Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

 

 

   2024      04          03                                        2024/ШЦТ/141

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б.А

Шүүгдэгч Б.А нь;

2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-4-103 тоот Y.Ү-ын гэрт хохирогч Б.Б-тай үл ялих зүйлээр маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

хохирогч Б.Б-ын “...үл таних залууд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

хохирогч Б.Б-ын “...З бид хоёрыг Ү ахын гэр рүү ороход том өрөөнийх нь буйдан дээр танихгүй залуу тасарчихсан унтаж байсан ба түүний дэргэд О, Н, Ү, Ү-ын үеэл гэх нэг эрэгтэй, танихгүй нэг хөгшин ах нар архи ууж байсан. З бид хоёр тэд нартай нийлж ойролцоогоор 2-3 шил архи хувааж уусан, би согтчихсон учраас болсон үйл явдлын заримыг нь бүдэг, бадаг санаж байна. Миний санаж байгаагаар Ү-ын үеэл гэх эрэгтэй найз З-оог сандал дээр сууж байхад толгой руу нь гараараа цохиж байсан, би энэ явдлыг зүгээр хараад сууж байсан ба нээх удалгүй газар шалан дээр уначихсан байсан ба миний толгойноос цус гоожиж байхад ухаан орсон. Намайг газар хэвтэж байхад О, Н хоёр Ү-ын үеэл гэх залууг “чи яагаад зүгээр сууж байгаа хүнийг зодож байгаа юм” гээд намайг өмөөрч маргалдаж байсан. Намайг Ү ахын гэрээс гарч явах гэтэл үеэл гэх залуу болон танихгүй хөгшин ах хоёр “чи байж бай, ганц татчих” гээд надад архи өгч миний цус болсон нүүрийг угаасан, би цусаа цэвэрлэчихээд тэд нартай жаахан сууж байгаад ганцаараа гарч явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

          “...Б.А надтай уулзаж уучлалт гуйсан, “эм, тариа аваарай” гээд 150.000 төгрөг өгсөн, миний биеийн байдал хэвийн болсон учраас цаашид гаргах гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Тухайн үед А-д зодуулсны улмаас миний биед гэмтэл үүссэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

гэрч У.Б-ийн “...2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цагийг нь санахгүй байна, Б бид хоёрыг Ү “гэрт хүрээд ирээч” гэж дуудсан, Б бид хоёрыг Ү-ын гэрт ороход Ү, О, Н гэх эмэгтэйчүүд болон тэднээс гадна нэг билүү хоёр хүн байсан санагдаж байна, бид хоёрыг ороход бүгдээрээ шал согтуу, архи ууж байсан. Сандал дээр сууж байгаад дээшээ өндийгөөд хартал Б газар уначихсан, толгойноос нь цус гарч байсан санагдаж байна. ...Миний санаж байгаагаар Б-ыг зүгээр зогсож байхад А юугаар гэдгийг нь мэдэхгүй, ...цохиж газар унагасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/ зэргээр шүүгдэгч Б.А дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

Орхон аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 174 дугаартай; “...1.Б.Б-ын биед дагз, духанд шарх, дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаанд зулгаралт, баруун нүдний зовхи, баруун мөр, баруун эгэм, баруун бугалга, нуруу, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх дагз, духанд шарх, дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа, дух, зүүн шанаанд зулгаралт, баруун зовхи, баруун мөр, баруун эгэм, баруун бугалга, нуруу, хэвлийд цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/-ээр тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролд 150.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.А-г шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Б.А-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЭНХТУНГАЛАГ