| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0045/э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2017-03-29 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
хохирогч У.Жын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
нарыг оролцуулан тус шүүхийн шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.С, М.Д нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Ч.С
М.Д
Яллагдагч Ч.С, М.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 12 сарын 05-ны өдөр Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч У.Жтай таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож яллагдагч Ч.С нь У.Жын нуруун тус газарт нь нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Сы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 05- ны өглөө хөдөө явах гээд найзындаа ирээд орой 17 цагийн орчим Дийн гэрт Г бид хоёр очсон, тэнд Жтай таарсан, тэдний гэрт пиво уугаад сууж байтал Д, Ж нар бие биенээ цохиод байсан. 0,5л шилтэй архи аваад сумаас урагшаа наадмын талбай руу гарсан, би хөдөө очоод Жыг түрүү жил авсан адууныхаа мөнгийг өгөх боломж байна уу гээд маргалдаж эхэлсэн. Би Ж, Д хоёрыг муудалцаад байхаар нь салгах санаатай түрийнд байсан хутгаараа санаандгүй хатгасан гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч М.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би өдөр нь Жтай таарахад надад ахархаад томроод байсан.Гэтэл орой гэрт пиво уугаад сууж байхад ороод ирэхээр нь 2 цохьсон, Саруулыг гаргаж өгнө гээд сумаас урагш гарахдаа гэрт цуг байхаар нь Жыг аваад явсан, хөдөө очиж би 2-3 цохиод, архиа уучихаад, буцаагаад суман дээр авчирч өгсөн гэсэн мэдүүлэг
Хохирогч У.Жын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016.12.05-ны өдөр ...Дийн гэрт ганцаараа очсон. ...намайг Д нүүрэн тус газар гараараа цохиж, мөн нүүрэнд болон нуруунд өшиглөсөн. ...Тэгээд намайг хөдөө аваачаад тэд нар мотоциклиосоо буугаад С түрүү жил авсан адууныхаа мөнгө болох 500000 төгрөг олж өг, нэг бол 200.000 төгрөг олж ир гээд өшигчөөд зодоод эхэлсэн. Тэгээд намайг газар унагаагаад дээрээс өшиглөөд дэвсээд байсан. Би яг хэн хэн зодсон талаар бол хараагүй доошоо хараад нүүрээ дараад хэвтсэн. ...Тэгсэн С босч ирээд миний хажуугаар гарахдаа хоёр далны хооронд хутга шаачих шиг болсон. Тухайн үед миний бие халуун оргиод л явчих шиг болсон. ...Д намайг хөдөө зодож цохьсон. Тухайн үед намайг Д 2- 3 удаа л цохьсон байх. Харин С бол сууж байхад нуруун тус газар хутгалсан. ...Би Саас нэг адуу 2015 оны 09 дүгээр сард 500000 төгрөгөөр аваад одоо болтол мөнгийг өгөөгүй байгаа. С бол намайг тэр мөнгөө нэхэж зодсон. ...Би одоо гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй. Би Д, С нараас 3 сая төгрөг авч Улаанбаатар хот руу хамрын хагалгаа болон ирж очих зардал болон өмгөөлөгчийн хөлс бусад эмчилгээний зардалд тооцоолж авахаар болсон” гэсэн мэдүүлэг
Гэрч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 12 сарын 05-ны өдөр ...Н бид 2 Дийн гэрээр ороод гараад явсан. ...бид хоёрыг орох үед Д, С, Б, Ж, Д нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж харсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд байж байтал Жтай Д жаахан муудмаар аядсан. ...Жыг Д гэрт байх үед 2-3 удаа нүүрэнд нь цохисон. ...Тэгээд бид нар пивоо тойруулж ууцгаасан. Тэгсэн С хөдөө явна гэж ярьж байсан. Тэгээд та нар намайг гаргаж өгөнгөө энэ ганц шил Ерөөл 0.5 граммын архийг уучихаад ирье гээд Дийн гэрээс гарч явцгаасан. ...Тэгээд л сумаас урагш 1 км орчим яваад зогсоцгоож нэг шил архиа хувааж ууцгаасан. Тэгээд тэнд очоод Жтай С хутга гаргаж ирэхээр нь би Бийг чи тэр хутгыг ав гэж хэлсэн. Би тухайн хутга гаргаж ирсэн байхыг харсан. ...Жыг С “чи тэр надаас авсан адууны мөнгө төгрөг хэзээ өгөх юм” гээд хоорондоо яриад муудалцаад байсан. ...С, Д тэр хоёр Жыг цохиод байсан” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .. дугаартай “...У.Жын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дотор салстын цус хуралт, зүүн далны доод хэсгийн шарх, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
У.Жын биед учирсан хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дотор салстын цус хуралт, зүүн далны доод хэсгийн тав тогтсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн гэмтэлд хамрагдана гэсэн дүгнэлт,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 39,/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43,/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-83 зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.С, М.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 12 сарын 05-ны өдөр Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч У.Жтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож хохирогчийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дотор салстын цус хуралт зэрэг гэмтлийг учруулан, улмаар шүүгдэгч Ч.С нь У.Жын зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалж бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Үүнд, хохирогч У.Жын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016.12.05-ны өдөр ...Дийн гэрт ганцаараа очсон. ...намайг Д нүүрэн тус газар гараараа цохиж, нүүрэн тус газар болон нуруун тус газар өшиглөсөн. ...Тэгээд намайг хөдөө аваачаад тэд нар мотоциклиосоо буугаад намайг С түрүү жил авсан адууныхаа мөнгө болох 500000 төгрөг олж өг, нэг бол 200.000 төгрөг олж ир гээд өшигчөөд зодоод эхэлсэн. Тэгээд намайг газар унагаагаад дээрээс өшиглөөд дэвсээд байсан. Би яг хэн хэн зодсон талаар бол хараагүй доошоо хараад нүүрээ дараад хэвтсэн. ...Тэгсэн С босч ирээд миний хажуугаар гарахдаа хоёр далны хооронд хутга шаачих шиг болсон. Тухайн үед миний бие халуун оргиод л явчих шиг болсон...”гэсэн мэдүүлэг, гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд байж байтал Жтай Д жаахан муудмаар аядсан. ...Жыг Д гэрт байх үед 2-3 удаа нүүрэн тус газар цохьсон. ... Тэгээд л сумаас урагш 1 км орчим яваад зогсоцгоож нэг шил архиа хувааж ууцгаасан. тэнд очоод Жтай С маргалдаад хутга гаргаж ирэхээр нь би Бийг чи тэр хутгыг ав гэж хэлсэн....Жыг С “чи тэр надаас авсан адууны мөнгө төгрөг хэзээ өгөх юм” гээд хоорондоо яриад муудалцаад байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .. дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.С, М.Д нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.С, М.Д нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөхөөр хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно. Хохирогч У.Ж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн ..7/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.С, М.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
эрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Сд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009.03.11-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих оногдуулж уг ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүйд тооцогдсон байна.
Шүүгдэгч Ч.С, М.Д нарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал, харин үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ч.С, М.Д нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сыг 300 цаг, шүүгдэгч М.Дийг 260 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С, М.Д нарт оногдуулсан албадан ажил хийлгэх ялыг Дорноговь аймгийн шийдвэр гүйцэтгэлийн албаны мэдэлд эдлүүлж, шүүгдэгч нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.С, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С, М.Д нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН