Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321003590055 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт өөрийн үхэр сүрэгт нийлсэн байсан иргэн эзэмшлийн 1 тооны улаан зүсмийн гунжин үхрийг зохих төрийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй ашиг олох, худалдан борлуулах зорилгоор бусдын үхрээр сольж борлуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн үхэр сүрэгт нийлсэн хохирогч 1 тооны улаан зүсмийн гунжин үхрийг төрийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, ашиг олох зорилгоор Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт бусдын үхрээр сольж борлуулсан болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...миний хувьд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр надаас миний ихэр “Зарах сувай үнээ байна уу” гэхээр нь эзэн нь олдохгүй байсан нэг тооны үхрийг өгөхөөр болж маргааш нь машинтай ирээд манай гэрээс өөрийнхөө 2 тооны үхрийг үлдээгээд манай үхрээс эзэн нь олдохгүй байсан улаан халзан зүсмийн нэг тооны үнээг авч явсан. ...махны үйлдвэр дээр нэг тооны үхрээ зарах гэтэл тэнд байсан залуу гэгчийн үхэр болохыг таньж, удалгүй гэгч нь ирээд үхрээ авна гэхээр нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим гэх хүн над руу утсаар яриад “Би ******* сумын 5 дугаар багт байрлах мах нядалгааны төв дээр явж байна, таны им, тамгатай 1 тооны үхрийг нядалгаанд оруулах гэж байна” гэж хэлсэн. Ингээд би эхнэр хамт ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг мал махны худалдаа, нядалгааны газарт очиход миний эзэмшлийн хөмсөг цагаан улаан зүсмийн гунжин үнээ /баруун чих ухам, зүүн чих сам имтэй, зөв талын ташаан дээр онгин тамгатай үхэр/ маань нядалгаанд орох гээд хашаан дотор байсан. Би миний эзэмшлийн үхрийг нядалгаанд оруулах гэж байгаа хүмүүсээс болсон асуудлыг тодруулахад янз бүрийн худал юм яриад байсан. Тухайлбал тугалтай үнээгээр сольж авсан, танихгүй хүнээс худалдан авсан гэх талаар худал яриад байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/,

гэрч “... манай үхэрт байсан өөрийнхөө эзэмшлийн ухаа зүсмийн шүдлэн гунж, алаг зүсмийн эр шүдлэн, хар зүсмийн үнээ, ухаа халзан охин тугал гээд миний үнээтэй нийлээд 5 тооны үхрийг миний дээр ачаад гэрээс хөдөлсөн. Тухайн үед болон ******* нар нь хоорондоо үхэр сольж борлуулах талаар ярилцсан байсан. Ингээд ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах *******ын гэрт ирээд тугалтай эвэртэй хар үнээг ******* буулгаж өгөөд *******аас эвэртэй улаан халзан зүсмийн үнээг миний машин дээр ачиж мах нядалгааны цэгт авчирч бүртгүүлээд байтал удалгүй тод манлай уяач гэх хүн эхнэртэйгээ ирээд *******ын ачуулж өгсөн улаан халзан зүсмийн үхрийг миний үнээ байна гээд маргаан болоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

гэрч “...Одоогоос 2 хоногийн өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай нөхрийн ихэр болох Г. нь нөхөр бид хоёрт “зах зээлд борлуулахаар сувай үнээ байна уу” гэж асуухаар нь нөхөр бид хоёр хоорондоо 500,000 төгрөгөөр худалдан авсан алдуул үнээгээ Г.д өгөөд оронд нь тугалтай үнээ Г.ээс авъя гэж ярилцсан. Ингээд тухайн өдөр Г. өөрийнхөө үхрээс тугалтай үнээгээ авчирч солихоор , манай нөхөр *******, мөн нар Булган сумын нутаг “ ” гэх газар руу яваад өчигдөр 13 цагийн орчим малын сууриас өөрийнхөө эзэмшлийн улаан эрээн зүсмийн охин тугалтай эвэртэй хар зүсмийн үнээг ачиж авчирч манай гадаа буулгаад манай үхрээс эрээн нүүртэй улаан зүсмийн үнээг ачаад зах зээлд борлуулахаар ******* сумын 5 дугаар баг, “” гэх газарт байх мал махны нядалгааны цэг рүү борлуулахаар манай нөхөр ******* түүний ихэр Г. эхнэр болон Батсайхан эхнэр Зандан нарын хүмүүс явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

гэрч “... улсын дугаартай, цэнхэр өнгийн машин бой руу орж ирээд зогссон. Тухайн машины тэвшин дээр 3 тооны үхэр ачсан байсан шиг санаж байна. Үхрүүдээ буулгахад гуайн им тамгатай улаан эрээн нүүртэй шүдлэн гунж буугаад ирсэн. Би очоод энэ ахын үхэр байна, та нар хаанаас яаж авсан юм гэхэд нэг өндөр ах хүнээс сольж авсан гэсэн. Би энэ үхрийг аваад өөр үхэр өгье гэхэд үгүй гээд байсан. Би ах руу залгаад “танай им тамгатай үхэр бойн дээр ирсэн байна, та ирж үз” гэхэд ах удахгүй ирээд тэнд байсан хүмүүстэй уулзсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

гэрч Г.ийн “...Миний бөөр өвдөөд байдаг учир Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан юм. 09 дүгээр сарын 11-ний өдөр би *******ын гэрт байхад тэдний үхэр цуваад ирж байсан. Үхрийг нь харахад нэлээн хэдэн сувай үнээ байх шиг байхаар нь ихэр ******* танайд зарж борлуулах сувай үхэр байна уу, манай үхрүүд бүгд тугалтай тул зарж борлуулах юм байхгүй байна, би Улаанбаатар явж эмчилгээ хийлгэх гээд байна, зарж борлуулах үхэр байвал надтай нэг тугалтай үнээгээр сольчих гэхэд байгаа гэсэн. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 12-ны өглөө эрт эхнэр гийн хамт хүргэн руу аймгийн төвөөс 45 км зайд гэх газар руу очиж цэнхэр өнгийн машин дээр өөрийн зүүн чих догол имтэй, баруун чих бирктэй, хар хүрэн зүсмийн хязаалан насны үхэр, мөн адил бирктэй ухаа алаг зүсмийн тугалын хамт ачаад *******ын гэрийн гадна буулгасан. ******* тухайн үед гэрийн гадна байх үхэр дундаасаа улаан халзан зүсмийн үхэр өгсөн. Би имийг нь хараагүй. Надад тэр үхрийн талаар ярьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

гэрч “...Надад болон манай багийн зохион байгуулагчид иргэн *******, нар манай үхэрт 1 тооны үхэр нийлсэн талаар бүртгүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

гэрч “...Би Дорнод аймгийн Цагдаагийн газарт ажиллаад 9 жил болж байна. Би уг албан тушаалд буюу ******* сумын 1 болон 5 дугаар багийг хариуцан хэсгийн байцаагчаар 3 жил ажиллаж байна. Надад иргэн ******* өөрийн үхэрт ямар нэгэн үхэр мал уруудаж ирсэн талаар хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон бусдын өмчлөлийн эзэн тодорхойгүй 1 тооны үхрийг өөрийнх нь үхэрт нийлснээс хойш шүүгдэгч ******* нь холбогдох байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй мөртлөө ашиг олох зорилгоор өөрийн өмчийн адил захиран зарцуулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь хохирогч Д.д 1 тооны үхрийг буцаан өгч хохиролгүй болгосон байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ПАГМА