| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2020/03118/И |
| Дугаар | 184/ШШ2021/01301 |
| Огноо | 2021-06-03 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2021/01301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т.И” ХХК-д холбогдох,
Дутуу олгосон цалин, хөлс 25.234.689 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө.Г нь 2013 оны 5 сарын 21-нд Т.ИХХК-д өрмийн туслах ажилтнаар анх орж 18 тоот хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. 2014 оны 9 сарын 1-ний өдрөөс 175 дугаартай тушаалаар гидрогеологичоор ажилласан. Ажилд орсноос хойш хийж гүйцэтгэсэн ажлын олгогдоогүй байгаа цалин хөлсийг олгож өгнө үү. Үүнд: 2014 онд Оюутолгой 2 цооногт 2 сар ажилласан хөлс-2.800.000 төгрөг, 2014 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 цооногт 1 сар ажилласан хөлс-2.800.000 төгрөг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 цооногт 1 сар ажилласан хөлс- 1.750.000 төгрөг, 2014 онд Хөшгийн хөндийн 2 цооногт 7 хоног ажилласан хөлс-700.000 төгрөг, 2015 оны Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 цооногт 14 хоног ажилласан хөлс-800.000 төгрөг, 2018 онд Тэрэлжийн Амбан оном гэдэг газрын 3 цооногт 1 сар ажилласан хөлс-2.200.000 төгрөг, 2018 онд Айлбаянгийн уурхайн 2 цооногт 14 хоног ажилласан хөлс-1.200.000 төгрөг, 2017 онд Дорнод аймгийн Матад сумын 19-р талбайн 9 цооногт 2 сар ажилласан хөлс-5.250.000 төгрөг, нийт 17.550.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие анх 17.550.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримттай холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 21.882.137 төгрөг болгож ихэсгэсэн, одоо шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 25.284.689 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэв.
Хариуцагч: Т.ИХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Г нь тухайн онуудад ажилласан ажлын хөлс 13.677.778 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны өөрийн дансаар авсан байна. Мөн 2016 оны 03 сарын 07-нд тойрох хуудас зурж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгджээ. 2017, 2018 онд хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан ба цалин хөлсөө авсан байна. Ажиллах хугацаандаа хэрэглэж байсан нөүтбүүк, шавхалтын залгуур, зургийн аппарат алга болгосон бөгөөд өөрөө зөвшөөрч тооцоо хийнэ гэдгээ амласан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.ИХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Гын дансны хуулга, манай компанид байгаа баримтуудыг тулгаж үзвэл нийт 30 сая гаруй төгрөг төлсөн байна. Мөн энэ хэрэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа яригдана. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Г нь шүүхэд хандаж, 2013-2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 17.550.000 төгрөгийг хариуцагч Т.ИХХК-иас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 27 ны өдөр 21.882.137 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 25.234.689 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн ба нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгожээ. /хх 89, 231 дүгээр тал/
Хариуцагч Т.ИХХК нь, цалин хөлсний тооцооллыг нэхэмжлэгч буруу тооцсон, цалин хөлсийг шаардан авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, Ө.Гын ажилласан хугацааны буюу 2013-2019 оны хооронд байгуулсан гэрээ, ажлын гүйцэтгэлийн акт баримтуудыг хариуцагч Т.ИХХК-иас гаргуулсан. /талуудад хадгалж үлдсэн өөр баримт байхгүй талаар зохигчид тайлбарласан/ Мөн зохигчид ажилласан цаг, хөлс төлөлтийн тооцооллын талаар маргасан тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн “Атланта баланс аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон болно.
Талууд 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 18 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ” гэх нэртэй бичмэл баримт үйлдэж, харилцан гарын үсэг зуржээ. Энэ гэрээгээр нэхэмжлэгч Ө.Г нь, хариуцагч Т.ИХХК-иас баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан өрмийн туслах ажилтнаар тус компанид ажиллах, хариуцагч Т.ИХХК нь 300.000 төгрөгийн тогтмол цалин болон нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг 2 хувааж, тухайн сарын 5, 20-ны өдрүүдэд Ө.Год олгох үндсэн үүрэг хүлээсэн байна. Хэдийгээр энэ гэрээг “Хөлсөөр ажиллах гэрээ” гэж нэрлэсэн байх боловч нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч Т.ИХХК-ийн байнгын ажлын байранд, ажил олгогчоос олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслийг ашиглан, тогтоосон горимын дагуу, ажил олгогчийн удирдлагад, тогтмол цалин болон нэмэгдэл хөлс авч, ажил олгогчоос тогтоосон ажлын цагийн хуваарийн дагуу хөдөлмөр эрхэлж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. /хх 192-196 дугаар тал/
Дээрх хөдөлмөрийн эрх зүйн харилцааг талууд харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон болох нь Т.ИХХК-ийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаартай тушаалаар тогтоогдсоноос гадна зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талуудын маргаагүй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх үндэслэл болдог.
Нэхэмжлэгч Ө.Г нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд Т.ИХХК-д хөдөлмөр эрхэлж байх үедээ нийт 21.966.115 төгрөгийн нэмэгдэл хөлс бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь цалингийн тооцоо, ажилласан хоногийн бүртгэл, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүхээс томилогдсон шинжээч болох “Атланта баланс аудит” ХХК-ийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал үнэн, зөв гарсан гэж үзэж, хүлээн зөвшөөрсөн тул Ө.Гын авах ёстой цалин, хөлс буюу ажилласан цагийн тооцооллыг гаргахдаа шинжээчийн дүгнэлтийн 2013-2015 оныг дуустал хугацааны тооцооллыг үндэслэл болгосон болно.
Харин дээрх хугацаанд /2013-2015 оныг дуустал/ ажил олгогч Т.ИХХК нь ажилтан Ө.Год 12.387.936 төгрөгийн хөлс төлсөн байх ба зөрүү 9.578.179 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч Ө.Гын шүүхэд гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны 495033124 дугаартай дансны хуулга баримтаар тогтоогдсон. /хх 15-23 дугаар тал/
Хариуцагч Т.ИХХК нь: “... компанийн зүгээс нэхэмжлэгч Ө.Год нийт 30 гаруй сая төгрөгийг төлсөн байхад шинжээч дүгнэлтээ гаргахдаа 23.373.891 төгрөг төлсөн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэж үзэж, шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн. Харин нэхэмжлэгч Ө.Г нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны 495033124 дугаартай дансаар бүх цалин, хөлсөө авдаг байсан, өөр дансаар болон өөр хэлбэрээр цалин, хөлс аваагүй хэмээн тайлбарласан. Түүнчлэн, нэхэмжлэгч Ө.Г нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс бие дааж хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж эхэлсэн байх ба 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн гэрээ 3 сарын хугацаатай буюу 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр дуусхаар байгуулагдсан байна. Иймд нэхэмжлэгч Ө.Гын хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үеийн буюу 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд авах ёстой байсан цалин, нэмэгдэл хөлсийг шүүх тооцохдоо түүний 495033124 дугаартай дансны хуулгыг үндэслэл болгож, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 514.286 төгрөгийн цалингийн орлого хийгдсэнээр тасалбар болгож бодсон болно.
|
|
Авах ёстой байсан хөлс /шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар 2016 оны 3 сарын 7-ныг хүртэл/ |
Авсан хөлс /Ө.Гын 495033124 дугаартай дансны 2016.05.18 өдрийг хүртэл/ |
Аваагүй зөрүү |
| Хөдөлмөрийн гэрээ /2013.05.21-2016.03.07/ |
21.966.115 |
12.387.936 |
9.578.179 |
Дээрх зөрүү хөлс 9.578.179 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Г хариуцагчаас шаардан авах эрхтэй боловч энэ шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар цалин, хөлстэй холбоотой эрх нь зөрчигдсөн гэж үзвэл, эсхүл эрх зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 3 сарын дотор ажилтан эрх бүхий байгууллагад гомдол гаргах үүрэгтэй байдаг. Талууд бичгээр байгуулсан гэрээндээ цалин хөлсийг сар бүрийн 5, 20-ны өдрүүдэд олгохоор тохирсноос үзвэл, цалин, хөлстэй холбоотой өөрийн эрхээ зөрчигдсөнийг Ө.Г 7 жилийн хугацаанд мэдээгүй гэж үзэх нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.
Иймд 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 7-ны хооронд хөдөлмөрийн гэрээний дагуу авах ёстой байсан цалин хөлс болох 9.578.179 төгрөгийг хариуцагч Т.ИХХК-иас гаргуулах боломжгүй ба энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Ө.Г нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс хойш хариуцагч Т.ИХХК-тай тухай бүр харилцан тохиролцож, хайгуулын явцад илэрсэн усны нөөц болон гарцын хэмжээг тогтоох ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч Т.ИХХК гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг харилцан хүлээжээ. Ийнхүү Ө.Г нь 2016 оноос хойш гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэхдээ ажил олгогчоос тогтоосон хөдөлмөрийн цагийн горимд захирагддаггүй, тухайлбал, ажлын тогтоосон цагаар, байнгын ажлын байранд ажилладаггүй, ажил олгогчийн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмыг баримталдаггүй, зөвхөн гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэдэг байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 233-236 дугаар тал/
Түүнчлэн, нэхэмжлэгч Ө.Гын гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэж байсан ажил болох усны нөөц болон гарцын хэмжээг тогтоох ажил нь ажилтнаас ямар нэгэн материалжсан үр дүнг шаардсан шинжтэй ажил биш байна. Иймд 2016 оноос хойш талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2016 оноос хойшхи хөлсөөр ажиллах гэрээнүүдээс үзвэл, талууд хөлс төлөх хугацааг тухай бүр харилцан тохиролцоогүй байна. Талууд хөлс төлөх хугацааг гэрээгээр тохироогүй, мөн Иргэний хуулийн 359-369 дугаар зүйлд хөлсөөр ажиллах гэрээний хөлс төлөх хугацааг нарийвчлан зохицуулаагүй боловч мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т: “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй” гэж заажээ. Харин Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолдог. Иймд хөлсөөр ажиллах гэрээний дагуу шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс хойшхи хөлсөөр ажиллах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 200 дугаар зүйлийн 200.2-т заасан үндэслэл болон хуульд заасан өөр бусад үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ө.Г нь 2016 оноос хойш Т.ИХХК-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнүүдийн дагуу авах ёстой хөлсийг хариуцагчаас шаардан авах эрхтэй.
Нэхэмжлэгч Ө.Гын 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс хойшхи /2016, 2017, 2018, 2019 он/ хөлсөөр ажиллах гэрээнүүдийн үндсэн дээр хийж гүйцэтгэсэн ажлын авбал зохих нийт хөлс 26.642.463 төгрөг болсон болох нь шинжээч “Атланта баланс аудит” ХХК-ийн дүгнэлт, гэрээ болон ажилласан хоногийн бүртгэл баримтуудаар тогтоогдож байна. Харин энэ хугацаанд Ө.Г нь нийт 20.295.661 төгрөгийн хөлсийг хариуцагч Т.ИХХК-иас авсан болох нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга болон цалингийн тооцоо баримтуудаар тогтоогдож байна. Иймд төлөөгүй үлдсэн 6.346.802 төгрөгийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу хариуцагч Т.ИХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ үнийн дүнг шүүх тооцохдоо, нэхэмжлэгч Ө.Гын 495033124 дугаартай дансаар Т.ИХХК-иас авсан нийт /2013-2019 оны/ хөлс болох 32.683.597 төгрөгөөс өмнө авсан 2013-2015 оны хөлс болох 12.387.936 төгрөгийг хасаж 20.295.661 төгрөг гаргасан ба энэ нь 2016 оноос хойшхи хөлсөөр ажиллах гэрээний дагуу авсан нийт хөлс гэж үзсэн. Улмаар, 2016-2019 оны ажилд авах ёстой байсан нийт хөлс болох 26.642.463 төгрөгөөс авсан хөлс болох 20.295.661 төгрөгийг хасаж тооцох байдлаар гаргасан болно.
|
|
Авах ёстой байсан хөлс /шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар 2016 оны 4 сарын 4-с хойш/ |
Авсан хөлс /Ө.Гын 495033124 дугаартай дансны 2016.05.18 өдрөөс хойш/ |
Аваагүй зөрүү |
| Хөлсөөр ажиллах гэрээнүүд /2016.04.04-с хойш/ |
26.642.463 |
20.295.661 |
6.346.802 |
Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 17.550.000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ хариуцагч Т.ИХХК-иас авсан нийт хөлсийг буруу тооцжээ. Энэ талаар шинжээч мөн буруу тооцсон байна. Хариуцагч Т.ИХХК нь 2013 оноос 2020 оны хооронд нийт 32.683.597 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Год төлсөн байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 1/, 15 дугаар зүйлийн 15.1, 4 дүгээр зүйлийн 1/-д зааснаар, хуулийн этгээд нь хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажиллагсдад нийгмийн даатгалын хураамж төлөх үүрэгтэй байна. Хариуцагч Т.ИХХК нь хөлсөөр ажиллах гэрээгээр талууд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр байхаар тохирсон гэх боловч энэ тохиролцоо нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлд зааснаар зарим хэсгээрээ хүчин төгөлдөр бус юм.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Т.ИХХК-иас 6,346,802 төгрөгийг гаргуулан Ө.Год олгож, энэ төлбөрт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.ИХХК-иас 6,346,802 төгрөгийг гаргуулан Ө.Год олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 18,887,887 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 1/-д заасныг баримтлан 6,346,802 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, Ө.Гын баримт бичигт зохих бичилт хийхийг хариуцагч Т.ИХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ИХХК-иас 116,499 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Год олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР