| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2020/03814/И |
| Дугаар | 184/ШШ2021/01372 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2021/01372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А.Ү.Г.Х” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б,
Хариуцагч: С.Д нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6.203.831 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ү.Г.ХХЗХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б болон С.Д нар манай хадгаламж зээлийн хоршоотой 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, бичил бизнесийг дэмжих сангийн эх үүсвэрээс 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.2 хувийн хүүтэй зээлж авсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, хариуцагч С.Д нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү 10 гудамжны 5 тоот хаягт байрлах 600 м.кв талбайтай, 000550603 дугаарын эрхийн гэрчилгээ бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан. Дараа нь хариуцагч Б.Б 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дангаараа дахин зээлийн гэрээ бичгээр байгуулж, 3.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Төслийн зээлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, хэрэглээний зээлийг 2019 оны 1 сарын 11-ний өдрийг хүртэл төлж байсан бөгөөд үүнээс хойш төлөлт хийлгүй зээлийн гэрээний хугацаа дууссан. 2018 оны 3 сарын 6-ны зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн зээл 2.247.173 төгрөг, хүү 660.488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132.097 төгрөг, нийт 3.039.759 төгрөг төлөгдөөгүй байна. Харин 2018 оны 6 сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн зээл 1.575.991 төгрөг, хүү 1.588.081 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317.616 төгрөг, нийт 3.481.688 төгрөг болсон. Бид сүүлийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 317.616 төгрөгөөс татгалзаж байгаа тул нийт 6.203.831 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг тогтоож өгнө гэжээ.
Хариуцагч: С.Дын шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг багасгасан тул энэ гэрээний төлбөртэй холбоотой асуудлаар маргах зүйл байхгүй. 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсаас жижиг дунд бизнес эрхлэгч нарын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тухайн мөнгийг хүүгүй хороо болгонд тарааж өгсөн байтал иргэддээ 5 хувийн хүүтэй зээлсэн байна. Зээлийн хүүгийн төлбөр хэт өндөр тул хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өмнөх зээл буюу 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 3.039.759 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин сүүлийн зээл болох 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн зээлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, зээлдүүлэгч А.Ү.Г.ХХЗХ-нд удаа дараа хандаж төлбөрийн чадваргүй болсон талаараа мэдэгдсэн. Хүүг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч огт хүлээж авалгүйгээр хүүгийн төлбөрийг ихэсгэсэнд гомдолтой байна. Иймд хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ү.Г.ХХЗХ нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны зээлийн гэрээний дагуу 3.039.759 төгрөгийг хариуцагч Б.Б, С.Д нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 3.481.688 төгрөгийг хариуцагч Б.Бэс гаргуулах шаардлагыг тус тус гаргажээ. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний дагуу шаардсан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 317.616 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Хариуцагч С.Д, Б.Б нар 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардсан 3.039.759 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн боловч 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээгээр хэт өндөр хүү тогтоосон, гэрээг цуцлах саналыг хүлээж авалгүй их хэмжээний хүүгийн хуримтлал бий болгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч А.Ү.Г.ХХЗХ болон хариуцагч Б.Б, С.Д нар 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 5.000.000 төгрөгийг сарын 1.2%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Б.Б, С.Д нар сар бүр зээлийг тэнцүү хэмжээгээр, ногдох хүүгийн төлбөрийн хамт төлж барагдуулах үүргийг тус тус хүлээжээ. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, хариуцагч С.Дын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү 10 гудамж, 5 тоот хаягт байрлах нэгж талбарын 1862730854631дугаарт бүртгэгдсэн,................ дугаартай гэрчилгээ бүхий 600 м.кв талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалах гэрээг мөн бичгээр байгуулж гарын үсэг зурсан байна. /хх 4-6, 60 дугаар тал/
Түүнчлэн, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч А.Ү.Г.ХХЗХ-той дахин зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 3.000.000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх хариуцагч Б.Б нь сар бүр зээлийг тэнцүү хэмжээгээр, ногдох хүүгийн төлбөрийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. / хх 10 дугаар тал/
Нэхэмжлэгч А.Ү.Г.ХХЗХ нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ТЗ 401/352 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болно. Нэхэмжлэгч А.Ү.Г.ХХЗХ нь тус хоршооны гишүүн болох Б.Бд дээрх зээлүүдийг олгосон нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т тус тус нийцсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.1 болон хуульд заасан өөр бусад үндэслэл тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч А.Ү.Г.ХХЗХ нь дээрх зээлийн гэрээнүүд болон барьцааны гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй юм.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байдаг ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардлага гаргах хугацааг шаардах эрх үүссэн цагаас эхлэн тоолохоор заасан тул дээрх 3 гэрээний дагуу нэхэмжлэгч А.Ү.Г.ХХЗХ нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Зээлдэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр А.Ү.Г.ХХЗХ-той зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг зээлж авахдаа 1 сард 5%-ийн хүү төлөхөөр тохиролцжээ. Талуудын харилцан тохиролцсон энэ хүүгийн төлбөрийг шүүхийн зүгээс “хэт өндөр” гэж үзэх боломжгүй байна. Учир нь, шүүх талуудын гэрээгээр тохиролцсон хүүг хэт өндөр гэж үзэж, хөндлөнгөөс оролцохдоо “өндөр хүү” санал болгосон тал гэрээний харилцаанд давамгай байдалтай байсан эсэх, гэрээ байгуулах үед талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан эсэхийг шалгуур болгодог. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, зээлдүүлэгч А.Ү.Г.ХХЗХ нь хариуцагч нарт зээл олгохдоо өөрийн давамгай байдлаа ашигласан, хариуцагч нар “хэт өндөр” хүүгийн төлбөрийг зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн, хариуцагч Б.Б нь А.Ү.Г.ХХЗХ-ны тэргүүлэгч гишүүн байсан ба зээлдэгчид буюу гишүүддээ санал болгох хүүгийн хэмжээг тогтооход өөрөө оролцсон болох нь шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүхийн зүгээс хүү тохирсон талуудын тохиролцоог өөрчлөх буюу багасгах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй байдаг. Хариуцагч Б.Б нь зээлийн хүүг зогсооё /гэрээг цуцлах/ гэж удаа дараа А.Ү.Г.ХХЗХ-нд хандсан гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээг цуцлах хугацааг цуцлах санал гаргаагүй тал буюу эсрэг тал тогтоодог. Иймд зээлийн хүүг зогсоолгүй /цуцлалгүй/ удсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.
Хариуцагч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлсөн болон төлөх ёстой төлбөрийн хэмжээний талаар маргаагүй, зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй болохыг хуульчилсан тул 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний дагуу шаардсан зээл 1.575.991 төгрөг, хүүгийн төлбөр 1.588.081 төгрөг, нийт 3.164.072 төгрөгийг хариуцагч Б.Бэс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч А.Ү.Г.ХХЗХ нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, хариуцагч С.Дын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү 10 гудамж, 5 тоот хаягт байрлах нэгж талбарын 1862730854631 дугаарт бүртгэгдсэн,................. дугаартай гэрчилгээ бүхий 600 м.кв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалж, эрхийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байна. /хх 60 дугаар тал/
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж болдог. Нэхэмжлэгч А.Ү.Г.ХХЗХ болон хариуцагч С.Д нарын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 6-ны 108 дугаартай “Барьцааны гэрээ”-ээр нэхэмжлэгч нь ипотек олж аваагүй байна. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэрээр барьцааны зүйлийг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар хөдлөх эд хөрөнгө болон эрх барьцаалсан этгээд барьцааны зүйлийг мөн хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй тул барьцаалагчийн уг эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар бичгээр шүүхэд хандсан, хариуцагч С.Дд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч С.Д нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болон мөн өдрийн барьцааны гэрээний үүргийг хариуцагч Б.Б, С.Д нараас шаардсан тул эдгээр гэрээний дагуу гүйцэтгэх ёстой үүрэгт ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагч С.Д, Б.Б нараас гаргуулна. Харин 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Бэс шаардсан тул энэ гэрээний дагуу төлөх ёстой төлбөрт ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагч Б.Бэс гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453.1-д заасныг тус тус баримтлан Б.Б С.Д нараас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3.039.759 төгрөгийг, Б.Бэс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3.164.072 төгрөгийг тус тус гаргуулж А.Ү.Г.ХХЗХ-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар хариуцагч С.Д, Б.Б нар 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 3.039.759 төгрөгийн үүргээ эс биелүүлбэл Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү 10 гудамж, 5 тоот хаягт байрлах нэгж талбарын 1862730854631 дугаарт бүртгэгдсэн, ................ дугаартай гэрчилгээ бүхий 600 м.кв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу А.Ү.Г.ХХЗХ нь худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг зөвшөөрсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192.710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, С.Д нараас 133.786 төгрөгийг, хариуцагч Б.Бэс 63.586 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Ү.Г.ХХЗХ-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР