Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/134

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      03         27                                         2024/ШЦТ/134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Б-т холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт; 

Э.Б

Шүүгдэгч Э.Б нь;

хохирогч Э.С “Гэгээн билэг” фэйсбүүк хаягаар харилцаж, “Анагаах ухааны сургуульд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 7 дугаар сарын 05-27-ны өдрийн хооронд зургаан удаагийн гүйлгээгээр 2.385.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

хохирогч Э.С “...Э.Б гэх хүнд 2.700.000 төгрөг шилжүүлж залилуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

хохирогч Э.С-ийн “...би Э.Б-тэй фэйсбүүк чатаар харилцаж байгаад нийт 2.385.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 57-59 дэх тал/,           

гэрч Л.Болормаагийн “…Миний охин Э.С Дархан-Уул аймгийн Анагаах ухааны үндэсний их сургуульд 2016-2018 оны хооронд сувилагч мэргэжлээр суралцаж, Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд дадлага хийж байгаад ар гэрийн шалтгааны улмаас сургуулиа орхисон. 2023 оны хавар хүүхдээ хараад гэртээ байхдаа “...би Улаанбаатар хотын Анагаах ухааны их сургуулийн 3 дугаар курсээс сурах гэж байгаа, надад үзүүлж, харуулдаг хүн оруулж өгч чадна гэсэн.” гэж ярьсан. 2023 оны наадмын дараа 7 сарын сүүлээр болон 8 сарын эхээр байх охин Э.С манайд ганцаараа ирээд “...сургуульд оруулж өгнө гэсэн хүн мөнгө шилжүүл гэсэн нөхөр бид хоёрт мөнгө байдаггүй” гээд надаас эхний удаад 150.000 төгрөг, дараагийн удаад 20.000 төгрөг нийт 170.000 төгрөг зээлж аваад нөгөө хүн рүү явуулж байсан. Гэтэл намар хичээл цуглах дөхөөд охиноосоо “...оюутан болох юу болсон бэ” гэсэн чинь “...намайг сургуульд оруулж өгнө гэсэн хүн миний фэйсбүүкийг блок хийгээд алга болсон” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

Э.Б-ийн яллагдагчаар өгсөн “...хохирогч С-ээ гэж хүнтэй 2023 оны хавар фэйсбүүкээр танилцаж найз болсон, 1 дүгээр сард биеийн тал хэсэг нь түлэгдсэн З гэж хүнтэй танилцаж, энэ хүнтэйгээ эр, эмийн харилцаатай байсан ба С-тэй танилцаад фэйсбүүк чатаар харилцаж З-ын ноён нуруу, биеийн байдлыг үзүүлдэг байсан. С надтай фэйсбүүк чатаар харилцаж байхдаа “...би сургуульд сурмаар байна, үгүй бол ээж, аавынхаа хажууд ажил хиймээр байна” гэж бичдэг байсан. ...өөрийн танил Д-тэй утсаар яриад “...би нэг дүүгээ сувилагчийн ангид оруулах гэсэн юм, боломж байна уу” гэж асуусан чинь “...боломжгүй” гэж хэлсэн, би “...чамайг сувилагчийн сургуульд оруулж өгч болох юм шиг байна” гэж худлаа хэлсэн. С “...яавал сургуульд орох боломжтой байна” гэхээр нь би түүнд “...мөнгө л хэрэгтэй юм байна” гэсэн чинь “...хэдэн төгрөг вэ” гэхээр нь би “...1.500.000 төгрөг болох юм шиг байна” гэж хэлсэн, надад мөнгөний хэрэг гарсан үед “...сургуульд оруулахад шаардлагатай мөнгө” гэсээр байгаад хохирогчоос нийт 2.385.000 төгрөг шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-83 дахь тал/ зэргээр шүүгдэгч Э.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

Э.Б-ийн Хаан банкны дансанд 5127060460 дугаартай данснаас “...2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “1” гэсэн утгаар 20.000 төгрөг, 7 дугаар сарын 07-ны өдөр “1” гэсэн утгаар 500.000 төгрөг, 7 дугаар сарын 17-ны өдөр “surgaltiin tolbor” утгаар 1.500.000 төгрөг, мөн өдөр “1” гэсэн утгаар 165.000 төгрөг, 7 дугаар сарын 23-ны өдөр “1” гэсэн утгаар 50.000 төгрөг,

5098162916 тоот Л.Б-ийн данснаас 7 дугаар сарын 27-ны өдөр “1” гэсэн утгаар хаан банкны 150.000 төгрөг тус тус орлого болон орсныг нотлох  дансны хуулга /хавтаст хэргийн 18-24 дэх тал/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлснийг, мөн хавтаст хэргийн 57-59 дэх талд авагдсан хохирогчийн “...гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Бусад асуудал;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Э.Б-ийг шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

                                                                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э