| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2021/00515/И |
| Дугаар | 138/ШШ2021/00511 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2021/00511
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 6 дугаар байрны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, Хэрлэн сумын 2 дугаар баг Мартын 1-3 тоотод түр оршин суух, ЖЮ90070607 регистрийн дугаартай, Боржигон овогт Ганзоригийн Хонгорзулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 2-5 тоотод оршин суух, ЖЖ86080930 регистрийн дугаартай, Мянган овогт Өлзийбаярын Наранбаярт холбогдох,
Эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн, нэхэмжлэгч Г.Хонгорзул /онлайнаар/, хариуцагч Ө.Наранбаяр /онлайнаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ө.Наранбаяртай 2006 онд танилцан үерхэж байгаад 2007 оны 5 сарын 23-нд хүү Ховор-Эрдэнийг төрүүлсэн. Бид 2007-2008 онд хамт амьдарсан ба таарамжгүй, зан харилцааны доголдлоос болж хөндийрч салсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Салснаас хойш би хүүгээ өөрийн асрамжинд өсгөж бойжуулсан. Аав нь ямар нэг эдийн засгийн дэмжлэг тусламж үзүүлдэггүй. Өнөөг хүртэл хүүгийнхээ өмнө эцэг хүнийхээ үүргийг биелүүлж байгаагүй. Иймд хүү Ховор-Эрдэнэд 18 нас хүртэлх хугацаанд эцэг Ө.Наранбаяраас хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн би хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна.
Бид 2006 онд танилцаж, улмаар хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2007 оны 5 сарын 23-ны өдөх хүү Ховор-Эрдэнийг төрүүлсэн. Хүүг төрснөөс хойш бид 3 сарын хугацаанд хамт амьдраад 2007 оны 8 сараас тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдраад 14 жил болох хугацаанд Наранбаяр хүүдээ санхүүгийн хувьд ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Тийм учраас хүүхдийн тэтгэлгийг хойшлуулах, багасгах боломжгүй. Хүү маань 4 жилийн дараа 18 насанд хүрнэ. Тиймээс хүү Ховор-Эрдэнийн эцэг нь Ө.Наранбаяр мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн би хүүгээ өөрийн асрамжиндаа авах, хуульд заасан журмын дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах саналтай байна гэв.
Хариуцагч Ө.Наранбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Хонгорзулын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би хүү Ховор-Эрдэнэдээ хуулийн дагуу тэтгэлэг төлнө. Ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Түүнчлэн Ө.Наранбаяр миний бие маргааш хөдөө явна. Мөн ковид-19 халдварын улмаас нааш цааш явах хүндрэлтэй байгаа тул шүүх хурлыг өнөөдөр /2021.07.07-нд/ хийж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би хүүтэйгээ холбоотой байдаг, хүү маань ч гэсэн ирж, очоод явдаг. Тусдаа амьдарч байх хугацаанд санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж байгаагүй гэдэг нь үнэн. Миний хувьд ар гэрийн амьдрал тааруу болохоор мөнгөн дэмжлэг үзүүлж чаддаггүй юм аа. Одоо ажилгүй байгаа ч гэсэн удахгүй ажилд ороод хүүхдийн тэтгэлгийг төлнө гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Хонгорзул нь хариуцагч Ө.Наранбаярт холбогдуулан Эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон бөгөөд хариуцагч Ө.Наранбаяр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан болно. (хх 1, 13 тал)
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Хонгорзул, хариуцагч Ө.Наранбаяр нар нь 2006 онд танилцаж, улмаар 2006 оноос 2007 оны 08 дугаар сар хүртэл гэрлэлтээ гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагад бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү Х.Ховор-Эрдэнэ төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн 335 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийг эрүүл бойжиж байгаа тухай Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 5-6, 13 тал)
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилсан.
Хариуцагч Ө.Наранбаяр нь хүү Х.Ховор-Эрдэнийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Х.Ховор-Эрдэнийн төрсөн /биологийн/ эцэг Ө.Наранбаяр мөн болохыг тогтоож, хүү Х.Ховор-Эрдэнийг ээж Г.Хонгорзулын асрамжинд үлдээж, хүүг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Ө.Наранбаярт үүсч байгаа, нөгөөтэйгүүр хариуцагч нь тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг үндэслэн хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Ө.Наранбаярт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Хонгорзул нарт тус тус даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 728 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Наранбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 195 728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Хонгорзулд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, ЖЮ07252313 регистрийн дугаартай хүү Х.Ховор-Эрдэнийн төрсөн /биологийн/ эцэг Мянган овогт Өлзийбаярын Наранбаяр /ЖЖ86080930/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Х.Ховор-Эрдэнийг эх Г.Хонгорзулын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Х.Ховор-Эрдэнийг 16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ө.Наранбаяраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Г.Хонгорзулд даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд хэвээр үлдсэн болохыг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Ө.Наранбаярт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Хонгорзулд тус тус даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 728 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Наранбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 195 728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Хонгорзулд олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА