| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/75 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/75
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2321000000413 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, “*******” гэх газарт бэлчээрээс иргэн ******* эзэмшлийн мухар ухаа халзан зүсмийн баруун чих онь, зүүн чих цуулбар имтэй 1 тооны үнээг буюу бусдын өмчлөлд байгаа малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч овогт ******* ******* нь 2023 оны 03 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт бэлчээрээс хохирогч ******* мухар ухаа халзан зүсмийн баруун чих онь, зүүн чих цуулбар имтэй 1 тооны үнээг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулсан болох нь шүүгдэгч шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 03 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна. Цасан шуурга болоод манай үхрүүд урд зүг рүү уруудаад алга болсон. Тэгээд би араас нь очоод Гурванзагал сумын хойд хэсгээс олж аваад үхрээ гэртээ тууж ирээд хашаанд хааж орхисон. Тэгээд маргааш өглөө сэрэхэд манай хашааны нөмөрт мухар, ухаа үнээ хэвтэж байхаар нь би юм бодолгүй үхрээ бэлчээрт гаргахад дагаад бэлчээд явсан. Ингээд 20 орчим хоногийн дараа манай үхэртэй ижилдэн дасаж манай үхэртэй цуг бэлчдэг болсон. Би эзэн нь ирж авах байх гэж бодоод хүлээсэн боловч ирэхгүй болохоор ньийн бойны цэгт зарахаар очиход үхрийн эзэн нь гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90, 149-150/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ******* “...2023 оны 08 дугаар сарын 10-ны орчимд би сумын төв рүү хонь зарахаар очоод өдөр 12-13 цагийн орчимд гэх хүний бойны цэг дээр авчирсан хонио зарах гээд очиход бойны хашаан дотор бойчин залуучууд үхэр барих гээд хөөцөлдөөд байхаар нь үхрийг нь бугуйлдаж өгдөг юм бил үү гээд очсон чинь миний 3 дугаар сард алдсан ухаа халзан зүсмийн үнээ маань байж байсан. Ингээд би барих гэж байсан бойчин залуучуудад энэ үнээг барихаа болио, энэ миний алдсан үнээ байна гэж хэлээд болиулсан. Тэгээд энэ үхрийг хэн өгсөн талаар асуухад манай сумын 3 дугаар багийн иргэн ******* нь миний үхэр гэж хэлэхээр нь би *******д хандаж “энэ миний үнээ байна” гэж хэлээд тэр хавиар байсан хүмүүстэй ярилцаж байтал ******* алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
гэрч “...2023 оны 08 дугаар сарын үед *******, эхнэр Туяа гэх хүүхний хамт 1 тооны үхэр авчирсан. Бойнд оруулна гэж хэлэхээр нь манай нядалгаа хийдэг залуучууд мал нядлаад завгүй байсан учир би тэр авчирсан үхрийг нь хашаанд нь хийчих гэж хэлээд хашаанд хийлгээд байж байтал Энхбаяр гэх залуу манай хашаанд орж ирээд Ариунтулгын авчирсан үнээг “манай үнээ байна, би аавыг дуудаж харуулна” гэж хэлээд аавыгаа дуудаж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
гэрч “...манай гэрт 2023 оны 03 дугаар сард шиг санагдаж байна. Шуурга шуурч байх үед манай гэрийн хашааны гадаа нэг үнээ ирээд хэвтсэн. ...ингээд бүр дараа нь зарах гэж явж байхад эзэн нь гарч ирээд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,
гэрч “...би ******* сумын 3 дугаар багийн Засаг даргаар 2023 оны 01 дүгээр сард томилогдон одоог хүртэл ажиллаж байна. ...манай багийн иргэн ******* нь хүний эзэмшлийн мал уруудаж ирсэн талаар надад албан ёсоор мэдэгдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-36/, гэрч мэдүүлэг /хх-ийн 22-23/, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-48/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч 2023 оны 03 дугаар сарын сүүлээр бусдын өмчлөлийн эзэн тодорхойгүй 1 тооны үнээ өөрийнх нь үхэрт нийлж тухайн цаг хугацаанаас хойш хамт бэлчээрлэж байгааг мэдсээр байж холбогдох байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй мөртлөө 2023 оны 08 дугаар сард ашиг олох зорилгоор өөрийн өмчийн адил захиран зарцуулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч нь хулгайд алдсан мухар ухаа халзан зүсмийн баруун чих онь, зүүн чих цуулбар имтэй 1 тооны үнээгээ буцаан авч, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* Ариунтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА