Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1349

 

МАГАДЛАЛ

 

2018.06.08                                                     Дугаар 1349                                Улаанбаатар хот

 

 

 

 

“УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01013 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Г-д холбогдох,

 

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 5 159 398 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Д.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “УБТТС” ХХК болон Д.Г  нарын хооронд автомашины санхүүгийн түрээсийн ТТ-14-387 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 14-91 УНС улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмших ашиглах, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлж, түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, автомашиныг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр акт үйлдсэн байдаг. Гэтэл хариуцагч Д.Г  нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нийт 14 хоногийн буюу 420 000 төгрөгийн түрээсийн өртэй болсны дагуу нэхэмжлэгчийн зүгээс автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2.1-т заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчийг байлцуулан хүлээлцэх акт үйлдэн автомашиныг түр саатуулж, үзлэг оношлогоонд оруулан холбогдох засвар үйлчилгээг МРА  ХХК-иар хийлгүүлсэн. Мөн хариуцагч нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасан торгуулийн 130 300 төгрөгийн өртэй байна. Иймд хариуцагчаас гэрээний түрээсийн төлөгдөөгүй төлбөр       420 000 төгрөг, засварын зардал 4 437 098 төгрөг, торгууль 175 300 төгрөг, бусад авлага 500 000 төгрөг, нийт 5 532 398 төгрөгөөс хариуцагчийн анх гэрээ байгуулахдаа барьцаа төлбөр болгож өгсөн 373 000 төгрөгийг хасч 5 159 398 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч нь тайлбар гаргаагүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г оос 5 159 398 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “УБТТС” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г оос 97 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “УБТТС” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хариуцагч Д.Г  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн материалтай танилцаж шүүх хуралдааны товыг мэдсэн ч надад учрыг гарган хэлж эрхээ хамгаалах боломжоор хангаагүй. Миний эзэмшиж байсан автомашин хуучин байсан. Шүүхээс гаргуулсан 5 159 398 төгрөг шинэ автомашины үнэтэй дүйцүүлсэн үнэ байна. Үнэлгээ хийлгэх шаардлагатай байна. Миний хувьд 2 659 398 төгрөгийн төлөхийг зөвшөөрч байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч Д.Г-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл 420 000 төгрөг, засварын зардалд 4 437 098 төгрөг, торгуулийн төлбөрт 175 300 төгрөг, автомашин саатуулагдсаны улмаас 500 000 төгрөг нийт 5 532 398 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс барьцаа төлбөрт төлөгдсөн 373 000 төгрөгийг хасч нийт        5 159 398 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч эзэмшиж байсан автомашин хуучин байсан, жолоодох эрхээ хасуулсан тул хүлээлгэн өгсөн гэж тайлбар гаргасан байна.

Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр түрээслүүлэгч буюу "УБТТС" ХХК нь Хьюндай Элентра маркийн автомашиныг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3 жил 8 сарын хугацаанд түрээслэх, түрээслэгч буюу Д.Г  нь сар бүр 660 000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцсон ба уг гэрээг байгуулагдсан талаар маргаагүй.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Г  нь гэрээний дагуу барьцаанд 373 000 төгрөг төлсөн боловч түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй 14 хоногийн хугацааны төлбөрөө төлөөгүй үлдэгдэл 420 000 төгрөг гэх үндэслэлээр нэхэмжлэгч "УБТТС" ХХК нь Автомашины санхүүгийн түрээсийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, автомашиныг буцаан авсан үйл баримт тогтоогдож байна. /хх-13,17/

Зохигчид гэрээ байгуулагдсан, гэрээг цуцлах болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс автомашиныг нэхэмжлэгч тал өөрийн эзэмшилдээ авсан талаар маргаагүй харин ашиглалын явцад гарсан хохирол болох сэлбэг, үйлчилгээний зардалд    5 159 398 төгрөгийг хариуцагч төлөх эсэхэд маргаж хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо 2 659 398 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хоорондох гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа засвар үйлчилгээтэй холбоотой зардал хариуцагч талын буруугаас үүссэн буюу Д.Г ын гэрээний хугацаанд ашиглаж байхдаа учруулсан гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой үүссэн хохирол гэж үзсэн нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагч талын оролцоогүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болох бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 97 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

        ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ