| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0148/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/150 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/150
2024 04 08 2024/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Б.Н,
Шүүгдэгч Б.Н нь;
согтуурсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Begas” /Вегас/ бааранд “бүжиглэж байх үед түлхлээ” гэсэн шалтгаанаар хохирогч Х.Н-тэй маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Б.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
хохирогч Х.Н-ийн “...2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр танил дүү Б-ийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Begas” бааранд орсон, тус бааранд танихгүй эмэгтэй хүн хэл амаар доромжлоод, түүнээсээ болоод хэрүүл маргаан хийсэн. Баарнаас гараад Н гэх эмэгтэй 2-3 удаа нүүрэн хэсэгт гараараа цохисон, би өөрийгөө хамгаалах зорилгоор зууралдсан. ...Намайг Н гэх эмэгтэйгээс өөр хүн зодоогүй, тухайн эмэгтэй надаас уучлалт гуйсан, эмчилгээний мөнгө 500.000 төгрөг өгсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
гэрч Ц.О-ийн “...2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр найз Н-ын хамт “Begas” бааранд бүжиглэж байтал танил дүү Н, О нартай таарсан, хамт бүжиглэж байтал нэг согтуу эмэгтэй Н, Н нартай түлхэлцээд тэгээд тэд нар гараад явсан, араас нь гартал Нямдулам нөгөө эмэгтэйтэй зууралцаад авахаар нь хамгаалагч дуудаад гараад иртэл зодоон хийсэн бололтой байсан. Нөгөө согтуу эмэгтэйгийн нүд нь хөхөрсөн харагдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
гэрч П.Н-ийн “...2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр найз О-ийн хамт “Begas” бааранд 23 цаг өнгөрч байхад ортол танил эгч Н, О нартай таарсан, ...бүжиглэж байх явцад танихгүй эмэгтэй түлхээд байсан, эргэж хараад муудалцах гээд байхаар нь баарны хамгаалагч дуудаад буцаад ирсэн чинь Н-тай муудалцаад зогсож байсан. Тэгээд гадагшаа гараад баарны үүдний хэсгийн орчимд тэр хоёр дахин муудалцаад түлхэлцээд байсан. Миний харж байснаар Нямдулам эгч хоёр ч удаа нүүрэн хэсэгт нь цохиод байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Б.Н-ын яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Begas” бааранд найз О-ийн хамт 22 цагийн үед орсон. ...танил дүү Н болон найзтай нь таарсан, тэгээд юм яриад бүжгийн талбай дээр байж байтал танихгүй эмэгтэй түлхээд байсан, тэр эмэгтэйтэй харилцан маргалдсан, баарнаас гараад би тухайн эмэгтэйг гараараа 2-3 цохисон. ...Хохирол мөнгөө барагдуулсан, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 271 дугаартай, “...1.Х.Н-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүү, зулайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хамар, хүзүү, зулайд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. 4.Дээрх хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчид 500.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогчийн “...гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э