| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2022/0067/З |
| Дугаар | 542 |
| Огноо | 2022-07-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд, нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б**********;
Хариуцагч:Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын улсын байцаагч А.Т********** ;
Гуравдагч этгээд:Б.Б********** ;
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б********** ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н**********, өмгөөлөгч Б.З**********, хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын улсын байцаагч А.Т********** , гуравдагч этгээд Б.Б********** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М********** нарыг оролцуулан
Нэхэмжлэлийн шаардлага:Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ********** дугаар Шийтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ********** дугаар Шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, өөрчлөх, багасгах хүсэлт гаргаагүй болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар
2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараахь үйл баримтыг дурдсан байна.Үүнд: Б.Б********** би Revit программыг 2017 онд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Архитектурын ангид сурч байхдаа анх тухайн мэргэжлийн хичээл дээр үзэж сурч байсан. 2018 онд “Монгол архитектор төлөвлөлт” компанид дадлага хийж, уг байгууллагад Revit дээр ажлын зураг зурж сурсан ба 2019 онд их сургуулиа төгссөн.
Уг программ дээр гүнзгийрүүлж, 2021 онд сайжруулж, Золбоо архитектурын загвар зураг хөгжүүлэлтийн төвийн сургалтад сууж, төгссөн. Б********** миний бие бусдын бусдын хичээлийг ашиглаагүй, ашиглах шаардлагагүй.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар намайг видео хичээлийг цахим орчин зохиогчийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан гэж үзэж, мөн ямар баримтыг үндэслэн ********** төгрөг олсон болохыг тогтоогоод байгааг зөвшөөрөхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт үйлдсэн эсэх” гэж заасны дагуу зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтан нь зөвхөн зохиогч хүний гомдлыг үндэслэж, ямар ч үндэслэлгүйгээр надад шийтгэл оногдуулсныг шүүхээр тогтоолгох хүсэлтэй гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч А.Т********** нь гомдол гаргагч Б.Б ыг гуравдагч этгээд Б.Б********** зохиосон Autodesk Revit гэсэн архитектурын видео хичээлийг цахим орчинд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олсон ********** төгрөгийн орлогыг хураах, хохирол нөхөн төлбөрт ********** төгрөгийг гаргуулах, мөн ********** төгрөгийн шийтгэл оногдуулсан байдаг. Б.Б********** нь Revit программыг 2017 онд Шинжлэх Технологийн Их Сургуулийн архитектурын ангид сурч байхдаа анх тухайн мэргэжлийн хичээл дээр сурч байсан. Үүний дараа 2018 онд “**********” ХХК-д дадлага хийж, уг байгууллагад Revit программ дээр ажлын зураг, загвар зургийг зурж сурсан байдаг. Мөн 2019 онд их сургуулиа төгссөн ба уг программаа гүнзгийрүүлж 2021 онд “**********” загвар зураг хөгжүүлэлтийн сургалтад сурч төгссөн. Б.Б********** нь бусдын хичээлийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашиглаагүй, худалдан борлуулаагүй байдаг. Гэтэл зөрчлийн хэрэгт авагдсан гэх ямар баримтуудыг үндэслэж видео хичээлийг цахим орчинд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан гэж үзэж, мөн ямар баримтуудыг үндэслэж Б.Б********** д ********** төгрөгийн орлого олсон болохыг тогтоогоод байгааг зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасны дагуу зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтан нь зөвхөн зохиогч гэх хүний гомдлыг үндэслэж, ямар ч үндэслэлгүйгээр Б.Б********** д шийтгэл оногдуулсан байдаг. Иймд Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч А.Т********** ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 002257 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр тараагдсан гэх зүйл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу яг ямар бүтээл юм бэ гэдэг нь тодорхойгүй. Мөн тухайн бүтээл нь үүсмэл бүтээл эсэх, эсвэл мэдээллийн сан эсэх нь тодорхойлогдоогүй зүйлийг Зөрчлийн хэрэгт оюуны өмч гэдэг байдлаар оруулж ирснийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбартаа дурдсан Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нотлох баримт бүрдсэн эсэх нь эргэлзээтэй буюу баталгаатай нотлох баримт бүрдээгүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм гэсэн гомдлын агуулгыг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
2.4.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд “... зөрчлийн хэрэгт авагдсан гэх ямар баримтуудаар намайг дээрх видео хичээлийг цахим орчинд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан гэж үзэж, мөн ямар баримтыг үндэслэж ********** төгрөгийн орлого олсон болохыг тогтоогоод байгааг зөвшөөрөхгүй...” байна гэж дурджээ.
Хяналтын байцаагч А.Т********** би иргэн Б.Б********** ын 2021 оны 11 дугаар сарын 12 ны өдөр гаргасан “…гомдол гаргагч Б.Б********** ын зохиосон “Autodesk revit” видео хичээлийг иргэн Б.Б********** зөвшөөрөлгүй зарж, түүний зохиогчийн эрхийг зөрчиж байгаа зөрчлийг тогтоолгох, зөрчлийн улмаас учирсан хохиролд ********** төгрөг гаргуулах…” тухай гомдлыг хүлээн аваад, ********** дугаартай зөрчлийн хэрэг нээж, шалгасан болно. Зөрчлийн хэргийг шалгах явцад иргэн Б.Б********** нь зохиогч Б.Б********** ын хууль ёсны эрхийг зөрчсөн болохыг тогтоож 2021 оны 12 сарын 15-ны өдөр №********** тоот шийтгэлийн хуудсыг бичсэн. Тухайн шийтгэлийг ногдуулахдаа зөрчлийн хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудад үндэслэн иргэн Б.Б********** ын зохиогчийн эрх зөрчигдөж, зөрчлийн улмаас хохирол учирсан болохыг тогтоосон болно.
Тухайлбал, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дах хэсэгт 6.1.8-д “кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл нь зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл болно” гэж заасан тул гомдолд дурдсан тул гомдол гаргагч Б.Б********** ын зохиосон “Autodesk revit” видео хичээл нь зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл мөн байна. Нотлох баримтаар гаргаж өгсөн CD-ний “хавсралт 1” фолдер доторх файлуудад хийсэн үзлэг, тухай хичээл дээр бичигдсэн нэр, логогоор тухайн видео хичээлийн зохиогч нь Б.Б мөн болохыг тогтоосон.
Зөрчлийн хэргийг шалгах явцад холбогдогч Б.Б********** аас 2021 оны 11 дүгээр сарын 30 -ны өдөр байцаалт авсан. Холбогдогч Б.Б********** байцаалтын явцад “Аutodesk revit” видео хичээлийг зарсан эсэх талаар асуухад “тийм юм огт байхгүй”, анх хэзээ зар тавьсан бэ? гэж асуухад “би зар тавиагүй”, зарсан хичээлийг өөрөө бэлдсэн юм уу? гэхэд “би ямар ч хичээл зараагүй” зэргээр хариулдаг боловч түүний хаан банкны дансаар “хичээлийн үнэ, хичээлийн төлбөр, autodesk revit” гэх зэрэг гүйлгээний утгатай хичээл зарсан төлбөр олон давтамжтай орсон байдаг. Хэрвээ холбогдогч Б.Б********** нь үнэхээр зохиогчийн эрх зөрчөөгүй, хичээл зараагүй нь үнэн бол түүний эзэмшлийн дансаар нь ийм гүйлгээнүүд хийгдэх ёсгүй болох нь тодорхой юм. Эдгээр гүйлгээ болон, гүйлгээний утга зэрэг нь түүнийг хичээл зарсан болохыг нотолж байна.
Холбогдогч Б.Б********** нь “архитектор Б********** ” гэх facebook хуудастай бөгөөд тухайн хуудаснаас архитектортой холбоотой хэд хэдэн facebook групп дээр “архитектурын autodesk revit” хичээл зарна гэсэн зар тавьсан байдаг. Зарын дагуу иргэд холбогдож, хичээл авах талаар асуухад, facebook чатаар Б.Б********** нь, өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот дансны дугаарыг бичсэн байдаг. Энэ нь мөн түүнийг видео хичээлийг зарсан болохыг нотолж байна.
Нийслэлийн хяналтын прокурорын 68 дугаартай зөвшөөрлийн дагуу холбогдогч Б.Б********** ы эзэмшлийн Хаан банкны ********** тоот дансны хуулгыг шалгаж үзэхэд, revit хичээлийн үнэ, хичээлийн үнэ, revit хичээл, ХАС ЦБУ багц хичээл гэх мэт гүйлгээний утгатай нийт 13 гүйлгээгээр нийт ********** төгрөгийн орлого орсон байдаг. Энэхүү 1 ********** төгрөгийн орлогыг бусдын зохиогчийн эрхтэй видео хичээлийг, эрх эзэмшигчийн хууль ёсны зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулж, хууль бусаар олсон орлогод тооцож, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Холбогдогч Б.Б********** ы “архитектор Б ” facebook хуудасны хувь чатаар илгээсэн видео бичлэг дотор video-(1) бичлэгийн 00:00:09 секунд дээр “Keep calm and meet revit” гэх бичиг болон түүний доор байгаа “BIM on Mongolia” гэх барааны тэмдэг байгаа нь хохирогч Б.Б********** ын зохиосон видео хичээл мөн гэж үзэх үндэслэлтэй байсан. Мөн хохирогч Б.Б********** нь холбогдогч Б.Б********** тай утсаар холбогдож ямар хичээл зарж байгаа талаар болон “Аutodesk revit” хичээлийн талаар асууж ярилцсан гар утасны ярианы дуу хураасан 4 мин 51 секундийн бичлэгийг мөн тухайн ярьсан дугаар нь холбогдогчийн гар утасны дугаар гэдгийг харуулсан зураг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн бичлэгт үзлэг хийхэд 6 секундээс 9 секунд хүртэлх Архитектор Б гэх фейсбүүк хуудасны эзэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 52 секундээс 1 минут 20 секунд хүртэлх ярианд хичээлийг зарж буй төлбөрийг хэлдэг тул түүнийг хохирогчийн зохиосон видео хичээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй худалдан борлуулж, хууль бус орлого олсон гэж дүгнэсэн болно.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглодог. Гэтэл холбогдогч Б.Б********** нь зохиогчийн зөвшөөрөлгүйгээр зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл болох видео хичээлийг ашиг олох зорилгоор худалдан борлуулсан нь зохиогчийн зах зээлд нөлөөлж, хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б********** нь холбогдогчийн хууль бус нэгж үйлдлийг ********** төгрөгөөр тогтоож, нийт 200 удаагийн үйлдлээр зөвшөөрөлгүй зарсан гэж үзэн хохирлын нөхөн төлбөрт ********** төгрөг нэхэмжилдэг. Харин би хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хохирогч Б.Б********** ын өөрийн зохиосон 3 төрлийн видео хичээлээр сургалт орохтой холбоотой сургалтын гэрээ болон Б.Б********** ын тухайн үед гэрээний орлогоос төлсөн хувь хүний орлогын албан татварын тайлан зэргийг үндэслэж Б.Б********** ын нэхэмжилсэн нэгж үйлдэлд ********** төгрөгөөр тогтоосон нь хууль ёсны, үндэслэл бүхий байна дүгнэсэн. Тиймээс өмнө дурдсан Б.Б********** ы Хаан банкны дансны 13 удаагийн гүйлгээний хууль бус орлогод үндэслэн 13 удаагийн үйлдлийг ********** төгрөгөөр үржүүлж зөрчлийн улмаас учирсан хохиролд ********** төгрөгийг хохирлын нөхөн төлбөрт олгуулахаар шийдвэрлэсэн болно.
Мөн Б.Б********** ын үнэлсэн ********** төгрөгийг үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь Б.Б********** нь 2016-2017 онуудад тухайн хичээлүүдээ байгууллагуудад гэрээ байгуулж борлуулсан орлогоосоо хувь хүний орлогын албан татвар төлсөн учраас тухайн ********** төгрөгийн үнэлгээг үндэслэл бүхий байна гэж үзсэн.
Дээр дурдсан нотлох баримт, эрх зүйн дүгнэлтэд үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлд “…Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу иргэн Б.Б********** ы хууль бусаар олсон орлого болох ********** төгрөгийг улсын орлогод хурааж, ********** төгрөгөөр торгож, учруулсан хохиролд ********** төгрөг гаргуулах шийтгэлийг ногдуулсан болно. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү
2.5.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Б миний бие тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул дараахь тайлбаруудыг гаргаж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа:
2.5.1.Б.Б********** намайг “Б.Б********** ын зохиосон Autodesk Revit-ийн архитекторын видео хичээлийг цахим орчинд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй худалдан борлуулсан гэж үзээд” гэжээ.
Б.Б********** нь Б.Б********** миний 3 бүтээлийг хууль бусаар зарж байсан нь баримтаар нотлогдоод байгаа болно. Үүнд:
1/ Архитекторуудад зориулсан “Барилга архитектурын байгууллагын сургалтын материал”
2/ Бүтээцийн инженерүүдэд зориулсан “Барилга бүтээцийн байгууллагын сургалтын материал”
3/ Хорших инженерүүдэд зориулсан “ХАС, ЦБУ-ийн байгууллагын сургалтын материал”
2.5.2.Б.Б********** би ”2018 онд Монгол Архитектор төлөвлөлт компанид дадлага хийж уг байгууллагад Revit дээр ажлын зураг Загвар зургийг зурж сурсан ба 2019 онд сургууль аа төгссөн. Уг программаа гүнзгийрүүлж 2021 онд сайжруулж Золбоо Архитектурын Загвар зураг хөгжүүлэлтийн төвийн сургаалтанд сууж төгссөн” гэжээ.
Б.Б********** миний бие байгууллагуудад гэрээ байгуулсны үндсэн дээр зөвхөн байгууллагын хэрэгцээнд ашиглах нөхцөлтэй сургалт явуулдаг болно. “**********” ХХК болон “Загвар хөгжүүлэлтийн сургалтын төв” нь миний бэлтгэсэн сургалтанд огт хамрагдаж байгаагүй болно. Өөрөөр хэлбэл, дээрх этгээдүүдийн аль нь ч миний бүтээлүүдийг ашиглах эрхгүй. Иймд Б.Б********** зохиогч миний бие Б.Б********** нь миний бүтээлүүдийг хаанаас хэрхэн олж авсныг шүүх хурлын үед мэдэхийг хүсч байна.
2.5.3.Б.Б********** нь “Уг программаа гүнзгийрүүлж 2021 онд сайжруулж Золбоо Архитектурын Загвар зураг хөгжүүлэлтийн төвийн сургалтанд сууж төгссөн.” гээд “гэрчилгээ” хавсаргасан байна.
Уг гэрчилгээ Б.Б********** ыг гэм буруугүйг нотлохоосоо илүүтэй өөрийн буруутай үйлдлийг нуух гэж оролдож буйг харуулж байна.
1/ Гүнзгийрүүлж сурсан гэсэн боловч Анхан шатны гэрчилгээ байна.
2/Гэрчилгээний огноо 2021 оны 12 сар буюу хэрэгт холбогдсоныхоо дараа хамрагдсан байна. Мөн загвар хөгжүүлэлтийн сургалтын төв нь 2021 оны 12 сард сургалт явуулсан гэдгийг батлах зар байхгүй бөгөөд 2021 оны 3 сарын 12-нд сургалтын зар оруулсан ба сургалтын төлбөрийн хувьд анхан шат **********₮ үнэлгээтэй байна. Дараагийн сургалтын зар нь Б.Б ыг гэрчилгээгээ авсны дараа буюу 2022 оны 1 сарын 31-нд нийтлэгдсэн байна. Мөн анхан шатны сургалтын төлбөр нь **********₮ төгрөг.
Та бүхэн “Загвар хөгжүүлэлтийн сургалтын төв” гэсэн фейсбүүк хуудаснаас тодорхой харж болно.
3/ Мөн сургалтын төлбөр **********₮-г 2022 оны 2 сарын 14-нд төлсөн байгаа нь 2021 оны 12 сард гэрчилгээ нь гарсан сургалтын хувьд хүн итгэмээргүй үйлдэл болов уу.
4/ Мөн нэхэмжлэл гаргахдаа өөрийгөө архитектор бөгөөд Б.Б********** миний бэлтгэсэн 3 төрлийн хичээлүүдээс Архитекторын видео хичээлийг зараагүй гэж дурдсан хэрнээ, өөрийн мэргэжилд хамааралгүй “инженер төлөвлөлтийн ажлын зураг гүйцэтгэх” сургалтанд суусан байна.
Яг ямар инженер төлөвлөлт болох нь тодорхойгүй байгааг анхаарна уу.
Иймд Б.Б********** нь нэхэмжлэлдээ огт дурдаагүй миний бүтээлүүдээс “бүтээцийн инженер” болон “хорших инженерүүдийн” сургалтын материалуудыг ашигласан нь баримтаар нотлогдоод ирвэл тэдгээр баримтыг үгүйсгэх гэж хуурамчаар гаргуулсан гэрчилгээ гэж үзэх үндэслэлтэй байна.
2.5.4.Б.Б********** нь нэхэмжлэлдээ “зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтан нь зөвхөн зохиогч гэх хүний гомдлыг үндэслэж ямар ч үндэслэлгүйгээр надад шийтгэл оногдуулсныг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.
Миний бие хэргийн талаар гомдол гаргахаасаа өөрийн хэмжээнд нотлох баримт цуглуулсан болно.
Эдгээрийн нэг нь Б.Б********** тай утсаар ярьж түүний зарж буй видео хичээлийн талаарх мэдээлэл цуглуулж миний бэлтгэсэн хичээл мөн эсэхийг шалгаж баталгаажуулсан болно. Ингэхэд Б.Б********** revit-ийн хичээлээ 200 гаруй удаа зарсан ихэвчлэн байгууллагуудад зардаг, ярьж дуусаад хичээлийн хэсгээс фейсбүүк чатаар явуулъя гэсэн. Түүний явуулсан хичээлүүд нь миний хийсэн видео хичээлүүд болох нь батлагдсан тул Оюуны өмчийн газар гомдол гаргасан болно.
Ингэхдээ Б.Б********** ы зарж буй хичээлүүдийн бодит дундаж үнэ **********₮-ийг түүний хэлснээр 200 гаруй үйлдлээр тооцоход хагас тэрбумаас илүү гарахаар нь Барилга архитектурын хичээлээс илүүтэй хорших инженерүүдийн хичээл зарсан байх гэж бодоод **********₮ үнэлж гомдол гаргасан.
Хэргийг шалгах явцад Б.Б********** ы данс руу хичээл худалдан авахдаа утасны дугаар, и-мэйл, фейсбүүк нэр зэргээ гүйлгээний утга дээр бичиж худалдан авалт хийсэн цөөнгүй тохиолдлууд байсан. Эдгээрээс Төгөлдөр байцаагч утасны дугаараа бичсэн хүмүүс рүү залгаж асуухад тэд миний бэлтгэсэн хичээлүүдийг худалдаалж байсныг хүлээн зөвшөөрсөн ч шүүх хуралд гэрчээр орох боломжгүй гэсэн учраас нотлоход төвөгтэй гэж үзэн нотлох баримтаас хассан.
Мөн өнөөдөр түүний нэхэмжлэлтэй танилцахад Б.Б********** нь бүүр эртнээс миний бүтээлүүдийг хууль бусаар зарсан байх магадлалтай байна.
Иймд Б.Б********** д оногдуулсан торгууль багадсан уу гэхээс ихдээгүй болов уу. Тиймээс маргаангүй баримтууд дээр үндэслэж гаргасан Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Т********** ийн 2021.12.15-ны өдрийн №********** шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч Б.Б********** д авах ёстой арга хэмжээнүүдийг хуульд зааснаар авч зохиогч намайг хохиролгүй болгож өгнө үү.
2.5.5.Оюуны өмчийн хяналтын хэлтсийн улсын байцаагч А.Т********** нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн дагуу зохиогчийн эрхийн тухай хуульд хамаарах зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан мөн бөгөөд дараахь эрхүүдийг эдэлнэ.
1/Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн “нөхөн төлбөрийг гаргуулах”, тус бүлгийн тайлбарт “эрх бүхий албан тушаалтан” гэж зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныг ойлгоно” гэсний дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох эрхтэй болно.
2/Зөрчил шалган шийдвэрлэх тухай 4.11 дүгээр зүйлийн 3-т “Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно” гэж заасны дагуу оюуны өмчийн үнэлгээг тогтоохгүй бөгөөд “болно” гэдэг нь заавал шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна.
3/Оюуны өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн “3.1.1 “оюуны өмч” гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл” гэж заасан ба оюуны өмч нь эд зүйл, хөрөнгө биш тул уг заалтын дагуу үнэлгээ тогтоох шинжилгээ хийх үндэслэлгүй болно.
2.5.6.Зохиогчийн эрх, оюуны өмчид хамаарах бүтээлийн үнэлгээ, үнэлгээ хийх эрхийг “Оюуны өмчийн тухай” хуулийн заалтаар тусгайлан зохицуулагдсан байдаг. Учир нь Зохиогчийн эрхээр хамгаалагдсан оюуны өмчид хамаарах бүтээл нь биет бус хөрөнгө ба нэг удаагийн үйлдлийн цаана маш олон тооны үйлдэл нуугдаж байдаг хор хөнөөлтэй тул тусгай мэргэжлийн шинжээч, үнэлгээчин үнэлэх ёстой.
2.5.7.Оюуны өмчийн тухай хуулийн 20 дүгээр зүйлийн “20.2.Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хуульд өөрөөр заагаагүй бол талууд оюуны өмчийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоож болно” гэж заасны дагуу зохиогч миний бие сургалтад хамрагдсан байгууллагуудтай харилцан тохиролцон үнэлж өөрийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд 2012 оноос хойш оруулсан болно.
2.5.8.Нэгэнт эдийн засгийн эргэлтэд орсон бүтээлийг дахин үнэлэх, үндэслэл оюуны өмчийн тухай хуулинд байхгүй. Оюуны өмчийн хуулийн 21 дүгээр зүйлийн “21.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хөрөнгийн үнэлгээчин нь оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсны үндсэн дээр оюуны өмчийн үнэлгээг хийнэ” гэж заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний 5 дугаар зүйлийн “5.1.1.үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон”-ы үндсэн дээр үнэлгээ хийх эрхтэй.
2.5.9.Нарийн мэргэжлийн бүтээлийг бодитоор үнэлэх мэргэжлийн ур чадвар бүхий үнэлгээчин байхгүй гэж үзвэл зохиогч өөрийн оюуны өмчөө Оюуны өмчийн тухай хуулийн 20 дүгээр зүйлийн “20.2” дахь заалтын дагуу үнэлэх эрхтэй. Уг эрхийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр оюуны өмчийг ашигласан гуравдагч этгээд тэр тусмаа хэрэгтэн үгүйсгэж дахин үнэлүүлэх хүсэлт гаргах нь чөлөөт эдийн засгийн үндсэн зарчим, хөрөнгийн үнэлгээний тухай, оюуны өмчийн тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчиж байна.
2.5.10.Одоогоор Монгол Улсын хэмжээнд Оюуны өмчийн хуулийн 21 дүгээр зүйлийн “21.1-д заасны дагуу оюуны өмчийг үнэлэх эрх бүхий үнэлгээчин байхгүй. Байсан ч тухайн үнэлгээчин нь нэгэнт зах зээлийн эргэлтэд орсон бүтээлийг үнэлэх эрхгүй. Оюуны өмчийг дахин үнэлэх эрх олгох нь дуртай этгээд нь бусдын оюуны өмчийг нийтэд тарааж, үнэгүйдүүлэх үндэс суурь болох тул Оюуны өмчийн хуулийн 15 дүгээр зүйлийн 15.1-д Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патентын шинжээч” гэж заасны дагуу зөвхөн шинэ бүтээлийг тус 20 дүгээр зүйлээр зах зээлийн эргэлтэнд оруулахдаа үнэлэхээр заасан гэж үзэж болохоор байна.
2.5.11.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.4-т “шинжээчид тавьсан асуулт нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгт хамаарахгүй” гэж заасны дагуу Монгол Улсын хэмжээнд Барилгын зураг төсөл тэр тусмаа нарийн мэргэжлийн программын мэдлэгтэй, оюуны өмчийг үнэлэх шинжээч олдлоо гэж үзэхэд миний бүтээлтэй харьцуулалт хийх өөр бүтээл байхгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухайн хуулийн 3.8 дугаар зүйлийн “3.1.Эрх бүхий албан тушаалтны тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргах;” гэж заасны дагуу бүрэн бодитоор үнэлэх боломжгүй гэж үзэж байна.
2.5.12.Б.Б********** миний зохиогчийн эрхээр хамгаалагдсан 3 төрлийн видео хичээл бүхий сургалтын материалыг бусад ижил төстэй сургалттай харьцуулж үнэлэх боломжгүй гэдгийг дараахь үндэслэлүүдээр гаргаж байна.Үүнд:
2.5.13.Б худалдан борлуулсан Б миний бие зохиосон бүтээлүүдийн үнэлгээ болон агуулга нь бусад ижил төстэй сургалтуудаас хэт өндөр биш болно. Мэргэжлийн байгууллагуудад зориулсан видео хичээл, дасгал хийх файл, гарын авлага зэрэг иж бүрэн сургалтын материалууд болно.
1/Барилга архитектурын (БА) чиглэлийн анхан, дунд, гүнзгий шатыг хослуулсан хэрэглээний түвшний сургалт 18 удаагийн оролттой, нэг оролт 3 цаг буюу нийт 54 цагийн сургалт үнэ ********** төгрөг. Цагийн үнэ ********** төгрөг.
2/Барилга бүтээцийн (ББ) сургалт 13 удаагийн оролттой, нэг оролт 3 цаг буюу нийт 39 цагийн сургалт үнэ ********** төгрөг. Цагийн үнэ ********** төгрөг
3/Хорших инженерийн (ХАС, ЦБУ) анхан, дунд, гүнзгий шатыг хослуулсан хэрэглээний түвшний сургалт 24 удаагийн оролттой, нэг оролт 3 цаг буюу нийт 72 цагийн сургалт үнэ ********** төргөг. Цагийн үнэ ********** төгрөг.
2.5.14.Цагийн үнэлгээнд дан ганц видео хичээл бус, гарын авлага, дасгал хийх файл бүхий мэдээллийн сан орж байгаа. Мөн уг цагийн үнэлгээнд тухайн сургалтанд ашигласан дасгал хийх файл, гарын авлага, хичээлийн хөтөлбөр боловсруулахад зарцуулсан цаг ороогүй болно. Мэргэжлийн онцлогоос хамаараад үнэлгээний хувьд хоорондоо өөр.
Дээрх видео хичээлүүд нь байгууллагын сургалтанд ашиглагддаг ба сургалтанд хамрагдсан байгууллага нь тухайн видео хичээлүүдийг шинээр орсон ажилчдаа сургах зорилгоор зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах давуу талыг олгодог. Үүнтэй ижил видео хичээл хүлээлгэж өгдөг сургалт миний мэдэхийн Монголд одоогоор байхгүй. Бусад сургалтууд нь танхимын сургалт бөгөөд шүүх хуралд оролцсон 2 дахь гэрчийн мэдүүлснээр цаг заваа гаргаж суугаагүй бол нөхөж үзэх, сургалт дууссаны дараа дахин ашиглах боломжтой видео хичээл зэрэг материалаар хангадаггүй.
2.5.15.Англи болоод бусад хэл дээрх сургалт нь Монголын барилгын зураг төслийн стандартад нийцдэггүй бөгөөд сургалтанд ашиглаж байгаа программ нь Монгол стандартыг дэмжиж ажилдаггүй тул Монгол стандартад хэрхэн нийцүүлж зурах арга зүйг миний бие өөрийн мэдлэг, ур чадвар дээр тулгуурлаж зохиосон тул Англи хэлтэй хичээлтэй харьцуулж үнэлэх боломжгүй.
2.5.16.Нэхэмжлэгч тал хэлэхдээ “цахим орчинд ижил төстэй бүтээлүүд байгаа” гэж Оюуны өмчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шинжээч томилох хангалттай үндэслэл болж чадахгүй.
1/ Миний бие өөрийн хичээлийн агуулга, заах арга барил, ур чадварыг сурталчлах зорилгоор “Youtube” болон бусад нийгмийн сүлжээнд хичээлийн тодорхой хэсгүүдээс үнэ төлбөргүй байршуулж сурталчилгаа хийдэг. Үүнтэй нэгэн адил бусад хүмүүс өөрсдийн видео хичээлийг байршуулах эрх нь нээлттэй бөгөөд энэ нь миний бэлтгэсэн байгууллагын сургалтын видео хичээлийн үнэлгээг үндэслэлгүй гэж үзэх шалтгаан болохгүй.
2/ Монгол улсын хэмжээнд хэрэглээний (анхан, дунд, гүнзгий) түвшиний бүрэн хэмжээний видео хичээл бэлтгэсэн нэг ч сургалтын байгууллага, хувь хүн байхгүй гэж бодож байна. Байгаа гэж үзсэн ч миний бүтээлүүд нь агуулга, заах арга зүй чанарын хувьд өөр бөгөөд нарийн мэргэжлийн шинжээч нарийвчилсан шинжилгээ хийж ялгаатай талуудыг нарийн тогтоосны үндсэн дээр үнэлэх боломжтой.
3/ Мөн нэхэмжлэгч Б********** нь өөрөө “Б********** миний бүтээлүүдийг бусадтай харьцуулах шаардлагагүй чанартай бэлтгэгдсэн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнийг гуравдагч этгээд миний бие нотлох баримтаар гаргаж өгсөн DVD-ний “Хавсралт 2” дотор “4 – Утасны яриа” дотор байгаа “Архитектор Б ” гэх миний бие Б тай утсаар ярисан ярианы бичлэгээр баталгаажуулж болно. Уг ярианы
4/ 00:01:06-аас 00:01:22-ын хооронд “анхан шатнаас нь эхлээд бүх юмыг нэг зураг эхлээд дуустал хүртэл заасан байгаа. Бүгд Монгол хэл дээр”.
5/ 00:01:29-өөс 00:01:52-ын хооронд “дотроо гурван хэсэгтэй байгаа“
6/ 00:02:53-аас 00:03:06-ын хооронд БА, ББ нь тус бүрдээ 10 GB, ХАС ЦБУ нь 13GB файл байгаа.
7/ 00:03:43-аас 200 гаруй хүнд өгсөн, голдуу компаниуд залгаж байгаа.
8/ 00:03:50-аас авсан хүмүүс нь сэтгэл хангалуун байна уу? Тийм.
9/ 00:04:05-аас 00:04:36-ын xxxxxxxxx хооронд яриагаар батлах боломжтой.
2.5.17.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн “31.2. Нотлох баримт нь “... дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг” гэж заасны дагуу нотлох баримтаар гаргаж өгсөн DVD-ний “Хавсралт 2” дотор “4 – Утасны яриа” дотор байгаа “Архитектор Б ” утасны яриаг нотлогдох тул нэхэмжлэл үндэслэлгүй.
Миний бие 2012 оноос хойш “BIM on Mongolia” нэрээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг нэвтрүүлэх, түүнд ашиглах программыг танилцуулах, заах зорилгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд үйлчлүүлэгчдэд санал болгож байгаа бүтээлүүд нь бүгд зохиогчийн эрхээр хамгаалагдсан. Хуульд зааснаар кино урлагийн болон дүрст бүтээл гэж заасныг анхаарч үзэх хэрэгтэй. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-т “газрын зураг, атлас болон архитектурын зураг төсөл, хар зураг, бүдүүвч, диаграмм, гурван хэмжээст илэрхийлэл зэрэг шинжлэх ухаан, техникийн шинжтэй тайлбар зураг” гэдэг миний видео хичээл дээр гардаг гурван хэмжээст зураг, архитектурын зураг төслүүд хамаарч байгаа юм. Тухайн программ дээр ашиглах боломжтой мэдээллийн сангуудыг би өөрөө бүрдүүлсэн. Учир нь тухайн программ нь Америкийн Нэгдсэн Улсад бүтээгдсэн учраас Монгол Улсад шууд ашиглах боломжгүй. Энэ мэдээллийн сан нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13-т “материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлог, түүвэр зохиол болон эмхэтгэл” гэдэгт хамаарна. Оюуны өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хуульд өөрөөр заагаагүй бол талууд оюуны өмчийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоож болно” гэж заасны дагуу би үйлчлүүлэгч байгууллагатайгаа харилцан тохиролцож тухайн бүтээлийг зах зээлийн эргэлтэд оруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс архитекторын нэг хичээл гэж ярьж байгаа боловч гурван өөр төрлийн хичээл байгаа. Энэ гурван хичээл нь тус бүр өөр өөр үнийн дүнтэй. Миний хувьд 2012 оноос хойш миний бүтээлийг хууль бусаар ашиглаж байгаа үйлдлүүдтэй тулгарч байсан бөгөөд тэр болгон дээр нотлох баримт олддоггүй байсан.Миний хичээлийг архитектор Б********** гэдэг пэйж зарж байна гэж хүнээс сонсоод тухайн хүнтэй холбогдсон. Ингэхэд тухайн хүн миний хичээлийг зарж байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Миний хийсэн бүтээлийг ашиглах эрхийг миний сургалтад суусан ч олж авч чадахгүй. Учир нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул гэрээ хийж авах боломжтой. Нэхэмжлэгчийн хувьд Архитектор Б********** гэдэг фейсбүүк пэйж хаягаа устгасан учраас ямар нэгэн нотлох баримт байхгүй гэж үзсэн бололтой. Гэхдээ хавтаст хэрэгт тухайн бүтээлийг цааш нь зарж борлуулсан гэдгийг нотлох баримтууд хангалттай цугласан байгаа. Мөн түүнчлэн шүүх гэрчүүдээс мэдүүлэг авсан учраас энэ хэргийг цааш нь сунжруулах шаардлага байхгүй гэж үзэж байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргаж буй эрх зүйн харилцааны төрөл, маргааны зүйл:
Энэ хэргийн маргаанд оюуны өмчийн эрх зүйн харилцаанд дахь “зохиогчийн эрх зөрчсөн эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
2.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан бичгийн болон цахим хэлбэрээр авагдсан дүрс бичлэг, дуу бичлэг зэрэг “бүх” нотлох баримтыг үгүйсгэсэн, атлаа өөрийн зүгээс эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн, няцаах нотлох баримт гаргаж өгөхгүй гэсэн болно.
Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар авагдсан цахим хичээлийг нэхэмжлэгч Б.Б********** ы зарсан хичээл мөн гэдэг нь нотлогдохгүй гэж, Б.Б**********, Б.Б********** нарын хоорондоо ярьсан дуу бичлэгийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн дуу хоолой мөн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж, гар утсан дээр бичигдсэн захидал харилцааг Б.Б********** ы утас болон фейсбүүк хуудаснаас ирсэн гэдэг нь нотлогдохгүй, гэрч нарыг яаж хэрхэн сонгосон нь тодорхой бус гэж гэж маргасан атлаа эдгээрийн хуурамч эсэх, эсхүл нотлох баримтын эх сурвалжийг тогтоох, нэмж шалгах болон өөрийнх нь үгүйсгэж байгаа баримтад шинжээч томилуулахгүй, шаардлагагүй, өөр нотлох баримт цуглуулахгүй гэж татгалзаж байна.
Нэгэнт нэхэмжлэгч тал нотлох баримт гаргахгүй, няцаахгүй гэж байгаа тул анхан шатны шүүх нэхэмжлэгчид албадлага хэрэглэж мэтгэлцүүлэх эрх зүйн боломжгүй байсан тул хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт гаргахгүй, шүүхээр шалгуулахыг хүсэхгүй байгаа үндэслэл, шалтгаанаа “нэхэмжлэгч Б.Б********** ы гэм буруутай гэдгийг хариуцагч Улсын байцаагчийг нотлох үүрэгтэй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг, тайлбар өгөхгүй” гэж байна.
2.3.Захиргааны хэргийн шүүх нь “эрх зүйн маргаан”-ыг нотлох баримт цуглуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр, зөвхөн хуульд нийцүүлж шийдвэрлэх үүрэгтэй, нэхэмжлэгчээс маргаан бүхий актын улмаас эрхээ зөрчигдсөн маргаж байгаа бол өөрийнхөө субъектив эрх зөрчигдсөн гэдгийг нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах, үнэлүүлэх зэргээр мэтгэлцэж нотлох эрхтэй.
2.4.Иймд нэхэмжлэгч өөрийнх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн улмаас зөрчигдсөн гэж үзэж, эрхээ сэргээлгэхээр маргаж байгаа “эрх зүйн маргаан”-д өөрийнхөө тайлбар татгалзлыг нотлох баримтын хамт гаргах, мэтгэлцээнээр өөрийн нэхэмжлэлийн үндэслэлтэй эсэхийг нотлох нотолгоо гарган мэтгэлцэх шаардлагатай байхад “хариуцагч нотлох ёстой” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь захиргааны хэргийн шүүхээс хэрэг маргааныг “мэтгэлцээний үндсэн дээр” хянан шийдвэрлэх зарчимд огт нийцэхгүй болно.
2.5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Шүүх дараах эрхэм зорилготой байна” гээд мөн зүйлийн 4.1.4-т “шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсад хүн бүр ... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна” гэж, мөн зүйлийн 8.2-т “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг.
2.6.Анхан шатны шүүхээс хуулийн дээрх заалтуудыг баримтлан шүүх хуралдааныг мэтгэлцээний үндсэн дээр явуулж, талуудыг тайлбар татгалзлаа гаргах, нотлох баримт шалгуулах, цуглуулах эрхийг нь бүрэн хангасан болно.
2.7.Тухайлбал, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” тул нотлох баримт цуглуулах, шалгуулах хүсэлттэй эсэх, нотлох баримтыг зөрүүтэй гэж үзэж байгаа бол шалгаж тогтоох шаардлагатай гэдгийг шүүх хуралдааны турш олон удаа сануулсан.
2.8.Цаашилбал, анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч бүх нотлох баримтыг үгүйсгэсэн атлаа нотлох баримт гаргуулах шаардлагагүй, цуглуулахгүй, шинжээч томилуулахгүй гэсэнтэй нь холбогдуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэсэн заалтыг тайлбарлаж сануулсан, нэхэмжлэгч нотлох баримт гаргуулахаас татгалзсан бол байхгүй нотлох баримт, няцаахгүй гэсэн үйл баримт нь давж заалдах гомдлын үндэслэл болохгүй гэдгийг тайлбарлаж, мэдүүлсэн болно.
2.9.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан байна.
Хуулийн энэ заалтаар хариуцагч Улсын байцаагч А.Т********** нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох ёстой болохоос Б.Б********** ыг гэм буруутай гэдгийг шүүхийн өмнө дахин нотлох үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгчийн талаас нотлох үүрэггүй, хариуцагч нотол” гэх агуулгатай тайлбар дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотлоход шаардлагатай нотлох баримт, нотолгоо гаргаж мэтгэлцээгүй бол нотлогдоогүй гэж үзнэ.
2.10.Хэргийн оролцогчдоос шүүхийг “байгаа нотлох баримтын хүрээ”-нд дүгнэлт хийж, шүүх хурлаа явуулахыг шаардсан тул хэргийн оролцогчдоос нотлох баримтын бүрдэл, шүүх ямар нэг үйл баримтыг шалгаж тогтоогоогүй гэж маргах үндэслэлгүй гэж үзэж, талуудын тайлбар татгалзал нь нотлох баримтаар нотлогдсон байдалд дараахь дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэж байна.
Гурав. Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
3.1.Гуравдагч этгээд Б.Б********** нь Оюуны өмчийн газарт хандан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Autodesk Revit” программ ашиглан зохиосон, энэ программын орчинд барилгын зураг төсөл зохиох, тухайн программын орчин ашиглах боломжтой мэдээллийн сан, видео хичээлийн цахим файл бүхий бүтээлийг минь Б.Б********** гэгч ашиглан бусдад худалдаалж байна” гэх гомдлыг гаргасан байна /ХХ-н 15-16 дахь тал/.
3.2.Б.Б********** ын гаргасан гомдлыг үндэслэн Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч А.Т********** нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ********** дугаартай зөрчлийн хэрэг нээж, Б.Б********** ыг холбогдогчоор татан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ /ХХ-н 10-54 дэх тал/.
3.3.Улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Б.Б********** ыг дуудаж тайлбар авсан, түүнийг өмгөөлөгчтэй уг ажиллагаанд оролцох эрхийг хангасан, гомдол гаргагч Б.Б********** оос тайлбар авч, түүний гомдолдоо хавсаргаж өгсөн CD болон Архитектор н.Б********** нэртэй http://www.facebook.com/profile.php?id=100048923642502/ гэх цахим хуудаст үзлэг явуулж, Б.Б********** ы цахим хэлбэрээр тараасан зар, Архитектор н.Б нэртэй цахим талбар /chat/-т харилцсан бичвэр, Б.Б********** руу явуулсан видео, эдгээрийн хоорондоо ярилцсан харилцан ярианы дуу бичлэг, Б.Б********** ы Хаан банкны ********** дугаартай дансны хуулга гаргуулж авах зэрэг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн байна.
3.4.Нэхэмжлэгч Б.Б********** нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын Улсын байцаагч /цаашид “Улсын байцаагч” гэх/-ийн дуудсанаар хүрэлцэн очиж, мэдүүлэг өгсөн боловч, уг мэдүүлэгтээ гарын үсгээ зурахаас татгалзаж, 12 дугаар сарын 03-ны өдөр өмгөөлөгчийн хамт очиж гарын үсгээ зурсан болох нь уг мэдүүлэг дэх тэмдэглэлүүдээр тогтоогдож байна /ХХ-ийн 28-29 дэх тал/.
3.5.Хариуцагч Улсын байцаагчаас зөрчлийг шалгаж дуусаж, хэргийн материалтай танилцахыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Б********** ы ********** дугаарын утсаар мэдэгдэхэд тэрээр “... 16, 17-ны өдөр ирэх боломжгүй, өмгөөлөгчтэйгөө ярьж байж болно” гээд ирээгүй талаар тэмдэглэл үйлдэн /ХХ-ийн 50, 51 дэх тал/ Зөрчлийн хэргийн материалд хавсаргажээ.
3.6.Эдгээрээс үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Б.Б********** өөрийн өмгөөлөгчтэй оролцсон болох нь дээрх тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд уг ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах, хохирлын хэмжээ, бүтээлийн үнэлгээ зэрэгт шинжээч томилуулах, үзлэг хийлгэх, гэрч асуулгах болон бусад ажиллагаа явуулах хүсэлтийг гаргаж байгаагүй, зөрчлийн хэргийн материалтай танилцах зэрэг хуулиар олгосон энэ эрхээ эдлээгүй байгаад хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй болно.
3.7.Хариуцагч Улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад үндэслэн Б.Б********** ыг Зөрчлийн тухай хуулийн 8.3 зүйлийн 1-д заасны дагуу “зохиогчийн зөвшөөрөлгүйгээр Б.Б********** ын бүтээлийг ашигласан нь тогтоогдсон” гэж үзэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ********** дугаартай шийтгэврийн хуудсаар ********** төгрөгийн торгууль оногдуулж, зөрчил үйлдэж олсон орлого ********** төгрөгийг оролцуулж, нийт нөхөн төлбөрт ********** төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн /ХХ-н 52 дахь тал/ байна.
3.8.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь эс зөвшөөрч, үүний дотор Б.Б********** ы олсон орлого ********** төгрөгийг ямар баримтаар тогтоосон нь үндэслэлгүй гэж маргаж байна.
Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
4.1.Гуравдагч этгээд Б.Б********** нь Autodesk Revit программ ашиглан, энэ программын орчинд барилгын зураг төслийн хорших инженерийн чиглэлээр хэрэглээний түвшний сургалтын видео хичээл, барилгын зураг төсөл, бүтээцийн чиглэлээр хэрэглээний түвшний сургалтын видео хичээл, барилга архитектурын чиглэлээр хэрэглээний түвшний сургалтын видео хичээлийг бэлтгэж, уг хичээлийн нүүр хуудсанд “BIM on Mongolia” өөрийн бүтээлийн тэмдгийг хэрэглэдэг байна.
Энэхүү хичээлээ бусдад худалдан борлуулж, орлого олдог болох нь түүний бусадтай байгуулсан сургалтын гэрээнүүд /ХХ-н17-20 дах тал/ болон 2017 онд Хүн амын орлогын албан татварт ********** төгрөг төлсөн баримтаар /ХХ-н 17 дахь тал/ нотлогдсон.
4.2.Энэхүү маргаанд гуравдагч этгээд Б.Б********** оос “BIM on Mongolia” гэдэг барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг хамгаалуулахаар маргаж байгаа бус, харин өөрийн оюун ухааны бүтээлч сэтгэлгээгээр бүтээсэн эдгээр видео хичээл /бүтээл/ миний зохиогчийн эрхээр хамгаалагдана гэж маргаж байгаа болно.
4.3.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвисан хувь хүнийг” гэж, мөн зүйлийн 4.1.2-т "зохиогчийн эрх эзэмшигч" гэж зохиогч, ... ийг” гэж, мөн зүйлийн 4.1.3-т "бүтээл" гэж шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбар дахь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг гэж заасан байна.
4.4.Хариуцагчаас Б.Б********** ын зохиосон гэх Autodesk Revit программ ашиглан, энэ программын орчинд барилгын зураг төслийн хорших инженерийн чиглэлээр хэрэглээний түвшний сургалтын видео хичээл, барилгын зурга төсөл, бүтээцийн чиглэлээр хэрэглээний түвшний сургалтын видео хичээл, барилга архитектурын чиглэлээр хэрэглээний түвшний сургалтын видео хичээлийг түүний бүтээл тул зохиогчийн эрхээр хамгаалагдана гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
4.5.Тодруулбал, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно” гэж, мөн зүйлийн 5.2-т “Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтийн хүртээл болсон эсэхээс үл хамааран бодит хэлбэрээр туурвисан байна” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Дараах бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална” гээд, мөн зүйлийн 6.1.8-д “... болон дуу авиа бүхий дүрст бүтээл” гэж заасан учраас Б.Б********** ын зохиосон 3 видео хичээл нь эдгээр заалтад заасан шинжийг агуулсан бөгөөд уг хуулийн заалтын дагуу зохиогчийн эрх нь хамгаалагдах бүтээл мөн болох нь нотлогдож байх тул хариуцагчийн гаргасан шийдвэр энэ хуулийн заалтад нийцэж байна.
4.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Б.Б********** ын шүүхэд үзүүлсэн хичээл түүний бүтээл биш, Б.Б********** хичээл зараагүй” гэсэн 2 асуудлаар огт маргаагүй болно.
4.7.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас:
- Б.Б********** ыг “Б.Б********** ын бүтээлийг зараагүй, өөрийн зохиосон курсийн ажил зэрэг хичээлийг зарсан, ********** төгрөгөөр зарсан болгон Б.Б********** ын хичээл гэж ойлгож болохгүй” гэж;
-Б.Б********** ын хичээл агуулга хэлбэрийн хувьд түүний оюуны бүтээлч ажиллагаа орсон эсэх;
-зөрчлийн хэрэгт авагдаагүй нотлох баримтыг хэрэгт нөхөж хийсэн, шүүх ийм баримт цуглуулах ёсгүй;
-байгууллагын захиалгаар заасан хичээл байгууллагын өмч, Б.Б********** ын өмч биш, сургалт явуулсан хичээлийн хувьд гуравдагч этгээд зохигчийн эрх эдлэх эсэх;
-CD хураасан бол эд зүйл хураасан тэмдэглэл үйлдээгүй;
-Б.Б********** ы олсон орлого гэх ********** төгрөгийг ямар баримтаар тогтоосон нь үндэслэлгүй;
-шийтгэлийн хуудсанд юу зарсныг тодорхой бичээгүй гэж маргасанд дараахь дүгнэлт өгч байна.Үүнд:
4.8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүнчлэн гуравдагч этгээд нараас Б.Б********** , гуравдагч этгээд Б.Б********** нарын бүтээл агуулгын хувьд хоорондоо өөр, эсхүл адил эсэх талаар шинжээч томилуулахгүй гэж шүүхээс шаардсан, өөрийнхөө гэм буруугүй гэдгийг нотлохгүй гэж тайлбарласан, нөгөө талаас нэхэмжлэгчийн бусдад худалдсан видео хичээлийг шүүхэд нотлох баримтаар судлахад, уг видео хичээлийн нүүр хуудсанд “BIM on Mongolia” тэмдэг байсан тул нэхэмжлэгч нь Б.Б********** ын зохиосон 3 хичээлийг бусдад зарсан, мөн зарахаар завдсан нь нотлогдож байх ба нэхэмжлэгч талаас өөрийн энэхүү үйл баримтыг няцааж чадахгүй байна.
4.9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийг “Хаан банкны гүйлгээг үндэслэсэн нь буруу” гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч Улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос зөвшөөрөл авсны үндсэн дээр банкнуудаас Б.Б********** ы харилцах дансны гүйлгээг гарган авч гүйлгээний утгаас “хичээл”, “хичээлийн үнэ”, “revit” гэсэн 13 гүйлгээг түүж авсан байна.
Энэ 13 гүйлгээг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “Б.Б********** курсийн ажил зэрэг хичээлийг зарсан” гэж тайлбарлаж байгаа боловч Б.Б********** ы 13 удаагийн үйлдлээрээ бусдад зарсан видео хичээлүүд нь ямар хичээл байсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй, устсан гэж тайлбарласан тул өмгөөлөгчийн тайлбар нотлогдохгүй байна.
4.10.Нэгэнт нэхэмжлэгч Б.Б********** “Autodesk Revit” программ ашиглан өөрийн зохиосон, худалдан борлуулсан хичээл, эсхүл курсийн ажил минь энэ байна гэдгийг шүүхэд үзүүлээгүй, баримтаар нотолж чадаагүй, цахим талбарт “хичээл зарна” гэж зарласан хичээлээ гуравдагч этгээд Б.Б********** явуулсан байгаа хэсгээс үзвэл уг хичээлийн агуулга, түүн дээрх “BIM on Mongolia” гэх тэмдэг зэргээс үзвэл Б.Б********** ын бүтээлийг зарсан гэж үзэх үндэслэл болох тул түүний Хаан банкны ********** дугаарын дансан дахь 13 удаагийн ““хичээл”, “хичээлийн үнэ”, “revit” гэсэн агуулгатай гүйлгээний орлогыг түүж аван хууль бусаар орлого олсон гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ.
4.11.Түүнчлэн Б.Б********** аас хичээл гэж зарах тухайгаа “Архитетур Б********** ” гэх нэртэй цахим хуудсандаа зарлаж, зарын дагуу холбогдсон гуравдагч этгээд Б.Б********** той ярьсан дуу бичлэгээр “хичээлийн үнийг ерэн мянга, ... “ гэх байдлаар ярьсан яриа /Шүүх хуралдаан дээр энэ дуу авианы бичлэгийг Б.Б********** ын гар утас болон уг утасны бичлэгийг CD-нд хуулснаар сонсож судлав/, цахим талбарын бичлэгт “хичээлийн хэсгээс явуулсан” зэргээс үзвэл Б.Б********** нь Б.Б********** ын зохиосон Autodesk Revit программ ашиглан, энэ программын орчинд барилгын зураг төслийг зохих аргачлал заасан цахим хичээлийг зарсан нь нотлогдсон гэж үзэв /Эдгээрийг хэрэгт авагдсан буюу Б.Б********** ын гомдолдоо хавсаргаж өгсөн CD-нээс судалсан болно/.
Эдгээр утсаар ярьсан бичлэг, цахим хуудсаар явуулсан хичээл зэргийг гуравдагч этгээд Б.Б********** өөрөө хуулбарлаж авсан гэж нотлох баримтын эх сурвалжаа нэрлэж заасан тул шүүх хүлээн авч шинжлэн судалсан бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас няцаах баримт, тайлбарыг зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гараагүй тул эдгээр нотлох баримтыг үнэлсэн хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
4.12.Сургалт явуулсан хичээлийн хувьд гуравдагч этгээд Б.Б********** зохигчийн эрх эдлэх эсэх, хичээл агуулга хэлбэрийн хувьд түүний оюуны бүтээлч ажиллагаа орсон эсэх талаар шүүх дээр дүгнэлт өгсөн.
4.13.Зөрчлийн хэрэгт авагдаагүй нотлох баримтыг хэрэгт нөхөж хийсэн, шүүх ийм баримт цуглуулах ёсгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасны дагуу хэрэгт хамааралтай гэж үзвэл анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах баримтыг цуглуулах эрх эдэлж, үүргийг хүлээдэг.
4.14.Иймд шүүхийн хуульд заасан аргаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэрэгт нөхөж хийсэн баримт гэж үзэхгүй болно.
4.15.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Б.Б********** ын байгууллагын захиалгаар заасан хичээл байгууллагын өмч” гэж маргасныг шүүхийн энэ шийдвэрийн 4.3, 4.4, 4.5-д дүгнэсний дагуу хүлээн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Тодруулбал, гуравдагч этгээд Б.Б********** нь өөрийн зохиосон хичээлийг сургалтын гэрээгээр худалдан борлуулахдаа уг бүтээлийг өмчлөх эрхээ гэрээний нөгөө талд шилжүүлэхээр тохироогүй болох нь хэрэгт авагдсан гэрээнүүдээр нотлогдож байгаа тул Б.Б********** оос сургалт авсан гэх байгууллагын өмч гэж үзэх үндэслэл одоогоор шүүхэд тогтоогдоогүй. Иймд зохиогчийн эрх Б.Б********** т хадгалагдаж байгаа гэж үзнэ.
4.16.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийг “CD хураасан боловч эд зүйл хураасан тэмдэглэл үйлдээгүй” гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.
Учир нь зөрчлийн хэргийн материалд авагдсан “CD” гэх эд мөрийн баримт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий этгээдээс явуулсан ажиллагааны үр дүнд авагдаж, бэхжигдсэн нотлох баримт биш, харин гомдол гаргагч Б.Б********** оос Оюуны өмчийн газарт ирүүлсэн гомдолдоо хавсарган ирүүлсэн нотлох баримт байгаа тул тэмдэглэл үйлдэх шаардлага байхгүй ажээ. Иймд хариуцагч зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
4.17.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийг “шийтгэлийн хуудсанд юу зарсныг тодорхой бичээгүй, Зохиогчийн эрхийн тухай хуулийн заалтыг бичээгүй нь буруу” гэж маргасан.
4.18.Хариуцагч нь Шийтгэлийн хуудсанд Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар заалтыг баримталж байгаагаа бичээгүй буруутай гэж байна.
4.19.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэжээ.
4.20.Маргаан бүхий захиргааны акт болох Шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ хариуцагч Улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэдгийг тодорхойлж бичсэн байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Шийтгэлийн хуудсандаа Б.Б********** ыг Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчид ойлгогдохоор тодорхой байна.
4.21.Харин Шийтгэлийн хуудсанд “... Б.Б********** ы үйлдсэн Зохигчийн эрхийн тухай хууль зөрчилд ...” гэж бичсэн нь нэхэмжлэгч Б.Б********** ыг уг хуулийн аль заалтыг зөрчсөн гэж үзсэн нь тодорхой биш байгаа боловч “Б.Б********** д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчөөгүй, түүнчлэн Б.Б********** ы гаргасан зөрчил нь зохиогчийн эрхийг зөрчсөн тогтоогдсон, хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж анхан шатны шүүх үзэж байна.
4.22.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-т Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Холбогдогч дараахь эрхтэй” гээд мөн зүйлийн 2.3-т “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох”, 2.4-т “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах”, 2.5-д “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх”, 2.6-д “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.8-д “зөрчлийн хэрэгтэй танилцах” эрхүүдийг олгож, мөн зүйлийн 4.3-т “зөрчлийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх”-ийг үүрэг болгож хуульчилсан байна.
4.23.Хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр холбогдогч Б.Б********** ыг дуудаж “хичээл зарах зар тавьсан эсэх” талаар болон “зөрчлийн талаар” тайлбар авахад, тэрээр “би биш, би тавиагүй”, “... Тийм хичээл мэдэхгүй. Олж авсан хичээл байхгүй” гэж мэдүүлснээс үзвэл нэхэмжлэгч Б.Б********** нь хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй худлаа мэдүүлсэн, улмаар эдлэх ёстой эрхээ эдлээгүй атлаа шүүхэд ирж нотлох баримтыг зөвшөөрөхгүй байгаа тайлбар нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзлээ.
4.24.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ********** төгрөгийн орлого олсон болохыг тогтоогоод байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.25.Гуравдагч этгээд Б.Б********** нь Оюуны өмчийн газарт гаргасан гомдолдоо холбогдогч Б.Б********** ы 1 удаагийн үйлдлийг ********** төгрөгөөр тооцож, өөртэй нь утсаар ярихдаа нийт 200 аж ахуйн нэгжид энэ хичээлийг зарсан гэх яриаг үндэслэн ********** төгрөгийн орлого олсон гэж үзээд энэ хэмжээний хохирол нэхэмжилсэн байна.
4.26.Хариуцагч Улсын байцаагчаас хохирлын хэмжээг тооцохдоо “Б.Б********** ыг өөрийн зохиосон 3 видео хичээлээр сургалт явуулахдаа байгуулсан “сургалтын гэрээ”-нд заасан гэрээний үнэ болон түүний үйл ажиллагаанаасаа олсон орлогоос төлсөн хувь хүний орлогын албан татварын тайланг үндэслэн 1 удаагийн гүйлгээг ********** төгрөгөөр тооцож, Б.Б********** ы 13 удаагийн үйлдэлд холбон ********** төгрөг гэж тооцсоныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзлээ.
4.27.Тодруулбал, Оюуны өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Оюуны өмчийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон улсын стандарт, оюуны өмч, биет бус хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно” гэж, мөн зүйлийн 20.2-т “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хуульд өөрөөр заагаагүй бол талууд оюуны өмчийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоож болно” гэж тус тус заажээ.
4.28.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас оюуны өмчийг үнэлэх мэргэшсэн үнэлгээчин Монгол Улсад байхгүй, одоо шинээр үнэлгээчинд эрх олгож байгаа ч барих үндэсний стандарт байхгүй, зөвхөн аргачлал байгаа гэж тайлбарлаж, шинжээч томилуулахаас бүгд татгалзсан болно.
4.29.Харин гуравдагч этгээд Б.Б********** нь “**********” ХХК-тай байгуулсан сургалтын гэрээгээр өөрийн оюуны бүтээл болох Инженерийн шугам сүлжээний сургалтыг 12 хүртэлх хүнд явуулах үнийг ********** төгрөг, Барилгын зураг, төсөл бүтээцийн сургалтыг 6 хүртэлх хүнд ********** төгрөг, Барилга архитектурын чиглэлээр хэрэглээний түвшний сургалт 14 хүртэлх хүнд ********** төгрөгөөр явуулахаар тохирч гэрээ хийж орлогоо бодитойгоор олсныг Оюуны өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хуульд өөрөөр заагаагүй бол талууд оюуны өмчийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоож болно” гэж заасан дагуу өөрийн оюуны бүтээлийн өмчийн үнийг тогтоосон гэж үзэх ёстой.
Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Б.Б********** ыг 32 хүртэлх хүнд хичээл заахдаа нийт ********** төгрөгийн орлого олсон, үүнээс хүн амын орлогын албан татварт 10 хувь буюу ********** төгрөгийг төлж, үлдэх ********** төгрөгөөс 32 хүнд математик аргачлалаар хувааж, дундчилан, нэг хүнд ногдох төлбөрийг ********** төгрөг гэж тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
4.30.Хариуцагч Б.Б********** ы дээр дурдсан Хаан банкинд дахь дансны “хичээл”, “хичээлийн үнэ”, “revit” гэсэн 13 гүйлгээний нийт дүнг нэмж ********** төгрөг орсныг хууль бусаар олсон орлого гэж үзэн Шийтгэлийн хуудсаар уг хууль бус ********** төгрөгийн орлогыг хураахаар шийдвэрлэсэн нь бодит тооцоололд үндэслэсэн гэж үзэв.
Ийнхүү гуравдагч этгээд Б.Б********** нь өөрийн бүтээлийн эдийн засгийн эргэлтэд оруулах үнийг тогтоосон, худалдан авалт бодитой хийгдсэн байгаа учраас шүүхээс энэ үнийг үндэслэлгүй үзэх хууль зүйн боломжгүй болно.
4.31.Дээрх нөхцөл байдлын дагуу гуравдагч этгээд Б.Б********** ын бүтээлийн зах зээлийн үнэ тогтсон, Б.Б********** ы хичээл худалдан борлуулсан үнэ нь түүний Хаан банкин дахь дансны хуулгаар нь тогтоогдож байгаа зэрэг нөхцөлийг харгалзан хариуцагч Улсын байцаагчаас тогтоосон “хохирлын 1 удаагийн үйлдлийг ********** төгрөг”-ийг буруутгахгүй гэж шүүх дүгнэв.
4.32.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч Б.Б********** ы Хаан банкин дахь ********** дугаартай харилцах дансны хуулгыг шүүхийн журмаар эх хувиар гаргуулахаас татгалзсан, гэрч н.**********ыг шүүхэд албадан авчрах шаардлагагүй гэж үзсэн, гуравдагч этгээдийн нотлох баримтаар судлуулсан цахим талбар /чат/-ын бичлэгийг Б.Б********** ых мөн эсэх, Б.Б********** ыг “Баяр архитектор” гэх фейсбүүк аккаунтаа хаасан эсэхийг шалгуулахгүй гэсэн тул хэрэгт авагдсан дансны хуулбар хувь, цахим талбарын бичвэр, “Баяр архитектор” гэх фейсбүүк аккаунт зэрэгт байгаа мэдээллээр маргаагүй гэж үзнэ.
4.33.Иймд анхан шатны шүүх эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлж, хариуцагчийн шалгалт явуулж, зөрчил мөн тогтоосныг үндэслэлтэй гэж дүгнэв.
4.34.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд дуудагдан ирсэн гэрчийн мэдүүлгийг гэрч биш этгээдээс мэдүүлэг авсан, гэрч шүүхэд ирээгүй атлаа “худалдан авсан” гэж ирүүлсэн видео нь Б.Б********** худалдсан гэдэг нь нотлогдохгүй гэж маргасан ба шүүхэд хүрэлцэн ирээгүй этгээдээс ирүүлсэн дүрс бичлэгийг шүүх “гэрч Г.М**********-аас авсан CD” гэх тэмдэглэл үйлдсэн хэрэгт хавсаргасан атлаа гэрчид Эрүүгийн хууль тайлбарлаж, гарын үсэг зуруулаагүй байх тул хууль заасан арга хэлбэрээр баримтжуулж, бэхжүүлээгүй нотлох баримт гэж үзэн анхан шатны шүүхэд үнэлээгүй ба Б.Б********** ы үйлдэл бусад нотлох баримтаар нотлогдсон болно.
4.35.Нэхэмжлэгч Б.Б********** аас ********** төгрөгийн торгуулийн хэмжээнээс Б.Б********** ын олох ёстой орлогын нөхөн төлбөрт холбогдох хэсгийг илт үндэслэлгүй тогтоосон гэж үзэж байгаа бол энэ байдлыг тогтоолгохоор иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэж байна.
Учир нь иргэний эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн нөхөн төлбөр, хохирлын хэмжээ бодитой эсэх нь захиргааны хэргийн шүүхийн шалган шийдвэрлэх асуудал биш болно.
4.36.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.8, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б********** ы “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ********** дугаар Шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Б********** ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ