Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1367

 

МАГАДЛАЛ

 

 

 

 

 

 

 

2018.06.11                                                     Дугаар 1367                                Улаанбаатар хот

Г.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00585 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХНХЯ-нд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 501 731 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: МСПК-ийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халагдсаныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 128/ШШ2017/0542 тоот шийдвэр гарч үндэслэлгүй халсан болохыг тогтоож эргэн ажилд нь томилохоор шийдсэн. Тус шийдвэрийг, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 221/МА2017/0642 тоот магадлалаар хэвээр үлдээсэн. Хяналтын шатны шүүх асуудлыг эцэслэн хэлэлцэж емнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг баталгаажуулсан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 512 тоот тогтоолыг 12 дугаар сарын 25-ны өдөр надад, 12 дугаар сарын 27-ны өдөр яаманд тус тус гардуулан өгсөн. УДШ-ийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн нэг сарын хугацаа нь 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дуусч шийдвэрүүд хэрэгжиж эхлэх үндэслэл бүрдсэн.

Дээрх шийдвэрүүдийн үр дүнд миний бие хуучин ажилдаа эргэн томилогдох болсон хэдий яам 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлээгүй байна. Хууль бусаар ажлаас чөлеөлөгдсөн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5 752 453 төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд мөн хугацаагаар нөхөн бичилт хийх шийдвэр хүчин төгөлдөр болсон. Мөн тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн болно. Одоо шүүхийн шийдвэрүүдийн гадна буюу энэ шийдвэрүүдтэй нөхцөлдөж үүссэн. Дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд, Хөдөлмөрийн хуулийн 36.1.2-д заасан нөхцөл үүссэн тул Хөдөлөмрийн хуулийн 69.1-д заасны дагуу ажилгүй орлогогүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг нэхэмжилж байна. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх цалинтай тэнцэх нөхөн олговор өмнөх шүүхийн шийдвэрт орсон тул дээрх хугацаанаас хойшхи буюу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс өргөдөл гаргаж буй 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл бүтэн 7 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг нэхэмжилж байна.

Үндэслэлгүй халагдсан хугацааны нөхөх олговрыг Хөдөлмөрийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалт, НХХ-ийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журамын 7/а заалтыг үндэслэн бүтэн ажилласан 3 сарын дундаж буюу 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын цалингийн дундаж /1,217,600+1,210,700+1,215,300/3=3,643,600:3=1,214,533 төгрөг, ажилгүй байсан 7 сараар тооцон 1,214,533*7=8,501,731 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Г.О-ийн гаргасан “...2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 7 сарын цалин хөлстэй тэнцэх 8 501 731 төгрөгийг олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл бичилтийг хийхийг даалгах" агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" гэж заасан байна. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг илтгэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ХНХЯ-наас 7 430 251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О-т олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 071 479 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХНХЯ-наас 133 834 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Ш ш г б-д  зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т "Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" гэж заасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн өдөр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 03 дугаар сарын 26-ны тоот шийдвэрээр ажилгүй байсан хугацааны /2017 оны 07 дугаар сарын 06-наас 2018 оны 02 дугаар сарын 07 хүртэлх 7 бүтэн сар/, Цалинг бодохдоо МУ, Хөдөлмөрийн хууль, шүүхийн шатанд шийдэх дундаж цалинг тооцохдоо 2005 оны 55 дугаар тогтоолоор МУ ЗГ-аас баталсан цалин хөлсийг тооцох журмыг /нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт/ мөрдөөгүй тооцооллын алдаа гаргасан тул нэхэмжлэлийг анхны шаардлагад тооцоолсон 8 501 731 төгрөг болгон залруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч ХНХЯ-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 501 731 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь МСПК-ийн  захирлаар ажиллаж байгаад хариуцагч яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 тоот тушаалаар ажлаас халагдсан, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 128/ШШ2017/0542 тоот шийдвэрээр түүнийг өмнөх ажилд нь тогтоосон, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон зэрэг үйл баримт тогтоогдсон тухайд талууд маргаагүй.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй нь Г.О шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар хариуцагчаас шаардсан ба энэ хугацааг өөрчилсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь зөв бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч Г.О нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагадаа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэх хугацааг заасан, түүний 1 өдрийн цалинг 39 947 950 төгрөг гэж тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хэргийн 13 дугаар хуудас/

Иймд шүүх нэхэмжлэгчийн өөрөө тодорхойлсон ажилгүй байсан 186 хоногийн цалинтай тэнцэх олговорт 7 430 251 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил арилаагүй байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Иймд зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар зохигчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

         ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ