Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2021/01180

 

                                 2021         05           20     

             184/ШШ2021/01180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 11,414,940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.ФХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Б.Бгээс түрээсийн төлбөрт 11.344.740 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 184/ШЗ2020/06823 дугаар захирамжаар Б.Б нь хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01692 дугаар захирамжаар Б.Бг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоосон. С.ФХХК нь Б.Бтэй 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж барилгын ажилд шаардлагатай 74 ширхэг эд материалыг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 20 хоногийн хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөрт 325,600 төгрөг, барьцаа 300,000 төгрөг, нийт 625,600 төгрөгийг төлсөн. Бараа материалыг үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх тооцоогоор нийт 74 ширхэг бараа материалыг 297 хоногийн хугацаанд түрээсийн нийт төлбөр 5,160,760 төгрөг, дутаасан 74 ширхэг барааны нийт үнэ 3,028,000 төгрөгийг нэмж нийт 8,188,760 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 325,600 төгрөг, мөн барьцаа болох 300,000 төгрөгийг нийт 625,600 төгрөгийг хасаад 7,563,160 төгрөгийг өр төлбөртэй байна. Түрээсийн алдангийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 297 хоногийн хугацаанд хоногийн 0,5 хувиар тооцож үзэхэд 11,231,293 төгрөгийн алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7,563,160 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 3,781,580 төгрөгийг нэмж нийт 11,344,740 төгрөгийг Б.Бгээс нэхэмжилж байна. Иймд Б.Бгээс түрээсийн үлдэгдэл болон дутаасан барааны төлбөрт 7,563,160 төгрөг, алданги 3,781,580 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70,200 төгрөг нийт 11,414,940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баатар овогтой Баярхүү миний бие нь С.ФХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан барилгын эд материал түрээсэлсэн. Уг гэрээг “Хар-Үжин” ХХК-ийн өмнөөс байгуулахаар очиход “Стандарт форм” ХХК-ийн талаас компанитай гэрээ хийхгүй гэсэн учраас аргагүй эрхэнд гэрээ байгуулсан. Барилгын эд материалыг түрээсэлсэн гол зорилго нь “Хар-Үжин” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 200 хүүхдийн ортой улсын цэцэрлэг барих барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр гэрээ хэлэлцээр хийн цэцэрлэгийн барилгын ажилд суурийн цутгалтын ажил гүйцэтгэхээр болсон. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу тээвэрлэлт хийн ажил эхэлсэн. Гэвч 2019 оны 7 дугаар сард барилгын ажил эхлээд удаагүй, барилгын цутгалтын ажил явагдаж байхад арматурын туслах ажилтан хөл дээрээ арматур төмөр унагаан бэртсэний улмаас Сүхбаатар аймгийн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг зогсоож, 2019 оны 10 дугаар сарын дунд үеэс барилгын ажил дахин эхэлсэн. Гэтэл барилгын ажил хийгдэх технологийн улирал дуусан 11 сар болж 2020 оны 3 дугаар сарыг хүртэл хүйтний улирлын шинж чанартайгаар ажил зогссон. Эрдэнэцагаан сумын цэцэрлэгийн ажил эхлэх хугацаанаас өмнө буюу 2020 оны 02 дугаар сард ковид цар тахлын улмаас барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Барилгын ажилд шаардагдах 74 ширхэг эд материал нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хүлээн авсан тоо ширхэгийн дагуу ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байгаа учраас нэхэмжлэгч талд буцаан өгөх хүсэлтэй байна. Давагдашгүй олон хүчин зүйлсээс шалтгаалан барилгын ажил явагдаагүй, мөн “Хар-Үжин” ХХК-иас гэрээний төлбөрөө авч чадаагүй байх тул төлбөр төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэгч С.ФХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүн болох 11,344,740 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.ФХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан түрээсийн төлбөрт 4.535.160 төгрөг, түрээслүүлсэн эд хөрөнгийн үнэ 3.028.000 төгрөг, алдангийн төлбөрт 3.781.580 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70.200 төгрөг, нийт 11.414.940 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Б нь түрээсийн гэрээг бусдын өмнөөс байгуулсан, мөн давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлбөр төлөх боломжгүй болсон, эд зүйлийг биет байдлаар буцааж өгөх боломжтой учир үнийг төлөхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч С.ФХХК нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, барилгын ажилд хэрэглэгдэх 74 нэр төрлийн эд хөрөнгө / 20х20 хэмжээтэй 12 ширхэг дотор булан, 30х1200 хэмжээтэй 42 ширхэг хэв хашмал, 45х1200 хэмжээтэй 20 ширхэг хэв хашмал /-ийг 20 хоногийн хугацаанд хариуцагч Б.Бгийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч Б.Б нь 20 хоног эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашигласны төлбөрт 325.600 төгрөгийг нэхэмжлэгч С.ФХХК-д төлөхөөр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан ба эд зүйлийг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Б.Бд хүлээлгэж өгсөн байна. /хх 45 дугаар тал/ 

Хариуцагч Б.Б нь дээрх 74 нэр төрлийн эд хөрөнгийг ашиглаж барилгын ажил гүйцэтгэх, ийнхүү аж ахуйн зориулалтаар эд хөрөнгийг ашигласны үр шимийг хүртэх зорилготой байсан, харин нэхэмжлэгч С.ФХХК нь тоног төхөөрөмжийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байсан зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч Б.Б нь уг гэрээг байгуулах хүсэл зориггүй байсан, бусдын өмнөөс гэрээ байгуулсан хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тэрээр эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийн хувьд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-нд гарын үсэг зуржээ. / хх 42-43 дугаар тал/

Нөгөө талаас, “... хуулийн этгээдийн гэрчилгээ, итгэмжлэл гэх мэт баримт байхгүй буюу тухайн компанийг хуулийн дагуу төлөөлөх эрхгүй этгээд байвал компанийн хувиар тухайн этгээдтэй гэрээ байгуулах боломжгүй байдаг ... ” гэх нэхэмжлэгч С.ФХХК-ийн тайлбар, “... би С.ФХХК дээр очоод Хар-Үжин ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулах гэхэд татгалзсан, тэгээд Хар-Үжин ХХК-тай ярихад намайг гэрээ байгуулчих гэж гуйсан ... ” гэх хариуцагч Б.Бгийн тайлбараас үзвэл тухайн үеийн нөхцөл байдлыг хариуцагч Б.Б ойлгосон, гэрээнээс бий болох үр дагаврыг өөрөө хариуцна гэдгээ ухамсарласан байна. / хх 60-64дүгээр тал/

Талууд түрээсийн гэрээний хугацааг 20 хоногоор тогтоосон байх ба улмаар хэн аль нь цуцлах саналыг бичгээр гаргаагүй бол цаашаа тодорхойгүй хугацаагаар сунгагдах, эд зүйлийг буцааж өгснөөр хугацаа дуусгавар болохоор бичмэл гэрээний 1.3-т харилцан тохиролцжээ. Өнгөрсөн хугацаанд гэрээг цуцлах хүсэлтийг хэн аль нь гаргаагүй ба нэхэмжлэгч С.ФХХК 2020 оны 4 сарын 23-ны өдөр шүүхэд хандсанаар гэрээг цуцлах хүсэл зоригоо анх илэрхийлсэн байна. /хх 1-2 дугаар тал/

Дээрх хугацааны түрээсийн төлбөр болон гэрээгээр харилцан тохиролцсон алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй юм. Гэвч хариуцагч Б.Б нь энэ хугацаанд төрийн эрх бүхий байгууллага зөрчлийн улмаас барилгын ажлыг зогсоосон, цар тахал бий болсны улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон хэмээн тайлбарлаж байгаагаас зарим хэсэг нь үндэслэлтэй боловч зарим хэсгийг шүүх хүлээж авах боломжгүй байна.

Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй байдаг. Энэ үүргийг шүүх 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрүүдэд тус тус дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. /хх 21, 52 дугаар тал/

Түүнчлэн, шүүх С.ФХХК-ийн нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Хариуцагч Б.Б нь өмгөөлөгч Д.Ганбаттай 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулж, мөн өдрөөс өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Шүүхийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр эрх бүхий байгууллагаас гаргаагүй ба шүүх цахим болон бусад хэлбэрээр талуудын хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч байсан болно.

Дээрх тохиолдолд, “... Сүхбаатар аймгийн цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын ажлыг зогсоосон...” гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлох үйлдэл хийгээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзнэ.

Нөгөө талаас, хариуцагч Б.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... барилгын ажлыг 7 дугаар сард Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас зогсоосон, 10 дугаар сараас барилгын ажил эхэлсэн ...” гэжээ. Гэтэл хариуцагч Б.Б нь анх түрээсийн гэрээ байгуулахдаа 20 хоног буюу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг байгуулсан байна. Үүнээс үзвэл, хариуцагч Б.Б үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй явдал нь 2019 оны 7 дугаар сард эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг зогсоосонтой шууд шалтгаант холбоогүй байна. Түүнчлэн, хариуцагч Баярхүүгийн тайлбараас үзвэл хэн нэгний үйлдэл /бригадын ажилтан хөл дээрээ арматур унагаан бэртсэн гэх/-ийн улмаас эрх бүхий байгууллага барилгын ажлыг зогсоосон гэжээ. Энэ нь давагдашгүй хүчин зүйлд тооцогдохгүй ба үүргийн гүйцэтгэлээс татгалзаж болдог давагдашгүй хүчин зүйл гэдэг нь хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйн нөлөөлөлгүй үүссэн нөхцөл байдлыг хэлдэг байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эхний өвчлөл 2019 оны 12 дугаар сард анх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ухань хотод бүртгэгдсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт мөн тул дахин нотлох шаардлагагүй.

Хариуцагч Б.Б нь хөдөө орон нутагт барилгын ажил гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө түрээсэлсэн, энэ талаар талуудын хооронд байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний 1.7-д: “Түрээсийн эд хөрөнгийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барихад ашиглана ” хэмээн тодорхой тусгасан байна. Эрх бүхий байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой орон нутгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан, хариуцагч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох тохиолдол мөн юм. Энэ тохиолдол нь гэрээг өөрчлөх боломжгүй нөхцөл байдал мөн тул хариуцагч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна. Ийнхүү хариуцагч Б.Бгийн хариу тайлбарын энэ хэсэг үндэслэлтэй байх тул түрээсийн төлбөр, алдангийн хэмжээг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар бус 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар бодох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ээр 74 нэр төрлийн эд хөрөнгийг 20 хоногийн хугацаанд түрээсэлсний хариу төлбөрт 325.600 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Нэг хоногийн түрээсийн төлбөр 16.280 төгрөг болох ба 2019 он 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 233 хоногийн төлбөр 3.793.240 төгрөг болж байна. Нэхэмжлэгч С.ФХХК нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 20 хоногийн түрээсийн төлбөрт 325.600 төгрөг, мөн “барьцаа” гэх 300.000 төгрөгийг тус тус гэрээ байгуулсан өдрөө урьдчилан авсан байх тул 300.000 төгрөгийг нийт төлбөрөөс хасаж тооцвол 3.493.240 төгрөг болно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй тул энэ үнийн дүнг хариуцагч Б.Бгээс гаргуулна.

Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр талууд гэрээний 4.2-т харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна. Талууд “Түрээсийн гэрээ”-ний хугацааг 20 хоног байхаар харилцан тохиролцсон байх тул гэрээ нь энэ хугацаагаар буюу 20 хоногийн үечлэлээр цааш сунгагдаж байсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар төлбөр төлөх, төлүүлэх талуудын хүсэл зоригийг гэрээний бусад нөхцөл, ерөнхий агуулгатай харьцуулбал түрээслүүлэгч болох С.ФХХК 20 хоногийн үечлэлтэйгээр төлбөрийг авах хүсэлт зоригтой байсан гэж үзэхээр байна. Иймд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 20 хоногийн үечлэлтэйгээр төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэх ба мөн тухай бүр хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл бий болно.

 Дээрх үнийн дүнгээс талуудын гэрээгээр тохиролцсон алдангийг 20 хоногийн үечлэлээр тооцоход нийт 2.023.604 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ төлөх ёстой үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болдоггүй байна. Иймд хариуцагч Б.Бгээс алдангийн төлбөрт нийт 1.746.620 төгрөг /3.493.240/2/-ийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч Б.Б нь дээрх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч С.ФХХК шүүхэд хандаж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах шаардлагатай болжээ. Хариуцагч хаягтаа оршин суудаггүй бол түүнийг эрэн сурвалжлуулах шаардлага зайлшгүй бий болдог тул нэхэмжлэгчээс гарсан энэ зардал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохиролд тооцогддог. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлахад нэхэмжлэгчээс гарсан 70.200 төгрөгийн зардлыг мөн хариуцагч Б.Б төлөх үүргийг хуулиар хүлээсэн байна.  

Нэхэмжлэгч С.ФХХК нь түрээсийн төлбөр, алдангиас гадна түрээслүүлсэн 74 нэр төрлийн эд зүйлсийн үнэд 3.028.000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байдаг. Энэ үүргээ түрээслэгч биелүүлээгүй бол түрээслүүлэгч мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар өөрт учирсан хохирлыг төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй. Хууль тогтоогч түрээсийн болон эд хөрөнгө хөлслүүлэх гэрээний зохицуулалтад хохирол барагдуулах дараалал, журмыг нарийвчлан заагаагүй боловч энэ талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заажээ. Тухайлбал Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол хохирлыг мөнгөөр нөхөн төлж болдог байна.

Түрээсийн эд зүйл устсан юм уу гэмтсэн, эсхүл эд хөрөнгийг биет байдлаар буцааж авах боломжгүй болсон гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч С.ФХХК болон хариуцагч Б.Б нарын хэн аль нь гэрээг цуцлах санал гаргалгүй гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлүүлсэн байна. Энэ хугацаанд гэрээний үүргийг С.ФХХК шаардаагүй атлаа мөн өдөр шүүхэд хандаж гэрээг цуцалж, түрээсийн төлбөр болон хохирол шаардахдаа түрээсийн эд зүйлийг бус шууд эд зүйлийн үнийг шаардсан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Түрээсийн гэрээ” нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх ба түрээслүүлэгч С.ФХХК нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг буюу тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ байнга эрхэлдэг хуулийн этгээд байна. / хх 9 дүгээр тал/

Нэхэмжлэгч С.ФХХК нь стандарт нөхцөл бүхий гэрээг нөгөө талд санал болгохдоо гэрээний 3.8 болон 4.1-д: “ гэрээний хугацаа дуусмагц эд хөрөнгийг баримтаар хүлээлгэж өгнө. Эд хөрөнгийг дутагдуулсан бол 2 дахин нэмэгдүүлсэн үнээр төлж хохирлыг барагдуулна.” гэх нөхцөлийг санал болгож, эд зүйлийг шаардан авах бус шууд хохирлыг шаардан авахаар гэрээ байгуулсан, улмаар энэ үндэслэлээр эд зүйлийг бус үнийг нэхэмжилсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д: “нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн”, 202.2.5-д: “Гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон” бол тус тус хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчиж байна. Үлдэх хэсэг нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д зааснаар хүчин төгөлдөр байна.   

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.ФХХК анх удаа гэрээг цуцлах санал гаргаж /гэрээний 1.3-д гэрээг цуцлах саналыг бичгээр гаргахаар заасан/, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нөгөө талд эд зүйлийг буцааж өгөх үүргээ гүйцэтгэх боломж олголгүйгээр шууд үнийг нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн эд зүйлийн үнэ төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. Харин энэ шийдвэр нь эд зүйлийг биет байдлаар нэхэмжлэх, эсвэл үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бодитоор бий болсны дараа түүний үнийг төлүүлэх нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хариуцагч Б.Бгээс түрээсийн төлбөр, алданги болон хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал нийт 5.310.060  төгрөгийг гаргуулан С.ФХХК-д олгож, эд зүйлийн үнэд 3.028.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа 3.411 төгрөгийг илүү төлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн төлбөрийг улсын төсвийн орлогоос, хариуцагчийн төлөх төлбөрт ногдох тэмдэгтийн хураамжийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэлээр хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Б.Бгээс 5.310.060 төгрөгийг гаргуулан С.ФХХК-д олгож, нэхэмжлэлээс 6.104.880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201.000 төгрөгөөс 197.589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3.411 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 99.911 төгрөгийг хариуцагч Б.Бгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.ФХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ХИШИГБААТАР