Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 23

 

Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0023/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор М.Мэндбаяр, 

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаярын эсэргүүцлээр Б-д холбогдох эрүүгийн 2040000000045 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Дархан суманд 1981 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, “Их оч” ХХК-д тэсэлгээчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 8-816 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Д овогт Ц-н Б-

2020 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө 22 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 8-816 тоотод З-г хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн доод хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн 2040000000045 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Б-ын 2020 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө 22 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 8-816 тоотод З-г хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн доод хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 25 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хохирогч З-гийн “...би 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ...Э-тэй архи уусан. ...Э бид хоёр ууж байсан архиа дуусгалгүй согтоод тасарсан. ...сэрсэн чинь Бор-Өндөр сумын эмнэлэгт ирсэн байсан. Юу болоод ямар шалтгаанаар ирсэн гэдгээ мэдээгүй. ...маргааш нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө Б-д хутгалуулсан гэдгээ мэдсэн. ...Б-ын эхнэр надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

Гэрч О-н “...З-г Б- хутгаар хатгасан гэж байсан. Гэхдээ хаана, яаж хатгасныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч А-н “...Б- ганцаараа З-гийн гэрээс гараад өөрийнхөө гэр рүү орчихоод эргээд гараад ирсэн. З-гийн гэр рүү орохоор нь араас нь дагаад ортол З-гийн хэвлийд хутгалчихсан байсан. З- гэрийнхээ хойд талд газраар хэвтэж байсан. Хэвлийгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,  

Гэрч Э-н “...би З-гийн гэрийн гадаа өөрийнхөө машинд унтаж байсан. ...сэрээд З-гийн гэрт орсон чинь О, Ш, А нар хүүхдүүдтэй байж байсан. З-, С хоёр байгаагүй. Эмнэлэг явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Гэрч Ш-н “...Б- З-гийн гэрээс гараад өөрийнхөө гэр рүү орчхоод эргээд гараад ирсэн. З-гийн гэр рүү орохоор нь араас нь бид нар дагаад ортол З-гийн хэвлийд хутгалчихсан байсан. З- гэрийнхээ хойд талд газраар хэвтэж байсан. Хэвлийнээс нь цус гарч байсан. ...Б-, З- хоёрыг муудах үед дэргэд нь Б-ын эхнэр байсан. Өөр хүн байгаагүй. А, С бид гурав гаднаас орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

Гэрч С-н “...Б- манай гэрээс гараад өөрийнхөө гэр рүү орсон. Удалгүй гэрээсээ гарч ирээд манай гэр рүү орсон. ...Ш, А бид гурвыг гэрт ортол нөхөр маань гэрийн хойд талд хэвтэж байсан. Хэвлийн хутгалуулсан гээд цус гарч байсан. Манай нөхрийг Б- хутгалсан байсан. Намайг гаднаас орж ирэхэд З- “Б- намайг хутгалчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар Б-ын хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь нотлогдож тогтоогдсон байхад анхан шатны шүүх Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн нь дангаараа шүүгдэгчийн гэм бурууг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн прокурорын шатанд Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч З-д хохирол төлсөн баримтаа хавсарган 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дахь хэсэгт заасан журмыг танилцуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах тухай тогтоол үйлдэж, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулах ялын саналыг яллагдагчид танилцуулсан бөгөөд яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурсан тул яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.   

Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан, яллагдагчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн атлаа цаашид хэрэгт ямар нөхцөл байдлыг шалган тогтоох, ямар ажиллагаа дутуу хийсэн болохыг үндэслэлдээ тодорхой тусгаагүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжтой, тодорхой байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаярын эсэргүүцлээр Б-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Яллагдагч Б- нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт хүсэлт гаргасны дагуу хяналтын прокурор М.Мэндбаяр “хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай тогтоол гаргаж, Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүх “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх“ зэрэг нөхцөл байдлуудыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан байна.  

Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байхад анхан шатны шүүх “Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, түүний гэм буруугаа хүлээсэн нь дангаараа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийг үндэслэл болохгүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахдаа цаашид ямар нөхцөл байдлыг шалган тогтоох, ямар ажиллагааг дутуу хийсэн талаар тодорхой тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд энэ талаар гаргасан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                           

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА