Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2023/00165

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2023/00191 дүгээр шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 215/МА2023/00020 дугаар магадлалтай,

Бын нэхэмжлэлтэй

Ш-д холбогдох

“А” ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ба, хариуцагч Ш, хариуцагчийн өмгөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Боос хариуцагч Шд холбогдуулан “А” ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2023/00191 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Ш-ын эзэмшиж байгаа “А” ХХК-ийн 37 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэжээ.

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 215/МА2023/00020 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2023/00191 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Энхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

“А” ХХК-ийг 2011.12.12-ны өдөр 1 гишүүнтэйгээр байгуулсан. Хариуцагч Ш нь 2016 оны 3 дугаар сард БНХАУ-аас 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулна, ингэхийн тулд компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байх ёстой гэж гуйгаад гуйлтын дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол үйлдэж, дүрмээ шинэчлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч Шын оруулах хөрөнгө оруулалт орж ирээгүй, эзэмшсэн 51 хувийн хувьцааны үнийг төлөөгүй юм. Ш нь цаашид хамтран ажиллах санал тавьж хөрөнгө оруулалт хийнэ гээд 2016 3-р сараас 9 сар хүртэлх хугацаанд “А” ХХК-д нийт 92.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. 2016 оны 9-р сард Шд “АСН” ХХК-ийн 37 хувийн хувьцааг эзэмшүүлэн хуулийн этгээдэд бүртгүүлэн өөрчлөлт оруулсан юм.

Гэтэл Ш нь 2016 оны 3-р сараас 9 сар хүртэлх хугацаанд “А” ХХК-д нийт 98.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө “А” ХХК-д зээл хэлбэрээр өгсөн гээд 2021.09.15-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шүүх хүлээн аваад иргэний хэрэг үүсгэн зээлийн гэрээ хийгдсэн гэж дүгнээд “А” ХХК-аас Шд 62,566,300 төгрөгийг гаргуулах анхан, давж заалдах, хяналтын шатны шийдвэрүүд гарсан тул “А” ХХК-ийн 37 хувийн хувьцааны төлбөрийг төлөөгүй болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхэд даргалагч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад хариуцагч нь хувьцааны үнийг төлөөгүй учир хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, 37 хувийн хувьцааг хариуцагчаас гаргаж өгөх гэж томъёолсон. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв дүгнэж, гэрээний дагуу хувьцааны төлбөрийг төлөөгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хууль ёсны шийдвэр болсон.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн харилцааг дүгнээгүй, материаллаг хууль хэрэглээгүй.

Улсын дээд шүүхийн шүүхийн шийдвэрийн тухай 2006 оны 21 тоот тогтоолын 2.1-д  “Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана.” гэж заасан тул давж заалдах шатны шүүхийн магадлал нь дээрх шаардлагыг хангаагүй болно.

4.2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч Шыг “А” ХХК-ийн 37 хувийн хувьцааг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг нотолж чадаагүй гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д  “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” гэж заасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Хариуцагч Ш нь“А” ХХК-ийн 37 хувийн хувьцааг хууль ёсоор эзэмшиж байгаа бол Хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулж, хувьцааны үнийг төлсөн байх үүрэгтэй. “А” ХХК-ийн 51 хувийн хувьцааны үнэ 292,154,520 төгрөгийг төлсөн гэдгээ хариуцагч Ш нь нотолж чадаагүй.

4.3. Тэрээр 2016.03.17-ны өдөр “А” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч гэж Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор бүртгүүлсэн.

Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.4-т хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхдээ иргэний хуульд заасан холбогдох гэрээг хавсаргана гэснийг зөрчсөн, угаасаа ийм гэрээ байхгүй зэрэг үйл баримт нотлогдож байхад хариуцагчийн нэхэмжлэгчтэй өмнө бизнесийн харилцаатай байсан өглөг авлагын 62,550,000 төгрөгт дүйцүүлэн, хариуцагч нь компанийн 37 хувьцааг хууль бусаар эзэмшээгүй байна гэж давж заалдах шатны шүүх магадлалдаа дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан нотлох баримтанд үндэслээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон.

Хөрөнгө, хөрөнгийн эрхийг худалдах-худалдан авах гэрээг байгуулах хэлбэрийн тусгайлсан шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд тавиагүй ч гэрээний зүйл болох Хувьцааг худалдах худалдан авах, бүртгүүлэх харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд хувьцааг худалдаж худалдан авах журмыг зохицуулсан байх бөгөөд уг зүйлийн 5.4-т Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх, мөн зүйлийн 5.5-т Энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжид худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байхыг заасан бөгөөд мөн зүйлийн 5.6-д Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ гэж тус тус зохицуулсан байна.

Хариуцагч нь хуульд заасны дагуу “А” ХХК-ийн хэдэн ширхэг хувьцааг, ямар үнээр, ямар хугацаанд худалдан авснаа шүүхийн өмнө нотолж чадаагүй. Энэ байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг зохигчдын хооронд үүссэн маргаантай үйл баримтын үндэслэлийг тогтоогоогүй, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд гаргасан магадлалдаа материаллаг хууль хэрэглээгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.09.15-ны өдрийн 001/ШХТ2023/00920 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Шд холбогдуулан “А” ХХК-ийн 37 хувийн хувьцааг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...“А” ХХК-ийг 2011 онд ганцаараа үүсгэн байгуулсан, хариуцагч нь 2015 оны 12 сараас компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал тавьсан, ...компанийн 51 хувийн эзэмшигч болбол компанид хөрөнгө оруулалт хийх боломжтой байна гээд БНХАУ-ын .. компаниас  2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өгнө гэсэн санамж бичиг үзүүлсэнд итгээд компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болгон, хурлын тогтоол гаргаж өгсөн боловч хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон. ...хариуцагч нь нэгэнт компанийн хөрөнгө оруулагч болсон гээд Хаан банкнаас 120,000,000 төгрөгийн зээл авснаас цувуулж 98,204,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2016 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хийсэн. Ингээд цаашид хамтран ажиллана, хөрөнгө оруулна, хувьцаа эзэмшие гэхэд нь 37 хувийн хувьцаа эзэмшүүлэхээр болсон боловч тэрээр компанид оруулсан 98 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа зээлээр өгсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар дээрх төлбөрийг “А” ХХК-аас гаргуулахаар болсон тул хариуцагчийг 37 хувийн хувьцааг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч Ш хариу тайлбартаа: “...нэхэмжлэгч нь 2012 оноос надаас мөнгө зээлж байсан, 2015 оны 12 сард дансаар болон бэлнээр авсан мөнгөө эцсийн байдлаар тооцож үзээд 130,000,000 төгрөгийн тооцоо нийлж, зээлийн гэрээ хийсэн, ...энэ мөнгөө өгч чадахгүй, махны үйлдвэрээс хувьцаа ав гээд 2016.03.16-ны өдөр компанийнхаа 51 хувийн хувьцааг өгсөн, миний тухайд Хятадаас хөрөнгө оруулж ирнэ гээгүй, ...51 хувийн хувьцаанаас 2016.09.18-нд Быг захирал болгож, 51 хувиасаа 14 хувийг Ст өгч 37 хувийн хувьцаа эзэмшигч болж, бүх зүйл хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч компанийн 51 хувийн хувьцааг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн /сүүлд 37 хувь болсон/ өгч, бүртгэлд өөрчлөлт оруулснаар гэрээний үүргээ гүйцэтгэсэн боловч хариуцагч хариу төлбөр төлөх үүргээ хэрхэн гүйцэтгэсэн нь баримтаар нотлогдохгүй байна. ...иймд гэрээгээр тохирсон үүргээ нэг тал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж үзэх тул хариуцагч Шаас “А” ХХК-ийн 37 хувийн хувьцааг нэхэмжлэгч Бод олгох үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

 Давж заалдах шатны шүүх: “...анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай үйл баримтыг тогтоогоогүй, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй байна, нэхэмжлэгч нь хариуцагчийг “А” ХХК-ийн 37 хувийн хувьцааг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, уг хувьцааг гаргуулах тухай шаардлага гаргасан байна, иймд хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай, ...нэхэмжлэгч нь хариуцагчийг “А” ХХК-ийн хувьцааг хууль бусаар эзэмшиж байгааг нотолж чадаагүй, хэрэгт цугларсан баримтаар хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь нотлогдохгүй байна, ...харин зохигчийн хооронд 2012 онд 62,550,000 төгрөгийн тооцоо байсан, 2015 оны 12 сард 130,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт болгож хувьцаа эзэмшихээр гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зохигчийн хооронд байгуулсан гэрээгээр нотлогдсон, ...байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

9. Дээр дурдснаар анхан шатны шүүх “...хариуцагч нь компанид хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан...” гэж, давж заалдах шатны шүүх “...хариуцагч нь компанийн 37 хувийн хувьцааг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох, улмаар хувьцаагаа буцаан шилжүүлж авах...” гэж хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөрөөр тодорхойлж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шаардлагад нийцсэн гэж үзэн, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

10. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь 2011 онд “А” ХХК-ийг үүсгэн байгуулсан, зохигч 2012 оноос бие биенийгээ таньдаг, нэхэмжлэгч нь хариуцагчаас 2012 онд зээл авч байсан гэх ба талууд 2015 онд зээлдүүлсэн мөнгөө тооцож, хариуцагч нь 2015.12.08-ны өдрөөс 2016.04.01-нийг хүртэл 130,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшлийн махны үйлдвэрт хөрөнгө оруулалтын зориулалтаар, хүүгүй зээлсэн гэх агуулгатай Зээлийн гэрээг 2015.12.08-ны өдөр байгуулсан, 2016.03.17-ны өдөр хариуцагч Ш компанийн хувьцааны 51 хувийн эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн, 2016.09.18-ны өдөр баталсан компанийн  шинэчилсэн дүрмээр нийт хувьцааны 40 хувийг Б, 37 хувийг Ш, 23 хувийг “С” ХХК тус тус эзэмшихээр болж, Б гүйцэтгэх захирлаар бүртгэгджээ.

Хариуцагч Ш компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа буюу 2016.04.18-ны өдөр ХААН банкнаас 120,000,000 төгрөгийн зээл авч, 2016 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын хугацаанд компанийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид 98 сая төгрөгийг зарцуулсан үйл баримтын тухайд талууд маргаагүй байна.

Компанийн үйл ажиллагаанд зарцуулсан 98 сая төгрөгийн зардлыг нэхэмжлэгч Б нь “...хариуцагчаас компанид оруулсан хөрөнгө оруулалт буюу хувьцааны төлбөр гэж ойлгож байтал компанид зээлдүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч шүүхэд хандаж, шүүхээс зээлийн харилцаа үүссэн байна гэж шийдвэрлэсэн тул хариуцагч нь компанийн хувьцааны 37 хувийг эзэмших эрхгүй...” гэх үндэслэлээр хариуцагчийн хууль бус эзэмшлээс хувьцаагаа буцаан гаргуулахаар шаардлага гаргасан бол хариуцагч  Ш “...компанид зарцуулсан зээлийн хөрөнгө хувьцааны эзэмшилтэй холбоогүй, нэхэмжлэгч нь 2012 оны зээлийн төлбөрт компанийн 51 хувийн хувьцааг анх шилжүүлсэн, ...дараа нь өөрийн хувьцааны 14 хувийг “С” ХХК-д шилжүүлж, 37 хувийн хувьцааг хууль ёсоор эзэмшиж байгаа...” гэж маргажээ.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүйгээс үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

12. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, “...хариуцагч нь “А” ХХК-ийн 37 хувийн хувьцааг хууль бусаар эзэмшиж байгаа нь нотлогдохгүй байна...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн алдааг залруулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргаантай харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

13. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар нэхэмжлэгчийн шаардаж буй хөрөнгө түүний өмч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд шаардлага хангагдах боломжтой.

14. Хариуцагч Ш нь “А” ХХК-ийн хувьцааны 51 хувийн эзэмшигчээр 2016 оны 03 дугаар сард бүртгэгдэж, 2016 оны 09 дүгээр сард бүртгэлд өөрчлөлт оруулж, 37 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байх ба бүртгэл хууль зөрчсөн талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчээс “...хариуцагч нь компанид хөрөнгө оруулсан 98 сая төгрөгөө зээл гэх нэрээр буцаан татсан тул компанийн хувьцааг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл болно...” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, “...компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоогдоход банкнаас зээл авч компанид зарцуулсан хөрөнгө хамааралгүй, 2012 оны зээлийн төлбөр 130,000,000 төгрөгт тооцож, хувьцаа эзэмшсэн...” гэж маргасан байна.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Талууд 2012 онд хариуцагчаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 62,550,000 төгрөгт тооцоо нийлж, зээлдүүлсэн хөрөнгийг 130,000,000 төгрөгт тооцож, 2015.12.08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан ба тухайн хөрөнгөөр компанид хөрөнгө оруулалт хийж, хариуцагчид “А” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг эзэмшүүлэхээр харилцан тохиролцсоны улмаас компанийн бүртгэлд өөрчлөлт оруулж, хариуцагчийг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, улмаар дээрх үйл баримт Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019.06.25-ны өдрийн №186 дугаартай мэдэгдэх хуудаст бичигдснээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хариуцагч нь “А” ХХК-ийн хууль ёсны эзэмшигч мөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, магадлал хуульд нийцсэн байна.

16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан: “...хариуцагч нь БНХАУ-аас хөрөнгө оруулалт оруулж ирэхийн тулд компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн, ...хэрэв компанийн хувьцааг худалдан авсан бол 51 хувийн хувьцааны үнэ 292,154,520 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлснээ нотлоогүй тул компанийн хувьцааг эзэмших эрхгүй, ...энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ...талуудын хооронд үүссэн харилцааг үндэслэлтэй дүгнээгүй, материаллаг хууль хэрэглээгүй, ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гомдолд дурдсан үндэслэлээ баримтаар нотлоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг магадлалын үндэслэх хэсэгт тухайлан тайлбарлан заасан байх тул шүүх нотлох баримтыг үнэлээгүй, материаллаг хуулийг хэрэглээгүй талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 215/МА2023/00020 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э-н гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Боос 2023.06.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД