Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/01065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Х.З.Х

Хариуцагч: С.Т.Х

2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Намшир, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Намшир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хороо нь Л******* ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 25 дугаар зүйлийн 25.2.10-г тус тус үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3 жилийн хугацаатай хугацаатай тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан. Л******* ******* ХХК нь 2014-2015 оны тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөрт 1,000,000 төгрөг, 2015-2016 тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөрт 1,000,000 төгрөг, 2016-2017 тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөрт 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн хэдий ч 2014 онд 1,000,000 төгрөгийг төлж, одоогийн байдлаар 2,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Төлбөр төлөх үүрэг үүссэн өдрөөс хойш Харилцаа холбооны зохицуулах хорооноос Л******* ******* ХХК-д төлбөрийн нэхэмжлэхийг удаа дараа өөрт бүртгэлтэй хаягаар хүргүүлж байсан. 2020 оны 10 дугаар сард хариуцагч компанитай утсаар холбогдоход төлөх үндэслэлгүй гэх хариу өгсөн. Иймд Л******* ******* ХХК-иас дээрх төлбөрийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Л******* ******* ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо, хариуцагч Л******* ******* ХХК-д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Л******* ******* ХХК-д Б ангиллын тусгай зөвшөөрөл буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх. Үүнд: Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулт, засвар чиглэлээр 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 3 жилийн хугацаатай олгожээ. Тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй байхаар заажээ.

Тусгай зөвшөөрөлд заасны дагуу талууд 949 /Б/NIIM 284 тоот Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээг тусгай зөвшөөрөлд заасан хугацаагаар байгуулжээ. Хариуцагч тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр 1,000,000 төгрөгийг төлсөн тухай нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарласан 2-3 дахь жилийн төлбөрийг нэхэмжилсэн. Гэрээний 6.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө нэхэмжлэгчид төлөхөөр гэрээнд заажээ. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Тусгай зөвшөөрөл, талуудын хооронд байгуулсан гэрээ 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болжээ. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлүүлэхээр 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн, мөн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэх хуудсаар тус тус шаардсан. Хариуцагч төлбөрийг хэсэгчлэн төлсөн, төлбөр төлөх хугацааг хойшлуулсан зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг гэрээний үүрэг зөрчигдсөн, эсхүл гэрээ дуусгавар болсон үеэс эхлэн шаардах үүрэгтэй. Нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэх хуудсаар төлбөрийг гэрээний хугацаанд шаардсан ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр шаардлага гаргах хугацаа өнгөрчээ. Харин 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэх хуудсаар шаардсан төлбөрийн нэхэмжлэх нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шаарджээ.

Нэхэмжлэгч хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд хариуцагчид тусгай зөвшөөрөл олгосон нь зохигчийн хооронд гэрээгээр үүссэн харилцаа биш гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрх нэхэмжлэгчид хуулиар олгогдсон ч мөн хуулийн 12, 13 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулах харилцаа нь зохигчийн хүсэл зоригийн нэгдэл, хооронд гэрээний үндсэн дээр үүссэн харилцаа байна. Иймд тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохигчийн хооронд байгуулсан гэрээний харилцаа, гэрээний үүргийг шаардах эрх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна.

Нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үр дагаврыг бий болгох бөгөөд энэ үндэслэлээр хариуцагч төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр хойшлуулж 2021.04.05-ны өдрийн 09:00 цагт товлосон, хариуцагчид 2021.03.17-ны өдөр Л******* ******* ХХК-ийн захирал Ө.Батсайханд түүний ******* дугаараар, 03.23-ны өдөр хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн хаягаар шүүх хуралдааны тов мэдэгджээ. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлт, баримтыг ирүүлээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч тал шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тухай, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь 

1.   Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан хариуцагч Л******* ******* ХХК-иас 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ