Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 536

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э**********” ХХК;

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга;

“Нэхэмжлэгчийн эзэмшил газартай  зэрэгцүүлэн бусдад газар эзэмшүүлсэн нь эрхийг нь зөрчсөн гэсэн үзсэн газрын эрх зүйн харилцааны”  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т**********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

1.1.Нэхэмжлэгч “Э**********” ХХК нь “...“Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ********** дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “К**********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна. 

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1.Энэ хэрэгт, Нийслэлийн Засаг даргын 2015 оны **********, **********, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ********** дугаар захирамжуудын талаар;

2.2.Нэхэмжлэгчийн гэрчилгээ авч, газрыг газрын кадастрын санд бүртгэсэн талаар;

2.3 ”Э**********” ХХК -ийн эзэмших газрын нэгж талбарын дугаарын талаар;

2.4.Гуравдагч этгээд “К**********” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ********** дугаар захирамжаар 10000 метр квадрат газрыг “А **********” ХХК-иас нэр шилжүүлэн авсан талаар;

2.5.Мөн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ********** дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, “үйлдвэрлэл” болгосон талаар;

2.6.Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар захирамжийн талаар;

2.7.Нэхэмжлэгч ”Э**********” ХХК  нь газар дээрээ 12778 метр квадрат хашаа болон 1404  метр квадрат талбайтай барилга барьсан талаар;

2.8.Нэхэмжлэгч ”Э**********” ХХК  нь “К**********” ХХК-ийн эзэмшил газрын хилийн заагийг давж 1315 метр квадрат газарт хашаа барьсан талаар болон бусад үйл баримт хэлэцэгдэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ:  “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ********** дугаар захирамжаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ********** дугаар бүхий 9996.0 мкв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар “К**********” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон байна. Дээрх захирамж нь “Э**********” ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Нийслалийн Засаг даргын А/423 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай 10000 мкв газар үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон захирамж болон Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл, ...31 дүгээр зүйлийн 31.3, ...34 дүгээр зүйлийн 34.6.2, ...35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. “Э**********” ХХК болон “И********** ” хотхонд амьдрах 100 гаруй айл өрхийн иргэдийн төв авто зам руу гаргах ганцхан гүүрэн гарцыг хааж хууль ёсны эрх ашиг сонирхол болон газрын тухай хуулийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ********** дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “К**********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээр газрын гэрчилгээ захиргааны акт биш захиргааны шүүх захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэх учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Энэ хүсэлт хэвээрээ. Гэрээ гэрчилгээ нь Засаг даргын захирамжийг үндэслэж бичигддэг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй баримт бичиг учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч компани “К**********” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэл гаргасан үндэслэлээ газрын давхцалын улмаас давхцалаа арилгах гэж гуравдагч этгээд компанийн газрын эрхийг хүчингүй болгуулж байгаа гэж тайлбарладаг. Манай газрын кадастрын мэдээллийн санг шүүж үзэхэд нэхэмжлэгч гуравдагч этгээдүүдийн газар хоорондоо ямар нэгэн давхцал байхгүй байна. Давхцал байхгүй гэдэг нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг гуравдагч этгээдийн маргаан бүхий газар хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна, энэ нь нотлогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын дагуу шүүх хуралдааны явцад шүүхээс нотлох баримт цуглуулж манай компани ч мөн адил өөрсдөө нотлох баримт цуглуулсан. Нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13-т заасан газар эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах гэж заасан байдаг.  2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын ********** дугаар захирамжаар нэхэмжлэгч компанид 1000 метр газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн. “К**********” ХХК 2016 онд эзэмших захирамж гэрчилгээ нь гарсан байдаг. Өмнө нь 2016 оны 06-р сарын 30-ны өдөр ********** дугаар шийдвэрийг үндэслэж энэ газрыг эзэмшиж байсан.  2020 оны 02-р сарын 27-ны өдөр ********** дугаар захирамжаар 9996 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон. 2016 оны захирамжийн хугацаа дуусаа, газар эзэмших эрхээ сунгуулаад сунгуулсны үндсэн дээр ********** тоот захирамж гарч, уг захирамжийн үндсэн дээр 2020 оны ********** тоот манай компанид газар эзэмших гэрчилгээг олгосон. Гэрчилгээ гарсны дараа 2020 оны 4 дүгээр сард “К**********” ХХК нь үйл ажиллагаа явуулах гэж газрын хэмжилт хийлгэсэн боловч газрын хэсэгт барилга 400 м.кв талбай хэтэрсэн, хашаа 1231 м.кв-ын талбай хэтэрсэн “Э**********” ХХК-ийн эзэмшил газар руу нь орсон байдаг. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үүнийг мэдээд нэхэмжлэгч компанид “манай газрыг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн чөлөөлж өгнө үү” гэсэн мэдэгдлийг манай компанийн зүгээс хүргүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч компаниас “манайх зөвшөөрч байна эвлэрнэ” гэсэн боловч огт эвлэрээгүй. Хугацаа өнгөрөх тусам манай компанийн барилга, бизнесийн үйл ажиллагаа нь удааширч хохирол үүсэх гээд байсан учир дахин яаравчилж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Э**********” ХХК-д “тухайн үеийн улсын газрын дуудлага худалдааны үнээр эвлэрэх санал” хүргүүлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй.  Ингээд нэхэмжлэгч компани нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани нь тэгш байдал, шударга ёсыг хангахгүй байна гэсэн боловч манай компани тэгш байдлыг хангахгүй байгаа зүйл харагдахгүй байна. Иймд нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөөгүй. Нэхэмжлэгч компаниас болоод манай компани тухайн талбайг ашиглах, эзэмших, үр ашигтай эзэмших эрх хаагдсан байсан. Нэхэмжлэгч нь  4.14-т заасан заалтыг зөрчсөн гэж ярьж байгаа боловч манай компани ашиглах эрхээ алдсан байсан. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлдээ “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцаагүй байна” гэснийг зөрчсөн  гэж бичсэн байдаг. Гэтэл манай компанийн газар ямар ч давхцал байхгүй, харин нэхэмжлэгч компани манай компанийн газар дээр хашаа барьж үйл ажиллагаа явуулж байгаа нь манай компанийг эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж, хор уршиг учруулж, гадаадын хөрөнгө оруулалтаар барих байсан барилга саатаж, үүнээс шалтгаалж хүү алданги тооцуулах, гэрээнд үл ойлголцол үүссэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсны дараа энэ асуудлаа шийдвэрлэхээр барилгын ажил хойшилсон байгаа. 34.6.2-т зааснаар 2016 онд “А********** ” ХХК-ийн газраас энэ газрыг манай компани шилжүүлж авсан. Орон сууцны зориулалттай байсан газрыг 2020 онд үйлдвэрлэлийн зориулалттай болгоод үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулалт татсан. Манай компани зориулалттай өөрчилж, гэрчилгээ сунгахдаа холбогдох бүх материалыг бүрдүүлж өгч, зориулалттай өөрчлүүлж, гэрчилгээгээ сунгуулсан. 35.3.5-д заасан заалтыг зөрчсөн гэсэн нэхэмжлэгч талын тайлбарын тухайд манай компани ямар нэгэн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Харин нэхэмжлэгч компани манай компанийн эрх ашгийг зөрчиж үйл ажиллагаа явуулж, бизнесийн үйл ажиллагаанд нь доголдол, хохирол учруулсан байна. Олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай барилгын ажил явагдах гэж байгаад тодорхой хугацаагаар энэ асуудлаас болоод саатсан. Хавтаст  хэргийн материалд авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч компани Хот байгуулалт хөгжлийн газарт хандаж, архитектур төлөвлөлтийн даалгавар хийж, гэрчилгээ авч барилгын ажил явуулах ёстой байтал гэрчилгээ хүртэл олгогдоогүй байдаг. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын байдлын үнэлгээг нэхэмжлэгч тал хийлгээгүй байдаг. Манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэн нэгний эрх ашиг зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэг.Маргааны төрөл, маргааны зүйл, нэхэмжлэгчийн байлцуулахгүй хуралдаан хийсэн талаар:

 

1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь нэхэмжлэгч өөрийнх нь эзэмшил газартай  зэрэгцүүлэн бусдад газар эзэмшүүлсэн нь эрхийг нь зөрчсөн гэсэн үзсэн газрын эрх зүйн харилцааны маргаан болно.

1.2.Нэхэмжлэгч ”Э**********” ХХК  нь тус шүүхэд хандан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан, шүүх 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байгаа ба энэ өдрөөр тооцоход хэргийг үүсгэснээс хойш 1 жил 4 сар 4 хоног болсон байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г********** шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө түүний ********** дугаарын утсаар холбогдоход тэрээр  утсаа салгаж холбогдох боломжгүй  /Утсаар ярьсан тэмдэглэлд хөтлөв/ байна.

1.3.Иймд нэхэмжлэгч шүүхийн хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул хариуцагч, гуравдагч болон этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгчийг байлцуулахгүй хийх” саналыг гаргасан.

1.4.Нөгөө талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж зааснаас гадна мөн зүйлийн  63.2, 63.3-т зааснаар уг хугацааг 30 болон 15 хоногоор сунгаж болохоор хуульчлан тогтоожээ.

1.5.Эндээс үзвэл анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх хугацаа хэтэрсэн нь шүүн таслах ажиллагаа удааширч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрх, хуульд заасан хугацаанд хэргээ шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн зөрчил болж байна.

1.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г**********-т анхан шатны шүүхээс эрх, үүргийг тайлбарлаж энэ талаар тэмдэглэл үйлдсэн, хэргийн материалтай танилцуулж гарын үсэг зуруулсан,  шүүхэд хандан гаргасан хүсэлтүүдийг бүрэн шийдвэрлэсэн, шүүх хуралдааны товыг зохих журмаар мэдэгдсэн, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийг байхгүйд хийх санал гаргаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн  91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүй хийхээр шийдвэрлэв.

 

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

 

2.1.”Э**********” ХХК 2015 оны ********** дугаар захирамжаар  Хан-Уул дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 10000 метр квадрат газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшиж, мөн оны  **********  Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын  зориулалтыг өөрчилж,  үйлчилгээтэй орон сууц болгож, 5 жилийн хугацаагаар эзэмшиж /ХХ-2-н 175, 177 дахь тал/, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын ********** дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 10000 метр квадрат газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж байна /ХХ-1-н 7 дахь тал/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж /ХХ-1-н 8-9 дэх хуудас/, гэрчилгээ авч, газрыг газрын кадастрын санд бүртгэсэн байна.

2.2.Тус компанийн кадастрын зургаар 9992 метр квадрат газар эзэмшдэг гэдэг нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ********** дүгээр албан бичиг, тус газрын үйлдэн ирүүлсэн кадастрын зураг зэргээр тогтоогдож /ХХ-2-н 190-199 дэх тал/ байна.

2.3.”Э**********” ХХК -ийн эзэмших газрын нэгж талбарын дугаар нь **********, ********** дугаартай байна.

2.4.Гуравдагч этгээд “К**********” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ********** дугаар захирамжаар 10000 метр квадрат газрыг “А********** ” ХХК-иас нэр шилжүүлэн авч, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, “үйлдвэрлэл” болгосон байна /ХХ-1-н 82-83 дахь тал/. Тус компани нь бодит байдал дээр 9996 метр квадрат газар эзэмшдэг байна.

2.5.“К**********” ХХК-ийн эзэмших газрын нэгж талбарын дугаар нь ********** болон **********, ********** гэсэн, харин улсын бүртгэлийн Э-********** дугаартай байгааг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/488 дугаар албан бичгээр ********** дугаарыг Нийслэл болон дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас олгодог түр дугаар, ********** дугаарыг хуучин дугаар, ********** дугаарыг шинэ дугаар гэж тайлбарлаж байгаа /ХХ-2-н 50 дахь тал/ тул эдгээр нь нэг газар мөн болох нь тогтоогдож байна.

2.6.Тус компани нь Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авсан /ХХ-1-н 90-92 дахь хуудас/ байна.

2.7.“А**********” ХХК Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар захирамжаар 4 га газар эзэмших эрх авч ХХ-1-н 137-138 дахь тал/, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны А/53 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж /ХХ-1-н130 дахь тал/, уг газраасаа 1 га буюу 10000 метр квадратыг “К” ХХК-д дээрх захирамжаар шилжүүлсэн байна.

2.8.Иймд “К**********” ХХК-ийн эзэмших 10000 метр квадрат газар нь газрын эрх зүйн харилцаанд 2010 онд орсон буюу нэхэмжлэгч ”Э**********” ХХК-ийн газар эзэмшихээс өмнө газар уг газар дээр “А********** ” ХХК-д газар эзэмших эрх үүссэн байжээ.

2.9.Нэхэмжлэгч ”Э**********” ХХК  болон гуравдагч этгээд  “К**********” ХХК-ийн эзэмших газрууд хоорондоо давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ирүүлсэн бүх кадастрын зураглалаар тогтоогдож байна.

2.10.Нэхэмжлэгч ”Э**********” ХХК  нь маргаан бүхий газарт 12778 метр квадрат хашаа болон 1404  метр квадрат талбайтай барилга барьсан байна.

2.11.Нэхэмжлэгч ”Э**********” ХХК-ийн энэхүү барилга  нь гуравдагч этгээд “К**********” ХХК-ийн эзэмшил газрын хилийн заагийг давж буюу тус компанийн эзэмших 1315 метр квадрат газар руу оруулж хашаа барьж, 473 метр квадрат газрын талбайг оруулж барилга барьсан болох нь  шинжээчийн дүгнэлтээр /ХХ-3-н 208-211 дэх тал/ тогтоогдлоо.

2.12.”Э**********” ХХК  нь маргаан бүхий актын үндсэн дээр “К**********” ХХК-д газар эзэмшүүлсэн нь “өөрийн компанийн болон 100  гаруй өрх бүхий И**********  хотхоны төв зам руу орох  гарцыг хаасан” гэж нэхэмжлэлдээ тайлбарласан ч  шүүхээс явуулсан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /ХХ-3-н 154-155 дахь тал/  болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шүүхэд ирүүлсэн сансрын орто фото зургаар /ХХ-2-н 190-199 дэх тал/ нэхэмжлэгчийн эзэмших газрын орц гарцыг хаасан байдалд тогтоогдохгүй байна.

2.13.”Э**********” ХХК-д И**********  хотхоны оршин суугчдыг төлөөлөн нэхэмжлэл гаргах, шаардах эрх  байхгүй тул энэ хотхонд холбогдох асуудалд анхан шатны шүүх дүгнэлт өгөх, нотлох баримт цуглуулах үндэслэлгүй гэж үзлсэн.

 

Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

 

3.1.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн  хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

3.2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрэээнээс хальж, маргааны зүйлд хамааралгүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх эрхгүй тул нэхэмжлэгч ”Э**********” ХХК-ийн эзэмших газар нь усан хангамжийн үйлдвэрийн эх үүсвэрийн хориглолт, хязгаарлалтын бүстэй давхцалтай, үйлдвэрлэлийн барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, барилгаа комисст  хүлээлгэн өгөөгүй зэрэг үйл баримтыг хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтаар үнэлээгүй, үнэлэх ёсгүй гэж үзсэн болно.

 

Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

 

4.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан байна.

4.2.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь шүүхэд өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр хандах бөгөөд шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй.

4.3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч ”Э**********” ХХК-ийн эзэмших газар нь, гуравдагч этгээд “К**********” ХХК-ийн эзэмшил газартай давхацаагүй, нэхэмжлэгчийн газраа эзэмших эрхийг ямар нэг байдлаар хөндөөгүй, орц гарц нь хаагдаагүй байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ********** дугаар захирамжийн “К**********” ХХК-д холбогдох хэсэг нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

4.4.Харин нэхэмжлэгч ”Э**********” ХХК нь “К**********” ХХК-ийн эзэмшил газрын хилийн заагийг хэтрүүлж хашаа барьсан, эзэмшил газрын ********** метр квадрат дээр нь барилга барьсан нь Газрын тухай хуулийн 24 дүгээр 24.4-т “Газар зохион байгуулалт хийх ..., Засаг даргын шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй” гэж, 35 дугаар зүйлийн 35.3.1-т газар эзэмшигч нь “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэснийг зөрчсөн, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нь тогтоогдсон  гэж дүгнэв.

4.5.Иймд нэхэмжлэгч ”Э**********” ХХК-д шүүхээр сэргээлгэх зөрчигдсөн эрх гэж тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ********** дугаар захирамжийн “К**********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.6.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ”... Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “К**********” ХХК-д “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ********** дугаартай олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагыг захиргааны акт биш гэж үзэн хүлээн авахаас таглзах нь зүйтэй байна.

4.7.Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар эдлэх бүрэн эрхэд  “... хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх” хамаарахаар хуульчлан тогтоосон.

Өөрөөр хэлбэл, хуулийн энэ заалтын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэж захиргааны акт гаргах, энэ акт гарснаар аливаа этгээд газрыг эзэмших, ашиглах эрхтэй болж буюу уг газарт эрх зүйн харилцаа үүсч, энэ нь нийтийн эрх зүйн хүрээнд заавал биелэгдэх, захирамжилсан шинжийг агуулсан эрх зүйн үр дагавар үүсгэдэг.

Харин Засаг даргын захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгох бөгөөд энэ гэрчилгээ нь газрын эрх зүйн харилцаа үүсгэж байгаа эрх зүйн баримт бичиг биш, харин энэхүү эрх зүйн харилцаа үүсгэсэн гэдгийг баримтжуулсан баримт бичиг бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь нийтийн эрх зүйн харилцаанд заавал дагаж мөрдөх, гадагшаа чиглэсэн захирамжилсан шинжийг агуулдаггүй, газар эзэмшүүлсэн захирамжгүйгээр дангаараа эрх зүйн баримт бичиг болдоггүй тул “захиргааны акт биш” тул шүүх захиргааны акт гэж хүлээн авч, хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй тул энд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болно.

4.8.Нөгөө талаас Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь газар эзэмшүүлэх талаар бие даасан шийдвэр гаргах эрх хэмжээгүй, газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргаагүй тул энэ хэрэгт хариуцагчаар татан оролцуулаагүй болно.

4.9.Анхан шатны шүүх маргаан бүхий газар дээр хэмжилт хийлгэх зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн зардал 813970 төгрөгийг гуравдагч этгээд “К**********” ХХК төлсөн бөгөөд шинжээчийн зардлыг шүүхээр  шийдвэрлүүлэхгүй гэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3,  24 дүгээр 24.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч  ”Э**********” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ********** дугаар захирамжийн “К**********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн  54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “К**********” ХХК-ийн “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ********** дугаар гэрчилгээ  хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч ”Э**********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ