| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/01911/И |
| Дугаар | 101/ШШ2021/01930 |
| Огноо | 2021-06-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2021/01930
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Ү.У
Дутуу олгогдсон цалин, тэтгэмж, олговорт 3,095,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Т.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сарын 15-нд*******-Уул ХХК-д Цагаандаваа-Вокзал чиглэлийн нийтийн тээврийн жолоочоор ажилд орсон. Жолооч албан тушаалд анх авахдаа эхний сар туршилтын хугацаатай ажиллана, дараагийн сараас нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, өдрийн 77,000 төгрөгөөр цалинжуулна гэж хэлээд ажилд авсан. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулж, тогтмол цалин өгдөггүй байсан. 2020 оны 7 дугаар сард захирал н.Батжаргал нь нэхэмжлэгчийг ажлаас хөөж гаргасан. Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин ажилд орсон, нэг өдрийн 77,000 төгрөгөөр тохирч ажиллуулсан. 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2 хувь үйлдээд, захирлаар тамгалуулж өгөхөөр нэг хувийг нь аваарай гэж хэлээд өгөөгүй. Тухайн сарын цалингаа авах гэхэд 120,000 төгрөг суутгасан байсан. Энэ талаар асуухад Бид журмынхаа дагуу суутгаж байна. Смартаас 120,000 төгрөгийг чиний цалингаас суутгасан. Бид смартаас цалинждаг тул чиний 120,000 төгрөгийг өгч чадахгүй гэж хэлээд тэдний хооронд маргаан гараад 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Нэхэмжлэгчийн 4 дүгээр сард ажилласан 3-4 өдрийн ажлын хөлс болох 217,250 төгрөгийг ажил олгогч тооцож бодсон байна лээ. Нэхэмжлэгч шүүхэд хандсаны дараа ажил олгогч компанийн захирал, инженертэйгээ хамт Б.*******тай*******заад хүсэлтээ өг, нийгмийн даатгалын дэвтрээ ав гэж хэлсэн. Хэрэв миний цалингаас 120,000 төгрөг суутгаж аваагүй байсан бол маргаан гаргахгүй байсан гэж хэлсэн. 2020 оны 1 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч өдөрт 14 цаг ажилласан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ажлын цаг нь тусгагдаагүй, хөдөлмөрийн дотоод журмандаа ч тодорхой дурдаагүй, түүнийгээ шүүхэд гаргаж өгөөгүй. 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд засвар болон цэвэрлэгээ хийсэн 19 хоногийн цалингаа нэхэмжлэгч аваагүй байгаа. Шугаманд гарсан цалингаа л алдаг оног авдаг байсан. Ковид-19 цар тахлаас болж цэвэрлэгээ их хийдэг. Өвлийн цагаас автобус нь хөлддөг, хийн шланк нь цоордог тул маш их илүү цагаар ажилладаг. Энэ хугацааны ажилласан хөлсөө авъя гэхээр журманд байдаггүй гэдэг. Хөдөлмөрийн гэрээгээр анхнаасаа энэ талаар тохирсон гэх тайлбарыг тавьдаг. 19 хоногийн цэвэрлэгээ болон засварын дутуу бодогдсон цалин болох 1,463,000 төгрөг, 3 сарын цалингаас суутгасан 120,000 төгрөг, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 770,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын цалин 217,250 төгрөг зэргийг хариуцагчаас гаргуулна. Ажилтан ажиллах цагтаа ажлаад, хөлсөө аваад явж байсан бол ажлаас халагдах тухай ярихгүй байх байсан. Нэхэмжлэгч хөөгдөн барин ажиллаад байдаг байсан. Гэнэт халагдсаны тэтгэмжийг авах гээд захирал дээрээ очиход шүүхдээд аваарай, чамайг нийтийн аль ч тээвэрт ажиллуулахгүй болгоно гэж ярьж, дарамталсан. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч ажлаас халагдах хүсэлтийг бичиж өгөөгүй. 19 хоногийн цалинг нь өөр ажил хавсран гүйцэтгэсэн гэж нэхэмжилж байгаа, засварын ажлыг мэргэжлийн засварчин, цэвэрлэгээг үйлчлэг хийх ёстой байтал үүнийг бүгдийг нь жолооч хийдэг гэв.
Хариуцагч шүүхэд болон төлөөлөгч Л.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн харилцааг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлсэн гэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдэх тохиолдолд нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сараас 4 дүгээр саруудад ажилласан баримт л хэрэгт байна. Дундаа тасарсан ч гэсэн үргэлжилсэн харилцаа тул амралтын мөнгийг хувьчилж байна гэж байна. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сар хүртэлх асуудал өнгөрсөн. Өнөөдрийн маргаанд үүнийг ажилласан хугацаанд оруулж тооцохгүй. 4 дүгээр сард ажилласан ажлын хөлс болох 217,000 төгрөгийг бид зөвшөөрч байна. 1,460,000 төгрөгийн тухайд 19 цаг цэвэрлэгээ хийсэн гэж байна. Энэ бол хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажилтан автобусны цэвэрлэгээг хийх үүрэгтэй. Ковидын үед мэргэжлийн хя шалгалт хийдэг гэдгийг мэдэж гү зурсан. Нэхэмжлэлд хг хүчин төгөлдөр бус. Гэрээнд гү зурсан, гэхдээ хүч бус гэж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага хэрхэн уялдаж байгаа талаар маргаан байна. Хөдөлмөрийн харилцаа өнөөдрийн байдлаар дуусгавар болоогүй, тушаал гараагүй байхад шүүхэд хандаад нэхэж байгаа нь үндэслэлгүй. Энэ бол бүх жолоочтой хийдэг гэрээ. Ажлаас халагдсаны тэтгэмж яригдах боломжгүй учир нь халагдсан тушаал гараагүй. 2020 асуудалд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул өнөөдөр ярих боломжгүй. Нэхэмжлэгч ажлаа хийгээд явж байсан бол ээлжийн амралт олгоод байна. 4 дүгээр сарын сарын цалингаас бусдыг нь зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч************** ХХК-д холбогдуулан 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд 19 хоног засвар, цэвэрлэгээ хийсний цалинд 1,463,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын цалин 217,250 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын цалингаас үндэслэлгүй суутгасан 120,000 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 770,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 525,000 төгрөг, нийт 3,095,250 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснээс хариуцагч 217,250 төгрөгөөс бусад шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр гаргаагүй, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй тул цалингаас нь суутгасан, жолооч нь автомашинаа арчлах үүрэгтэй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны ажлаас чөлөөлж, нэхэмжлэгчийн ажилд орох хүсэлтээр мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр жолоочийн ажилд томилжээ. Хариуцагч, нэхэмжлэгчтэй 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 23 дугаар зүйлийн 23.2.2-т нийцсэн байна.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг буюу ажилтныг ажлаас чөлөөлж буй шалтгааны хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон шийдвэрийг ажил олгогч заавал баримталсан байх шаардлагатай. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллуулаагүй гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна. Нэхэмжлэгч ажил эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй ба хариуцагчийн зүгээс зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргаагүй ч ажилтныг ажлын байраар хангаагүй, ажиллуулаагүй нь нэхэмжлэгчийг ажлаас халсантай адилтгах үндэслэлийг бий болгоно. Иймд нэхэмжлэгчийг ажлаас халагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг болон нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар энэ үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн даатгуулагчийн 2021-4 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангаар нэхэмжлэгчид 217,250 төгрөгийн цалин олгосон тухай тайлагнажээ. Нэхэмжлэгч тус 217,250 төгрөгийн цалин нэхэмжилснийг хариуцагч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч 2020 оны 05-06 болон 10 сараас 2021 оны 04 сарын хугацаанд ажилласан хугацаанд хамаарах ээлжийн амралтын олговорт 525,000 төгрөг нэхэмжилжээ. Өмнөх хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дараагийн хөдөлмөрийн гэрээний үүрэгт хамаарахгүй ба баримтаар нэхэмжлэгч 6 сар ажиллажээ. Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2000 оны 166 тоот тушаалын 2-р хавсралт Ажилтны ээлжийн амралтын олговор тооцох журмын 4,5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилласан 6 сарын дундаж хугацаагаар 7.5 өдөр амрахаар байна. Нэхэмжлэгчийн авч байсан нэг сарын цалин 774,400 төгрөгийг нэг өдрөөс тооцвол 35,200 төгрөг ба үүнийг амрах өдрөөр тооцож 264,000 төгрөгийг ээлжийн амралтын олговорт тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 770,000 төгрөг, цалингаас үндэслэлгүй суутгасан 120,000 төгрөгийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэгч шаарджээ. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч мөн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зөрчил гарган автобусны буудал зогсохгүй хөдөлгөөнд оролцож байсан талаар шүүх хуралдаанд талууд тайлбарласан ба хариуцагч энэ тухай баримтыг шүүхэд гаргасан тул нэхэмжлэгчийн энэхүү 890,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд буюу 2020.10 сард 2 удаа, 11 сард 2 удаа, 12 сард 2 удаа, 2021 оны 1 сард 2 удаа, 2 сард 1 удаа, 3 сард 2 удаа /төлөөлөгчийн санаж байгаагаар/ тус тус амралтын өдрүүдээр ажлын байрандаа ирж өөрийн хариуцаж байсан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд бэлэн байлгахын тулд засварлаж, угааж цэвэрлэдэг байсан нь нийт ажлын 19 өдөр болсон учир цалинд 1,463,000 төгрөг болсныг хариуцагчаас гаргуулна гэжээ. Нэхэмжлэгч энэ шаардлагад холбогдох баримтаа шүүхийн өмнө нотлоогүй бөгөөд хариуцагчаас шүүхэд гаргасан хөдөлмөрийн гэрээний 4.7-д зааснаар нэхэмжлэгч автобусны өнгө үзэмжид анхаарч 7 хоног бүр их цэвэрлэгээ хийж тээврийн хэрэгслийн дотор заалыг сойздох, гадна талыг угаах үүргийг хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэхээр заажээ. Иймд нэхэмжлэгч өөрийн хариуцаж буй тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд оролцуулахдаа цэвэр, үзэмжтэй байлгах үүрэгтэй, энэ үүргийн хүрээнд цэвэрлэгээ хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар нэхэмжлэгчийг жолоочийн ажил үүрэгт үл хамаарах засварчин, үйлчлэгчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч засварчны ажил үүрэг гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар нэхэмжлэгчийг жолоочийн ажил үүрэгт үл хамаарах засварчин, үйлчлэгчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч, хариуцагчийг цалин хөлс дутуу олгосон гэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаанаа дотооддоо шийдвэрлэх эрх бүхий этгээд буюу маргаан таслах зөвлөл ажилладаг талаар шүүхэд нотлоогүй, энэ талаар маргаагүй учир мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д зааснаар маргааныг шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу тооцон хариуцагч************** ХХК-иас 481,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлээс 2,594,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-д зааснаар хариуцагч Үнэгтийн******* ХХК /5129508/-иас 481,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.******* /ЧО87092737/-т олгож, нэхэмжлэлээс 2,594,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч************** ХХК-иас 15,087 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ