Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00177

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2023/00166 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 205/МА2023/00019 дүгээр магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Г” ХХК-д холбогдох

44,531,199 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ы хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Мө, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ 44,531,199 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2023/00166 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 211 дүгээр зүйлийн 211.2-т тус тус зааснаар хариуцагч “Г” ХХК-иас 44,531,199 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,606 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 380,606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 205/МА2023/00019 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2023/00166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-д заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр хяналтын шатны журмаар хянан хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх даарх байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчигдсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.1.  Иргэний хуулийн 211.1-т үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид ...хүлээлгэн өгөхөөр заасан байдаг ба манай “Г” компани гэрээний үүргийн дагуу зээлээр авсан барааны үнэ 40,285,200 төгрөгийг 2022.12.22-ны өдөр “Т” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарын худалдааны төлөөлөгчөөр Ад бэлэн мөнгөний баримтаар хүлээлгэн өгсөн. Ань 2018 оноос хойш “Т” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 5 жилийн хугацаанд “Т” ХХК-ийн барааг нийлүүлж, нийлүүлсэн барааны тооцоог хийж төлбөрийг бэлнээр болон дансаар хүлээн авч ирсэн. Ийнхүү 5 жилийн хугацаанд “Т” ХХК худалдааны төлөөлөгч Атай хийсэн бэлэн мөнгөний тооцоог компаний захиргаанаас нэг удаа ч үгүйсгэж хориглож байгаагүй атлаа худалдааны төлөөлөгч Аын 2022.12.22-ны өдөр манай компаниас хүлээн авсан барааны үнэ 40,285,200 төгрөгийг /компанийн хөрөнгийг/ хувьдаа ашигласны дараа “Т” ХХК А нь барааны үнийг бэлнээр хүлээн авах эрхгүй, танайх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж маргасан. Энэ маргааныг шийдвэрлэх гол баримт нь зээлээр худалдах худалдан авах гэрээнээс гадна, “Т” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Аын ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээ юм. Эдгээр баримт нэхэмжлэгч “Т” ХХК-нд байгаа бөгөөд Ань барааны үнийг бэлнээр хүлээн авах эрхгүй гэж тайлбарлаж байгаагаа нэхэмжлэгч компани нотолж дээрх баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл шүүхэд гаргаж өгөөгүй нь тухайн тушаал, гэрээ зэрэг баримтаар нэхэмжлэгчийн шаардлага үгүйсгэгдэх нөхцөл байдал байсан гэж үзэж байна.

4.2.         Анхан шатны шүүх хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан “хуульд заасан бусад эрхээ” хэрхэн хэрэгжүүлэхийг тайлбарлаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс миний бие өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохоо ойлгоогүй, мөн өмгөөлөгчгүйгээс нэхэмжлэгч “Т” ХХК-иас тус компаний худалдааны төлөөлөгч Аын ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээг гаргуулах эрхтэй болохоо ойлгоогүй.

4.3.         Анхан шатны шүүх 2023.02.13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2023.03.30-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар буюу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хэрэгт хамааралтай нотлох баримт бүрдсэн гэж үзэж 2023.04.05-ны өдөр шүүх хуралдаанаар хэргээ хэлэлцэж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсгийн “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн” гэдгийг шүүгч хэргийн бодит байдлыг тогтооход зохих хэлбэрт орсон, ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цугларсан гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасныг ойлгоно гэж тайлбарласан боловч шүүх дээрх тайлбараас өөрөөр тайлбарлаж, хариуцагч манай компаний хувьд хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд хангалттай гэж үзэх хэмжээний нотлох баримтаа шүүхэд бүрэн бүрдүүлж өгч чадсан эсэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан эрхээ хэрэгжүүлэх эсэхийг шалгаж тодруулалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан хугацааг харгалзаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч манай компаний татгалзлаа нотлох эрхийг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

4.4.         Шүүх хуралдааны явцад “Т” ХХК-ийн худалдааны төлөөлөгч А-ын ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээг зайлшгүй гаргуулах шаардлагатай буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан журмыг хэрэглэх бодит нөхцөл байдал бий болсон байхад уг журмыг хэрэгжүүлээгүй, хэрэгт ач холбогдол бүхий дээрх баримтыг гаргуулаагүй атлаа “Т” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Ань ажил үүргийн хувьд хариуцагч “Г” ХХК-д нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг өөрийн харилцах дансаар болон бэлэн мөнгөөр хүлээн авах эрхтэй болох нь нотлогдохгүй байна” гэж, ““Г” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн байна” гэж баримтад тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт хийсэн.

4.5. “Т” ХХК манай “Г” ХХК-иас 44,531,199 төгрөг гаргуулахаар шаардсан. Үүнээс 40,285,200 төгрөгийг манай компани Т” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Ад бэлнээр төлж, 4,246,000 төгрөг нь 2022.11.15-ны өдөр хүлээн авсан барааны үнэ байна. Уг 4,246,000 төгрөгийг манайх төлж барагдуулсан баримт болон ВV102040055 дугаартай зарлагын падааныг гаргаж өгсөн. Гэтэл манай гаргаж өгсөн баримтыг үнэн зөв гэж үзэхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахгүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2022.11.28-ны өдрийн ВV102040055 дугаартай 4,246,000 төгрөгийн зарлагын падааныг үндэслэж хэт нэг талыг барьж манай төлсөн 4,246,000 төгрөгийг мөн дахин төлүүлэхээр шийдвэр гаргасан. Дээрх үндэслэлээр миний бие болон давж заалдах шатны шүүх хуралд оролцсон өмгөөлөгч маань анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол, тайлбар гаргасан боловч давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчигдсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн дээрх алдааг залруулаагүйн дээр магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцээгүй, давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М би дараах байдлаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Т” ХХК нь шаардлага, үндэслэлд хэт анхаарч, хариуцагч байгууллага “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний тайлбар, 4,246,000 төгрөгийг манайх төлж барагдуулсан баримт болон ВV102040055 дугаартай зарлагын падаан, А-ын гарын үсэгтэй 40,285,200 төгрөг бэлнээр хүлээн авсан бэлэн мөнгөний баримт зэргийг анхаарч үзээгүй хэт нэг талыг барьж “Т” ХХК нь гэрээний дагуу хариуцагч “Г” ХХК-нд 2022.11.22-ны өдрөөс 2022.12.20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 9 удаа 52,034,440 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч худалдан авагч “Г” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 44,531,199 төгрөгийг худалдан авагчид гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.7. Мөн “Талуудын байгуулсан гэрээний 4-р зүйлийн 4.1-т худалдан авагч тал бараа бүтээгдэхүүнийг ...зээлээр худалдан авч төлбөрийг бараа бүтээгдэхүүн хүлээн авсан өдрөөс хойш борлогдсон эсэхээс үл хамааран ...зээлийн төлбөрийг ажлын 7 хоногт багтаан худалдагч талын байгууллагын дансанд бэлэн болон бэлэн бусаар төлөх үүргийг хүлээхээр, гэрээний 4-р зүйлийн 4.2-т худалдан авагч тал барааны төлбөрийг бэлнээр төлөхдөө бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт, хүлээн авсан гарын үсэг зуралцан бэлэн мөнгөний баримт үйлдэн хүлээлгэн өгнө. Баримт үйлдээгүй төлбөр тушаасан тохиолдолд худалдагч тал хариуцлага хүлээхгүй гэж, мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж хууль буюу гэрээнд гэрээний үүргийн талаар зохицуулжээ. Хууль буюу гэрээний дээрх зохицуулалтаас үзэхэд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль буюу гэрээнд ...заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөхөөр байх ба хариуцагч “Г” ХХК нь гэрээний үүрэг 44,531,199 төгрөгийг “Т” ХХК-ийн байгууллагын дансанд бэлэн ба бэлэн бусаар хийх, эсхүл бэлнээр төлбөрөө төлж байгаа нөхцөлд худалдагч байгууллагын бэлэн мөнгөний баримт үйлдэн хүлээлгэн өгөхөөр байна” гэж хууль болон гэрээнд заагаагүй “худалдагч байгууллагын бэлэн мөнгөний баримтыг үйлдэн хүлээлгэн өгөхөөр байна” гэх “Т” ХХК-ийн тайлбарт хөтлөгдсөн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Гэтэл худалдан авагч “Г” ХХК нь гэрээний үүрэг 44,531,199 төгрөгийг “Т” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Ад хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байх ба хэрэгт Аыг “Т” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр томилсон болон тэрээр нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг нотолсон баримт байхгүй байна. Иргэний хуулийн 211 зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон тохиолдолд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн төлөөлөгчид болон түүний туслахад хүлээлгэн өгөх нь үүрэг гүйцэтгүүлэгчид өөрт нь хүлээлгэн өгсний нэгэн адил тооцно гэж ойлгогдохоор байна.

Гэтэл хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөөгүйгээс гадна худалдан авагчийн зөвшөөрсөн этгээдэд өгснөө баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 211.2-т заасан үндэслэлээр үүргийг гүйцэтгэсэнд тооцох боломжгүй. “Г” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна гэж дүгнэхдээ Аыг “Т” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр томилсон болон тэрээр нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг нотолсон баримт хаанаас, хэнээс гарах боломжтой, дээрх баримт байгаа нэхэмжлэгч тал уг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь ямар зорилготой болох, мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч А-ыг “Т” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр томилсон болон тэрээр нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг нотолсон түүний тушаал, хөдөлмөрийн гэрээг шүүхийн тусламжтай нэхэмжлэгч талаас гаргуулах эрхээ бүрэн ойлгож ухамсарласан эсэх, энэ эрхээ хэрэгжүүлэх хугацаа, боломжоор бүрэн хангагдсан эсэхийг хянаж чадаагүй. Мөн хэрэгт “Т” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Аын гарын үсэгтэй 40,285,200 төгрөгийг бэлнээр хүлээн авсан бэлэн мөнгөний баримт байхад уг баримтыг анхаарч үзээгүй.

4.8.   Мөн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх манай өмгөөлөгчийн тайлбарт огт дүгнэлт хийгээгүй. Ийнхүү давж заалдах шатны шүүх нотлох баримтад үндэслэгдээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, гүйцэтгэсэн гэрээний үүргийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн Хариуцагч байгууллагын төлөөлөгч надаас шинээр нотлох баримт гаргаж өгөх эсэхийг тодруулаагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй байхад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсгийг Улсын дээд шүүхийн тайлбараас буруу тайлбарлан хэрэглэн шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэхэд зайлгүй шаардлагатай “Т” ХХК-ийн худалдааны төлөөлөгч А-ын ажил үүргийн хуваарийг нотолсон түүний ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байгаа нь илэрхий байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасан журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаагүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг мөн хангаагүй.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг, 67 дугаар зүйлийн 67.1.1, 71 дүгээр зүйлийн 71.1, 76 дугаар зүйлийн 76.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасан журмыг ноцтой зөрсөн зөрчил нь шийдвэр, магадлал гаргахад нөлөөлсөн байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ы гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.09.21-ний өдрийн 001/ШХТ2023/00969 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ 44,531,199 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...хариуцагч компани нь манай компанитай Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүнийг аваад, сарын эцэст зээлийн үлдэгдлийг хааж ирсэн, ...“Г” ХХК-ийн менежер М нь манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан А-д бүтээгдэхүүний үнэ 44,531,199 төгрөгийг өгсөн боловч дээрх баримт нь манай компанийн зарлагын баримт биш байсан, ...дээрх төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гэрээний дагуу 2022 оны 10, 11,12 сард зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ 44,531,199 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч “Г” ХХК хариу тайлбартаа: “...нэхэмжилж байгаа төлбөрийг 2022 оны 10 сараас 12 сарын 22-ны хооронд төлж, тус компанийн ажилтан Аар мөнгөний зарлагын баримтан дээр гарын үсэг зуруулж, тооцоог дуусгасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний дагуу 2022.11.21-ний өдрөөс 2022.12.20-ны хооронд нийт 52,034,440 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл төлбөр 44,531,199 төгрөгийг үүргийг хүлээн авах эрхгүй этгээдэд өгсөн нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн, нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 44,531,199 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

9. Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хэлэлцэж, гомдлыг хангах үндэслэлгүй харин анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

10. Нэхэмжлэгч “Т” ХХК нь гэр ахуйн болон өргөн хэрэглээний, хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх чиг үүрэг бүхий үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд, хариуцагч “Г” ХХК нь төрөл бүрийн барааны дэлгүүр ажиллуулах эрх бүхий хуулийн этгээд байна.

Талууд 2018.10.27-ны өдөр №1 дугаартай Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр “С” ХХК-ийн архин бүтээгдэхүүн болон “М” ХХК-ийн шар айргийг Монгол улсын зах зээлд нийлүүлэн, борлуулах зорилгоор худалдагч “Т” ХХК тухайн үед мөрдөх нэг удаагийн зээлийн хэмжээ болон, сарын сүүлд үлдэх зээлийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч “Г” ХХК барааг хүлээн авч, төлбөрийг ажлын 7 хоногт багтаан худалдагч талын байгууллагын дансанд бэлэн болон бэлэн бусаар төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан боловч худалдан авагч буюу хариуцагч нь 2022 оны 10, 11, 12 дугаар сард хүлээн авсан бараа, бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл төлбөр 44,531,199 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй үндэслэлээр худалдагч үлдэгдэл төлбөрийг шаардаж нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтанд төлбөрийг төлж, бэлэн мөнгөний зарлагын баримтад гарын үсэг зуруулсан гэж маргажээ.

11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ гэрээний нөхцөл, төлбөр төлөх хариуцагчийн үүрэг, гэрээний ерөнхий агуулгыг анхаараагүйгээс маргааны үндэслэл болсон эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бол хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээс гадна 263.2-т зааснаар бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг гэрээнд заавал тусгасан байхыг шаардана гэжээ.

Талууд Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулсан боловч гэрээний 2.4-т “...худалдан авагч барааг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлбөрийг төлөх...”-өөр тохиролцсоноос өөрөөр зээлээр худалдах-худалдан авах гэрээнд тавигдах шаардлага, хуульд заасан заавал тусгах бусад нөхцөлийн талаар харилцан тохиролцоогүй байна.

Худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө барааг шилжүүлэхээр тохиролцсон гэх үндэслэлээр зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Гэрээнд зааснаар худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг т одорхой хугацааны дараа /ажлын 7 хоног/ бүрэн буцаан төлөх үүрэг хүлээсэн ба энэ үед бүтээгдэхүүний үнийн дүнд ямар нэг хүү тооцоогүй, анхны санал болгож, худалдан авсан үнээр төлөхөөр харилцан тохиролцсон талаарх гэрээний агуулгыг анхаараагүй байна.

Гэрээ бүхэлдээ, агуулгын хувьд ердийн худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

12. Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн тул үнийг шаардах эрхтэй, худалдан авагч хүлээн авсан барааны үнийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч 2022 оны 10, 11, 12 сард худалдсан барааны үлдэгдэл төлбөрийг шаардсан бол хариуцагч нь нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтанд төлбөрийг төлсөн гэж маргасан бөгөөд хариуцагч гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

13. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ, 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө, 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.2-т ...худалдан авагч тал бараа бүтээгдэхүүний төлбөрийг энэ журмын 2.4-т заасан хугацаанд төлөх үүрэг хүлээнэ, 2.4-т ...төлбөрийг ажлын 7 хоногт багтаан худалдагч талын байгууллагын дансанд бэлэн болон бэлэн бусаар төлнө, 4.3-т худалдан авагч тал барааны төлбөрийг бэлнээр төлөхдөө Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт, хүлээн авсан гарын үсэг зуралцан Бэлэн мөнгөний баримт үйлдэн хүлээлгэн өгнө, баримт үйлдээгүй төлбөр тушаасан тохиолдолд худалдагч тал хариуцлага хүлээхгүй гэж тус тус харилцан тохиролцжээ.

Талуудын дээрх тохиролцооноос үзэхэд хариуцагч нь төлбөрийг нэхэмжлэгч байгууллагын дансанд бэлнээр болон бэлэн бусаар төлнө, төлбөрийг бэлнээр төлсөн тохиолдолд бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримт тус тус үйлдэх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч талаас гаргасан барааны төлбөрт 40,285,200 төгрөг төлснийг нотолсон баримт нь хариуцагч “Г” ХХК-ийн Бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-32/ байх ба тус баримтад 40,285,200 төгрөгийг биетээр /мөнгөний дэвсгэрт, нэгжээр/ хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тэмдэглэгдээгүй тул барааны төлбөрийг бэлнээр өгсөн гэж үзэх боломжгүй, хариуцагч төлбөр төлөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Түүнчлэн гэрээний 3.4-т худалдан авагч тал бараа бүтээгдэхүүнийг зарлагын падааны дагуу тулган баталгаажуулж, ...шалгаж хүлээж авах үүрэгтэй гэжээ.

Хариуцагчид бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн Зарлагын падаан тус бүрд “та төлбөрөө зөвхөн компанийн нэр дээрх дансанд шилжүүлнэ үү, хувь хүний дансанд шилжүүлсэн тохиолдолд үүсэх хохирлыг харилцагч та бүрэн хариуцна” гэсэн дардас дарагдсан байгаа нь тус падаанаар хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг зөвхөн нэхэмжлэгч компанийн дансанд шилжүүлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн гэж ойлгогдохоор байх бөгөөд Зарлагын паданд бичигдсэн дээрх дардсын агуулгыг эс зөвшөөрсөн талаар хариуцагч компани ямар нэг хариу өгөөгүй тул тэрээр төлбөрийг зөвхөн компанийн нэр дээрх дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Харин төлбөрийг худалдагч компанийн худалдааны төлөөлөгчид төлснийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрөөгүй, ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь зохицуулалтыг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэжээ.

Хариуцагч нь хариу тайлбартаа: “... нэхэмжлэлийн шаардлагад хамаарах төлбөрийг нэхэмжлэгч компанийн худалдааны төлөөлөгч А-д 2022.11.04, 21, 30, 12 дугаар сарын 05, 22-нд тооцоо нийлж төлж барагдуулсан...” гэсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ы “Т” ХХК-д 2023.01.08-ны өдөр гаргасан тодорхойлолтод “...Завхан аймгийн худалдааны төлөөлөгч Ад 2022.12.21-нд 19,000,000 төгрөгийг 1х вет-ийн агентаар дамжуулж дипозит хэлбэрээр, мөн орой нь 10,770,000 төгрөгийг дээрх хэлбэрээр, 8,515,200 төгрөгийг бэлнээр, 2,000,000 төгрөгийг А-ын хувийн дансанд тус тус шилжүүлж барааны үнийг өгсөн...” гэжээ.

Дээрх баримтуудад дурдсан төлбөр төлсөн  үнийн дүн,  хугацааны талаар хоорондоо зөрүүтэй, аль нь үнэн болох нь тодорхойгүй тул эдгээр баримтыг эргэлзээгүй үнэн зөв баримт гэж үнэлэх боломжгүй бөгөөд хэрэгт цугларсан бусад баримтаар барааны үлдэгдэл төлбөр бодитоор төлөгдсөн болох нь нотлогдоогүй тул хариуцагч тайлбар, татгалзаа нотлоогүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд “...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нэхэмжлэгч компанийн худалдааны төлөөлөгч А-ын гарын үсэгтэй 40,285,200 төгрөгийг бэлнээр хүлээж авсан баримтыг анхаарч үзсэнгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн ...дотор хэргийг шийдвэрлэнэ”, 76 дугаар зүйлийн 76.1.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн  71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж шүүгч үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлоно, 6 дугаар зүйлийн 6.1-д шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ,  38 дугаар зүйлийн 38.6-д ...нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ...” гэж тус тус зохицуулсан.

Хавтаст хэргээс үзвэл: шүүх нэхэмжлэлд 2023.02.13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тус өдөр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан, хариуцагч нь 2023.03.03-ны өдөр хариу тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд ирүүлсэн, үүнээс хойш зохигч аль нэг талаас шүүхэд хүсэлт гаргаагүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэх үндэслэлээр 2023.03.30-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, талуудад хуралдааны товыг мэдэгдсэн, зохигчийг шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцуулсан, 2023.04.05-ны өдрийн шүүх хуралдаанд хуралдаан даргалагчаас зохигчид тэдгээрийн эрх үүргийг танилцуулсны дараа нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгснийг хариуцагч талд танилцуулж, улмаар нэхэмжлэгч тал нотлох баримт гаргасантай холбогдуулан  хариуцагчид шинээр гаргах нотлох баримт байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй гэснээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримт, шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-64-66 дугаар тал/ тусгагдсан байна.

Дээр дурдсанчлан анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул “...шүүх хариуцагчид эрх үүргийг танилцуулаагүй, ...шинээр нотлох баримт гаргах эсэхийг тодруулаагүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, ...хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хуралдаан хойшлуулах журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн ...зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, ...эдгээр нь шийдвэр, магадлал гарахад нөлөөлсөн...” талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар хууль хэрэглээний алдааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 205/МА2023/00019 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2023/00166 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...262 дугаар зүйлийн 262.1,” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1,” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Г” ХХК-аас 2023.07.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД