| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/00558/И |
| Дугаар | 101/ШШ2021/01276 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2021/01276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Л.Д ТББ
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэ, *******, *******, *******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Надруу утсаар ярьж ажлаас халсан гэж ярьсан хэрнээ одоо болохоор халаагүй гэдэг. Бусад бүх ажилчдаа ажлаас нь халсан боловч би халагдаагүй байна гэж байхгүй. Намайг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна гэх тайлбар нь доромж гэж сонсогдож байна. Үнэхээр тохиролцох гэж байгаа бол миний сард авдаг цалингийн 70 хувь буюу 1,050,000 төгрөгийг 5 сарын хугацаагаар бодохоор 6,300,000 төгрөгийг гаргуулна. Ажлын байрны дарамт байдаг талаар би холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Ковидын үеийн нөхцөл байдлыг ойлгож байна. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлж болно. Ажилгүй байсан нийт хугацаа 6 сар болчихсон учир уг мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцуулж авна, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ. Намайг 12 болон 1 дүгээр сард ажлаар хангаагүй. Би хэрхэн ажилдаа явах талаар О.Ундраа захирлаас асуухад чамайг ажлаас халсан, тушаал чинь гарсан. Ажиллаж байх хугацаанд эвгүй ааш гаргаж байсан бол уучлаарай гэж хэлээд утсаа салгасан. Ажлаар хангаагүй байж ажил хийгээгүй гэж ярьж байгааг эсэргүүцэж байна. Намайг ажилд огт дуудаагүй атлаа холбоо бариад байхад ажилдаа ирээгүй, зугтсан гэж яриад байна. Үүнийг нь би эсэргүүцэж байна. Ажилд буцаж орох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Ковидын байдлыг ойлгож, эднийх ажилтнуудаа цалингийн нь 70 хувиар цалинжуулж байгаа болохоор цалингийн 70 хувиар бодож 1,050,000 төгрөгөөр ажилгүй байсан 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гартал цалингаа тооцож авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлүүлэх нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч О.Ундраа, ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн хөлсний 70 хувиар цалин олгох боломжгүй. Удирдах зөвлөлийн 2 тушаал гарсантай холбоотой бид ажиллаагүй. Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгох санал тавьсан. ******* ТББ нь хөл хориотой холбоотойгоор ямар үндэслэлээр зарим ажилчдаа 70 хувиар цалинжуулсан, ямар үндэслэлээр халсан талаар тайлбарласан. 2020 оны 11 дүгээр сард 1 тушаал гарсан. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотойгоор тус тушаалд нэхэмжлэгч багтаагүй талаар хэлсэн. Нэхэмжлэгч ажлын байрны хүчирхийлэлд өртсөн, дарамт учруулсан гэх тайлбар гаргасан тул бид гэрчүүдийг дуудаж авч ирсэн юм. Ковидын нөхцөл байдлаас Ид шидийн орон төв 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. 11, 12 дугаар саруудад 45 хоног хүнсний аян зохиож байгуулж, ажиллаж байсан хүмүүст тодорхой цалин өгсөн. 2021 оны 1 дүгээр сард хөл хорио үргэлжилсэн тул 15-ны өдөр тушаал гарч тодорхой тооны хүмүүсийг 70 хувиар цалинжуулсан. Хөл хориотой байсан 6 сарын хугацаанд хэн ч 70 хувийн цалин авсан процесс байхгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар бичиг баримтууд бүрдүүлэх буюу тойрох зурах, ажлаа хүлээлгэж өгөх зэргийг гэрээнд дурдсан. Тиймээс 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалд нэхэмжлэгчийг хамруулаагүй. Тушаалтай холбоотой нэхэмжлэлийг хангахад бэлэн. Бид хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагын хувьд нэхэмжлэгчтэй ярьж, уулзсан. Би өнөө өглөө өөрөө яриад юу хүсээд байгааг нь асуухад утсаа салгачихсан. 2020 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч цалингаа авсан, 9, 10 дугаар сард цалингаас гадна 1,000,000 төгрөг нэмж олгосон. Гар дээр 2,500,000 төгрөгийн цалинг нэхэмжлэгчид олгосон. 12 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичихэд бэлэн байна. 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарыг дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрч байна.
Би нэхэмжлэгч рүү залгаж ажил, үүрэгт өөрчлөлт орж би шууд удирдлага нь байхаа больсон талаар хэлсэн. Уг хөдөлмөрийн харилцаагаар нэхэмжлэгч сонгон шалгаруулалтгүйгээр санамж бичгийн хүрээнд ажилд орсон тул ажлаасаа гарсан гэж бодож байна. Ирж уулзаарай гэхэд ирсэн байсан боловч баримт, бичгээ аваад явсан байсан. Нэхэмжлэгч хөл хорионы улмаас ирж уулзах боломжгүй байсан байх гээд хүлээж байсан. 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би нэхэмжлэгчтэй холбогдсон. Гэвч 12 дугаар сарын сүүлээр нэхэмжлэгч юмаа аваад явсан байсан. Уулзах уу гэж би залгахад дараа ирж уулзана гэж хэлээд явсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэ, хариуцагч ******* ТББ-д холбогдуулан Сэтгэл засалчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдрийг хүртэл хугацаанд нэг сарын үндсэн цалин 1,500,000 төгрөгийн 70 хувиар тооцон 1,050,000 төгрөгөөр тооцон /1,050,000х6=6,300,000/ 6,300,000 төгрөгийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийлгэх нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, тийм шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгч эмнэлгийн чөлөөл нь дууссанаас хойш ажилдаа ирээгүй, ойлголцоход бэлэн байгаа гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Сэтгэл засалчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжсэн.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчтэй ЛД/ИШО2/16 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан Сэтгэл засалч эмчийн ажилд авч мөн өдрийн Т/11 тоот тушаалаар ажилд томилжээ. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацаанаас эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан, 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд эмчилгээ хийлгэн эмнэлгийн чөлөөтэй байсан нь 1491760 тоот эмнэлгийн хуудсаар тогтоогдож байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн 11 дүгээр сард ажилласан хоног, эмнэлгийн хуудсыг нь үндэслэн 11 дүгээр сард 515,995 төгрөгийн цалин олгосон гэх тайлбарыг шүүхэд гаргасан, нэхэмжлэгч мөн цалин авсан талаар маргаагүй байна. /хх-ийн 7-12, 46-54, 83 тал/
Хариуцагч: нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байгаа, нэхэмжлэгчтэй ойлгомжгүй байдал үүссэн болон ковид-19 цар тахлын улмаас байгууллагын ажил зогссон тул өнөөг хүрсэн, цаашид нэхэмжлэгчтэй ойлголцоод энэ асуудлыг шийдэх боломжтой талаар, Нэхэмжлэгч: эмнэлгийн чөлөө дуусч, хөл хорио цуцлагдсаны дараа 2020.12.15-нд ажилруу холбогдоход ажлаас халсан тушаал чинь 11.06-нд гарсан гэж Ундраа хэлсэн, 12.22-нд нягтланд ажлаа хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг тус тус гаргасан.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг буюу ажилтныг ажлаас чөлөөлж буй шалтгааны хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон шийдвэрийг ажил олгогч заавал баримталсан байх шаардлагатай. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримтыг шүүхэд гаргаагүй боловч 2020 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг тодруулж хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэхийг шаардаагүй, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргаагүй байна. Гэвч 2020 оны 12 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчид цалин олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлж баталгаажуулаагүй, Удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Ажил үүргийн хуваарилалтын тухай 10/30 тоот тогтоол, Гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Цалингийн системд өөрчлөлт оруулах тухай 01 тоот тушаалаар Ковид-19 цар тахлын үед байгууллагын ажилтнуудын ажиллах ээлж, сул зогсолт, ажлын цагийн хуваарь, цалин хөлсийг хэрхэн тооцох, ажлаас чөлөөлөх ажилтнуудын нэрсийн жагсаалт зэрэгт нэхэмжлэгчийн ажлын байр, түүнийг хэрхэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулжээ.
Энэ байдал нь зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа хэвийн үргэлжилж байгаа гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас халсантай адилтгах үндэслэлийг бий болгож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлүүдэд ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцаан дахь эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулиар хүлээсэн үнэнчээр хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй гэх үйл явдлыг хариуцагч хөдөлмөрийн харилцааны зөрчил, сахилгын шийтгэл ногдуулах шалтгаан гэж тооцоогүй байх тул нэхэмжлэгч Б.*******-Эрдэнийг ажил үүргээ гүйцэтгээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагч ******* ТББ-ын зүгээс нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан үйл баримт тогтоогдоогүй, ажил үүргээ гүйцэтгээгүй явдалд нь хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгээгүй атлаа цалин хөлсийг нь тооцон олгоогүй нь ажилтны эрхийг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд ажилтны цалин хөлсийг зохих ёсоор тооцон олгох, бууруулахгүй байх үүрэгтэй.
Хариуцагчийн зүгээс Ковид-19 цар тахлын байдалд нийцүүлэн тухай бүр гаргасан шийдвэртээ нэхэмжлэгчийн ажлын байр, ажиллах нөхцөлийг заагаагүй, сул зогсолтын үеийн олговрыг хэрхэн шийдвэрлэсэн болон ажлаас чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй орхигдуулсныг нэхэмжлэгчийг ажиллах нөхцөлөөр хангаагүй, ажиллуулаагүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлсийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Хариуцагч 2020 оны 11 дүгээр сард 515,995 төгрөгийн цалинг нэхэмжлэгчийн ажилласан хоног, эмнэлгийн баримтыг үндэслэн олгосныг нэхэмжлэгч маргаагүй тул хариуцагч, нэхэмжлэгчийг 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн ажиллуулаагүй буюу ажлаас халсан гэж тооцон нэхэмжлэгчид олговол зохих цалин хөлсийг энэ өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаагаар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэг сарын 1,500,000 төгрөгийн үндсэн цалинтай болох нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдсон, хариуцагч Ковид-19 цар тахлын улмаас ажилтнуудаа үндсэн цалингийн нь 70 хувиар тооцон цалин хөлсийг нь олгож байгааг үндэслэн нэхэмжлэгч өөрт ногдох цалин хөлсийг энэ хэмжээгээр тооцуулахыг хүссэн учир 1,500,000 төгрөгийн 70 хувь 1,050,000 төгрөгөөр тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 5 сарын цалин /1,050,000х5=5,250,000/ 5,250,000 төгрөг, ажлын 7 хоногийн цалин /48,837х7=341,859/ 341,859 төгрөг, нийт 5,591,859 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 708,141 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.*******-Эрдэнийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч ******* ТББ /регистрийн дугаар 8103062/-иас 5,591,859 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэд олгож, Б.*******-Эрдэнийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч ******* ТББ-д даалгаж, нэхэмжлэлээс 708,141 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч ******* ТББ-иас 174,619 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ