Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/81

 

 

 

 

 

2024        5             01                                            2024/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,

Улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж,

Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нын Чд холбогдох эрүүгийн 2435000000089 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн ******************* төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ******************* багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********** ургийн овогт Нын Ч /РД:****************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ч нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Увс аймгийн ******************* багийн ******************** тоотод өөрийн эх Ц.Аг зодож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2435000000089 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Б.Догмиддоржоос: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Н.Ч-с: “Өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

1. Шүүгдэгч Н.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүгдэгч Н.Чд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчлэн ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалжээ. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-06 дугаар тал),

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дугаар тал),

-Хохирогч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд Б, Б гэх 2 хүн манайд ирсэн. Тухайн 2 хүн 1 шил 0.75 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архи авч ирсэн. Тухайн архийг би, манай нөхөр Д.Н, хүү Н.Ч болон нөгөө хоёр хүнтэй тавуулаа уусан. Тэгээд тухайн архи дуусаад манай гэрт ирсэн 2 хүн гэрээс гарч явсан. Тэгээд малаа хөхүүлэх цаг болсон учир гэрээс гарч ажлаа хийе гэж хэлэхэд манай хүү Ч тухайн хоёр хүний хойноос явах гэхээр нь би явуулахгүй, чи малаа хөхүүл гэж хэлэхэд манай хүү Н.Ч гараараа миний нүүрэн хэсэгт нэг цохисон. Тэгээд тухайн цохисон газарт язарч цус их гарсан, тэгээд манай хүү Ч гараад явчихсан юм. Тэгээд миний цохиулсан хэсгээс цус их гарч байсан учир Увс аймгийн Бөхмөрөн сумын эмнэлгийн байгууллагад хандаж эмч ирж миний нүүр хэсэгт хоёр оёдол тавьсан. ...миний хүү Н.Ч нь надаас уучлалт гуйж бид эвлэрсэн бөгөөд надад нэхэмжлэх хохирол байхгүй, би өөрийн хүү Н.Час ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй, мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13 дугаар тал),

-Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд бид тавын хувааж уусан архи дуусаад Б, Б хоёр гэртээ харихаар манай гэрээс гараад явсан. Тэгээд манай залуу Ч тухайн хоёр хүний араас явна гэхээр нь манай эхнэр А “чи одоо тэр хоёрын араас явж яах гээд байгаа юм бэ, одоо ямаагаа хөхүүлэх цаг болсон байна” гэж хэлсэн. Энэ үед манай залуу Ч гэрээс гарч явах гээд хаалгаар гарсан ба энэ үед манай эхнэр Ц.А нь Н.Чыг араас нь татах үед Н.Ч эргэж хараад нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. ...Манай эхнэрийн нүүрнээс цус нилээн гарсан. ...2 ширхэг оёдол тавьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

-Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Өнөрмаагийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 166 дугаартай “1. Ц.Агийн биед баруун хацрын төвгөрт язарсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Баруун хацрын төвгөрт язарсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг нэг дор үүссэн байх боломжтой. ...4. Баруун хацрын төвгөрт язарсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Шүүгдэгч Н.Чын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...би архи уучихсан байсан учир уур хүрээд баруун гараараа өөрийн ээж Ц.Агийн нүд, нүүрний хэсэгт нэг удаа цохисон бөгөөд тухайн үед ээжийн нүдний доод талд хацар орчмоор цус гараад гэртээ үлдсэн, би тэр өдөр анх удаа ээжийгээ цохисон энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Би гэм буруугаа ухамсарлаж байгаа, би өөрийн ээж Ц.Агаас уучлалт гуйж эвлэрсэн, ээж маань надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй. Би ч гэсэн ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Ч нь өөрийн төрсөн эх Ц.Аг өөрийг нь бусадтай хамт архи уулгасангүй, араас нь явуулсангүй гэх шалтгаанаар 1 удаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлохоор заасан.

Шүүгдэгч Н.Ч, хохирогч Ц.А нар төрсөн эх, хүүгийн харилцаатай этгээдүүд мөн бөгөөд дээрх хуулийн үйлчлэлд хамаарахаар байгаа боловч шүүгдэгчийн гаргасан үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл”-ийн шинжтэй байсан эсэх нь чухал юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.Ч, хохирогч Ц.А нарын хооронд үүссэн “байнгын” шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тодруулбал, шүүгдэгч нь өөрийн төрсөн эхийг байнга, өөрийн эрхшээл дарамтад байлгаж зодох, цохих, биед нь халдах, сэтгэл санааны болон эдийн засгийн дарамтад байлгаж энэ гэмт хэргийг үйлдээгүй, тухайн үеийн гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас төрсөн эхийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна.

Иймд прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ч нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцнэ.

Шүүгдэгчийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн  нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Тиймээс шүүгдэгч Н.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой зардлын баримт гаргаж өгөөгүй, хэргийн материалтай танилцахдаа санал хүсэлтгүй гэж тэмдэглэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Н.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал)-аар тогтоогдож байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх саналыг гаргасан бол шүүгдэгч Н.Ч “эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Учир нь шүүгдэгч урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй боловч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд тохиолдлын гэхээс илүүтэйгээр санаатайгаар халдах, зодож цохих үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал мөн тогтоогдсон гэж үзэх боломжгүй, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ********** ургийн овогт Нын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             

 

                            ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН