Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2019/0153/З |
Дугаар | 514 |
Огноо | 2022-06-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т********** ” ХХК;
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,
“Т********** ” ХХК нь эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвөөрлийг сунгахаас татгалзсан Ашигт малтмалын, газрын тосны газрын Касдастрын хэлтсийн хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийг сунгаалах өргөдөл гаргах эрхтэй эсэх, хугацаа дуусгавар болгох тухай бүртгэлтэй” холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “Т********** ” ХХК нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Т********** ” ХХК-ийн эзэмших XV-********** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийдвэрийг хууль бус байх тул хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, тус компанийг XV-********** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг /эрхтэй болохыг/ тогтоолгох гэж тодруулж, маргаж байна.
1.2.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр гаргуулж авсан бөгөөд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь шүүх хуралдаан дээр маргасан байдал, тайлбар зэргээс үзэхэд “агуулгын хувьд тус компанийг XV-********** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрхтэй болгохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” үр дагавар үүсгүүлэхээр маргаж байсан тул энэхүү маргааны хүрээнд хянаж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэж байгаа явдал биш болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар
2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараахь үйл баримтыг дурдсан байна.Үүнд:
2.2.Нэхэмжлэгч нь Увс аймгийн Өндөрхангай, Ц********** сумдын нутагт орших Б********** нэртэй газар 2985.38 гектар талбайд тусгай зөвшөөрөл хүссэн NE-********** дугаарт бүртгэсэн өргөдлийг хянаж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийг “Т********** ” ХХК-д олгосон тухай;
2.3.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийдвэрийн талаар;
2.4.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ********** дүгээр албан бичгээр маргаан бүхий актын талаар;
2.5.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийдвэрийг хууль зөрчсөн тул хүчингүй болгохыг хүссэн хүсэлтээ” нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ********** дугаар албан бичгээр гаргасан талаар;
2.6.“Т********** ” ХХК-ийн гомдлын хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/332 дугаар албан бичгээр өгсөн талаар;
2.7.“Т********** ” ХХК нь энэ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох ёстой тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1 сарын өмнө буюу мөн оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө гаргасан байх ёстой байсан талаар;
2.8.Нэхэмжлэгч “Т********** ” ХХК нь 4-6 дахь жилийн хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Маягт К-11-ийн дагуу гаргасан талаар;
2.9.Нэхэмжлэгчийн ********** дугаар албан бичгийн үндэслэлийн тухайд;
2.10.Нэхэмжлэгч нь Увс аймгийн Өндөр хангай сумын Засаг даргад хандан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулах хүсэлтээ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн талаар;
2.11.Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05/08 дугаар албан бичгээр дахин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан талаар;
2.12.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 560 дугаар магадлалын тухай зэрэг болно.
3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Өмнөх шүүх хуралдаанаар хэргийг бүтэн хэлэлцээд нотлох баримтыг шинжлэн судалсан учраас өмнөх бүх тайлбараа дэмжиж байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгуулаагүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хуулийн заалт байхгүй тул Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Өмнөх өргөдлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Хэдийгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөө шүүхийн шийдвэрийн дагуу батлагдсан ч гэсэн сунгах асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгоогүй тохиолдолд сунгуулах хүсэлт гаргах эрх нээгдэхгүй. Өөрөөр хэлбэл дуусгавар болгосон бичилт хүчингүй болж байж сунгуулах эрх нээгдэх учир бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн” гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхцөл шаардлагыг хангаж ажиллах ёстой. Энэ нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгодог. Захиргааны байгууллагын хувьд “Т **********” ХХК-иас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж ирүүлэхийг хүлээсэн боловч ирүүлээгүй тул Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийдвэрийг гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалт нь эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул бүртгэл нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар тусгайлан хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож, өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Энэхүү хэрэгт “Т **********” ХХК нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас эзэмших буй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй гэх” үйл баримтад маргасан болно.
Нэг.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хянасан тухайд:
1.1.Хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийдвэр”-ийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ********** дүгээр албан бичгээр, шуудангаар нэхэмжлэгч “Т********** ” ХХК-д хүргүүлсэн /ХХ-н 41 дэх тал/ байгаа боловч, уг бичгийг нэхэмжлэгч хүлээн аваагүй болох нь Ашигт малтмалын газрын 2018 оны Баримт бичиг хүлээлцэх дэвтрийн “буцалт” гэх тэмдэглэгээ /ХХ-н 56-57, 72 дахь тал/, “Монгол шуудан” ХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ********** дүгээр албан бичгийн хуулбар /ХХ-н 73 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
1.2.Нэхэмжлэгч “Т********** ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт хандан “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийдвэрийг тус албанаас гарсан талаараа мэдэгдээгүй, уг шийдвэр хууль зөрчсөн тул хүчингүй болгохыг хүссэн хүсэлтээ” 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ********** дугаар албан бичгээр гаргасан болох нотлох баримтыг хариуцагчаас гаргаж ирүүлсэн тул “Т********** ” ХХК-ийн уг албан бичгийг Кадастрын хэлтэс нь хүлээж авсан гэдэг нь тогтоогдож байна /ХХ-ийн 58 дахь тал/.
1.3.“Т********** ” ХХК-ийн энэ гомдлын хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ********** дугаар албан бичгээр өгснийг /ХХ-н 78 дахь тал/ нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч “Т********** ” ХХК нь 2015 оноос Увс аймгийн Өндөр хангай болон Ц********** сумдын нутаг дэвсгэрт орших Б**********т нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 2985.38 гектар талбайд хайгуулын ажил явуулах эрх үүссэн болох нь уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /ХХ-н 9-11 дэх тал/, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 145 дугаар шийдвэр /ХХ-ийн 30 дахь тал/ зэрэг нотлох баримтаар;
2.2.“Т **********” ХХК нь энэ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох ёстой тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө буюу 1 сарын өмнө гаргасан байх ёстой болох нь XV-********** дугаартай тусгай зөвшөөрөлд бичсэн огноогоор/ХХ-н 28 дахь тал/;
2.3.Нэхэмжлэгч “Т********** ” ХХК нь 4-6 дахь жилийн хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Маягт К-11-ийн дагуу гаргасан болох нь хариуцагч Кадастрын хэлтсээс гаргаж өгсөн уг баримтаар /ХХ-н 43 дах тал/;
2.4.Мөн Маягт К-11-ийн хамтаар мөн өдрөөр огноолсон тус компанийн 05/05 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан “ ... хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийн баримт бичгийн бүрдэл болох Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн Өндөр хангай суманд шуудангаар хүргүүлсэн бөгөөд мөн хугацаанд ирээгүй болно. Иймд та бүхэн бидний хайгуулын тусгай зөвшөөрөл снгах өргөдлийг бүртгэн авч, 2018 оны хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нөхөн ирэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөх”-ийг хүссэн хүсэлт хүргүүлж байсан нь /ХХ-н 45 дахь тал/;
2.5.“Т **********” ХХК нь Увс аймгийн Өндөр хангай сумын Засаг даргад хандан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулах хүсэлтээ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн, тус Засаг даргаас төлөвлөгөөг баталж хүргүүлээгүй болох нь тус Засаг даргаас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай албан бичиг /ХХ-н 64 дэх тал/, тус сумын Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн холбогдох хуудасны бүртгэл /ХХ-н 65 дахь тал/ зэргээр;
2.6.Мөн компани нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05/08 дугаар албан бичгээр дахин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар Өндөр хангай, Цагаанхайрхан суманд хүргүүлсэн боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа тул сумдын Засаг дарга нарт хандан албан бичиг хүргүүлж өгөхийг тус байгууллагаас хүссэн” агуулга бүхий бичиг хүргүүлсэн /ХХ-н 46 дахь тал/;
2.7.Увс аймгийн Цагаан хайрхан сумын Засаг дарга нь хандан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө баталж ирүүлсэн талаар талууд шүүхэд маргаагүй;
2.8.Ийм байтал хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийдвэрээрээ “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн Өндөр хангай сумын Засаг даргаар батлуулсан баримт байхгүй” гэх үндэслэлээр ”Т********** ” ХХК-ийн гаргасан эзэмшиж буй XV-********** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн;
2.9.Нэхэмжлэгч “Т********** ” ХХК нь Увс аймгийн Өндөр хангай сумын Засаг даргын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйд нь холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 560 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон /ХХ-н 99-103 дахь тал/;
2.10.Уг магадлалаар “... 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулахаар хүргүүлсэн байхад ... тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзаж, эс үйлдэхүй гаргасан нь “Т **********” ХХК-ийг холбогдох хууль тогтоомжийг зөрчихөд хүргэсэн болохыг” дүгнэсэн;
2.11.Мөн магадлалаар “Т **********” ХХК-ийн эзэмшлийн XV-********** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгасан, энэ нь заавал биелэгдэх хууль зүйн хүчин чадал бүхий эрх зүйн баримт бичиг гэдэг үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
3.1.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
4.1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд мөн зүйлийн 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж заасан байна.
4.2.Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэжээ.
4.3.Нэхэмжлэгч “Т********** ” ХХК нь XV-********** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Маягт К-11-ийн дагуу гаргасан байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацааг 5 хоногоор хэтрүүлсэн байгаа боловч энэ нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд гаргасан тул тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохих сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй хуульд нийцсэн гэж дүгнэж байна.
4.4.Харин Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасны дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж өргөдөлдөө хавсаргаагүй нь Увс аймгийн Өндөр хангай сумын Засаг даргын хууль бус ажиллагааны улмаас болсон болохыг тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 560 дугаар магадлал байна.
4.5.Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас “Т********** ” ХХК нь XV-********** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдахгүй үр дагавар үүссэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 560 дугаар магадлалаар нэхэмжлэгч “Т **********” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн байгаа тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэл арилсан байна.
4.6.Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ гаргасан, мөн Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь тус компанийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн баталж өгөхгүй байгаа талаар Кадастрын хэлтэст хандан бичгээр мэдэгдсээр байхад, хариуцагч уг нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, “Т**********” ХХК-ийг буруутган, тусгай зөвшөөрлийнх нь хүчин төгөлдөр байдлыг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.
4.7.Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 18.1,21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах, өргөдлөө шийдвэрлүүлэх эрхийг сэргээж шийдвэрлэв.
4.8.Харин маргаан бүхий захиргааны акт болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийдвэр гаргах үед нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгаж шийдвэрлэх хууль зүйн хувьд боломжгүй байсан гэж үзэж, буруутгах үндэслэлгүй байгаа ч уг 305 дугаар шийдвэр болон уг тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь эдгээр шийдвэрүүдийн эрх зүйн үйлчлэл байж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны эрхийг сэргээхэд саад учруулах эрх зүйн зүйн үр дагавартай тул шүүх эдгээр шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.5, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т********** ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Т **********” ХХК-ийн XV-********** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 305 дугаар шийдвэр болон уг тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тус компанийг XV-********** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.
2.Нэхэмжлэгч “XV-********** дугаар тусгай зөвшөөрөл сунгах асуудлыг дахин шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Т **********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ