Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
Хэргийн индекс | 101/2021/00027/И |
Дугаар | 101/ШШ2021/00831 |
Огноо | 2021-03-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2021/00831
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Г
Хариуцагч: Г.Б
2,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Гантулга, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гадаадад ажиллах хүч Япон улс руу гаргана гэх зарын дагуу би хариуцагчтай очиж уулзсан. Намайг хэлний сургалтад 4 удаа сурах хэрэгтэй гэсэн, эхний удаа үнэгүй суусан. Түүнээс хойш хариуцагч сураггүй болчихсон. Тэгээд надаас 3,000,000 төгрөг авсан. Би мөнгөө хариуцагчийн ХААН банкны 5041187392 тоот дансруу нь эхнэр М.Энхжаргалын 5000073929 тоот данснаас шилжүүлсэн. Хариуцагч надад 250,000 төгрөгийг буцаагаад өгсөн, үлдэх 2,750,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Гантулга, хариуцагч Г.Бат-Амгаланд холбогдуулан 2,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг мөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр гардуулжээ. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тохиолдолд татгалзлын үндэслэлээ тодорхой илэрхийлсэн үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт шүүхэд гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар болон шүүхэд гаргасан бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагчийн Япон улсруу ажилд зуучилна, виз найдвартай гаргана гэсэн зарын дагуу уулзаж зуучлуулахаар болж 3,000,000 төгрөг төлсөн боловч бүтээгүй, 250,000 төгрөг авсан, үлдсэн 2,750,000 төгрөгөө нэхэмжилж байгаа гэх тайлбарыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан бөгөөд хэрэгт 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ гэх баримт нотлох баримтаар авагдсан, тус баримтад Г.Бат-Амгалан би Б.Гантулгад 2,750,000 төгрөгийг 2020.06.30-ны дотор барагдуулна гэх агуулга бүхий баримт үйлдэж Г.Бат-Амгалан гэсэн нэрийн дор гарын үсэг зурагджээ.
Нэхэмжлэгч, дээрх мөнгийг хариуцагч өөрийн ХААН банкны 5041187392 тоот дансаараа дамжуулж авсан, би эхнэр М.Энхжаргалын 5000073929 тоот данснаас шилжүүлсэн гэх тайлбар гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гэж үзлээ.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй, энэ талаархи тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлтэй маргаагүй гэж үзлээ. Учир нь хариуцагч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардаж буй 2,750,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй тухай, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтуудын эсрэг нотлох баримт, тайлбар гаргаагүй, өөрөөр хэлбэл татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагчийн Япон улсад ажилд зуучлах саналд үндэслэн хүсэл зоригоо илэрхийлж мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн ч хариуцагчийн нийтэд хандан илэрхийлсэн хүсэл зориг биелэгдээгүй нь зохигчийн хооронд гэрээний харилцаа бодитой үүсээгүй гэж үзнэ. Энэ нь хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг нээхгүй ба нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрх үүсэх тул хариуцагч Г.Бат-Амгалангаас 2,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гантулгад олгож шийдвэрлэв.
Шүүх хариуцагчийн 94160731, 91971314, 99011561, 95694832 дугаараар дамжуулж болон нэхэмжлэгчийн тодорхойлж хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн Баянзүрх дүүргийн 26- р хороо Элизабет 214-225 тоот хаягаар шүүх хуралдааны товыг хүргэсэн ч нүүсэн гэх мэдэгдлийг шуудангийн ажилтан үйлдэж, харъяа хороонд нь бүртгүүлжээ. Хариуцагч хаяг, утасны дугаараа өөрчилсөн бол шинэ хаяг, утасны дугаараа шүүхэд мэдэгдэх үүрэгтэй, хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй учир түүний хамгийн сүүлд оршин сууж байсан хаягаар тов мэдэгдсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.8-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг хүргэсэнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Бат-Амгалангаас 2,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гантулгад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Г.Бат-Амгалангаас 58,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гантулгад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ