Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 24

 

 

Г-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0024/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Ж.Батбаатар,   

Шүүгдэгч Г- нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эсэргүүцлээр Г-д холбогдох эрүүгийн 2039000350108 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 1982 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр баг Жаргалантын 11 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, урьд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнсэж шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Д-н Г нь

2019 оны 10 дугаар сарын 23-ны орой Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Улаан бургас” гэх газарт Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марган түүний нүүрэнд нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ас 4600000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 21-ний дотор гаргуулж хохирогч Д-д олгохыг даалгахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Г-н 2019 оны 10 дугаар сарын 23-ны орой Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Улаан бургас” гэх газарт иргэн Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марган түүний нүүрэнд гараараа цохих хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Учир нь Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон атлаа ял шийтгэх оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эсэргүүцлээр Г-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Г- нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны орой Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Улаан бургас” гэх газарт Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марган түүний нүүрэнд нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны  10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий  аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Улаан бургас” гэх газарт ...Г-д зодуулсан. ...миний хоёр нүд хөхөрч, зүүн нүдний торлог бүрхүүл гурван газар урагдсан. ...эмчилгээний зардалд 5639300 төгрөг зарцуулснаас 3707595 төгрөгийг нийгмийн даатгалаас хөнгөлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ. ...сэтгэл санааны хохирол 3000000, эмчилгээний зардал 1931705 төгрөг, нийт 5000000 төгрөг нэхэмжилнэ. ...Г- хохирлыг төлж барагдуулбал надад нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/

Гэрч Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 10 дугаар сарын 21-ний орой Г-, Д- нарын хамт Батширээт суманд явж байхад ...Д- согтчихоод Г- бид хоёрт агсан тавиад хэл амаар доромжилж, явж байсан машины жолоог булааж, Г-г машин бариулахгүй байсан. ...Г- Д-г машинаас буулгаад нэг удаа цохисон байх би бол машинаас буугаагүй. ...Д- ер нь архи уухаараа агсан согтуу тавьдаг. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуудас/,

Г-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Д-, Г нарын хамт Хэнтий аймгийн Батширээт сум руу Д-гийн саарал өнгийн “Надя” маркийн автомашинтай явсан. ...Д- уусан архиндаа согтсон. ...айлаас хөдлөөд 2 километр явж байтал Д- намайг “айлын хойморт суудаг хэн бэ, гуйлгачин хүн бол айлын үүдэнд суух ёстой” гэж хэлээд миний араас гараараа зүүн санчиг орчимд цохисон. Мөн хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би “та унт л даа” гэсэн чинь Д- машины жолоо булаагаад ...би өөрөө машинаа барина гээд машин замаас гаргаж аваар осол хийлгэчих гээд байхаар нь би машинаа зогсоогоод “...та хүн алах шахлаа” гээд арын хаалгаа онгойлгоод Д-гийн нүүрэн тус газарт нь цохисон. ...Д- “чи намайг цохидог хэн бэ” гээд араас толгой руу цохиод, зүүн гараараа машины жолоо булаасан. ...Д-г машинаас татаж гаргатал гараараа миний нүүрэн тус газарт цохихоор нь би зөрүүлж цохисон. ...Г Д-г цохиогүй. ....Би Д-г зодож биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг / хх-ийн 19, 71 хуудас/,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай:

...Д-гийн биед зүүн нүдний торлогийн хуулрал гэмтэл тогтоогдлоо...

...Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22 хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна. 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “...Г-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзэв” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж ташаарч бичвэрийн алдаа гаргасан байх бөгөөд тухайн алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс Г-д оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Иймд Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА