Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1366

 

МАГАДЛАЛ

 

2018.06.11                                                     Дугаар 1366                                Улаанбаатар хот

 

 

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00777 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.О, Б.Ө  нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 35 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.Ө-ын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т,

Хариуцагч: Н.О, Б.Ө ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Ө нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч надаас 60-85 УНВ улсын дугаартай SCANIA маркийн ачааны авто машиныг 35 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож барьцааны гэрээ байгуулан ачааны автомашиныг шилжүүлэн авсан болно. Учир нь тухайн үедээ хариуцагч Б.Ө-д бэлэн мөнгө байхгүй байсан тул 4 сарын дараа автомашины мөнгийг төлөхөөр тохиролцож, барьцаанд нь хашаа байшингаа байршуулсан юм. Хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед би барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх ёстой байсныг мэдээгүй юм. Улмаар 1 сарын дараа Улсын бүртгэлийн газар очтол худалдах, худалдан авах гэрээний дагуу барьцаалсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг шаардсан бөгөөд хариуцагчтай холбогдож чадахгүй байсан учир барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газар бүртгүүлж чадаагүй юм. Бидний дунд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд тохиролцсон хугацаа өнгөрсөн бөгөөд хариуцагчаас мөнгөө шаардахаар янз бүрийн шалтаг хэлээд одоо болтол мөнгийг өгөхгүй байна. Иймд хариуцагч Б.Ө-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Ө нь хүний эд хөрөнгийг урьдчилгаа төлбөргүй авч болохгүй санаа зовсон үүднээс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах нотариатын газар өөрийн нэр дээр байдаг барьцаа хөрөнгийг Б.С-тэй харилцан тохиролцож барьцааны гэрээ байгуулсан. Тус өдөр гэрээгээ байгуулаад орой утсаар нөхөр Н.О-тай холбогдон машины талаар эвдрэл гэмтэл нарийн мэдээллийг тодруулан залгахад тус машины рулийн аппарат эвдэрсэн рул нь эргэхэд муу хатуу байна гэсэн. Тэр дор нь би Б.С-рүү залган өөрийн чинь өгсөн машины рулийн аппарат нь болохгүй байна бид энэ машинаар чинь ажил хийж та нарт эргэн төлөлт хийнэ рулийн аппарат эвдэрсэн машин өгчихөөд, гэрээ хийсэн байна цаашид өөр юу эвдэрхийг мэдэхгүй шууд машинаа буцааж ав гэж хэлсэн. Төд удалгүй манай нөхөртэй ярьсаны дараа шинэ рулийн аппарат авч өгье гэж хэлсэн. Тэгээд 10-14 хоног энэ машин ажилд гарч чадаагүй. Учир нь рулийн аппарат нь ажиллахгүй, хангалттай зөөлөн эргэх боломжгүй тул яалт ч үгүй хүлээлт үүссэн. Б.С нь шинэ рулийн аппарат ирэнгүүт байрны гадаа авчирч өгсөн. Үүний дараагаар ажил хийх нөхцөл боломж үнэндээ бүрдээгүй ганц 1 рес хийгээд л машины эвдрэлүүд ар араасаа гарсан. Үүнд, 5 дугаар сард нум хугарсан хотруу надад захиалж орбитоос хувь хүнээс 2 өнгө нум худалдаж авсан /төлбөр хийгдээгүй зээлээр авсан 300 000 төгрөг/, 6 дугаар сард шинээр худалдан авч өгсөн Б.С-ийн рулийн аппарат дахин эвдэрсэн/ тэгээд 5 шард байрлах К ХХК-ийн Солонгос сэлбэгийн дэлгүүрээс рулийн аппарат захиалсан /тус рулийн солонгос аппарат нь 6 дугаар сарын эхээр эвдэрч Солонгосоос захиалан ирж байгаа тул 15-20 хоногийн хугацаатай удаж ирсэн ба 6 дугаар сарын 20-ны өдөр 2 дахь рулийн аппаратаа авсан. /төлбөр өөрөөсөө хийсэн/. Ажилд гараад удаагүй 3 хоногийн дараа тус машины бөгс эвдэрсэн. Бөгс захиалахад өртөг өндөр байсан иймээс хуурай дүү н.Г-аас мөнгө зээлсэн одоогоор зээлсэн мөнгөө өгөөгүй байгаа, энэ сэлбэг нь нилээн удаж ирсэн ба 7 дугаар сарын 21-ний өдөр орж ирсэн. Дээрх машины бөгс шинээр ирэнгүүт би нөхөртөө наад машин чинь байнга сэлбэг нэхэж мөнгө олох биш өрөнд оруулж дууслаа хурдан хотруу авчирч машины эзэнтэй нь уулзъя гэсэн шаардлага тавьсан. Машин эвдрэх тоолонд Б.С-рүү холбогдон хэлж байсан. Тухайн үед бид 2-ын тайлбарыг сонсож хүлээн авч байсан бөгөөд яг тодорхой шийдэлд хүрч чадахгүй хэвээр байсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын сүүлээр миний нөхөр Scania-г хөдөөнөөс хотруу оруулж ирэхээр болсон, ингэх замдаа дунд гук нурсан явж чадахгүй замдаа торгоож аргалж төмөр утсаар хүлэн боож явсаар хотруу арай хийн орж ирсэн. Б.С нь бид нарт мэдэгдэлгүй өөрийн машин дээрээ ирж байгаа байдлыг нь хараад явсан байсан. Энэ хооронд машины аккумляторыг хулгайд алдаж цагдаад зарлуулсан боловч олдоогүй дахин шинээр 2 аккумлятор худалдаж авсан. Энэ хугацаанд энэ асуудлыг аль болох хурдан шийдэх болж байгаа зүйлийг ойлгоосой гэсэн үүднээс Б.Ө би нөхрөө дагуулан улиастайн гүүрний тэнд байрлах Б.С-ийн гэрлүү явсан. Уулзахаар явах замдаа улиастайн гүүр гараад Б.С-тэй тааралдаж уулзья гэж хэлэхэд араас дагаж явсаар ботаникийн цаахан байрлах жижиг дугуй засварын гадаа машиныхаа дугуйг янзлуулах явцад уулзацгаасан. Тухайн үед нөхөр бид 2 хүргэн ахын 47-19 улсын дугаартай портер унаж явсан бөгөөд машиных нь тэвшин дээр сольж тавьсан сэлбэгээ тухайн үед үзүүлсэн. /Энэ нь 2 дахиа солигдсон рулийн аппарат байсан /

Б.С-д машиныг авснаас хойш энэ машин ажил хийж чадсангүй, бид 2 чамд төлөлт хийх мөнгөнөөсөө сэлбэг авч тавьж байна одоо яах вэ ямар шийдэлд хүрэх вэ бид нар ч ажил хийх гэж зүтгэж байна энэ машины эвдрэл нь дийлдэхгүй байна моралийн элэгдэлд орсон машин авсан байна, эсвэл энэ машиныг буцааж өгье эсвэл энэ машиныхаа үнийг буулгаад дараа жил мөнгийг нь авах уу гэсэн санал тавьсан. Мөн энэ машины хуучин эзэн машинаа буцаан авах талаар шүүхэд гомдол гаргаж 2 удаа шүүх хурал нь болсон гэж байна ямар асуудалтай машин вэ хэрвээ хуучин хүмүүс нь энэ машинаа буцаан нэхэмжилж авна гэвэл бид 2 энэ машинд хийсэн сэлбэг бусад барьцааны зүйлээ яах вэ гэсэн асуудал хөндөгдсөн, ямарч шийдэлд хүрээгүй. Одоо энэ машин нь моралийн элэгдэлд орсон, мөн өмнөх ломбардны асуудал бүрэн шийдэгдээгүй хуучин машины     эзэд нь байнга хэл ам хийж байгаа болохоор энэ машин авсан хүндээ яаж үр өгөөжөө өгөхөв дээ. Дээр нь миний нөхөр аль болох л халуунд халж, хүйтэнд хөрч болгох юмсан гэсэн сэтгэлээр хандаж ирсэн одоо цаашид юу эвдрэх яахыг нь бид нар мэдэхгүй байна. Иймд энэ хүмүүстэй хурдан шийдэлд хүрч энэ машиныг шууд буцаах хүсэлтэй байна. Цаашид энэ машиныг засаж сэлбэх хөрөнгө мөнгөний асуудал хомс, эхнээсээ авсан сэлбэгийнхээ өр төлбөрийг төлж барагдуулж чадаагүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ө-аас 17 500 000 төгрөг, хариуцагч Н.О-аас 17 500 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 000 төгрөгийн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Ө, Н.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 332 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болсон шүүх хуралд биечлэн оролцож чадаагүй бөгөөд шүүх хурлыг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болно гэж бодон Говь-Сүмбэр аймагруу хувийн ажлаар яваад ирэх боломжгүй байсан. Шүүх хуралд өөрийн биеэр биечлэн оролцох боломжгүй, өөрийгөө өмгөөлж хамгаалуулах боломж бүрдээгүй шүүхийн шийдвэр гаргасан. Б.С-ийн гаргасан нэхэмжлэлд хариу тайлбартаа өгсөн байгаа бөгөөд тус хариу тайлбартаа чанарын доголдолтой машиныг авахгүйгээр бидний хооронд байгуулсан аман хэлцлийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байгаа тул дахин тэр асуудлыг ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах худалдан авах гэрээний заалтууд байдаг юм билээ. Тус заалтад худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Түүнчлэн тус хуулийн 243.2. Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл Б.С нь бидэнд биет байдлын доголдолтой машиныг шилжүүлэн өгсөн ба энэхүү тэрэг нь байсхийгээд эвдрэл гэмтэл гардаг талаар мөн адил хариу тайлбартаа авсан эд зүйлийн баримтын хамтаар хавсаргаж дурдсан байгаа. Биет байдлын доголдолтой тэрэг өгсөн байна үүнийгээ буцааж ав гэх мэт саналыг бид удаа дараа тавьсаар ирсэн гэтэл хариу өгөхгүй байсаар биднийг шүүхэд өгсөн байсан. Иргэний хуулийг хараад сууж байхдаа хуулиар бид энэхүү машинд зарцуулсан мөнгө нэхэмжилж болох юм байна гэдгээ ойлгосон. Иргэний хуулийн 256.1. Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нэг нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн байдаг юм билээ. Түүний дагуу бид ч гэсэн өнөөдрийн байдлаар авсан зүйлсээ дурдаж бичээд нийт үнэ болох төгрөгийг Б.С-ээс гаргуулж өгөхийг хүсэх гэж байсан боловч сөрөг нэхэмжлэл гаргаж чадаагүй шүүх хурал миний оролцоогүй явагдсан билээ. Түүнчлэн бидний хооронд бичгээр байгуулсан худалдан худалдан авах гэрээ байхгүй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан барьцааны    гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Тиймээс тус өдөр Б.С бид 2-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөг бусад тооцож өгөхийг хүсэж байна. Энэ зүйлээ ав гэхээр авахгүй тэгээд одоо бид энэ тэрэгнээс болоод хаа сайгүй өрөнд ороод дууслаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дахин анхан шатны шүүхрүү буцааж өгнө үү. Нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н.О, Б.Ө  нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр “SCANIA” маркийн 60-85 УНВ улсын дугаартай ачааны автомшиныг 35 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. /хх-3/

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...гэрээний  зүйл нь чанарын доголдолтой тул үлдэх төлбөрийг төлөх боломжгүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна. Учир нь автомашиныг худалдан аваад доголдолтой байсан талаар мэдсэн атлаа ажилд явуулж байсан нь уг доголдлыг мэдэх боломжгүй байсан гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Хариуцагч талын оролцоогүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. Хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болох бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.

Хариуцагч Н.О, Б.Ө  нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар татгалзлын үндэслэлээ нотлоогүй, анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад “биет байдлын доголдолтой автомашин хүлээлгэн өгсөн гэх боловч учирсан хохирол, зардлын хэмжээ, түүнийг хэрхэн тооцсон хариу тайлбарт гаргаж мэтгэлцээгүй атлаа энэ талаар давж заалдах гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт тус тус нийцээгүй тул хангах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 333 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

        ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ