Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 836

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

хохирогчийн өмгөөлөгч С.Д, 

шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/248 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Г.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1911 01696 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Д нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шатан дээр хохирогч А.Отүлхэж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Самсунг А-6 загварын гар утсыг гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар С.Дг шүүхээс тогтоосон торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Д бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлчлэгч н.Энхжаргалаас гэрчийн мэдүүлэг аваагүй, нотолбол зохих байдлыг нотлохгүйгээр С.Д надад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Эрүүгийн хариуцлагын арга хэмжээ, ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нийцсэн байх ёстой бөгөөд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

С.Д миний хувийн байдлыг тогтоогоогүй /ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй/ байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан ажиллагааг хууль, журмын дагуу хийгээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагаатгах болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг тогтоогоогүй ба зөвхөн намайг яллах талын баримтыг хэрэгт цуглуулсан байна. С.Д миний хувийн байдлыг тогтоох зорилгоор намайг сайн мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах ёстой байсан ба энэ ажиллагааг огт хийгээгүй байна.

Би яллагдагчаар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “...Ганбаатар, үйлчлэгч эмэгтэй, улсын байцаагч Цогоо нар ирээд...хорьж саатуулсан” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Ганбаатар /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/, гэрч Цогоо нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа үйлчлэгч н.Энхжаргалаас гэрчийн мэдүүлэг аваагүй байна. Тухайн үед хэн түрүүлж цохисон, А.О намайг яаж цохисон, би өөрийгөө хамгаалах үйлдэл хэрхэн хийсэн, бодит нөхцөл байдалд юу болсныг н.Энхжаргал харсан байдаг. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоохын тулд үйлчлэгч н.Энхжаргалаас гэрчийн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

С.Д миний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд А.О нь эхэлж халдан миний хоолойг боож, гараараа намайг цохисон учраас би өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюулаас хамгаалж А.Оөөрөөсөө холдуулсан, хэрэв би өөрийгөө хамгаалж түүнийг түлхэн биеэсээ холдуулаагүй бол амь нас, эрүүл мэндээрээ хохирох байсан.

Гэмт хэргийн бодит байдлыг нарийвчлан тогтоогоогүй, үйлчлэгч эмэгтэйгээс гэрчийн мэдүүлэг аваагүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно", мөн зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж заасныг зөрчсөн байна. Би А.О гэх залууг санаатайгаар цохиж гэмтээсэн үйлдэл хийгээгүй. Тухайн үед А.О намайг хүнтэй андуурсан. Би цагдаагийн байгууллага болон шүүхэд хохирогчийн өгсөн мэдүүлэгтэй танилцахад эхнэрээ хардаад маргах гэж явахдаа надтай шатан дээр тааралдаж “аль өрөөнөөс гарч ирсэн, тэр өрөө рүү чинь оръё” гэж намайг заамдаж түлхсэн. Энэ үед би өөрийгөө хамгаалахын тулд түлхсэн. Эхэндээ би “миний дүү хүн андуураад байна” гэж хэлсэн. Би тухайн үед шатаар бууж, хохирогч дороос дээшээ өгсөж байсан тул түлхэхэд хөл алдаж хойшоо эргэж унасан. Тэгэхдээ өөрийгөө цохисон байж болзошгүй. Түүнээс надад санаатайгаар цохиж гэмтэл учруулах, элдвийн өс хонзон санасан зүйл байгаагүй. Би А.Отай сүүлд уулзсан. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлчлэгч н.Энхжаргалаас гэрчийн мэдүүлэг аваагүй, нотолбол зохих байдлыг нотлохгүйгээр миний үйлчлүүлэгч С.Дд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Эрүүгийн хариуцлагын арга хэмжээ, ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нийцсэн байх ёстой бөгөөд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д "Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч С.Дгийн хувийн байдлыг тогтоогоогүй /ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй/ байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэж тус тус заасныг зөрчсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан ажиллагааг хууль журмын дагуу хийгээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Дийг цагаатгах болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг тогтоогоогүй ба зөвхөн түүнийг яллах талын баримтыг хэрэгт цуглуулсан байна. С.Дгийн хувийн байдлыг тогтоох зорилгоор түүнийг сайн мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах ёстой байсан ба энэ ажиллагааг огт хийгээгүй байна.

С.Д нь яллагдагчаар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “...Ганбаатар, үйлчлэгч эмэгтэй, улсын байцаагч Цогоо нар ирээд...хорьж саатуулсан” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Ганбаатар /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/, гэрч Цогоо нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа үйлчлэгч н.Энхжаргалаас гэрчийн мэдүүлэг аваагүй байна. Тухайн үед хэн нь түрүүлж цохисон, С Даваасүрэн нь өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн эсэх, бодит нөхцөл байдалд юу болсныг н.Энхжаргал харсан байдаг. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоохын тулд үйлчлэгч Н.Энхжаргалаас гэрчийн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байна.

С.Дгийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд А.О нь эхэлж халдан түүний хоолойг нь боож, гараараа цохисон учраас С.Д нь өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюулаас хамгаалж А.Оөөрөөсөө холдуулсан, хэрэв С.Д нь өөрийгөө хамгаалж түүнийг түлхэж биеэсээ холдуулаагүй бол эрүүл мэнд, амь насанд нь ноцтой хохирол учрах байсан. Гэмт хэргийн бодит байдлыг нарийвчлан тогтоогоогүй, үйлчлэгч эмэгтэйгээс гэрчийн мэдүүлэг аваагүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, үйлчлэгч эмэгтэйгээс гэрчийн мэдүүлэг аваагүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн" гэж заасныг зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч С.Дгийн дүү хохирогч А.Отай ирж уулзсан. Ингэхдээ хохирол төлбөр төлөх, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байр суурийг илэрхийлж өгөөч гээд 2.000.000 төгрөг төлсөн. Хохирогчийн зүгээс тайлбар бичиж шүүхэд өгөхөөр авчирсан. Энэ хэрэг явдал шүүгдэгчийн ажлын байранд болсон байдаг бөгөөд тухайн өдөр баяр тэмдэглээд хүмүүс согтуу, халамцуу байсан. Шүүгдэгч тухайн үед хохирогчийг цохиод гэмтэл учруулаад шууд гарч зугтаасан байдаг. Шүүгдэгчийн зүгээс гэрчээр үйлчлэгч Энхжаргал гэх хүнийг асуух ёстой гэдэг. Тухайн үед Энхжаргал гэх хүн хоёр хамгаалагчийн хамт байсан гэдэг бөгөөд хамгаалагч нарыг асуухад С.Д зугтах боломж олгосноос биш ямар процесс болсныг сайн мэдэхгүй хүмүүс юм. Шүүгдэгч С.Дгийн хувьд хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж 5-6 сарын хугацаа өнгөрсөн байтал очиж мэдүүлэг өгөөгүй, шүүхийн шатанд зарим үед ирээгүй учир шүүх хуралдаан олон удаа хойшилсон байдалтай байсан. Мөн шүүгдэгч давж заалдах гомдолдоо хөнгөрүүлэх, цагаатгах талын байр суурийг харгалзан үзээгүй гэдэг. Шүүгдэгч нас тогтсон хүн байж насныхаа туршлагыг ашиглах бус харин эсрэгээр тухайн нөхцөл байдлыг ухамсарлан уучлал гуйсан бол энэ хэрэг 1 жилийн хугацаанд сунжирч удаашрахгүй байсан. Анхан шатны шүүхийн шатанд 500.000 төгрөгийн хохирол төлбөрөө төлчихвөл хохирогч гомдол, саналгүй гэдгээ илэрхийлнэ гэсэн боловч ямар ч хариу өгөлгүй, эсрэг байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Хохирогчийн эхнэр Уртнасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шүүгдэгчийн удирдлага дор ажилладаг бөгөөд хэрэг болсноос хойш ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлж, санаатай эсхүл санамсаргүй байдлаар хяналт шалгалт явуулсан. Хохирогчийн эхнэр Уртнасан ажлаа эрхлэхэд урьд гарч байгаагүй ямар нэг саад бэрхшээл гардаг болсон. Түүнчлэн, шүүгдэгч “би санаатай хохирогчийг цохиогүй, аргагүй хамгаалалт байсан” гэж ярьдаг боловч хохирогчийг түлхсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хангалттай нотлогдон тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирлын асуудлыг хэрэгсэхгүй болгосон. Энэ талаар оролцогч нараас ямар нэг гомдол гаргаагүй учир үндэслэлтэй гэж үзэж байна. Харин гэм буруугийн асуудлын талаар хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ С.Дг өөрийгөө хамгаалах гэсэн үйлдлийн улмаас хүний биед гэмтэл учруулаагүй, харин өөрийн санаатай үйлдлийн улмаас гэмтэл учруулсан гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулсан. Уг дүгнэлт нь хуульд нийцээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэлээ дурдахдаа зөвхөн хохирогч А.Оаас авсан мэдүүлгийг үндэслэж, С.Д нь А.Оын биед халдсан, түүнийг цохисон гэж дүгнэсэн. Гэтэл цохисон үйлдэл хэнээс эхлэлтэй, хэрэг явдал бодит байдал дээр яг хаана болсон талаар тогтоогдоогүй. Хохирогч А.О “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2-оос 3 давхарт шилжих давхрын коридорт болсон” гэж мэдүүлдэг. Гэтэл шүүгдэгч С.Д болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр “1-ээс 2 давхрын шатан дээр болсон” гэж мэдүүлсэн нь тогтоогддог. Тухайн үед А.О нь эхнэр Уртнасанг тус хэлтсийн хяналтын улсын байцаагч Одсүрэн баярын мэнд хүргэсний төлөө хардаж, маш ууртайгаар буюу өөрийн үйлдлээ ухамсарлан хянах чадваргүй болсон үедээ байр руу нэвтрэн орсон. Ингэх явцдаа шатан дээр С.Дтэй таарч заамдах, улмаар гар утсаа гаргаж ирж бичлэг хийсэн байдаг. А.Оын эхнэрээ хардсан, уурлаж бухимдсан уг үйлдлийг өөрөөр таслан зогсоох ямар боломж байсан нь тодорхойгүй. Цаашид хэн нэгнээ хардсан дурын этгээд Монгол Улсын төрийн байгууллага руу орж хүссэн бичлэгээ хийж, хүссэн этгээдээ дарамталж, чирч болохоор харагдаж байхад үүнийг шүүхийн зүгээс зөвтгөж байгаад харамсаж байна. Нөгөө талаар, энэ үйл явдал маш богино хугацаанд болсон бөгөөд энэ нь гэрч Уртнасан, Одсүрэн нарын мэдүүлгээр тогтоогддог. Эхнэрээ хардаж орж ирэхдээ эхлээд С.Д даргатай заамдалцаж байгаад гарч, буцаж эхнэрээ дагуулж орж ирэхдээ 3 давхарт Одсүрэнтэй маргалдсан, бичлэг хийсэн үйл явдал тогтоогддог. Хохирогч А.О болон шүүгдэгч С.Дгийн мэдүүлгээр боосон, түлхэж унагаасан гэж ярьдаг болохоос зууралдсан гэж ярьдаггүй. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр “А.Оын биед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хүзүүнд нь цус хуралт, зулгаралт үүссэн байна“ гэсэн байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг хэргийн үйл баримттай харьцуулан үзээгүй. Хүнд бодитой учирсан аюул байгаад уг аюулыг зайлуулах зорилгоор түлхсэн үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, хохирогч гэх А.Оын хувийн байдал, түүний эхнэрийн өгсөн удаа дараагийн мэдүүлгийг харгалзаж үзэх ёстой байсан. Нөгөө талаар анхны удаа зууралдахад салгасан 3 хүн, дараагийн удаа заамдалцахад салгасан 2 хүн байдаг. А.О тухайн өдөр харсан хүн болгоныг эхнэртэйгээ хардах үйлдлийг гаргасан. Жишээ нь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гадна 17 цаг 30 минутад автомашиндаа эхнэрээ хүлээж байхад Одсүрэн гэх улсын байцаагч баяр хүргэе гээд эхнэрийнх нь бэлхүүсэнд хүрсэн. Үүнээс болж хардах, дайрах, уурлах зэрэг үйлдэл нь эхэлсэн байдаг. Одсүрэн гэх хүн 1988 онд төрсөн, 32 настай, 180 см өндөртэй, том биетэй залуу байдаг. Гэтэл А.О маш их ууртай, бухимдалтай, хардалтын улмаас С.Дг түүнтэй андуурч замдаа тааралдсан хүн болгон руу дайрч, догшин авирласан байдаг. С.Д, А.О нарыг хамгийн анх салгасан гэрч Энхжаргалыг гэрчээр асуух нь зүй ёсны асуудал байсан гэж үзэж байна. Учир нь, үүдний хамгаалагчийн суудаг суудал, хэрэг гарсан шат хоёр хоорондын зай 2 метр байдаг бөгөөд энэ үйлдлийг хамгийн түрүүнд харсан гэрч гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хангаагүй. Энэхүү гэрчийг дуудан асууснаараа анх хэргийг хэн өдөөсөн, А.Оын түрэмгийллийг зогсоох зорилгоор түлхсэн эсэхийг тогтооход чухал. Иймд чухал гэрчийг асуулгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Нөгөө талаас С.Дгийн бодит үйлдэл нь гэмт халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн, аюулыг зайлуулсан үйлдэл гэж үзэж байх тул гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.Дд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос С.Дг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шатан дээр хохирогч А.Отүлхэж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Самсунг А-6 загварын гар утсыг гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.Дд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Дд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч үндэслэлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Дг шатны хонгилд хохирогч А.Отай “мөрлөж шүргэлээ” гэж хоорондоо маргалдаж, улмаар нэгнээ заамдалцан авч   шүүгдэгч С.Д нь хохирогч А.Оцохисоны улмаас хэлэнд шарх, зүүн доод 5,7,8-р шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн хэдий ч түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, С.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүх хэргийн талаарх ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байна.

Учир нь, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч А.О /хх 13, 17-20/, гэрч Г.Уртнасан /хх 21-22/, гэрч Ч.Ганбаатар /хх 23/, гэрч С.Одсүрэн /хх 24-26/, гэрч И.Ариунболд /хх 27-29/, гэрч С.Д /хх 30-33/, гэрч Х.Цогоо /хх 34-35/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч А.Оын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7080 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 53/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

            С.Дгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шатан дээр хохирогч А.Отүлхэж, нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Самсунг А-6 загварын гар утсыг гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад тус тус зааснаар “аргагүй хамгаалалт” гэж үзлээ.

Энэ үйл баримтын талаар хохирогч А.Оын “...Эхнэрийг ажил руугаа орж байх үед мэргэжлийн хяналтын газрын байрны гадна тамхи татаад зогсож байсан үл таних хоёр залуугийн нэг нь манай эхнэрийн бэлхүүс орчимоор нь хоёр гараараа базсан. Би тухайн үед юм хэлэхгүй сууж байгаад эхнэрийгээ машинд ирэхээр нь түүнд хандаж, түрүүний залуу хэн юм гэхэд манай ажлын байцаагч Одсүрэн гэдэг юм гэсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж яагаад чиний бэлхүүснээс базаж байгаа юм гэтэл согтуу байна гэсэн. Би эхнэрээсээ уг залуугийн өрөөг нь асууж мэдээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байр руу ороод 2-3 давхар руу шилждэг шатанд явж байхад надтай үл таних 45 орчим насны согтуу хүн мөрлөөд зөрсөн. Би уг хүнд уучлаарай, та яаж яваад байна гэтэл тэр хүн надад хандаж “чи муу хэн болчихоод надтай ингэж яриад байна” гэж хэлээд миний өмсөж явсан костюмны захнаас базаж бариад хойш хана руу түлхсэн. Тэгээд би уг хүнд “та яагаад төрийн албан хаагч байж ажил дээрээ согтуу байгаа юм бэ” гэж хэлээд маргалдаж байгаад би гар утсаараа бичлэг хийх гээд гаргаж иртэл миний утас руу цохиод газар унагаачихсан. Тэгэхээр нь би тонгойгоод утсаа авах гэтэл миний нүүрэн тус газарт эрүүний доод хэсгээс нэг удаа өшиглөсөн. Тэгээд би босч ирээд түүний нүүрэнд нь гарын алгаа нааж байгаад хойш нь түлхсэн. ...” /хх 17-18/,

гэрч Ч.Ганбаатарын “...Уртнасангийн нөхөр нь ирчихээд хүн амьтантай муудалцаад байна, дээр 3 давхарт байна гэхээр нь дээшээ гүйгээд гартал Уртнасангийн нөхөр нь гэх залуу манай улсын байцаагч Одсүрэнтэй маргалдаад хэрэлдэж, муудалцаж байсан ба энэ үед Уртнасан нөхрөө дагуулаад гараад явсан. ... Надтай манай ажилчдаас нэг нь ч архи үнэртүүлсэн байдалтай таараагүй.” /хх 23/,  

гэрч С.Одсүрэнгийн “...Ажлынхаа үүдэнд барилгын техникийн улсын байцаагч Уртнасан байхаар нь тоглоод түүний нуруу бэлхүүс хэсгээр нь гараараа бариад баярын мэнд хүргэе гэж хэлчихээд л ажил руугаа орсон. Би ажил руугаа ороод 3 давхарт өрөө рүүгээ ороод 5 орчим минутын дараа буцаад гарч байтал коридорт улаан зангиа зүүсэн үл таних залуу шууд над руу “чи Одсүрэн мөн үү” гэж хэлээд дайраад заамдаад “чи миний эхнэрт хүрдэг хэн юм, пизда минь” гээд шууд орилж хашгичаад дайраад байхаар нь би түүнд хандаж “бид нар чинь найзууд, өнөөдөр баяр болж байна, за уучлаарай хөгшөөн” гэтэл урдаас дайраад намайг боогоод байсан. ...Би тухайн үед анзаарч хараагүй, тэр залуу над руу ухаан жолоогүй дайраад байсан. ...Уртнасан нь үе үе нүүр ам нь хөхөрчихсөн ажилдаа ирдэг. Ажлын хүмүүс түүнийг нөхөр нь зодчихсон гээд л яриад байдаг. Ийм асуудал нэг биш удаа гарч байсан. ” /хх 24-26/,

гэрч И.Ариунболдын “...С.Одсүрэн бид хоёр Уртнасантай мэндэлчихээд ажил руу 3 давхар руу өрөө рүүгээ орсон. Би өрөөндөө ороод бичиг баримтаа аваад 5 орчим минут болоод өрөөнөөсөө гартал үл таних залуу манай ажлын 3 давхарт гараад ирчихсэн коридорт гар утсаараа бичлэг хийчихсэн, “та нар манай эхнэртэй ямар холбоотой юм бэ” гээд хүн болгон руу чанга дуугаар хашгираад байсан. ...Уртнасангийн нөхөрт ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг анзаарч хараагүй, мэдэхгүй байна.” /хх 27-29/,

С.Дгийн яллагдагчаар өгсөн “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байр дотор 2-оос 1 давхар руу шатаар ганцаараа бууж байхад миний урдаас буюу доороос үл таних 30 орчим насны залуу ирж байсан ба надад хандаж шууд аль өрөөнөөс гарч ирж байна, би танай өрөө рүү орно гээд намайг заамдаад хойш түлхсэн. Уг залуу тухайн үед их ууртай, ширүүн захирангуй надтай харьцсан. Би уг залууд хандаж “чи хүн андуураад байгаа юм биш үү” гэтэл намайг нэг гараараа заамдаад, нөгөө гараараа гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхээр нь би энэ нэг таних, танихгүй юманд заамдуулаад дээрэлхүүлээд чирүүлээд байж байх гэж бодоод уур хүрээд түүний утас барьсан гарын дотор талаас нь гадагш чиглэл рүү хагалж цохитол тэр залуугийн утас нь газарт унаад, намайг заамдаж байсан хүч нь сулархаар нь би түүний цээж хэсэг рүү хоёр гараараа түлхтэл уг залуу хойшоо хөл алдаж унасан ба унахдаа уг давхрын цонхны харалдаа дор нь байх хамгаалалтын мохоо төмөрийг мөргөчихсөн. ...” /хх 72-75/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Дг хохирогч А.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байгаа боловч С.Д нь хохирогчийн зүй бус үйлдлээс өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхдээ түүнд гэмтэл учруулах зорилго агуулан хор уршгийг урьдчилан тооцож хүссэн гэж үзэх баримт тогтоогдоогүй, харин хохирогчийг бэртээж шэмтээх бус маргаан тэмцлээс зайлсхийх санаатай хийгдсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7080 дугаартай “...А.Оын биед хэлэнд шарх, зүүн доод 5, 7, 8-р шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /хх 53/ гэсэн байх боловч хохирогчийн биед учирсан гэмтлийг олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь, хэлэнд шарх, зүүн доод 5, 7, 8-р шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл нь хамарсан талбайн хэмжээгээр нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой болох нь хэрэгт тогтоогджээ.

Иймд С.Дгийн хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нэг удаагийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан ... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль зүйн зохицуулалт бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.

Хохирогч нь эхнэрээ хардсан, ууртай байсан үедээ хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж, ямар ч хамааралгүй үл таних хүн рүү халдсан үйлдэлд нь С.Дгийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан С.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзнэ.

Иймээс гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Г.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв