Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/01827

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.М

Хариуцагч: О.Э

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М*******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Бөмбөгөр захад ажилладаг. Хариуцагч нь манай хүргэний хамаатан бөгөөд надаас 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгийг зээлсэн. Ингэхдээ мөнгийг маань 1 дахин нугалж өгнө, гадаадаас мөнгө орж ирнэ гэж хэлэхээр нь итгээд мөнгө зээлүүлсэн. Яг юуны мөнгө гадаадаас ирэх талаараа хэлээгүй, хүнээс орж ирнэ, маргааш мөнгийг чинь өгье л гэж хэлсэн. Би хүү, алданги нэхэмжлэхгүй, өгсөн 15,000,000 төгрөгөө л авмаар байна. Би амаржаад 1 сар ч болоогүй байна. Хүүхдийн бие тааруу байгаа тул мөнгөний хэрэг их байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М*******ын хариуцагч О.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд шүүх 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч О.Э*******д 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигч 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 0140 тоот Зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 15,000,000 төгрөгийг, хүүгүйгээр, зээлийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид буцаан төлөхөөр тохиролцон зээлдүүлжээ. Зээлийн гэрээний 3.4 болон гэрээний дор хэсэгт 2020 оны 08.15-ны өдөр Э*******д бэлнээр 15,000,000 төгрөг өгсөн. Хүлээн авсан О.Э******* гэсэн бичвэр бичигдсэн. Нэхэмжлэгч 15,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлдүүлж хожим зээлийн гэрээг байгуулсан тухай нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Нэхэмжлэгч 15,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, баримтаар хариуцагч зээл авсан хугацаанаас хойш зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй нь гэрээний үүрэг зөрчигдөх үндэслэл болжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хавсарган ирүүлсэн баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийсэн гэж үзлээ. Мөн хариуцагч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлтэй маргаагүй гэж үзнэ.

Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй нь үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргах гаргах эрхийг бий болгох учир нэхэмжлэгч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.

Иймд хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний оршин суух хаяг, утасны дугаараар дамжуулан 2021 оны 06 дугаар сарын 02, 10-ны өдөр хүргэсэн байна. Хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй, зохих утасны дугаараар холбогдоход холбогдох боломжгүй, эрх нь хаагдсан гэх төлөвтэй байжээ. Иймд хариуцагч шүүхэд оршин суух хаягаа үнэн зөв мэдүүлэх, утасны дугаараа мэдүүлээгүй учир тов хүргэсэн, шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч О.Э******* /*******/-аас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М******* /*******/-т олгосугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Э*******гаас 232,950 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Х.М*******т олгосугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ