Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/82

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,

Улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр /томилолтоор/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н /цахимаар/,

Шүүгдэгч Б.Э болон шүүгдэгч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Лхагважав,

Шүүгдэгч Б.Э,

Шүүгдэгч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн  хяналтын прокурор Б.Энх-Эрдэнээс шүүгдэгч Бын Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч “Э” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000464 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоогоор хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт **************************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********** ургийн овогт Бын Э /РД:**********/,

Монгол Улсын хуулийн этгээд, 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдаж хуулийн этгээдээр бүртгэгдсэн, *********** регистрийн дугаартай, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ, гэрээ, захиалгаар хийх бөөний худалдаа, барилгын материалын жижиглэн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг, Увс **********************тоот хаягт бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй “Э” ХХК.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь С.Бтэй үргэлжилсэн үйлдлээр үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, гүйцэтгэгчээр хамтран оролцож, “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө “Х.Г” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,636,591 төгрөгийн 2 ширхэг, нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Э” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан,

Шүүгдэгч “Э” ХХК нь С.Бийн хамаарал бүхий “Х.Г” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,635,591 төгрөгийн 2 ширхэг буюу 121,227,500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтуудыг 4,200,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн 2202000000464 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагчаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаж байгаа тул цагаатгуулах байр суурьтай оролцоно, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...“Э ХХК нь НӨАТ-ын 3 ширхэг падаанаар 12,122,750 төгрөгийн татварыг бууруулсан зөрчил илэрсэн учир үүний дагуу байцаагч дүгнэлт бичиж эрүүгийн хэрэг хянан шалгаж тогтоогдсон. “Х.Г” ХХК-иас борлуулалт хийсэн 2019, 2020 оны тайланг 2023 онд засах боломжгүй байдаг. Тайлант оны дараагийн жил нь засвар хийх боломжтой байдаг. ...2 компани худалдан авалт хийсний үндсэн дээр баримт шивэгдэх ёстой. Гэтэл борлуулалт хийгдээгүй байхад худалдаа хийсэн мэтээр НӨАТ-ын баримт гаргаж байгаа нь зөрчил юм. “Х.Г” ХХК нь 7-8 аж ахуй нэгжид баримт шивсэн болох нь тогтоогдсон.  гэв. ...НӨАТ-ын баримт нь санхүүгийн баримт бөгөөд цахимаар шивж өгдөг. Тухайн аж ахуй нэгжийн хувьд борлуулалт хийгдээгүй байхад хий бичилт хийж өгч байгаа нь зөрчил мөн... “Э” ХХК 12,122,750 төгрөгийг төлсөн байгаа. Одоо нэхэмжилж байгаа мөнгө байхгүй” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг,

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Хэрэгт холбогдсоноос хойш 3 дахь удаагаа анхан шатны шүүхээр орж байна. Хохирлын талаар харах хэрэгтэй байна. Анхны анхан шатны шүүхэд орж байхдаа татвараас зайлсхийсэн гэх хохиролд 12,000,000 төгрөгийг төлж байсан учир одоо хохирол гэж байхгүй. Тухайн падааныг хуурамч гэдгийг тогтоосон зүйл байдаггүй. Татварын цахим системтэй холбогдуулан би Б гэх хүнээс зөвлөгөө авахаар анх холбогдож байсан. Прокурорын зүгээс намайг “Э” ХХК-ийг төлөөлөх эрхтэй байсан гэж үзсэн байгаа. Гэтэл би “Э” ХХК-ийн өмнөөс шийдвэр гаргаж гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш. Би 2019 онд “Э” ХХК-ийн захирлын хүү А-тэй танилцаж найзалж нөхөрлөж байхад намайг компанийн санхүүгийн асуудалд дэмжлэг үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай байгаа талаар хэлсэн учир би зөвлөгөө өгч ажиллаж байсан. Тухайн баримтыг хуурамч баримт гэдгийг мэдээгүй бөгөөд хуурамч гэдгийг сүүлд мэдсэн. “Э” ХХК-д үүсэж байсан татвараас зайлсхийх зорилготой ийм зүйл болсон. Татвараас зайлсхийсэн гэх асуудал шүүхийн хэмжээнд хүрсэн учир татварыг буцааж тайлагнаад улсад учирсан хохирлыг төлж барагдуулсан. “Э” ХХК-ийн хувьд улсад ямар нэгэн өр төлбөргүй явж байгаа. Энэ асуудал ийм том хэмжээний асуудал үүсэхгүй байх байсан гэж үзэж байна. Санхүүгийн зөвлөх үйлчилгээг хамт ажилладаг Б.Х гэж хүний аав С.Б-ээс авсан. Зөвлөх үйлчилгээний хөлсөнд 4,200,000 төгрөгийг төлсөн. НӨАТ-ийн хий падаан баримт бичигдсэн гэдгийг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлгийг,

Шүүгдэгч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-гаас: “...“Э” ХХК нь 2012 онд *************** хотод анх байгуулагдаж байсан. 2019 оны сүүл үед ковидтой холбоотой хил гааль хаагдсан байсан. Компанийн тоног төхөөрөмж тоноглолын хомсдол гарч эхэлсэн учир тоног төхөөрөмж эд материалууд аваад хадгалж байсан. Э ХХК нь 16 ажилтан залуучуудыг авч явж улсад бүтээн байгуулалт хийж явдаг. Манай улс үйлдвэрлэгч орон биш учир Хятад улсаас орж ирсэн бараа материалыг 2019 онд ковидтой холбоотойгоор 100 айлаас авч байсан бөгөөд тэр үед НӨАТ-ын баримт бараг өгч байгаагүй. Тухайн үед гэрээний дагуу бараа материалын худалдан авалт хийж гарын үсэг зурж байсан нь үнэн. ...Миний 4 хүү “Э” ХХК-д ажилладаг байсан тул ковидын үед хүүхдүүдээ ажилтай байлгах гээд энд тэндээс захиалга авч зуслангийн байшингийн гадна хангамж хийгдэж байсан юм. Эрчим хүчний тоног төхөөрөмж нөөцөлж авсан юм учир 100,000,000 төгрөгийн худалдан авалт хийгдсэн бөгөөд дараа нь “Э” ХХК-ийн тайлангаар тайлагнаж байсан. “Э” ХХК улс орондоо бүх татвараа төлж байсан бөгөөд хуулиас гадуурх зүйл хийгээгүй. НӨАТ-ын буцаан олголтыг 5, 10 хувь болгохтой холбоотой асуудлаас болж жижиг аж ахуй нэгж компаниуд өртөж байгаа. 100 айлын захаас НӨАТ-ын баримт өгдөг газар байдаггүй. “Э” ХХК-ийн хувьд шугамын засварын ажилтай холбоотой жижиг бараа материалыг 100 айлын худалдааны газруудаас авдаг боловч баримт өгдөггүй байсан бөгөөд “Х.Г” ХХК-иас бараа үйлчилгээ авахдаа буруу зөвлөгөө авч ийм хэрэгт холбогдсон байсан. НӨАТ-аас болж жижиг компаниуд сүйрч байгааг ойлгоосой гэж хүсэж байна...” гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.

1. Шүүгдэгч Б.Э, “Э” ХХК нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь С.Бтэй үргэлжилсэн үйлдлээр үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, гүйцэтгэгчээр хамтран оролцож, “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө “Х.Г” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,636,591 төгрөгийн 2 ширхэг, нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Э” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан,

Шүүгдэгч “Э” ХХК нь С.Бийн хамаарал бүхий “Х.Г” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,635,591 төгрөгийн 2 ширхэг буюу 121,227,500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтуудыг 4,200,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Э” ХХК нь “Х.Г” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-ын тайланг илгээсэн байсан. НӨАТ-т 12,122,750 төгрөг төлөхөөр байна” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 10 дахь тал),

-Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Х.Г” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар “...“Э” (***********) ХХК нь 2019 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 46,590,909.00 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 74,636,591.00 төгрөгийн 2 ширхэг, нийт 121,227,500.00 төгрөгийн 3 ширхэг падааныг худалдан авалтаар тайлагнаж улсын төсөвт төлбөл зохих татвараа 12,122,750.00 төгрөгөөр бууруулж тайлагнасан байна. ...Төрийн албаны https://tais.mta.mn/ гэх мэдээллийн баазад /МаягтТБ-01/, Увс аймгийн татварын хэлтэст 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татвар төлөгчөөр бүртгүүлсэн, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн мэдээлэлтэй байна...” гэх танилцуулга, түүний хавсралт (I хавтаст хэргийн 100-108 дахь тал),

-Татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийсэн: “Х.Г” ХХК нь “Э” ХХК-д 2019 оны 12 дугаар сард 51,250,000 төгрөгийн борлуулалт хийж 4,659,909 төгрөгийн НӨАТ суутгаж, 46,590,909.00 төгрөгийн 1 ширхэг падаан, 2020 оны 02 дугаар сард 43,150,150 төгрөгийн борлуулалт хийж 3,922,741 төгрөгийн НӨАТ суутгаж, 39,227,409.00 төгрөгийн 1 ширхэг падаан, мөн 02 дугаар сард 38,950,100 төгрөгийн борлуулалт хийж 3,540,918 төгрөгийн НӨАТ суутгаж, 35,409,181.82 төгрөгийн 1 ширхэг, НӨАТ-ын тайлангаар нийт 121,227,500.00 төгрөгийн 3 ширхэг падааныг Татварын удирдлагын нэгдсэн системд худалдан авалтаар тайлагнасан байна” гэх тэмдэглэл (I хавтаст хэргийн 113 дахь тал),

-Гэрч А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Цахим төлбөрийн баримтын системд борлуулагч тал худалдан борлуулсан талаараа бүртгэж худалдан авагч, борлуулагч хоёр тал хоёул татварын байгууллагад худалдан авалт хийсэн, борлуулалт хийсэн талаараа тайлагнадаг” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 21-22 дахь тал),

-Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“Э” ХХК нь 2011 онд цахилгааны угсралтын чиглэлээр Д.Г нь үүсгэн байгуулж байсан. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш 2019 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2019 оноос хойш эхэлж, цахилгааны угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн... “Х.Г” ХХК-иас бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаагүй, мөн ажил үйлчилгээ ч авч байгаагүй. Манай компанийн санхүүтэй холбоотой асуудлыг Э хариуцдаг учир тэр л мэдэж байгаа. Манай ээжийг дуудсан цагаас эхэлж энэ НӨАТ-тэй холбоотой асуудлыг мэдэж эхэлсэн. Эээс энэ талаар асуухад НӨАТ-ын падаан шивүүлчихсэн гэж хэлж байсан... ...“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г бөгөөд Э бид 2 үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Тийм учраас найз Б.Э энэ 1,200,000 төгрөгийг шилжүүлээрэй гээд дансны дугаар өгсний дагуу би шилжүүлсэн... Сүүлд цагдаагийн газарт ирэх үед би НӨАТ-ын хуурамч асуудлын талаар мэдсэн. Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтээ хүртэл энэ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Б.Эийн хэлснээр ямар ч байсан нэг хүн рүү 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Харин ямар учиртай мөнгө шилжүүлсэн гэдгийг мэдэхгүй, санхүү үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан нь Б.Э юм...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 77-78 дахь тал, II хавтаст хэргийн 41-42 дахь тал),

-Гэрч Б.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019-2020 онд Э “УБЦТС” ТӨХК-д Зүүн түгээх төвийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхад нь би ажил төрлийн хамаарлаар танилцаж байсан. Б.Э надаас “тэндерт орох гэсэн юм, сайн санхүүгийн зөвлөгөө өгөх хүн байна уу” гэж асуухаар нь би “манай аав мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй хүн байдаг, би аавдаа хэлье, тэгээд чи аавтай өөрөө утсаар ярина уу, эсхүл уулзана уу учраа олоорой” гэж хэлсэн. 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр миний дансанд “Э” Баяраа үнэ А Бат-Эрдэнэ гэсэн утгаар 1,200,000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэ мөнгийг аав Б ашигласан байх. Тэр үед аав миний дансыг ашиглаж байсан. Миний хувьд Э, Б нарыг хооронд нь танилцуулж холбож өгсөн, бусдаар би ямар нэгэн оролцоо байхгүй, Э, Б нар хоорондоо ямар ажил хийсэн, юу гэж ярьсан талаар нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 89-90, 93-94 дэх тал),

-Э.Гэрч Б.Агийн Төрийн банкны 104700025721 дугаар данснаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б.Хийн Хаан банкны 5028670194 дугаар дансанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт  (II хавтаст хэргийн 45 дахь тал),

-Тусгаарласан 2102005140150 дугаартай хэргийн яллагдагч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Э нь надтай манай хүү Б.Хийн найз гэж танилцаж байсан. НӨАТ-ын падааныг 1-2 хувь гэж бодож авсан. Б.Эээс 3,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын сүүлээр байх Жуковын автобусны буудал дээр авч байсан. Учир нь манай гэр Жуковт байдаг. 1,200,000 төгрөгийг хүү Б.Хийн дансаар авч байсан. Дансаар 1,200,000 төгрөг, бэлэн 3,000,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөг авсан. Дээрх мөнгөнүүдийг Б.Э надад ямар учиртай өгсөн бэ? гэхээр “Х.Г” ХХК-иас “Э” ХХК-д НӨАТ-ын хуурамч падаан шивж өгсний төлбөр тооцоо гэхэд болно. Анх төлбөрийг зөвхөн НӨАТ-ын 1-2 хувь гэж ярьж байсны дагуу өгсөн”  гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 39-40 дэх тал),

-“Э” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, компаний дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (I хавтаст хэргийн 216-231 дэх тал),

-Шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Хээр дамжуулан С.Бтэй утсаар ярьж байсан. С.Бийн “Х.Г” ХХК-иас 121,227,500.00 төгрөгийн 3 ширхэг падаан шивүүлж 12,122,750.00 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн байгаа. 12,122,750.00 төгрөгийн буцаалтыг хийгээгүй, хуулийн байгууллагаас шийдвэр гаргахыг хүлээж байсан юм. Энэ төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө төлж, улсыг хохиролгүй болгоно. НӨАТ-ын падааны шивэлтийн төлбөр гээд 4,200,000 төгрөгийг хувааж дансаар, бэлнээр өгсөн. С.Бэс НӨАТ-ын хуурамч падаан шивүүлэн авахдаа төлбөр мөнгийг тохироогүй, би бодохдоо 1-2 хувиар бодоод л өгье гэж бодож өгсөн. Тэрнээс үнийн дүнгийн тэдэн хувь энэ тэр гэж С.Бтэй ярьж тохирсон зүйл огт байхгүй. Би Б.Ад энэ хүний данс руу 1,200,000 төгрөгийг шилжүүлээрэй гэж хэлсэн нь үнэн. Б.А харин хэн рүү яагаад мөнгө өгч байгаа талаар мэдээгүй, би ч хэлээгүй. Дээрх шилжүүлсэн 1,200,000 төгрөг бол Бийн “Х.Г” ХХК-иас НӨАТ-ын падаан шивүүлэн авсан төлбөр гэсэн утгаар С.Бийн хүү болох Б.Хийн данс руу шилжүүлсэн байгаа. Тухайн үед С.Б нь хүүгийнхээ дансыг ашиглаж байгаа гэж хэлсэн. Харин бэлэн 3,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сард байх бэлнээр уулзаад өгч байсан. Мөнгийг Жуковын автобусны буудал дээр уулзаж өгсөн. Баярлалаа гэж хэлээд С.Бд бэлнээр нь өгөөд явсан. Нийтдээ 4,200,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 35-36 дахь тал),

-Шүүгдэгч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Э” ХХК нь миний нэр дээр хэвээрээ байгаа. Компанийн хууль ёсны дагуу гэдэг талаасаа би гарын үсэг зурдаг, би одоо ч гарын үсэг зурдаг. Улсын ямар нэгэн тэндер авах үед заавал компанийн эзэмшигч гарын үсэг зурах ёстой байдаг учир миний бие гарын үсэг зурж баталгаажуулдаг. Харин үйл ажиллагааг нь Б.Э, Б.А нар хариуцан ажилладаг. НӨАТ-ын падаан худалдан авсан талаар сүүлд цагдаагийн нь байгууллагад ирж анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө ямар учир шалтгаантай талаар нь сонсож мэдсэн. Тэрнээс өмнө нь ямар нэгэн ойлголт байхгүй. Энэ талаар санхүү, үйл ажиллагааг хариуцаж байсан Б.Э сайн мэднэ, сүүлд яагаад хуурамч НӨАТ-ын падаан авах болсон, ямар учиртай гэдгийг сонсож мэдсэн гэхэд болно” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 28-29 дэх тал),

-Нэмэгдсэн өртгийн албан татварын ************* дугаартай 38,950,100 төгрөгийн хуурамч падаан (II хавтаст хэргийн 131 дэх тал),

-Нэмэгдсэн өртгийн албан татварын ************* дугаартай 43,150,150 төгрөгийн хуурамч падаан (II хавтаст хэргийн 132 дахь тал)-ууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул уг нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Э нь С.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, гэмт үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж “Э” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө “Х.Г” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,636,591 төгрөгийн 2 ширхэг буюу нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Э” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан, шүүгдэгч “Э” ХХК нь С.Бийн хамаарал бүхий “Х.Г” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,635,591 төгрөгийн 2 ширхэг буюу нийт 121,227,500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтуудыг 4,200,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж харьяа Татварын хэлтэст тайлагнасан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, яллагдагч С.Бийн мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Х.Г” ХХК-ийн үйл ажиллагаанд нягтлан шалгах ажиллагаа хийсэн тайлан зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэргээс шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Б.Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч “Э” ХХК-ийн санхүүгийн баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч “Э” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг гаргаж байна. “Э” ХХК улсын төсөвт 12,122,750 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Э болон “Э” ХХК-иас гаргуулах хохиролгүй. НӨАТ-ын баримт нь санхүүгийн баримт мөн гэж давж заалдах шатны шүүхээс 2 удаа магадлал гарсан. Шүүгдэгч Б.Эийн хувьд өмнөх 2 удаагийн шүүх хуралдаанд “НӨАТ-ын баримт хуурамч учир татвараас зайлсхийх гэсэн юм. 12,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Татвараас зайлсхийсэн хэргийн хувьд 50,000,000 төгрөгөөс дээш хохирол шаарддаг учир надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэх байр суурьтай байсан. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “НӨАТ-ын баримтыг мэдээгүй бөгөөд хэрэг шалгагдах үед хуурамч гэдгийг мэдсэн” гэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. НӨАТ-ын баримт нь цахим санхүүгийн баримт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхийн 2 дахь удаагийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлттэй байгаа боловч энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэж байсан. Харин Давж заалдах шатны шүүх хуралдаанаар НӨАТ-ын баримт нь санхүүгийн баримт гэдэг байдлаар дүгнэлт хийж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх талаар магадлал гарсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх талаар хурал хийж хэргийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. Энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцэж байгаа хэлбэр учир хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэж,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн зүгээс Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч “Э” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах санал гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан” бол ял шийтгэл оногдуулахаар заасан байдаг. НӨАТ-ын баримт нь санхүүгийн баримт мөн эсэх нь эргэлзээ бүхий байгаа. НӨАТ-ын баримт нь 1 удаа гүйлгээ хийхэд он, сар, өдөртэйгөө хэвлэгдэж гарч ирдэг. НӨАТ-ын баримт нь гүйлгээнд орохгүй, мөнгөн эдлэл, үнэт зүйл биш юм. Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн маягт заавар батлах тухай 347 дугаартай тушаалын хавсралтаар НӨАТ-ын баримтыг анхан шатны баримтын жагсаалтад оруулсан байдаг. Анхан шатны санхүүгийн баримт болон анхан шатны бүртгэл юугаар ялгаатай гэдгийг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой байсан. НӨАТ-ын баримт санхүүгийн баримт мөн эсэхэд асуудлыг шалган тогтоох шаардлагатай. Санхүүгийн баримтад асуудал үүсвэл буцааж болох байтал НӨАТ-ын баримтыг буцаах боломжгүй юм. “Х.Г” ХХК нь өөртөө өр үгүйсгэхгүйгээр “Э” ХХК-д НӨАТ-ын баримт гаргаж болох уу? гэдэг асуултыг өмгөөлөгч миний бие иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад 2 компани хоорондоо зохицож татвар буруулах зорилготой байсан гэдэг зүйлийг ярьж байна. Шүүгдэгч талын татвар бууруулсан гэж ярьж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд дурдсан байгаа. “Э” ХХК-ийн татварыг бууруулах зорилгоор хийгдсэн сэдэлт ашиг сонирхол нь гарч байна. Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оруулж ирж байгаа нь эргэлзээ бүхий байна. НӨАТ-ын баримтыг санхүүгийн баримт биш санхүүгийн анхан шатны бүртгэл гэж холбогдох баримтад тусгасан байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтуудыг буцааж хэрэглэж болдог баримтууд юм. НӨАТ-ын баримтуудын хувьд худалдаа хийгээд дахин ашиглах боломжгүй, гүйлгээ хийснийг илэрхийлсэн баримт бичиг учир санхүүгийн баримт гэж үзэх боломжгүй. Тухайн баримтуудыг хуурамч гэдгийг “Э” ХХК мэдэж байсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж байгаа нь үндэслэлгүй. Б.Эийн хувьд “Э” ХХК-д ямар ч хамааралгүй бөгөөд Д.Ггийн зүгээс итгэмжлэл олгосон энэ компанийн тайлан гаргадаг нягтлан байсан бол өөр хэрэг юм. Гэтэл Б.Э нь “Э” ХХК-ийн захирал Д.Ггийн хүү Б.Атэй найз нөхдийн холбоотой бөгөөд компанийн санхүүгийн асуудалд зөвлөгөө авч явсан байдаг. ...Б.Эийн хувьд худалдан авалтад НӨАТ-ын баримт яагаад өгөхгүй байсан талаар асуух үед “2019 онд ковидын нөхцөл байдалтай холбогдуулан хил гааль хааж үйлдвэр зогссон учир жижиг бизнес хийдэг хүмүүс дээр очиж бараа материалыг авч байсан. Дээрх жижиг газрууд нь НӨАТ-ын баримт гаргах боломжгүй байсан учир “Э” ХХК татварын тайлан шивэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Ингээд Б.Хийн зүгээс аав С.Б дээр дагуулж очих үед компанийнхаа нөхцөл байдлыг хэлээд энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой тул мөнгөө хийчих гэж хэлсэн. Тэгээд С.Бд 4,200,000 төгрөг өгсөн байдаг. “Х.Г” ХХК нь татвараа төлсөн бол “Э” ХХК-д ийм асуудал үүсэхгүй байх байсан. Шүүх хараат бус байх ёстой байхад прокурорын зүгээс хэрэг 2 удаа давж заалдах шатны шүүхээс “НӨАТ-ын баримтыг санхүүгийн баримт гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн талаар ярьж байгаа нь шүүхэд төлөөлөх оролдлого хийсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн шүүгчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргадаг дүгнэлтэд анализ хийх шинжээчид биш. “Э” ХХК нь 120,000,000 төгрөгийн худалдан авалт хийчихсэн байхад “Х.Г” ХХК-иас шивэлт хийгээгүй гэдэг зүйлийг ярьж байгаа юм. НӨАТ-ын баримт хэрэг болж байсан учир тодорхой хэмжээний шимтгэл төлж баримт авсан гэдгээ хэлж байгаа. Татварын баримтын цахим системд орсон байгаа. “Э” ХХК-ийн зүгээс хохиролд 12,700,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хуульчид тусгай мэргэжлийн шинжээчид биш учир гарч байгаа заавар дүгнэлтийг тусгай мэргэжлийн хүнээр шалгуулж байгаа юм. НӨАТ-ын баримтыг санхүүгийн баримт гэж үзэх боломжгүй. Хуурамч НӨАТ-ын баримт үйлдэгдсэн гэдгийг Б.Э мэдээгүй бөгөөд цагдаагийн байгууллагад шалгуулах үедээ мэдсэн талаараа тайлбарлаж байсан. Б.Эийн үйлдлийг татвар нуун дарагдуулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Энэ асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд зааснаар татвараас нуун дарагдуулсан асуудал яригдаж байгаа юм. Татварын асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд зааснаар учруулсан хохирол 50,000,00 төгрөг байхыг шаардсан байдаг. Гэтэл “Э” ХХК-ийн хувьд төрд 12,221,700 төгрөгийн хохирол учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус мэтгэлцсэн.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд мэтгэлцсэн байдлыг дараах хууль зүйн дүгнэлтээр няцаасан болно.

1.1. НӨАТ-ын падаан нь санхүүгийн баримт мөн болох талаар:

Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “санхүүгийн баримт” гэж нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал, туслах болон ерөнхий дэвтэр, тодруулга болон аж ахуй нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн холбогдох тайлан, бусад баримт бичгийг” ойлгохоор хуульчлан заажээ.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгохоор тус тус хуульчилсан байна. Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалын хавсралтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын жагсаалтад оруулсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь санхүүгийн анхан шатны баримт бөгөөд “санхүүгийн баримт” болохыг хуульд эргэлзээгүйгээр тодорхойлон заасан байх тул тусгай мэдлэг бүхий шинжээчээр энэ талаарх дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.

1.2. Санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн талаар:

Прокуророос шүүгдэгч Б.Э нь С.Бтэй үргэлжилсэн үйлдлээр үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, гүйцэтгэгчээр хамтран оролцож, “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө “Х.Г” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,636,591 төгрөгийн 2 ширхэг, нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Э” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан,

Шүүгдэгч “Э” ХХК нь С.Бийн хамаарал бүхий “Х.Г” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,635,591 төгрөгийн 2 ширхэг буюу 121,227,500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтуудыг 4,200,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэж тус тус буруутган ялласан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол” Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

“Х.Г” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд аливаа бараа бүтээгдэхүүнийг бодитоор худалдан авалт хийсэн болох нь тогтоогдоогүй, татвараас зайлсхийх /прокуророос энэ гэмт хэргээр зүйлчлээгүй/ үндсэн зорилгын хүрээнд НӨАТ-ын падааныг С.Бэс худалдан авсан, Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан үйл баримт тогтоогдсон.

Тодруулбал, С.Бийн хамаарал бүхий “Х.Г” ХХК нь ямар нэг борлуулалт хийгээгүй атлаа “Э” ХХК-д борлуулалт хийсэн мэтээр, шүүгдэгч Б.Э болон “Э” ХХК нь “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө “Х.Г” ХХК-иас ямар нэг худалдан авалт хийгээгүй атлаа худалдан авалт хийсэн мэтээр тус тус Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн санд 3 ширхэг НӨАТ-ын падааныг буюу санхүүгийн баримтыг цахимаар хуурамчаар үүсгэн, хий бичилт хийж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй юм.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол” гэж тодорхойлжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого худал тодорхойлсон, нуусан” гэж материаллаг шинжээр энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоосон ба “их хэмжээ” гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ойлгох бөгөөд шүүгдэгч нар нь хуурамч 3 ширхэг НӨАТ-ын падааныг ашиглан 121,227,500 төгрөгийн орлогыг зарлага болгон мэдүүлж, 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн материаллаг шинжийг хангахгүй байна.

Түүнчлэн, шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэгт бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэгт буруутган зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул тухайн хэргийн хүрээнд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Эийг С.Бтэй үргэлжилсэн үйлдлээр үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, гүйцэтгэгчээр хамтран оролцож, “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө “Х.Г” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,636,591 төгрөгийн 2 ширхэг, нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч “Э” ХХК нь С.Бийн хамаарал бүхий “Х.Г” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,635,591 төгрөгийн 2 ширхэг буюу 121,227,500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтуудыг 4,200,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хохирлын талаар:

“Э” ХХК-иас Татварын Ерөнхий Газрын (НӨАТ) 100900000303 тоот дансанд 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2,772,820 төгрөг болон 9,349,431.29 төгрөг, нийт 12,122,251.29 төгрөгийг төлсөн болох нь (II хавтаст хэргийн 150-151 дэх тал) тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э болон “Э” ХХК-ийг бусдад төлөх хохиролгүй гэж үзлээ.

2. Гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч “Э” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь талд авагдсан нотлох баримт болон шүүгдэгч Б.Эийн ял шалгах хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч “Э” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “0.4-35kB-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ мөн гэрээ, захиалгаар хийдэг бөөний худалдаа, барилгын материалын жижиглэн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх”-ийг хасаж, 200,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн олсон орлого 12,122,750 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгч Б.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шиййдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч Б.Эийн хувьд ...түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлж барагдуулсан байдал, бага насны хүүхэдтэй, өвчтэй ээжийгээ асардаг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн “Э” ХХК-ийн тухайд торгох ялын доод хэмжээгээр буюу 120,000 нэгжээр торгож өгнө үү. Учир нь энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул арилсан. Хуульд зааснаар эрх хасахдаа уг компанийн эрхийг бүгдийг хасна гэж байхгүй. Тухайн компанийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасахаар заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан тул шүүхээс торгох ял оногдуулвал 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэртээ тусгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний хувьд татвараас зайлсхийсэн гэх 12,221,755 төгрөгийг татварт 2 удаа төлөгдсөн учир гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна” гэх саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Б.Э болон “Э” ХХК-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүнд:

Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч “Э” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар барилгын материалын жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээг авч, 120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

“Э” ХХК нь “0.4-35kB-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ мөн гэрээ, захиалгаар хийдэг бөөний худалдаа, барилгын материалын жижиглэн худалдаа эрхлэх үйл ажиллагаа” явуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг ...хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан байх тул “Э” ХХК-ийн эрхлэн явуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлээс аль нэг тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг буюу “барилгын материалын жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулах” эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

Ялтан Б.Эийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, ялтан “Э” ХХК-ийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг хуулийн этгээдийн оршин байх газрын харьяа Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн олсон орлого 12,122,750 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах тухай улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч нараас 12,122,750 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч Б.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** ургийн овогт Бын Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, гүйцэтгэгчээр хамтран оролцож санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч “Э” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 7,000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Э” ХХК-ийг барилгын материалын жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 120,000 /нэг зуун хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, “Э” ХХК-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Ялтан Б.Эийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, ялтан “Э” ХХК-ийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг хуулийн этгээдийн оршин байх газрын харьяа Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 12,122,750 төгрөгийг  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч Б.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН