Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 545

 

 

 

 

 

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х******** ” ХХК;

Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга;

Гуравдагч этгээд:Т.Г********  ;

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Х******** ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Г******** , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******** , гуравдагч этгээд Т.М********  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******** , гэрч Л.Д******** , гэрч Г.М******** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Ц********  нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 561 дүгээр захирамжийн иргэн Т.Г********  д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “Х******** ” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 561 дүгээр захирамжийн иргэн Т.Г********  д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна. 

1.2.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, өөрчлөх, багасгах хүсэлт гаргаагүй болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч “Х******** ” ХХК нь өөрийн эзэмшил газар руу орох орц, гарцгүй болсон гэх үндэслэлээр зэрэгцэн Т.Г********  газрыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэж байна.

2.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараахь үйл баримтыг дурдсан байна.Үүнд: “Х******** ” ХХК нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, Буянгийн үйлдвэрийн урд байрлах газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг билээ. Гэвч нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарц байхгүй, урдуураа болон зүүн талаараа барилга байгууламжтай хойд хэсгээрээ ил дулааны шугам сүлжээтэй учир иргэн Т. М********-ын гэх баруун хашаагаар манай байгууллагын хүнд, машин механизм орж гарч байна. Ингээд манай байгууллагын эзэмшил газрын орц, гарцыг хааж бусдад газар эзэмшүүлсэн нь хууль ёсны, эрх ашиг сонирхлыг зөрчсөн тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад газрыг Т.Г********  эзэмшлээс чөлөөлүүлэх нь зүйтэй гэсэн хариу гарч холбогдох газар зохион байгуулалтын алба руу бичиг хүргэгдсэн. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсанд ямар ч хариу ирүүлээгүй 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан иргэн Т.Г********  газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж эзэмшил газрын орц, гарцыг чөлөөлүүлэхээр гомдол гаргасанд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №********  дугаартай албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны *** дүгээр захирамжийн иргэн Т.Г********  д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдэж өгнө үү” гэжээ.

2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х******** ” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар ********  м.кв газар эзэмшиж байгаа. Манайх баруун тийшээ харсан гарцтай. 2021 онд Т.Г********  газар дээр үйлдвэр барьж эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 561 дүгээр захирамжийн иргэн Т.Г********  д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Гарцын асуудал үүсэж байгаа. Яагаад гарц, орцын асуудлыг яагаад одоо гарж байгаа вэ гэхээр тэр үед орц, гарцаар гарж болдог байсан. Бидний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх нөхцөл байдал хараахан үүсээгүй байсан. Т.Г********  хашаагаар дамжиж гарахыг зөвшөөрч байснаа үйлдвэрийн барилга барихтай холбоотой танайхыг орц, гарцаараа дамжуулж гаргахгүй гэсэн. Манай газартай тулгаж Т.Г********  д газар олгосон нь манайхыг орц, гарц гаргах, орц, гарцтай байх боломжийг хааж байгаа юм. Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Засаг даргад Т.Г********  газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, эзэмшил газрын орц, гарцыг чөлөөлүүлэхээр гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас орц гарц хаасан гэх үндэслэлээр тухайн газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй байна гэсэн хариу ирсэн. Тиймээс шүүхэд хандсан” гэжээ.

2.4.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мэдээллийн сангаас авсан зураг болон кадастрын зургаас харахад Х********  ХХК болон Т.Г********   нарын газар нь давхцалгүй байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Х********  ХХК-ийн орц, гарцыг хаасан гэж тайлбарлаж байгаа боловч орц, гарц хаасан гэх үндэслэлээр иргэн Т.Г********  газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь  хуульд нийцэхгүй ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” зохицуулалтыг тусгагдсан байх бөгөөд 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Т.Г********  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******** дүгээр захирамж нь үндэслэл бүхий захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.5.Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь хууль заасан шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна.       

Хэрвээ хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн гэж үзвэл энэ Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүчингүй болгох нь зүйтэй эсэх талаар хэлэлцэх ёстой. Хэрвээ урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй бол шүүхээр энэ хэргийг хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байгаа юм. 2021 оны 08 дугаар сарын 02-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан байна. Тэгвэл 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргаас хариу өгөөгүй байна. Үүнээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ хуульд заасан 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргаагүй байна.

2012 онд маргаан бүхий хашаа баригдсан. Энэ нөхцөл байдал 10 жилийн өмнө үүссэн юм. Манай эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол 10 жилийн зөрчигдсөн гэж байгаа эрхээ сэргээлгэхээр хандаж боломжтой байсан. Нэхэмжлэгч нь эрх ашиг нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөх талаар мэдээгүй гэх боломжгүй. Т.Г********   нь 2012 онд хашаагаа барьсан. Тухайн үед хашаа барихад Т.Г********  газар тог цахилгаангүй байсан. Х********  ХХК-аас цахилгаанаа авч хашаагаа барьж байсан. Өнөөдрийн орц, гарцгүй болгосон гэх нөхцөл байдал 2012 онд үүссэн. Энэ нь шүүхэд гаргаж өгсөн фото зургаас батлагдаж байгаа юм. Энэ үед эрх ашиг нь зөрчигдсөн гэх талаар мэдсэн. Тухайн үед хашаа Т.Г********  хашаа барьж байхад эрх ашиг зөрчигдлөө гэж манайхтай маргаагүй, холбогдох байгууллагуудад хандаж байгаагүй. Орц, гарц хаасан талаар мэдэлгүйгээр 10 жил явсан гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдэх ёстой. Нэхэмжлэгчийн шаардаагүй шаардлагыг тодруулж болохгүй. Бид нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбараа гаргаж мэтгэлцэж байгаа. Өмнөх шүүгч дээр нэхэмжлэлийн шаардлагын талаар лавлаж олон удаа асууж байсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага яг миний гардаж авсан нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгож байна. Орц, гарцтай холбоотой асуудал бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Т.Г********   нь 10 гаруй жилийн турш тухайн газар дээр үйл ажиллагаагаа явуулж, барилга байгууламж барьж, газрын төлбөрийг төлж, газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Орц, гарц байхгүй байна гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэдэг нь шударга ёс болон хүн чанарт нийцэхгүй асуудал юм. Хууль зүйн хувьд Газрын тухайн хуульд газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна. Газраа зориулалтын дагуу ашиглаж, татвар хураамжийн асуудалгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь орц гарц гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Бид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэх ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэг.Маргааны үйл баримтад:

            1.1.Нэхэмжлэгч “Х******** ” ХХК нь өөрийн эзэмшлийн газар руу нэвтрэх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ Т.Г********  эзэмшил газраар  дамжин өнгөрдөг байсан боловч уг газарт барилга барих зөвшөөрөл олгосноор орох, гарах боломжгүй болгож орц, гарц хааж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож, эрх зөрчигдсөн гэж Нийслэлийн Засаг даргыг буруутгаж маргасан.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч “Х******** ” ХХК нь Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******** дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт ********  нэгж талбарын дугаар бүхий ********  метр квадрат газрыг ********  дугаар гэрчилгээний үндсэн дээр 5 жилийн хугацаатай эзэмшсэн байх бөгөөд уг газар эзэмших эрхийн хугацаа нь 2018 онд дуусгавар болсон байна.

2.2.“Х******** ” ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ********  дугаартай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан ********  дугаар гэрчилгээтэй, ********  нэгж талбарын дугаар бүхий ******** метр квадрат газрыг ашиглах эрхээ сэргээлгэх хүсэлт /ХХ-1-ийн 153 дахь хуудасны арын нүүрт/ гаргасныг үндэслэн, дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/393 дугаар захирамжаар /ХХ-1-ийн 146-147 дахь талд/  гэрчилгээний хугацааг сунгажээ.

2.3.Уг газар дээр “Х******** ” ХХК-ийн өмчлөлийн барилга байгууламж болон  зуурмагийн үйлдвэр зэрэг үл хөдлөх хөрөнгө байршдаг болох нь шүүхийн үзлэгээр /ХХ-1-ийн 108, 132-138 дахь тал/ тогтоогдов.

2.4.Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 421 дүгээр захирамжаар иргэн М.А******** д тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “******** ” ХХК-ийн объектын хойно аж ахуйн зориулалтаар 0,5 га газар эзэмшүүлж /ХХ-1-ийн 33-34 дэх талд/, мөн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 305 дугаар захирамжаар М.А******** -өөс ********  нэгж талбарын дугаар бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Т.Г********  д шилжүүлж шийдвэрлэсэн /ХХ-1-ийн 35-36 дахь талд/ байна.

2.5.Мөн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 150 дугаар захирамжаар /ХХ-1-ийн 37-39 дэх тал/ Т.Г********  аж ахуйн зориулалтаар эзэмшиж байсан газрын зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэлийн зориулалттай болгож, ********  дугаартай гэрчилгээ олгожээ.

2.6.Одоо уг газар дээр Т.Г********   үйлдвэрлэлийн зориулалттай барилга барьж байгаа болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдов /ХХ-1-ийн 131 дэх талд/

2.7.Мөн түүнчлэн ********  нэгж талбарын дугаар бүхий газрын Т.Г********  эзэмшиж буй газар нь газрын эрх зүйн харилцаанд түрүүлж орсон, цаг хугацааны хувьд “Х******** ” ХХК дараа нь газар эзэмших эрх олж авсан бөгөөд шүүхийн үзлэг болон талуудын тайлбараар “Х******** ” ХХК-ийн эзэмшил газар руу нэвтрэх өөр орц, гарц гаргахад орон зайн боломж огт байхгүй болох нь тогтоогдсон болно.

2.8.”Х******** ” ХХК нь газар эзэмших эрх олж авах үед Т.Г********   газартаа хашаа бариагүй байсан бөгөөд 2012 онд хашаа барьсан болох нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “хашааг 2012 онд барьсан” гэх тайлбар, гэрч Л.Д********  гэрч Г.М********  /шүүх хуралдааны тэмдэглэлд/, гэрч Л.А********  нарын тус бүртээ “хашааг 2011 байна уу, 2012 онд барьсан” гэх мэдүүлгээр тогтоогдлоо /ХХ-2-н 19-21 дэх тал/.

2.9.Ийнхүү Т.Г********  эзэмшил газартаа хашаа бариагүй байхад болон барьснаас хойш “Х******** ” ХХК нь түүний газар дээгүүр дамжин орж, гардаг байсан байх тул энэ нь эдгээр хоёр этгээдийн хооронд бусдын эзэмшил газрыг хязгаартайгаар ашиглах иргэний эрх зүйн харилцаа байсан нь тогтоогдсон гэж үзлээ.

2.10.Улмаар “Х******** ” ХХК-ийг Т.Г********  , түүний төлөөний хүмүүсээс хойшид эзэмшил газраараа оруулж гарахгүй гэсэн тул захиргааны байгууллагаар орц, гарц гаргуулахаар тус компани шаардсан, шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд Т.Г********  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Х******** ” ХХК-ийг түүний эзэмшил газраар оруулж, гаргана гэх зөвшөөрөл, эсхүл баталгааг гаргахгүй байна.

Энэ үйл баримтаас үзвэл хойшид “Х******** ” ХХК-ийг өөрийн эзэмшил газар болон түүн дээр орших үл хөдлөх  хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай орц, гарцын асуудлыг Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа газрын албанаас заавал зохицуулах шаардлагатай асуудал мөн болох нь тогтоогдсон гэж шүүх үзэж байна.

Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

3.1.Шүүх нь талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, захиргааны байгууллагын үйлдэл, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

            Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

4.1.Энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.8-д дүгнэснээр “Х******** ” ХХК нь Т.Г********  зөвшөөрлөөр түүний газар дээгүүр орж, гарч байсан байх тул энэ хугацаанд түүний эд хөрөнгөө өмчлөх эрх хязгаарлагдаагүй, орц гарцын асуудал нь иргэн хоорондын тохиролцооны журмаар шийдвэрлэгдэж байсан болох нь тогтоогдсон.

4.2.Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараах замаар хязгаарлах эрхтэй” гээд мөн зүйлийн 151.1.1-т “хууль буюу гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжид хязгаартай ашиглах” гэж, мөн зүйлийн  151.7-д “Сервитут бүхий этгээд эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад учруулж байвал уг саадыг арилгахыг шаардах эрхтэй” гэж;

4.3.Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 48.3-т “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ” гэж тус тус заасан байна.

4.4.Дээрх хуулийн заалтуудаар нэхэмжлэгч “Х******** ” ХХК нь Т.Г********  газрыг харилцан тохиролцон хязгаартайгаар ашиглаж байсан боловч энэ тохиролцооноос Т.Г********   татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.7, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасны дагуу шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл,  “шаардах эрх” нь эрхээ зөрчигдсөн үеэс үүсдэг гэдэг нь эрх зүйн маш тодорхой ойлголт тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

4.5.Иймд хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон гуравдагч этгээд Т.Г********   нарын оролцоотой “Х******** ” ХХК-ийг өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, үйлдвэрлэлээ хэвийн явуулахад шаардлагатай орц, гарцыг газрын тухай хуулийн дээрх заалт болон Иргэний хуульд зааснаар сервитут байгуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж анхан шатны шүүхээс үзсэн.

4.6.Талууд “Х******** ” ХХК-д орц, гарцыг ямар байдлаар гаргах, сервитут байгуулах эсэх нь захиргааны хэргийн  шүүхийн оролцох эрх хэмжээний асуудал биш тул энэ нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул уг асуудлыг шийдвэрлэх боломжийг Нийслэлийн Засаг даргад үлдээх нь зүйтэй байна.

4.7.Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдтэй тохирсны үндсэн дээр, “Х******** ” ХХК-д орц, гарцыг гаргахдаа Т.Г********  эзэмшил газраас хасч орц, гарц гаргаж шийдвэрлэх, эсхүл уг газраар “Х******** ” ХХК дайран өнгөрөхөөр хязгаартай ашиглах, эсхүл дулааны шугам, сүлжээ бүхий газрын хамгаалалтын бүсийг хөндөхгүйгээр нийтийн эзэмшлийн газрыг оролцуулан орц, гарц гаргах зэргээс аль нэг шийдлийг олж, стандартад нийцсэн орц, гарцыг гаргаж шийдвэрлэх ёстой болно.

4.8.Шүүхээс нэхэмжлэгч “Х******** ” ХХК-д өмчлөх эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэхэд орц, гарц зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд маргаан бүхий орц, гарцад шаардлагатай газрын хэмжээ, байрлал, орон зайг шүүхээс шинжээч томилж тогтоолгох боломжгүй, өөрөөр хэлбэл, шүүх болон шинжээч нар нь орц, гарцын хэмжээ, байрлалыг тогтоох эрх хэмжээгүй, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас орц, гарцын хэмжээ ямар байхыг урьдчилан тогтоох боломжгүй байгаа тул газар зохион байгуулалт хийх эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг даргыг энэ нөхцөлийг тодруулж шийдвэрлэх нь зүйтэй болно.

4.9.Иймд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр буюу дээрх 4.7, 4.8-д дурдсанаар  нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гуравдагч  этгээд Т.Г********  эзэмших газраас орц, гарцын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай газрын хэмжээнд дүйцэх хэсгээр маргаан бүхий захиргааны актыг хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэхээр тогтоов.

4.10.Учир нь нэхэмжлэгч “Х******** ” ХХК-д шаардлагатай орц, гарцыг Т.Г********  газраас гаргахаас өөр орон зай байхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3,  21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны бүрэн эрхийнхээ дагуу  Нийслэлийн Засаг даргаас эдгээр иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтыг хийж, орц, гарцыг шийдвэрлэж өгөөгүй буруутай үйл ажиллагаа нь тогтоогдож байгаа тул  нь дээрх шийдвэрийг гаргаж байна.

4.11.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Т.Г********  газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж маргасан боловч энэ шийдвэрийн 4.10-т дүгнэсэн үндэслэлээр, нөгөө талаас нэг этгээдийн эрх, нөгөө этгээдийн эрхээр хязгаарлагдах” эрх зүйн зарчмын дагуу Нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, тус компанийн орц, гарцын асуудлыг стандартад нийцүүлж шийдвэрлээгүй тохиолдолд Т.Г********  эзэмших газраас орц, гарц байвал зохих стандарт хэмжээгээр хүчингүй болгож, шүүхийн албадлагын журмаар орц, гарцыг шийдвэрлэж байгаа хэлбэр гэдгийг мэдвэл зохино.

4.12.Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газар нэвтрэх орц, гарцын асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд гуравдагч этгээд Т.Г********  эзэмших газрыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй, тодруулахгүй гэсэн байна.

4.13.Шүүхээс нэхэмжлэгчийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэхэд Т.Г эзэмших 5000 метр квадрат газрыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй болно.

4.14.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “Х******** ” ХХК-ийн орц, гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул Нийслэлийн Засаг даргаас шинээр акт гаргуулахаар шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэж, Нийслэлийн Засаг даргаас “Х******** ” ХХК-ийн эзэмших газар руу орц, гарц гаргах асуудлыг шийдвэрлэсэн шинэ акт гаргах хүртэл, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 561 дүгээр захирамжийн иргэн Т.Г********  д холбогдох хэсгээс стандартын дагуу орц, гарцыг гаргахад шаардлагатай газрын хэмжээгээр, 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д  заасныг баримтлан шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргаас шинээр акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2016 оны 561 дүгээр захирамжийн иргэн Т.Г********  д холбогдох хэсгээс стандартын дагуу байвал зохих орц, гарцыг гаргахад шаардлагатай газрын хэмжээгээр хүчингүй болохыг тогтоосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлд заасныг баримтлан шүүхийн шийдвэрээр тогтоосон 2 сарын хугацааг энэхүү шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 30100 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргаж нэхэмжлэгчид олгож, үлдсэн 30100 төгрөгийг улсын орлогод  үлдээсүгэй.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ