаас би энэ утас чинь хулгайн юм биш биздээ гэтэл биш ээ эгчээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд гар утсыг нь худалдаж авсан. Мөн нөгөө залуугаас утасны чинь код хэд юм бэ гэтэл эгчээ наад утас чинь кодгүй, харин цэнэг дуусаад унтарчихсан гэсэн. Тэгээд тэр залуу надаас мөнгө авчихаад хойшоо засмал замаар явсан. Тэгээд тухайн утсыг цэнэглэж асаагаад өөрийн 80970127 дугаарын симыг хийж барьсан. Тухайн утсанд нэг ч зүйл суулгаагүй байсан. Өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би утас засварын О дээр очоод утсандаа Apple id суулгах гэтэл О үзэж байснаа дээрх гар утас миний гар утас байна гэж хэлээд цагдаад энэ талаар хэлсэн. Тэр хүн саарал малгайтай цамцтай, цэнхэн женсен өмдтэй, цагаан пүүзтэй, бор царайтай, 20 орчим настай залуу байсан. Манай энэ Чойрын хүүхэд лав биш байсан. Одоо харвал тэр залууг танина. Би гар утас худалдаж авсан 280000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
5. Иргэний нэхэмжлэгч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж буй эрүүгийн 2317000970029 дугаартай хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээд Б-гийн Э-ыг олж тогтоох зорилгоор Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Дундговь аймгийн Хулд суманд ажилласан бөгөөд Б.Э-ыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уурхайгаас Өмнөговь аймгийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчтэй хамтран дайчлан баривчилсан. Ингэхдээ Өмнөговь аймгийн Цагдаагийн алба хаагчид Б.Э-ыг Дундговь аймгийн Хулд суманд хүргэж ирсэн бөгөөд манай эрүүгийн мөрдөгчид Дундговь аймгийн Хулд сумаас Э-ыг хүлээн авч Говьсүмбэр аймагт ирсэн. Дундговь аймгийн Хулд сум руу албаны 02-34 ГСА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслээр нийт 1340 км явж, 134 литр шатахуун зарцуулсан. Одоогийн ханшаар 1 литр А92 шатахуун 2480 төгрөг байгаа ба 332 320 төгрөгийг шатахуунд зарцуулсан байна. Дээрх шатахууны зардалд гарсан 332 320 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
6. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би тухайн өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчим ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр О гэрийн гадаа байрлах контейнерийн гадаа согтуу унтаж байсан. Би дүүгээ дуудаад ажлын байранд нь оруулж унтуулсан. Шөнө 02 цагийн орчим нөхөр сэрээд гар утасны лангуун дотроос гар утаснууд алга болсон байна гэсэн. Би босоод камер шүүтэл тухайн 14 цаг 58 минутад нэг үл таних эрэгтэй хүн утас засварын өрөөний гадна хаалгыг түлхүүрээр онгойлгож лангуун дотроос гар утас аваад буцаад хаалгыг нь цоожлоод явсан бичлэг байсан. Тэгээд тэр бичлэгийг би өглөө нөхөртөө үзүүлсэн. Тэгээд манай нөхөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
7. Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би эвдэрсэн зурагтаа зарахаар О-ын утас засвар дээр 08 цагийн үед очсон бөгөөд О-ад эвдэрсэн зурагтаа 15000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэтэл О надад хандан эгчээ надад одоо бэлэн мөнгө байхгүй байна, та үдээс хойш 13 цагийн үед ирээд мөнгөө авчих гэсэн. Тухайн үед манай охин эмнэлэгт хэвтэж байсан. 14 цагийн үед охиндоо хоол цай өгчихөөд буцаад О-гийн утас засварын урдуур гараад явж байхад О утас засварынхаа гадаа байдаг контейнерийн сүүдэрт унтаж байсан бөгөөд хажуунаас нэг чирнээлэн ягаан өнгийн цамцтай хар саравчтай малгайтай хар өнгийн өмдтэй залуу босоод цаашаа Оргил-Ундраа дэлгүүрийн зүг явж байгаа харагдсан. Тухайн үед О-ыг согтуу байсан болохоор би мөнгө төгрөг нэхээд яахав гэж бодоод гэр лүүгээ шууд явсан. Тэгээд маргааш нь О-аас зурагтны мөнгөө аваад өчигдөр чиний хажуунаас нэг залуу босоод явж байсан гэж хэлтэл “би утас засварын газраас утсаа хулгайд алдсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
8. Гэрч П.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 08 цагаас 00 цагийн хооронд Оргил-Ундраа дэлгүүрт кассын ажилтнаар ажиллаж байсан. Намайг кассан дээр ажиллаж байхад ямар нэгэн хүн ирж утас худалдсан талаар ярьсан зүйл байхгүй. Тухайн өдөр манай дэлгүүрийн ойр орчмоор ийм хүн явж гар утас бусдад зарж байгаа зүйл харагдаагүй. Ямар ч байсан зурагт үзүүлсэн шиг хүн явж байгаа надад анзаарагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
9. Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би Э гэх хүнийг танихгүй. Чойр групп зар дээр нэг хүн Баянбулагийн 13-1307 тоот хашаанд хүн буулгана гэсэн зар 2023 оны 08 дугаар сарын 10-ны үед байршуулсан байхаар нь 80985225 дугаарын утас руу залгаж эрэгтэй хүнтэй холбогдон тус хашаанд 2023 оны 08 дугаар сарын 16-наас хойш нүүж ирж амьдрах болсон. Анх нүүж ирэхдээ Эыг нэг удаа харсан. Тэр өдрөөс хойш Э дахин гэртээ ирээгүй. Эын гэр хашааны зүүн талд байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 47 дугаар хуудас/,
10. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Э ахыг цагдаад хэрэгт холбогдон шалгагдаж байгааг 8 сарын эхээр уулзахдаа мэдсэн. Надад хэлэхдээ цуг архи ууж байсан хүнийхээ утсыг авчихсан гэж хэлж байсан. Эыг одоо хаана байгааг мэдэхгүй байна. Уг нь Чойрт архи уугаад явж байдаг юм. Э нь эхээс тавуулаа. Айлын 3 дахь хүүхэд. Э-ын зан байдлын хувьд дуугүй, даруухан, хаяа огцом уурлах асуудал гаргадаг. Хүний үг авдаггүй, ер нь олон жил шоронд суугаад гарч ирсэн болохоор зан байдал нь яаж өөрчлөгдсөнийг би мэдэхгүй байна. Ер нь архи уух дуртай, архины хамааралтай хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 дугаар хуудас/,
12. Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-023/7533 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-56 дугаар хуудас/,
13. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 61 дүгээр хуудас/,
14. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,
15. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-73 дугаар хуудас/,
16. Шүүгдэгч Б.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170 дугаар хуудас/,
- ** дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 187-189 дүгээр хуудас/,
- ** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 173-184 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Э-ад холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 117 дугаар байрны 7 тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гар утас засварын төв рүү нэвтэрч, улмаар тухайн гар утас засварын төвийн лангуу дээр байсан Samsung А-50, Samsung note-8, Iphone-7, Iphone-8, Iphone-7 /хар/, Iphone-8 plus, Samsung A-90 тус тус загварын 7 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 350 000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Э.Сайханаа гэм буруугийн шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн Б-гийн Э-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, хохирогчийн зүй бус үйлдлийн талаар зарим нэг зүйлийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Хохирогчийн хувьд өөрөө согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн. Согтууруулах ундаа хэрэглээд гэртээ орж чадахгүй гадаа контейнерын дэргэд унтаж байгаад хохирогч болох нөхцөл байдал бүрдсэн. Хохирогч архи уугаагүй, гэртээ байсан бол ийм гэмт хэрэг гарахгүй байх байсан. Хохирогч Samsung A-50, Samsung note-8, I phone-7, I phone-8, I phone-7 /хар/, I phone-8 plus, Samsung A-90 маркийн 7 төрлийн гар утас байсан гэж хэлдэг. Гэсэн хэдий ч хохирогч өөрийн гэсэн тооцоо бүртгэл байхгүй. Мөн камерын бичлэг харахад 7 гар утас авч байгаа эсэхийг нь тогтоох боломжгүй. 7 гар утас байсан эсэхэд эргэлзээтэй байгаа. Гэхдээ шүүгдэгчийн зүгээс хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хоёрдугаарт. Шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн талаар ямар нэгэн байдлаар маргаагүй. Мөн иргэний нэхэмжлэгч Ш-ы хувьд 280 000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч би 280 000 төгрөг аваагүй. Гар утсыг 280 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Гэхдээ утасны оронд айраг, шимийн архи авсан гэж хэлдэг. Тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас тухайн өгсөн зүйлийг нь уух сонирхол байсан. Иймд 280 000 төгрөгийг төлөх баримтууд бүрдээгүй байна. Үнэхээр 280 000 төгрөгөөр авсан гэдгээ нотлох баримтуудаа гаргаж өгөх юм бол иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх боломж нь нээлттэй байгаа. Одоо бол шууд 280 000 төгрөг гаргаад өгөх нотлох баримтууд цуглаагүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 117 дугаар байрны 7 тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гар утас засварын төв рүү нэвтэрч, улмаар тухайн гар утас засварын төвийн лангуу дээр байсан Samsung А-50, Samsung note-8, Iphone-7, Iphone-8, Iphone-7 /хар/, Iphone-8 plus, Samsung A-90 маркийн 7 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 350 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...прокурорын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолтой уншиж танилцсан. Би дээрх зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би тухайн гар утас засвараас ганц л гар утас авсан...” гэж мэдүүлдэг боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж заасан тул шүүгдэгч Б.Э-ын тухайн гар утас засварын төв рүү хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхад түүнээс түлхүүрийг нь авч ажлын байр луу нь хууль бусаар нэвтэрч 7 ширхэг гар утасыг хулгайлан 2 350 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.О-ын мэдүүлэг, гэрч Б.М, иргэний нэхэмжлэгч Д.Ш, гэрч Ж.С, Б.Н нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-023/7533 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ад 7 ширхэг гар утсаа хулгайд алдсан ба нийт 2 350 000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Д.О-ын дансаар 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч Б.Э-ад холбогдох эрүүгийн хэрэгт шаргал өнгийн Iphone-8 маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон шаргал өнгийн Iphone-8 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.О-ад олгохыг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдаанд “...би Iphone-8 маркийн гар утсыг 280 000 төгрөгөөр зараагүй. Харин тэр хүн надад нэрмэл архи, айраг өгсөн. Би иргэний нэхэмжлэгч Ш-д 280 000 төгрөг төлөхгүй...” гэж мэдүүлдэг боловч хохирогч Д.О-ын “...Ш гэх эмэгтэй орж ирээд шаргал өнгийн Iphone-8 маркийн гар утсанд apple id нээлгэе гэж хэлсэн... ... Тэгээд эргүүлж тойруулаад үзтэл миний хулгайд алдсан шаргал өнгийн Iphone-8 гар утас мөн байсан...” гэх мэдүүлгээр, иргэний нэхэмжлэгч Д.Ш-ы гэрчээр мэдүүлсэн “...шаргал өнгийн Iphone маркийн гар утас гаргаж ирсэн. Тэгэхээр нь би гар утсаа хэдэн төгрөгөөр зарах юм, надад 280 000 төгрөг байна гэтэл тэр залуу байгаа мөнгөндөө худалдаж ав надад гар утсаа 280 000 төгрөгөөг худалдсан. Тэр залуугаас би энэ утас чинь хулгайн юм биш биздээ гэтэл биш ээ эгчээ гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр няцаагдаж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-аас 280 000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ш-д олгохоор шийдвэрлэв.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 23 хоногийн хугацаагаар тогтоох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Э.Сайханаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Шүүгдэгч Б.Э-ын холбогдсон гэмт хэрэгт хохирогчийн буруутай, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайн үед хохирогч Д.О нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Шүүгдэгч Б.Э нь шүүхийн шатанд хохирогч Д.О-ад 2 000 000 төгрөгийг нөхөн төлсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э-ын холбогдсон хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан байдаг. Шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.О-ад учирсан хохиролыг нөхөн төлсөн. Иймд шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.О-д учруулсан хохиролыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин хохирогч Д.О нь уг гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байсан боловч тэрээр өөрийн эд хөрөнгөд хохирол учрахыг мэдэх боломжгүй байсан тул уг гэмт хэрэг үйлдэгдэхэд түүний зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Э.Сайханаагаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “...Шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.О-ад учирсан хохиролыг нөхөн төлсөн. Иймд шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж заасан ба уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт юм.
Шүүгдэгч Б.Э-ын хувийн байдалд дүгнэлт хийхэд тэрээр урьд нь 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба хамгийн сүүлд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ХМШЗ/36 дугаартай захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон байхад өөрийн засрал хүмүүжилд дүгнэлт хийхгүйгээр шүүхээс тогтоосон дээрх хяналтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул өмгөөлөгч Э.Сайханаагаас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.
Шүүгдэгч Б.Э-ад холбогдох хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 332 320 /гурван зуун гучин хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-н овгийн Б-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.О-ад учирсан хохиролыг нөхөн төлсөн, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 280 000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Шд тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Iphone-8 маркийн 1 ширхэг гар утсыг хохирогч Д.О-ад буцаан олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 332 320 /гурван зуун гучин хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас гаргуулж улсын орлого болгосугай.
10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ