| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/04813/И |
| Дугаар | 101/ШШ2021/00903 |
| Огноо | 2021-03-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2021/00903
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ххк
Хариуцагч: С.Б
Зээлийн гэрээний үүрэгт 8,572,609.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******, *******,*******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч С.******* Капитал банктай 2014.08.04-ний өдөр ЗГ14/266 тоот зээлийн гэрээ байгуулж 62,040,000 төгрөгийг сарын 0,67 хувийн хүүтэйгээр орон сууцны зориулалттай зээл авсан. Капитал банк нь 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр С.*******ийн ******* дугаартай харилцах дансанд 62,040,000 төгрөг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч С.******* үндсэн зээлээс 55,496,791.12 төгрөг зээлийн хүүнд 11,537,681.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,242,960.27 төгрөг, нийт 68,277,432.54 төгрөгийг төлсөн. Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид С.*******тэй 2019.10.11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс буюу ажлын байранд нь очиж уулзаж мэдэгдэл гардуулж, уулзалт хийж зээлийн үлдэгдэл өр төлбөрөө хэрхэн барагдуулах талаар асуухад С.******* нь сар бүр 200,000 төгрөг төлөх саналаа илэрхийлсэн мөн 2020.01.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс буюу ажлын байранд нь очиж уулзахад Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид зээлийн үлдэгдэл өр төлбөрөө төлөх хүсэлт гаргасан. Зээлдэгч С.******* нь 2017.08.03-ны өдөр 222,071.27 төгрөгийг зээл зээлийн хүүнд төлсөн бөгөөд Капитал банктай байгуулсан ЗГ14/266 дугаартай зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 453.1 лэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-д зааснаар Монгол банкнаас батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу гэрээний хүү нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодсон бөгөөд хариуцагчаас 2020.09.23-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 6,543,208.88 төгрөг, зээлийн хүү 1,683,925.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 331,974.67 төгрөг, зээлийн хүү 1,683,925.62 төгрөг, нотариатын үнэ 13,500 төгрөг, нийт 8,572,609.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч М.Мөнхбуян шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь 2014 онд зээлийн гэрээ байгуулахдаа ипотекийн зээлийн гэрээ байгуулж байгаа тул та энэ өдрөөс хойш сар бүр тогтмол 250,000 орчим төгрөг төлөөд, 2017 онд байрандаа орох боломжтой гэж тайлбарласан. Үүнээс харахад зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Зээлийн гэрээний үндсэн зарчим бол зээлдэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үндсэн зохицуулалтай байдаг. Хэрэгт авагдсан үйл баримтуудыг харахаар зээл олгогч Капитал банк нь энэ зарчмаар мөнгийг зээлдэгчид олгоогүй. Зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдана гэж хуульд заасан. Харин банкны ялгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зээлдэгчид данс нээгээд түүндээ мөнгийг шилжүүлдэг зарчимтай. Гэтэл 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 18,000,000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 18,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 18,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 48,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэрээний үүрэг 1 жилийн хугацаатай байсан буюу аль хэдийн гэрээний хугацаа дуусчхаад байхад мөнгө шилжүүлээд, түүнийгээ буцаагаад татаж аваад байдаг процесс болдог. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бүх хуулийг зөрчсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Хаана, хэн алдаа гаргасан нь тодорхойгүй. Монголын ипотекийн корпорацаас ирүүлсэн албан бичигт зээлийг шилжүүлэх үед С.******* 50,000,000 төгрөгийн өр төлбөртэй байсан, үүнийг энэ чигээр нь бид худалдаж авсан. Ингэхдээ баталгаа гаргасан. Капитал банк болон нарын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу төөрөгдөл орохуйц биш бүх баримтууд үнэн зөв байна гэж банкны баталгаа гаргаад гэрээ хийсэн. Гэтэл тай хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ипотекийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр, үнэн зөв гэж харагдахуйц байгаа боловч өнөөдөр 2014 оны гэрээнээс программаар ийм үлдэгдэл гарч ирээд байна гэдэг нь үндэслэлгүй байна. Энэ нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, ямар журмаар мөнгө татаад байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Эрх хүлээн авагч, хариуцагч С.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,572,609.17 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 тоот тушаалаар Капитал банк ХХК-ийг татан буулгаж, улмаар А-97 тоот тушаалаар *******ийг тус банкны эрх хүлээн авагчаар томилжээ. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-д Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Банкны эрх хүлээн авагч дараах бүрэн эрхтэй гэж, 69.1.1-д банкны хөрөнгийг захиран зарцуулах гэж, 69.1.2.-т банкийг төлөөлөх, удирдах гэж тус тус заажээ.
Иймд татан буугдсан банкны эрх хүлээн авагчаар томилогдсон этгээд нь тухайн банкнаас иргэн, хуулийн этгээдэд олгосон актив буюу зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хариуцагч С.******* нь Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын яамтай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ХАХНХЯ-аас албан хаагчтай орон сууцны зээлд хамруулах, орон сууцны барилга санхүүжилтийн асуудлаар харилцан тохиролцож байгуулсан гэрээ нэртэй гэрээг байгуулжээ. Тус гэрээг үндэслэн хариуцагчийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэхээр зорилгоор нэхэмжлэгч Капитал банк ХХК, хариуцагч С.******* нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ЗГ14/266 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь 62,040,000 төгрөгийг нэг сарын 0,67, жилийн 8 хувийн хүүтэйгээр 15 сарын хугацаатай зээлж, орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авчээ. Хариуцагчийн тус банкин дахь ******* тоот дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч 2014 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд тус бүр 18,612,000 төгрөгийг, 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 18,612,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6,204,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна. Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч тус мөнгийг 4 хуваан хариуцагчийн захиалгын гэрээтэй барилгын компанид шилжүүлсэн тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй ба хэргийн нөхцөл байдалд нийцэж байх тул тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д нийцсэн гэж үзнэ.
Улмаар зохигч 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан ЗГ-38 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр 61,600,000 төгрөгийг нэг сарын 0,67, жилийн 8 хувийн хүүтэйгээр 360 сарын хугацаатай орон сууцны санхүүжилтийн зээлийн зориулалтаар зээл олгосон тухай гэрээг шинэчлэн байгуулжээ. Мөн өдөр БГ-38 тоот барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуаран гудамж ******* тоотод орших 42.55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалжээ. Тус ЗГ-38 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээг ОССК ХХК 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн гэрээгээр Капитал банк ХХК-иас худалдан авсан талаар ОССК ХХК шүүхэд ирүүлсэн 2021 оны 21/04-12 тоот албан бичигтээ дурдаж, хариуцагчийн зээл төлөлтийн талаарх ОССК ХХК-ийн тоот зээлийн дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн. Хариуцагч нь ОССК ХХК-д орон сууцны зээлийн сар бүрийн хуваарьт төлбөрийг Капитал банк дахь ******* тоот депозит дансны хуулгыг шүүхэд гаргасан.
Өөрөөр хэлбэл хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Капитал банк ХХК-тай 2014, 2017 онд, ОССК ХХК-тай 2017 онд байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үр дүнд Баянзүрх дүүрэгт орших 23 тоот орон сууцыг өмчлөгч болсон, орон сууцаа эзэмшиж байгаа, орон сууцны ипотекийн гэрээний үүргийн дагуу зээлээ зохих ёсоор төлж байгаа талаар зохигч маргаагүй бөгөөд хариуцагч ОССК ХХК-тай байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна.
Зохигчийн хооронд анхны буюу 2014 онд байгуулсан ЗГ14/266 тоот Зээлийн гэрээ нь тус гэрээний 3.2, 3.3, 3.7, 3.8-д заасан агуулга, тохиролцооноос үзэхэд тус гэрээгээр хариуцагчид 62,040,000 төгрөгийг нэхэмжлэгч зээлдүүлсэн нь Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын яамны зүгээс ажилтны нийгмийн баталгааг хангаж орон сууцны дэмжлэг үзүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор Капитал банктай харилцан тохиролцсоны дагуу хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн гэрээ гэж үзэхээр байна. Улмаар хариуцагч С.*******ийг орон сууцны ипотекийн зээлд хамруулах, улмаар хариуцагчийн захиалсан буюу барьцааны БГ-38 тоот гэрээнд барьцаалсан Баянзүрх дүүрэгт орших 23 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар талууд Орон сууцны ипотекийн зээлийн журамд нийцүүлэн гэрээг шинэчлэн байгуулахаар тохиролцсон, урьдчилсан нөхцөлийг хангасан гэрээ гэж үзэхээр байна.
Ийнхүү 2017 оны ЗГ-38 тоот зээлийн гэрээг байгуулах шалтгаан нь хариуцагчийг орон сууцны 8 хувийн зээлийн хөнгөлөлттэй нөхцөлд хамруулахаар 2014 оны ЗГ14/266 тоот зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж, зээлдэгчийн зээлийн төлбөрийн чадварт үндэслэн зээлийн дүнг 51,600,000 төгрөгөөр тооцож гэрээг шинэчлэн байгуулсан нь нэхэмжлэгч болон ОССК ХХК-иас шүүхэд ирүүлсэн 2021 оны 21/04-12 тоот албан бичиг, Зээлийн дансны хуулга, Зээлийн хөрөнгийн мэдээлэл тулгах, шалгуур хангуулах хуудас, Капитал банк ХХК, ОССК ХХК нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Худалдах-худалдан авах /ипотекийн зээл/ гэрээгээр тус тус нотлогдож байна. Гэрээний үлдэх дүн 6,543,208 төгрөг байна. Талууд ийнхүү 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн гэрээг байгуулснаар 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгож Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг дуусгавар болгон шинээр гэрээний харилцаа үүсчээ.
Зохигч орон сууцны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн гэрээг хоёр удаа байгуулж, хариуцагч 2014 оны гэрээний дагуу мөнгө хүлээн авсан талаар маргаагүй, өөр хүсэл зориг харилцан илэрхийлж байсан үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй ба хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг шинэчлэн байгуулахаар хүлээн зөвшөөрснийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Түүнчлэн талуудын дээрх тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуульд харшилсан гэх байдал зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ14/266 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэлд 6,543,208.88 төгрөг, хүү 1,683,925.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 331,974.67 төгрөг, нотариатын зардалд 13,500, нийт 8,572,609.17 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан ба тус гэрээ дуусгавар болсон нь нэхэмжлэгч гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхийг бий болгохгүй. Хэдийгээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь хуульд нийцээгүй боловч нөгөө талаар шүүх хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг нээж болохгүй. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон нь нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргийг бус, өмнөх зээлийн гэрээг үүргийг дуусгавар болгож шинэ зээлийн гэрээ байгуулсантай холбоотой гэрээний зөрүү үнэ 6,543,208.88 төгрөгийг буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д хуульчлан зохицуулжээ.
Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэх үүрэгтэй бус харин зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсноор хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хуульд зааснаар буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн хүү 1,683,925.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 331,974.67 төгрөгт нийт 2,015,900.29 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч 2014 оны оны гэрээний үүргийг 2017 онд дуусгавар болсонтой холбоотой мөнгөн төлбөрийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлээгүй нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой нотариатын зардал гаргахад хүргэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчаас нотариатын зардалд 13,500 төгрөг гаргуулахаар шаардах үндэслэлийг бий болгож байна. Нэхэмжлэгчийн энэ шаардлага үндэслэлтэй учир хариуцагчаас 13,500 төгрөгийн зардлыг нэмж гаргуулах нь зүйтэй.
Иймд хариуцагч С.*******ээс 6,556,708 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 2,015,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******ээс 6,556,708 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 2,015,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч С.*******ээс 119,857 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ