| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/00560 |
| Дугаар | 101/ШШ2021/00637 |
| Огноо | 2021-03-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2021/00637
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Б
Хариуцагч: Б.Б
Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 16,913,375 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Болормаа, өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч бөгөөд хариуцагч Э.Хандаагийн төлөөлөгч Б.Байгаль, нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Байгаль, Э.Хандаа нар нь 2018.09.10-ны өдөр 4,650,000 төгрөгийг 8 хоногийн хугацаатай, 7,5 хувийн хүүтэйгээр хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Тухайн зээлийг Энхбат овогтой Хандаагийн ХААН банкны 5752045521 тоот дансаар шилжүүлсэн. Зээлдэгч Б.Байгаль, Э.Хандаа нарын хүсэлтийн дагуу зээлийн гэрээг 2020.04.18-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг нийт 2 удаа сунгасан. Гэрээний дууссан боловч хариуцагч нар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй намайг хохироосоор байна. Зээлдэгч Б.Байгаль, Э.Хандаа нар нь үндсэн зээл 4,650,000, зээлийн хүү 348,697*19=6,625,250, алдангийг төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлээс бодож үзээд 50 хувиас хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтлан 5,638,125, нийтдээ 16.913.375 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Хандаа шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Болормаа нь 2018.09.04-нд над руу залгаж Хаан банкны дансаа явуул хадам ээж чинь мөнгө зээлдүүлээч гэсэн юм. Чи ээждээ өгчих гэхээр нь дансаа өгсөн. 150.0 төгрөг өгсөн авсныг би огт мэдэхгүй билээ. Надад мөнгөний хэрэг гараад Болормаа руу ярихад өгье гэсэн тэгээд 2018.09.10-нд 4.0 сая төгрөгийг миний дансанд өгсөн нь үнэн. Гэхдээ бид 2 хүү алданги тохиролцоогүй. Энэ хугацаанд Болормаа нь гэрт ирж орилж хашхирч дээрэлхэж дарамтлаад хэцүү байсан тул өөрт байсан 1,800,000 төгрөгийг өгч гаргасан. Олон удаа ийм байдал гаргаад байхаар нь хуульчаас зөвлөгөө авахад гэрт чинь ирээд орилоод байвал цагдаа дуудаад өг гэсэн болохоор 2020.09.03-нд Болормаа нь гэрт шөнийн 23:20 цагт ирээд загнаад байхаар нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст дуудлага өгөхөд өөрөө гараад явчихсан. Ингэж удаа дараа ирж байхдаа надад ямар ч зээлийн гэрээн гарын үсэг зуруулж байгаагүй. Болормаагаас зээлсэн 4.0 сая төгрөгийг би өөрөө захиран зарцуулсан. Энэ мөнгө хадам ээж Байгальд ямар ч хамааралгүй Болормаа нь хадам ээж Байгалийг дарамтлан 2 өөр гэрээн дээр гарын үсэг зуруулсан байна. Хадам ээж Байгаль нь намайг төлөөлж зээлийн гэрээ байгуулж, сунгалт хийх ямар ч эрхгүй ба хадам ээж Байгальдаа тухайн үед намайг төлөөлж гарын үсэг зурах эрх олгож итгэмжлэл хийж өгөөгүй байсан. Тиймээс би 4.0 сая төгрөгийн зээлийн гэрээнд сунгалт хийсэн гэх Болормаагийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Болормаа нь 7,5 хувийн хүүтэй хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгаа гэж нэхэмжлэлдээ дурджээ. Тийм бол уг гэрээгээ албан ёсоор гаргаж ирэх ёстой. Болормаа нь эвлэрүүлэн зуучлалд гомдол гаргасан байсан ба миний өгсөн мөнгийг тооцохгүй байснаас эвлэрээгүй, гэтэл гадаа гараад хадам ээжийн цүнхийг булаан авч машиндаа орж түгжээд мөнгө өгсөн баримтыг нь дотроос нь авч ураад цүнхийг нь буцаагаад шидчихсэн байсан. Болормаа нь ямар ч бизнес эрхэлдэггүй ажил ч хийдэггүй зөвхөн мөнгө хүүлж амьдардаг хүн юм. Миний бие 3 удаа кесарь хагалгаагаар төрж байгаа учраас хагалгааны хүндрэлээс болж биеийн байдал сайнгүй эмчийн хяналтад байгаа гэв.
Хариуцагч Б.Байгаль шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Байгаль нь Болормаагаас мөнгө зээлдүүлээч гэж гуйхад за өгье мөнгө та Хандаагийнхаа дансыг өг гэсэн тухайн үед Хандаагийн утсыг өгөхөд Болормаа нь бэр Хандаа руу залгаад дансыг нь авч 500,000 төгрөгийг шилжүүлсэн бэр Хандаа уг 500,00 төгрөгийг данснаасаа авч надад өгсөн. Энэ мөнгийг миний бие захиран зарцуулсан. Энэ мөнгөнөөс өмнө 8 сарын сүүлээр шүүхийн шийдвэрт мөнгө тушаах гээд явж байхад Болормаа таараад надаар ажил хийлгэмээр байна гэхэд нь би зөвшөөрөхгүй явах гэтэл дутуу 150,000 төгрөгийг чинь би өгье нэг мөсөн тушаачих тэгээд миний ажлыг хийгээд өг гэхээр нь зөвшөөрсөн юм. Ингээд Болормаад 650,000 төгрөгийн өглөгтэй болсон. Энэ үед Болормаа нь надтай ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй. 2019 оны сүүлээс л гэнэт орилж хашхичаад мөнгө нэхээд эхэлсэн. Би өөрийнхөө авсан 650,000 төгрөгөө яаж ийгээд төлнө гэхэд Хандаагийнхаа авсан мөнгөтэй хамт төл гээд загнадаг байсан. Энэ хугацаанд Болормаа нь Романа ресидентийн 2 өрөө байр, 11-р хорооллын 3 өрөө болон 1 өрөө байр, 10-р хорооллын 2 өрөө байр, Дүнжингарав хотхоны 4 өрөө байр, Багшийн дээдийн 2 өрөө байр, Хан хиллс хотхоны 3 өрөө байр, Төв аймгийн Зочид буудлын зориулалттай барилга зэргээ надаар цэвэрлүүлдэг байсан. Би өртэй учраас аргагүйн эрхэнд очиж цэвэрлэдэг байсан ба цэвэрлэх бүрт л 20.0 төгрөг миний дансанд өгч байсан. Энэ байруудаа түрээслүүлдэг учраас маш их бохир завааныг би цэвэрлээд дийлэхгүй үедээ нөхөр Болдбаатарыгаа хамжуулдаг байсан. Хэрвээ өргүй бол юу гэж хүний хамаг муу бохирыг цэвэрлэх билээ. Ингэж цэвэрлүүлж байхдаа надаар 2-3 зээлийн гэрээний хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан. Би Хандааг төлөөлөх эрхгүй шүү гэхэд 1 удаа надаар 4,650,000 төгрөг авсан нь үнэн, төлөх нь үнэн гэж бич гээд бичүүлсэн. Эвлэрүүлэн зуучлах дээр уулзахдаа элдвээр хэлж загнаад Хандаагаа та төлөөл гэхэд нь би үгүй гэсэн. Гэтэл гараад намайг дуудсан санаандгүй яваад очтол цүнх булааж машиндаа орж түгжээд мөнгө төлсөн баримтыг ураад хаясан. Уг нь надад мөнгө өгөхдөө ямар ч хүү, алданги тохироогүй тус болж байна та явцын дунд ажлаа бүтэхээр төлөөрэй гээд байсан. Тэр хугацаанд цэвэрлэгчээрээ ажиллуулсан. Гэтэл миний бие өвдөөд хагалгаанд орох болоод цэвэрлэгээг нь хийж чадахгүй болонгуут нөгөө гарын үсэг зуруулаад байсан гэрээн дээрээ өөрөө 4,650,000 гэж бичээд 7,5 хувийн хүүтэй бас алданги тооцох гэх мэтчилэн бичсэн байна. Би Болормаагаас 4.0 сая төгрөг зээлж аваагүй тул энэ мөнгөний хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018.09.10, 2018.09.18 гэсэн 2 янзын гэрээ хавсаргасан байна. Би энэ өдрүүдэд Болормаагаас зээл аваагүй. Иймд дээрх 2 гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. Би Болормаагаас авсан 6,50,000 төгрөгөө төлнө гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагч Э.Хандаагийн төлөөлөгч Б.Байгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна. 4,000,000 төгрөгт би оролцоогүй 650,000 төгрөгийг би авсан. Гэхдээ төлж чадаагүй байгаа. Анх гэрээг хийхэд би Э.Хандаа, нэхэмжлэгч нарын хажууд нь байсан. 4,000,000 төгрөг Э.Хандаагийн данс руу орсон байсан. Харин Э.Хандаа гэрээгээ сунгаагүй гэж хэлж байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Болормаа, хариуцагч Б.Байгаль, Э.Хандаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,913,375 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрчээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчийн шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Хэрэгт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан ба тус гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагч Б.Байгальд 4,650,000 төгрөгийг 8 хоногийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлжээ. Нэхэмжлэгч 4,000,000 төгрөгийг хариуцагч Э.Хандаагийн ХААН банкны 5752054421 тоот дансанд гэрээ байгуулсан өдөр, 500,000 төгрөгийг 09 дүгээр сарын 04-ний өдөр тус тус шилжүүлжээ. Хариуцагч Б.Байгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчээс 650,000 төгрөгийг зээлж авсан, харин 4,000,000 төгрөгийг Э.Хандаа зээлсэн, нэхэмжлэгч, Э.Хандаа нар миний дэргэд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж тайлбарласан.
Хариуцагчийн энэхүү тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх 4,650,000 төгрөгийг хариуцагч нар хамтран тэнцүү хэмжээгээр хариуцах үүрэгтэйг шүүхэд нотлох баримтаар нотлоогүй байна. Гэрээний талууд үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан 4,650,000 төгрөгийн хэмжээгээр бус 650,000 төгрөгийг хариуцагч Б.Байгальд шилжүүлсэн нь тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй бөгөөд харин зээлдүүлсэн буюу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүснэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Б.Байгалийн хувьд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 650,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг хариуцах бөгөөд талууд тус гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл сунгажээ. Зохигч энэ талаар маргаагүй ба хариуцагч зээлийг буцаан төлөөгүй байна. Иймд хариуцагч Б.Байгалиас 650,000 төгрөгийн үндсэн төлбөр, 19 сарын хүү /650,000/7.5=48,750. 48,750х19=926,250/ 926,250 төгрөг, гэрээний 5-д зааснаар алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцүүлэн /650,000+926,250=1,576,250. 1,576,250/2=788,125/ 788,125 төгрөг, нийт /1,576,250+788,125=2,364,375/ 2,364,375 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Э.Хандаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн дансаар 4,000,000 төгрөгийг хүлээн авсан, 1,800,000 төгрөг буцаан төлсөн тухай дурдаж, харин хүү, алданги тохироогүй хэмээн нэхэмжлэлээс татгалзжээ. Э.Хандаа 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Б.Байгальд олгосон итгэмжлэлээр өөрийг нь шүүхэд бүрэн эрхтэй төлөөлөх итгэмжлэл олгожээ. Төлөөлөгч Б.Байгаль, хариуцагч Э.Хандааг төлөөлж шүүх хуралдаанд, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан тухай тайлбарлаж, зээл 4,000,000 төгрөгийг 8 хоногийн хүү, алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 1,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх боловч татгалзлаа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч тус тайлбарыг үгүйсгэж байна.
Хариуцагч Э.Хандаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй талаар шүүхэд тайлбарласан ч шүүх хуралдаанд гэрээг бичгээр байгуулсан, хүү, алдангийг зээлийг гэрээний хугацаагаар тооцон зээлийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргийн ерөнхий зарчимд нийцэх бөгөөд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Э.Хандаагаас зээл 4,000,000 төгрөгийг 8 хоногийн хүү /4,000,000/7.5=300,000/ 300,000 төгрөг, алданги /4,000,000/2=2,000,000/ 2,000,000 төгрөг, нийт /4,000,000+2,000,000+300,000=6,300,000/ 6,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нараас 16,913,375 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хариуцагч нараас 8,664,375 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч 8,249,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй үндэслэлээр тус шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Байгалиас 2,364,375 төгрөг, хариуцагч Э.Хандаагаас 6,300,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Болормаад олгож, нэхэмжлэлээс 8,249,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Байгалиас 52,750 төгрөг, хариуцагч Э.Хандаагаас 115,750 төгрөг тус тус нөхөн гаргуулж нэхэмжлэгч Л.Болормаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ