Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1365

 

МАГАДЛАЛ

 

2018.06.11                                                     Дугаар 1365                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МА МАК ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 181/ШШ2018/00795 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч МА МАК ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч П ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу нийлүүлсэн Евроблокны төлбөр      11 737 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөнч: Б.Т,

Хариуцагчийн төлөөлөгч: Г.М,

Өмгөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 009-2316 дугаартай Судалгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу П ХХК нь манай компанид бүтээгдэхүүний зах зээл, хэрэглэгчийн судалгааны ажил хийж өгөхөөр тохиролцсон байдаг. П ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу манай компани 2016 оны 05 дугаар сарын 12-ноос 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 11 737 800 төгрөгийн үнэ бүхий 82.8 м.куб Евроблокыг П ХХК-д нийлүүлж гэрээний эхний 2 төлбөрийг Евроблокоор /бартераар/ төлсөн. П ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэх явцад буюу эхний төлбөр төлөгдсөний дараагаар МА МАК ХХК-ийн  саналыг авах, судалгааны хэрэглэгдэхүүнийг манай компанид урьдчилан танилцуулж, батлуулах үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Гэвч энэхүү үүрэг болон Гэрээт ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байсан бөгөөд нэгэнт биелүүлэхгүй болох нь тодорхой болсон тул захиалагч гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 02/244 дугаартай албан бичгээр гүйцэтгэгчид хүргүүлж, Евроблокны төлбөр болох            11 737 800 төгрөгийг буцаан шилжүүлэхийг шаардсан. П ХХК нь өнөөдрийг хүртэл төлбөрийг манай компанид шилжүүлээгүй болно. Иймд талуудын хооронд байгуулсан судалгааны ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, тус гэрээний дагуу П ХХК-д нийлүүлсэн Евроблокын төлбөр болох 11 737 800 төгрөгийг хариуцагч П ХХК-иас гаргуулж манай компанид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: П ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан үүргээ бүхэлд нь биелүүлсэн бөгөөд харин нэхэмжлэгч байгууллага гэрээ байгуулсан цагаас хойш үүргээ зөрчиж харилцан тохиролцсон урьдчилгаа төлбөрөө өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй. 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 21 500 000 төгрөг бөгөөд гэрээний 3.2.1-д заасны дагуу нэхэмжлэгч байгууллага гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор 15 хувь буюу 3 225 000 төгрөгийг, 3.2.2-д гүйцэтгэгч судалгааны ажлын хэрэглэгдэхүүнийг захиалагч талд танилцуулан санал авсаны дараа захиалагч нь гэрээний үнийн 50% буюу 10 750 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээний 3 дугаар зүйлд заасан урьдчилгаа төлбөр болох нийт 13 975 000 төгрөгөөс 2 238 000 төгрөгийг төлөөгүй хэрнээ ажлын үр дүнг хүлээлгэж өгөхийг шаардсан. Гүйцэтгэгч П       ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талд гэрээгээр хүлээсэн урьдчилгаа төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд судалгааны ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөө удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй хэрнээ шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлдээ П ХХК нь үүргээ гүйцэтгэхгүй байсаар хугацаа алдсан цаашид үүргээ биелүүлэхгүй болох нь тодорхой болсон гэжээ. Гэтэл П ХХК-ийн зүгээс гэрээнд заасан урьдчилгаа төлбөрөө төлөхийг шаардахад нэхэмжлэгч байгууллага санхүүгийн боломжгүй гэсэн нь гэрээт ажлын хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилох үндэслэл болсон. Түүнчлэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ", мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заажээ. Гэтэл гэрээ байгуулагдсан цагаас эхлэн үүргээ зөрчсөн бөгөөд ажлын төлбөрийг бэлнээр шилжүүлэх боломжгүй гэж үзсэний үндсэн дээр бараа бүтээгдэхүүнээр орлуулан 2016 оны 5 дугаар сарын 12-ноос 2016 оны 6 дугаар сарын       7-ны хооронд нийт 11 737 800 төгрөгтэй тэнцэх бүтээгдэхүүн өгсөн, улмаар П   ХХК нь гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч талд судалгааны ажлын хэрэглэгдхүүнийг танилцуулж санал авсан. Дээрх нөхцөл байдлыг манай байгууллагаас 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр буюу даруй 1 жил гаруй өмнө албан бичгээр мэдэгдэж байсан бөгөөд хавтаст хэргийн 16-р талд авагдсан байна. Өөрөөр хэлбэл, П ХХК нь МА МАК ХХК-иас урьдчилгаа төлбөрөө бүрэн төлж судалгааны ажлыг актаар хүлээн авахыг жилийн өмнөөс шаардаж байсан. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, хоног хэтэрсэн, үүргээ биелүүлэх боломжгүй, гэрээний дагуу үүрэг хүлээх чадваргүй нэгэнт тодорхой болсон тохиолдолд захиалагчийн санаачлагаар гэрээг цуцална гэж талууд тохиролцсон. Гэвч дээрх гэрээний 7.1-д заасан нөхцөл байдал хариуцагч талд үүсээгүй бөгөөд гэрээнд заасан судалгааны ажил өмнө нэхэмжлэгч талд мэдэгдсэн байсанчлан бүрэн дууссан байгаа. Иймд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хэрнээ гүйцэтгэгчээс ажлын үр дүнг хүлээлгэн өгөхийг шаардаж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар МА МАК ХХК-ийн  П ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу нийлүүлсэн Евроблокны төлбөр 11 737 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч МА МАК ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 755 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиалагчаар батлуулах, Захиалагчтай эцэслэн тохиролцох гэдгийг судалгааны хэрэглэгдэхүүн буюу асуумжид нэг удаа и-мэйлээр санал өгөх төдийгээр ойлгохгүй. Судалгааны ажлын зорилгыг хангах, судалгааны үр дүн бодитой байх гол нөхцөл нь судалгааны мэдээллийг хэнээс, ямар асуумжаар цуглуулах, асуумжид авсан хариулт, хэрэглэгчдийн хүсэл, эрэлт, сэтгэл ханамж, мөн зах зээлд өрсөлдөгч нарын давуу болон сул тал зэргийг тандан судлах явдал юм. Судалгааны хэрэглэгдэхүүн буюу санал асуулгын хуудас, байгууллагаас авах тоон мэдээллийн агуулга, судалгааны хамрах хүрээ судалгааны үр дүнд шууд нөлөөлөх чухал хүчин зүйлс юм. Энэ ч утгаараа судалгааны хэрэглэгдэхүүнийг захиалагч заавал батлах буюу хэрэглэгдэхүүнийг захиалагчтай заавал эцэслэн тохирсон байх шаардлагыг талууд гэрээндээ тусгасан. Захиалагч и-мэйлээр судалгааны ажлын хэрэглэгдэхүүнд хэд хэдэн санал өгсөн байхад шүүх 8 дугаар зүйлд нь 2 асуулт нэмсэн хэмээн и-мэйлд үзлэг хийсэн нотлох баримтыг буруу үнэлсэн төдийгүй /нийт 5 газарт өөрчлөлт оруулж саналаа өгсөн/. Судалгааны хэрэглэгдэхүүнд өгсөн захиалагчийн саналуудыг гүйцэтгэгч хэрэглэгдэхүүнд тусгаагүй, захиалагчийн саналыг тусгасан болохоо нотлоогүй байхад шүүх үүнийг тодруулаагүй. Тийнхүү эцэслэн тохиролцож батлаагүй байхад гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т заасан төлбөрийн зарим хэсгийг нэхэмжлэгч төлөөгүй, нэхэмжлэгч үүргээ зөрчсөн мэтээр дүгнэсэн нь маргааны үйл баримтад нийцэхгүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Түүнчлэн судалгааны ажлыг гүйцэтгэгч 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэхэд бүрэн хийж гүйцэтгэсэн байсан хэмээн нөхөж гүйцэтгэсэн, бүрэн бус судалгааны ажлаа шүүхэд гарган өгсөн байхад шүүх тухайн үед хугацаандаа хийгдсэн бүрэн гүйцэт судалгааны ажил мэтээр хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн бөгөөд уг дүгнэлт нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг чухал үндэслэл болсон.

Гүйцэтгэгч ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн байсан, үлдэгдэл төлбөр шилжмэгц ажлын үр дүнг хүлээлгэн өгөх боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч судалгааны ажлын хэрэглэгдэхүүнээ захиалагчтай эцэслэн тохироогүй, захиалагчаар батлуулаагүй, судалгааны ажил эхлэх нөхцөл бүрдээгүй байхад судалгааг гүйцэтгэсэн байсан гэдэг нь илт худал, ташаа тайлбар болохыг шүүх анхаарч үзээгүй. Энэ талаарх нотлох баримтуудыг буруу үнэлсэн. Нэхэмжлэгч гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид өгсөн, хариуд нь цуцлах боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн тул нэхэмжлэгч гэрээг цуцлуулж, цуцалсантай холбоотойгоор гэрээний төлбөрт нийлүүлсэн блокоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь хэргийн материалаас маш тодорхой харагдаж байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч МА МАК ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу нийлүүлсэн Евроблокны төлбөр 11 737 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан судалгааны ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийн үнийг нэхэмжлэгч шаардсан байх ба хариуцагч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэх боловч гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул уг гэрээний үүргийг хэн аль нь шаардах эрхтэй.

Хариуцагч нь дээрх гэрээнд заасан ажлыг гэрээ байгуулагдсан 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хуанлийн 35 хоногт гүйцэтгэн, үр дүнг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ. Гэвч дээрх хугацаа өнгөрснөөс хойш 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид хандан ажлын хөлсний үлдэгдэл 9 488 000 төгрөгийг шилжүүлэхийг мэдэгдсэн байна.

Хариуцагчийн хүсэлтээр ажлын хөлсөнд тооцохоор 11 737 800 төгрөгийн 12 ширхэг модон тавцан, евробитумыг нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нийлүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. Зохигчдын хооронд ажлын хөлс журмыг хуулийн дээрх заалтаас өөрөөр тохиролцсон нь гэрээний 3 дахь заалтаар тайлбарлагдаж байна.

Талууд гэрээнд заасан ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэж, үр дүнг актаар хүлээлгэж өгсөн өдрөөс хойш хөлс төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

Гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаанд гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүйгээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан журмаар гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн нь хэрэгт авагджээ.

Тодруулбал, гэрээний 7.1-д гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй 14 хоног хэтэрсэн бол захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлахаар заасан бөгөөд гэрээ цуцлах энэ нөхцөл бүрдсэн учир уг гэрээг цуцлаж буйгаа нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 02/244 тоотоор хариуцагчид мэдэгдэн, хариуцагчийн хүсэлтээр шилжүүлсэн зүйлийн үнэ 11 737 800 төгрөгийг ажлын 3 хоногт буцаан шилжүүлэхийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь захиалагч буюу нэхэмжлэгч нь “ажлын хөлсийг төлж, ажлын үр дүнг хүлээн авах талаар санал, хүсэлт гаргаагүй Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2-д заасан үүргээ гүйцэтгээгүй” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд заасан захиалагчийн дээрх үүрэг нь гэрээгээр тохиролцсон хугацаанд, гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн байх, ажлын үр дүнг хүлээн авахыг мэдэгдсэн байх зэрэг нөхцөлд хэрэглэгдэх ба хариуцагч нь ажлыг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар П ХХК-иас 11 737 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МА МАК ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “хариуцагчаас 202 755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 202 755 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

         ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ