Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 549

 

 

 

 

 

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Г.С******** ,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын Улсын байцаагч О.А******** ;

Гуравдагч этгээд: Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд шашны байгууллага.

Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Г.С******** -гийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар дүгнэлт бүхий Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын Улсын байцаагчийн  2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ********  дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргасан  Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Г.С******** , хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын Улсын байцаагч О.А******** , гуравдагч этгээд  Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б******** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокурорын дүгнэлт:

1.1. Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Г.С******** Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын Улсын байцаагчийн  2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ********  дугаартай “Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” дүгнэлт гаргасан.

Хоёр. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Дүгнэлт гаргасан прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Иргэн Д.Ц********  нь “Гандан” барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2 дахь хэсэгт заасан “Гандан” барааны  тэмдэг эзэмшигч Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд шашны байгууллагын онцгой эрхийг зөрчсөн гэж эрх бүхий албан тушаалтан дүгнээд, Зөрчлийн тухай хуулийн  8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгоно” гэх зөрчлөөр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан, Оюуны өмчийн газрын ********  улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “******** ” ХХК-ийн үйлдвэрийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдогч Г.Ц********  “... манай “******** ” ХХК-ийн нарийн боовны цех нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, Шар тост  гэдэг нэртэй ул боовыг үйлдвэрлэж ирсэн. Гандангийн дэнж дээр байрладаг Есөн эрдэн дэлгүүрт 2020 оны 8-9 сарын үед ********  гэдэг  танай нэрийг самбартаа тавьчихаж болох уу гэхэд нь зөвшөөрч тавиулсан ...” гэх мэдүүлэг, холбогдогч   “... Самбар дээр гандан гэдэг үг байсан боловч бүтээгдэхүүн дээр гандан гэх үг байгаагүй. Ганданд байдаг болохоор гандан гэж бичсэн байгаа газрынхаа байршлынхаа нэрийг бичсэн ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд шашны байгууллага нь “******** ” барааны тэмдгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн анхдагч огноогоор эрх эзэмшдэг, “******** ” ХХК нь “********  нэртэй “ул боов” бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, Д.Ц********  нь “Гандан” гэх нэршилтэй самбар байршуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогджээ”.

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад “Гандан” барааны тэмдэг эзэмшигч Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд шашны байгууллагын Оюун өмчийн газрын ********  улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгийн хамаарах бараа, үйлчилгээний ангиллаар 30-аар хамгаалагдсан” ... нарийн боов, хөөмөл боов, амуу соёолжоор хийсэн нарийн боов ...” барааны тэмдгийг иргэн Д.Ц********  нь өөрийн бараан бүтэгдэхүүндээ ашигласан гэдгийг тогтоогоогүй, байрлуулсан гэх самбарт “ангилал-30-аар хамгаалагдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан ямар хэлбэрээр барааны тэмдгийг ашигласан гэдгийг тогтоолгүйгээр барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан иргэн Д.Ц********  үйлдэл хууль, бусад захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэхийг тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын Улсын байцаагч О.А******** -ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр  Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр  торгосон 0020267 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн  7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ. 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг самбар дээр Гандан гэх үг байсан эсэх, ямар зөрчил байгааг шалгаж тогтоогоогүй. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх асуудал биш, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай. Зөрчлийн тухай хуульд заасан хууль ёсны зарчим алдагдаад байна. Барааны тэмдэг, Газар зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан зөрчил гаргасан гэж хэлж байна. Үүнийгээ нотлох баримтаар тогтоогоогүй” гэв.

2.2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын Улсын байцаагч О.А********  би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр  Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд шашны байгууллагын “Гандан” /Олон Улсын нийцийн 5, 9, 16, 30,  35, 36, 40, 41, 42, 43, 44, 45 ангилалд эрхийн хамгаалалт хийлгэсэн/ барааны тэмдгийг ашиглаж бүтээгдэхүүн борлуулж байна гэх гомдлын дагуу зөрчлийн ********  дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа  явуулаад Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12.3.4-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 13.1.1-т “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол” гэж, 13.1.2-т “барааны тэмдэг бүхий бараа нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол,, 13.1.4-т “барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол” гэж заасны дагуу иргэн Д.Ц********  гаргасан уг үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 8.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Ц********  нь Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд шашны байгууллагын “Гандан” барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан нь хохирогчийн гаргасан нотлох баримт /гэрэл зураг/-аар, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон болно. Иймд 0020267 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

2.3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд Гандантэгчэнлин хийдийн хуулийн зөвлөхөөр ажилласан. Үүнээс хойш Ганданг тойроод Гандан гэх нэртэй маш олон үйлчилгээний цэгүүд, ул боов хийдэг нэртэй газрууд байсан. Тийм учраас Оюуны өмчийн газарт хандан хүсэлт гаргаж барааны тэмдгийг эзэмшиж авсан. Авах болсон гол шалтгаан бол Гандан гэх нэрийг хүмүүс ашиглаж ул боов хийж зардаг. Үүнээс үүдэн танайхаас авсан ул боов чанарын шаардлага хангахгүй байна гэх гомдол Гандантэгчэнлин хийдэд байнга ирдэг байсан. Гандантэгчэнлин хийд нь тодорхой хэмжээнд хашаан дотроо  ул боов худалддаг. 2020 онд ********  гэх нэртэй ул боов гарсан. Энэ хүмүүс Гандан гэх нэрийг ашиглаад байсан учраас Оюуны өмчийн газарт гомдол гаргасан. цаад талд нь байршуулсан самбар дээр Гандангийн шар тост хэвийн боов гэх бичиг бүхий самбар тогтоосон байсан. Самбараа буулга гэж хэлэхэд хаягаа аваагүй нэлээн удсан. ********  ХХК нь Барааны тэмдэг, Газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг зөрчиж реклам, сурталчилгаандаа ашигласан. Иймд О.А********  байцаагчийн ********  дугаартай  шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Гурав.Маргааны зүйл, шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

3.1.Энэхүү захиргааны хэргийн  маргааны зүйл нь барааны тэмдгийн зөрчил, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох үйл баримт хэлэлцэгдсэн болно.

3.2.Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд шашны байгууллага нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс “Гандан” барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг авч, бараа, үйлчилгээний Олон Улсын 5, 9, 16, 30,  35, 36, 40, 41, 42, 43, 44, 45 ангилалд эрхийн хамгаалалт хийлгэсэн /ХХ-ийн 12-13 дахь тал/ байна.

3.3.Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаартай албан бичгээр Оюуны өмчийн газарт хандан “******** ” ХХК-д холбогдуулан “Гандангийн шар тост хэвийн боовны үйлдвэр нэртэй ул боов гадуур худалдаалж манай эзэмшиж байгаа нэрийг ашиглан ашиг олсон” гэх агуулгатай гомдол /ХХ-ийн 9 дэх тал/гаргажээ.

3.4.Уг гомдлыг үндэслэн  Оюуны өмчийн газрын  Хяналтын хэлтсийн хяналтын Улсын байцаагч нь иргэн  Д.Ц********  холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг ажиллагааны хүрээнд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б********* , холбогдогч Д.Ц********  нараас тайлбар, “******** ” ХХК-ийн захирал Г.Ц********  мэдүүлэг авч, “******** ” ХХК-д үзлэг хийж, тус компанийн үйлдвэрлэх хэвийн боовны сав, баглаа боодлын фото зургийг баримтжуулж авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд талууд эдгээр үйл баримтаар маргахгүй байна.

3.5 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “******** ” ХХК-ийн захирал Г.Ц********  “... Гандангийн дэнж дээр байрладаг Есөн эрдэнэ дэлгүүрт 2020 оны 8-9 сарын үед “********  гэдэг танай нэрийг самбартаа тавьчихаж болох уу гэхэд нь зөвшөөрч тавиулсан. “Гандан” гэдэг барааны тэмдгийг бичсэнийг мэдээгүй”, “... Гандан гэдэг үгийг манай компанийн нэртэй хамт бичсэн талаар хэлэхэд танайхыг зарахаа больчихъё гэдэг зүйл ярьсан” гэх тайлбар мэдүүлэг зөрчлийн хэрэгт авагдсан /ХХ-н 27 дахь тал/ байна.

3.6.Холбогдогч Д.Ц********  зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад  “... самбар дээр” Гандан” гэдэг үг байсан боловч бүтээгдэхүүн дээр гандан гэх үг байгаагүй, Ганданд байдаг болохоор гандан гэж бичсэн, байгаа газрынхаа байршлын нэрийг бичсэн” гэх мэдүүлгийг гаргасан байна. Түүний “Ганданд байдаг болохоор гандан гэж бичсэн, байгаа газрынхаа байршлын нэрийг бичсэн” гэх тайлбарыг Улсын байцаагч хүлээн авах  үндэслэлгүй юм. Учир нь  нэгдүгээрт, “хууль мэдэхгүй нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, хоёрдугаарт, Т.Ц******** нь гудамж дахь уг самбарт байгаа дэлгүүрийн хаягаа тодорхой бичсэн байгаа, түүнчлэн “Гандан шар тост хэвийн боовны үйлдвэр” гэдэг үгийг байгаа газрын байрлал гэж тайлбарласан нь хариуцлага хүлээхээс зайлсхийсэн тайлбар гэж үзэх үндэслэл болно

3.7.Оюуны өмчийн газрын  Хяналтын хэлтсийн хяналтын Улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан Д.Ц********  , Г.Ц********  мэдүүлэг,  Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн  дэнжид байрлах Есөн эрдэнэ дэлгүүрийн гаднах гудамжин дахь******** ” ХХК, “Гандан” шар тост хэвийн боовны үйлдвэр, Орц:Гурил,элсэн чихэр, шар тос, зөөхий, Хаяг: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв байр, 1 давхар, Утас:********  гэх бичгэн мэдээлэлтэй, хэвийн боовны зурагтай мэдээллийг агуулсан самбарын зургийг үндэслэн Д.Ц********  барааны тэмдгийг ашигласан зөрчил гаргасан гэж үзэж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ********  дугаартай Шийтгэлийн хуудсаар ********  төгрөгийн  торгууль оногдуулсан /ХХ-ийн 42 дахь талд/ байна.

3.8.Энэхүү зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.А********  хяналт тавьсан, зарим зөвшөөрлийг дүгнэлт бичсэн прокурор өөрөө олгосон /ХХ-ийн32-33 дахь тал/ байх тул энэхүү ажиллагаа прокурорын хяналтаас гадуур явагдаагүй байна.

3.9.Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн прокурорын маргаж буй үндэслэл нь Есөн эрдэнэ дэлгүүрийн гаднах гудамжин дахь******** ” ХХК, “Гандан” шар тост хэвийн боовны үйлдвэр, Орц: Гурил,элсэн чихэр, шар тос, зөөхий, Хаяг: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв байр, 1 давхар,Утас:********  гэсэн бичгэн мэдээлэлтэй, хэвийн боовны зурагтай”  мэдээллийг агуулсан самбар яг хаана байрлалтай, самбарын хэмжээ зэргийг тогтоосон, баримт хэрэгт байхгүй байж, уг зургийг үндэслэн зөрчил гэж үзсэн нь хүний эрхийн зөрчил гэж байна.

3.10.Гэсэн хэдий ч прокурор нь шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “Д.Ц********  Гандан гэх нэршилтэй самбар байршуулсан тогтоогдсон” гэж зөвшөөрсөн байна.

Дөрөв.Зөрчлийн хэргийн холбогдогчийн эрх зүйн байдлын талаар:

4.1.Шийтгэлийн хуудсаар торгуулийн шийтгэл хүлээсэн гэх Д.Ц********  нь уг актыг зөвшөөрч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорт,  2.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар захиргааны хэргийн шүүхэд тус тус хандан “гомдол гаргах эрхээ” хэрэгжүүлээгүй байгаа учраас энэхүү маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж үзэх үндэслэлгүй, хэрэв уг этгээдийн эрх нь шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн гэж үзвэл прокурор, эсхүл оюуны өмчийн байгууллага түүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломжтой тул энэ хэрэгт гуравдагч этгээдээр Д.Ц********  татан оролцуулах шаардлагагүй гэж шүүх үзэв.

Тав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

5.1.Дүгнэлт ирүүлсэн Прокурор нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ********  дугаартай Шийтгэлийн хуудсыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан ямар хэлбэрээр барааны тэмдгийг ашигласан гэдгийг тогтоогоогүй Д.Ц********  зөрчил гаргасан гэж үзсэн нь уг хуулийн заалтад нийцээгүй иргэнд үндэслэлгүйгээр торгууль оногдуулсан нь хүний эрхийн зөрчил” гэж маргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

5.2.Тодруулбал, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д “Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, өнгөний хослол, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно” гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж, мөн зүйлийн 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн хэлбэр болон бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ” гэж, мөн зүйлийн 12.3.4-т “Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд  бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах онцгой эрх эдэлнэ” гэж, 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно” гээд, мөн заалтын 13.1.4-т “барааны тэмдгийг ..., сурталчилгаанд ашигласан бол” гэжээ.

5.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд нь “Гандан” гэдэг үгээр илэрхийлэгдэх барааны тэмдгийг ашиглах онцгой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул уг “Гандан” барааны тэмдгийг түүний зөвшөөрөлгүйгээр аливаа байдлаар бараа, үйлчилгээний сурталчилгаанд ашигласан бол мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4-т заасны дагуу зөрчлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй байна.

5.4.Оюуны өмчийн газрын  Хяналтын хэлтсийн хяналтын Улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан Баянгол дүүргийн                                                                                                                                 16 дугаар хороо, Гандангийн дэнжид байрлах Есөн эрдэнэ дэлгүүрийн гадна, гудамжин дахь******** ” ХХК, “Гандан” шар тост хэвийн боовны үйлдвэр, Орц:Гурил,элсэн чихэр, шар тос, зөөхий, Хаяг: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв байр, 1 давхар,Утас:********  гэсэн бичгэн мэдээлэлтэй, хэвийн боовны зурагтай”  мэдээллийг агуулсан самбарт “Гандан” гэдэг үгийг хэрэглэсэн болох нь, уг самбар Гандангийн  дэнжид байрлах гудамжинд байрлаж байсан нь холбогдогч Д.Ц******** , уг хэрэгт мэдүүлэг өгсөн Г.Ц********  нарын мэдүүлснээр нотлогдож байна.

5.5.Уг самбар нь гадаа орчинд, олон хүн явдаг гудамжинд байрласан байрлалд байсан гэдэгтэй Д.Ц********  маргаагүй байгаа бөгөөд самбарт агуулсан мэдээллээс үзвэл “******** ” гэх этгээд нь “Гандан” гэх нэртэй шар тостой боов /бараа/ худалдаж байгаа, эсхүл “Гандан нэртэй үйлдвэр шар тостой боов үйлдвэрлэж, худалдаж байгаа” гэдэг мэдээллийг агуулсан, энэ нь нийтэд мэдээлэх зорилготой гадаа гудамжинд байгаа тул сурталчилгааны самбар мөн гэж үзнэ.

5.6.Нөгөө талаас эзэмшигчийн барааны тэмдгийн гэрчилгээнд бичигдсэн бараа үйлчилгээний ангиллын 30-д зааснаар  “нарийн боов” ангилалд уг барааны тэмдгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглох бөгөөд “хэвийн боовны” баглаа боодол дээр бичээгүй атлаа гадаа орчин дахь сурталчилгааны самбарт бичсэнийг уг барааны тэмдгийг ашиглаагүй гэж үзэх нь хууль зүйн боломжгүй.

5.7.Учир нь уг “Гандан” гэдэг  үгийг байрлуулсан самбар нь Улаанбаатар хотын аль гудамжинд, ямар хэмжээтэй байрласнаас үл хамаарч, гадаа нийтэд мэдээлэл хүргэх боломжит орчинд байрлаж,  барааны талаар “Гандангийн шар тостой боов, боовны  үйлдвэр” гэдэг ойлголт төрүүлсэн мэдээлэл агуулсан бол “нарийн боов”-ны сурталчилгаа хийсэн гэж үзэх учраас энэхүү үйлдэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4-т  заасны дагуу барааны тэмдгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан зөрчил мөн болно.

5.8.”Хэвийн боов” гэдэг бүтээгдэхүүн нь “нарийн боов” мөн эсэх талаар зөрчлийн прокуророос маргаагүй, “нарийн боов” гэдгийг тогтоосон хууль зүйн тодорхойлолт байхгүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

5.9.Иймд прокурорын маргаж буй “самбарын хэмжээ, байрлалыг тогтоогоогүй” нь бусад нотлох баримтыг үгүйсгэхгүй, энэ зөрчлийн үйл баримтыг тогтооход шууд хамааралтай  нотлох баримт болохгүй учраас Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл биш гэж үзэв.

5.10.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, мөн зүйлийн 1.3-т тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэжээ.

5.11.Маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Тодруулбал, Зөрчлийн хэргийн материалд “Гандан” барааны тэмдгийг сурталчилгаандаа ашигласан болохыг нотлох баримт бүрдсэн, Д.Ц********  үйлдэл нь шийтгэл оногдуулах заасан Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих гэсэнд нийцсэн гэж үзэв.

5.12.Зөрчлийг “******** ” ХХК, эсхүл Д.Ц********  аль нь гаргасан, хэнд шийтгэл оногдуулах ёстой гэдгээр талууд огт маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтыг дүгнэж, шийдвэрлэх нь “шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх”, “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх” зарчмуудад харшлах тул дүгнэлт өгөх эрхгүй болно.

5.13.Прокурор нь шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “Д.Ц********  Гандан гэх нэршилтэй самбар байршуулсан тогтоогдсон” гэж зөвшөөрч бичсэн атлаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “уг самбар дээр Гандан гэх үг байсан эсэх, ямар зөрчил байгааг шалгаж тогтоогоогүй. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх асуудал биш, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж маргасан нь үндэслэлгүй байна.

5.17.Прокурорын тайлбар өөрөө зөрүүтэйгээс гадна, дээр дүгнэсэн дагуу Д.Ц********  , О.Ц********  нар “Гандан” гэдэг үгийг самбарт хэрхэн, ямар шалтгаанаар байрлуулснаа Улсын байцаагчид мэдүүлсэн, энэ мэдүүлэг нь бичгийн хэлбэрээр авагдаж, Д.Ц********  , О.Ц********  нар гарын үсэг зурсан, мөн самбарын зургийг гомдол гаргагч Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдээс гомдолдоо хавсаргаж, нотлох баримтаар ирүүлсэн, Д.Ц********  , О.Ц********  нар уг нотлох баримтыг үгүйсгээгүй байна.

5.18.Иймд гомдол гаргагчийн гаргасан нотлох баримт, холбогдогчийн тайлбарууд хоорондоо зөрөөгүй тул зөрүүтэй нотлох баримт биш учраас самбарын талаар дахин нотлох баримт цуглуулах, үзлэг хийж шалгаагүйг буруутгах шаардлагагүй гэж анхан шатны үзэж байна.

5.19.Хариуцагч Улсын байцаагч нь шүүхэд уг самбар дээрх  “Гандан” гэдэг үгийг арилгаж, зөрчлөө арилгасан талаарх зургаа Д.Ц********  гаас Оюуны өмчийн газарт ирүүлсэн гэх нотлох баримтыг ирүүлсэн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуульд заасан аргаар бэхжүүлээгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

5.20.Прокурор нь Зөрчлийн тухай хуульд заасан хууль ёсны зарчим алдагдаад байна. Барааны тэмдэг, Газар зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан зөрчил гаргасан гэж хэлж байна. Үүнийгээ нотлох баримтаар тогтоогоогүй, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг нягт нямбай хийх, хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх ач холбогдлын дагуу дүгнэлт бичсэн гэж тайлбарлаж байгаа нь “самбарт үзлэг хийгээгүй үйл баримтад холбогдуулсан” тайлбар байсан бөгөөд энэ нь Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хэмжээний алдаа биш боловч түүний төрийн албан хаагчийн хувь гаргасан зөв зүйтэй зарчим гэж хүндэтгэн үзэх нь зүйтэй болохыг тэмдэглэж байна.

Зургаа. Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

6.1.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурорын “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын Улсын байцаагчийн  2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ********  дугаартай “Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гаргасан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу дүгнэлт бичсэн Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ