Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1350

 

МАГАДЛАЛ

 

2018.06.08                                                     Дугаар 1350                                Улаанбаатар хот

 

 

 

 

М.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00555 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч АХЦ ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00829 дүгээр шийдвэрээр М.Л-г АХЦ ОНӨААТҮГ-ын газар зохион байгуулалт, гэрээний мэргэжилтний ажил албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл АХЦ ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинг НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр        3 881 360 төгрөг авсан. М.Л-г АХЦ ОНӨААТҮГ-ын газар зохион байгуулалт, гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг гүйцэтгээгүй тул 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны хүртэлх ээлжийн амралт болон ажилгүй байсан хугацааны цалин 7 993 485 төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Үйлдвэрийн газарт санхүүжилт байхгүй, ажилчид цалингүй 6 сарын турш ажилласан, цаашид ажиллах нөхцөл байдал хүнд байсан учир М.Л нь үйлдвэрийн газарт өргөдөл гаргаж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Нийгмийн даатгалын сангаас ажлаас халагдсаны тэтгэмж авах нөхцлийг бүрдүүлэхийн тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар чөлөөлж өгөхийг хүсч тушаалаа гаргуулсан. Гэсэн ч шүүхдэж 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа эгүүлэн тогтоолгох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш үйлдвэрийн газрын холбогдох хүмүүстэй уулзаагүй, утас нь холбогдохгүй байсаар 2017 оны 11 сар хүрсэн. 2017 оны 11 сар хүртэл газар зохион байгуулалт, гэрээ хариуцсан мэргэжилтний орон тоог үйлдвэрийн газар хадгалж, удаа дараа холбогдох гэсэн боловч гадаад явсан учир ажлын зайлшгүй шаардлагаар Үйлдвэрийн газар газар зохион байгуулалт, гэрээ хариуцсан мэргэжилтэн шинээр авч үйлдвэрийн газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Иймд дээрх ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралт, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АХЦ ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 7 857 748 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Л-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 135 737 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Л-ийн ажилгүй байсан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг АХЦ ОНӨААТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М.Л нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч АХЦ ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 140 674 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 829 дугаартай шийдвэрээр М.Л-г ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсноор ажилтныг ажлаас халсан тушаал хүчин төгөлдөр бус болж, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарснаар ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилдаа ирэх үүрэгтэй байсан боловч М.Л нэг ч удаа ажилдаа ирээгүй, ажилдаа эргэн орох шаардлагыг хариуцагчид тавьж байгаагүй гэдгээ анхан шатны шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд мэдэгдсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох АХЦ ОНӨААТҮГ-ын хүний нөөцийн менежер н.М  шүүхэд гаргасан тайлбартаа М.Л-тэй холбогдох гэж утсаар нь удаа дараа залгасан боловч утас нь холбогддоггүй, авдаггүй байсан гэсэн байдаг. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс бидэнд хандан шүүхийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргиийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 829 дугаартай шийдвэрийн дагуу М.Л-д төлөх төлбөрийг төл гэсэн шаардлагыг тавьдаг боловч ажилд нь буцааж ав гэдэг шаардлагыг огт тавьж байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103.3 дахь хэсэгт "Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч нь урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно" гэж заасан байдаг талаар бид 2017 оны 09 сард хуульчаас зөвлөгөө авч мэдсэн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/40 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоосон байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь 2017 оны 09 сараас 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсад байгаагүй гэдэг нь нотлогдсон байдаг. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зүгээс 2017 оны 09 сарын 27-ны өдрийн Б/40 тоот тушаалыг гаргаснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзнэ. М.Л нь 2016 оны 11 сард ажлаас гарах хүсэлтээ даргад илэрхийлсэний дагуу түүнийг Хөдөлмөрийн хуулийн 39.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч ажилтан даргад хандан хүсэлт гаргаж, нийгмийн даатгалын газраас тэтгэмж авах гэсэн юм, тушаалыг 40.1.1 гэсэн үндэслэлээр гаргаж өгөөч гэсэн тул байгууллагын зүгээс ажилтны ашиг сонирхлыг бодож, тушаалаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т гэсэн үндэслэлээр гаргасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч АХЦ ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн    утсаар нь удаа дараа залгасан боловч утас нь холбогддоггүй, авдаггүй байсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч М.Л-г хариуцагч байгууллагын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/125 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 18 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.9.5, 6.11 дэх заалтыг тус тус заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлжээ. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 181/ШШ2017/00829 дугаарт шийдвэрээр түүнийг өмнөх ажилд нь тогтоосон, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон зэрэг үйл баримт тогтоогдсон тухайд талууд маргаагүй. /хх-6,50/

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй явдал нь М.Л-г шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болжээ.

Учир нь хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийг “газар зохион байгуулалт, гэрээний мэргэжилтний албан тушаалд томилох” тухай тушаал гаргасан үйл баримт тогтоогдож байгаа боловч гаргасан тушаалыг нэхэмжлэгчид гардуулах ажиллагаа хийгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч танилцсан болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй болно. /хх-43/

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил арилаагүй байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140 674 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

         ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ