Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/538

 

 

 

 

 

 

 

     2024        05          13                                         2024/ШЦТ/538

 

 

                                     

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа

          Улсын яллагч Ч.Батбаатар /томилолтоор/

          Иргэний нэхэмжлэгч Б.Э********

          Хохирогч О.Т********, түүний өмгөөлөгч Н.Жамъяан

          Шүүгдэгч Ц.Э********, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овогт ********-ын ********-т холбогдох 2303 00683 0006 дугаар 1 хавтас хэргийг шүүх 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 3 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо 13 дугаар гудамж **** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

******** овогт ********-ын ********/РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Шүүгдэгч ******** нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг 42 минутын орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Шар хадны зам эмнэлгийн 2 дугаар буудлын замд ******** маркийн **-** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10,13 “в”-р заалт буюу “...чиглэлийн  тээврийн хэрэгслийн буудал дээр ... буцаж эргэхийг хориглоно, 7.2 дугаар заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан ... тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, 3.5 “а”-р заалт буюу “Зам тээврийн осолд холбогдсон жолооч ... ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх ... үүргийг хүлээнэ.” гэснийг тус тус зөрчсөний улмаас ******** маркийн **-** УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч ********-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “... 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүүхдүүддээ хоол хийж өгөх гээд хоолны материалд хоёрын буудал руу явсан. Машинаа тавиад дэлгүүр орчхоод гарч ирэхэд урд болон ар талд машин байсан. Би ухарч нэгдүгээр эгнээнд орж зогсоод хойноос машин ирж байгаа эсэхийг толиндоо хараад хөдөлсөн.  Хоёрдугаар эгнээд ортол хажуу талаас мотоцикл маш хурдтай, машин дайвалзтал мөргөсөн. Би дунд талын салон, хажуу талын хаалга зэргийг мөргөсөн. Тэгээд зогсоод машинаа тойроод хартал хажуу талаас мотоцикл ирээд мөргөсөн байсан. Би ********-г босох гээд байхаар нь хэвтэж бай гээд түргэн дуудсан...” гэжээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******** мэдүүлэхдээ: “... Миний бие энэ долоо хоногийн дөрөв дэх өдөр хагалгаанд орно. Шүүгдэгчээс гар утасны хохирол төлбөр 1.586.000 төгрөг, мотоциклийн хохирол төлбөрт 13.285.149 төгрөг, гадаад улс руу ажиллах байсан ажлын хөлс 1150 ам доллар, сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэжээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ******** мэдүүлэхдээ: “... Осол гарсны дараа машиныг засварт өгч янзлуулаагүй. Шүүгдэгч нь миний эхнэр бид дундаасаа гурван хүүхэдтэй. Тэрээр гэртээ хүүхдүүдээ харж ханддаг бөгөөд манай өрхийн орлого 1.800.000 төгрөг. Би цалингийн зээл аваад хохирогчид учирсан хохирол төлбөрөөс тодорхой хувийг нь төлж барагдуулсан. Эхнэрийн буруутай үйлдлээс болж энэхүү хэрэг гарсан учир хохирол төлбөрийг барагдуулна, гэхдээ хэрхэн яаж төлөх учраа сайн олохгүй байна...” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7 дугаар тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/, хохирогч ********-гийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүхийн анагаах ухааны хэлтсийн шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 12536 дугаар дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар тал/, “Итгэл хөрөнгө” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-83 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүхийн анагаах ухааны хэлтсийн шинжээч эмч, Э.Дарханбаярын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 110-111 дүгээр тал/, Техникийн шинжээч Н.Мөнхзул, А.Эрдэнэтуяа, Г.Удвал нарын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-135 дугаар тал/, иргэний хариуцагч ********-гийн мэдүүлэг /хх-ийн 54-57 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч ********-ийн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/,  хохирогч ********-гийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 64 дүгээр тал/, хохирогч ********-гийн гаргаж өгсөн хохирлын баримтууд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 477 дугаар дүгнэлт зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

          Шүүгдэгч ******** нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг 42 минутын орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Шар хадны зам эмнэлгийн 2 дугаар буудлын замд ******** маркийн **-** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10,13 “в”-р заалт буюу “...чиглэлийн  тээврийн хэрэгслийн буудал дээр ... буцаж эргэхийг хориглоно, 7.2 дугаар заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан ... тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, 3.5 “а”-р заалт буюу “Зам тээврийн осолд холбогдсон жолооч ... ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх ... үүргийг хүлээнэ.” гэснийг тус тус зөрчсөний улмаас ******** маркийн **-** УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч ********-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар тал/,

            Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8 дугаар тал/

2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар тал, 10-11 дүгээр тал/,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********-гийн өгсөн: “... Би тухайн өдөр өөрийн эзэмшлийн Yamaha маркийн 10-00 УРА улсын дугаартай мотоциклийг жолоодоод бензин хийчхээд ажил руугаа явж байсан. Манай ажил Баянзүрх дүүрэг шар хадны 2 дугаар буудлын замын хойно байдаг юм, би Шар хадны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 60 орчим км цагийн хурдтай явж байсан бар Шар хадны 2 дугаар буудлын ойролцоо ирэхэд урд автомашин байхгүй байсан бөгөөд автобусны буудал дээр зогсож байсан автомашин шууд 2 дугаар эгнээ рүү хөндлөн ороод ирсэн би тэр машиныг хараад тоормос гишгээд сигнал дарсан хэдий ч тэр машин зогсоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 12536 дугаар:

            1. ********-ийн биед баруун дунд чөмгөний гадна хэсгийн зөрөөтэй ил хугарал, баруун бугалга, цээжний баруун хэсэг, зүүг доод хэсэг, зүүн шуу, баруун ташаа, зүүн өвдөгт цус хуралт, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаад үүссэн байх боломжтой.

            3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4. Учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч ********-гийн өгсөн: “... ******** **-** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 онд худалдан авч байсан. Миний эзэмшлийн автомашин байгаа, 2023 онд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч нэрийг нь байгууллагын нэр дээр болгосон. 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр машинаа жолоодоод дэлгүүр орохоор явсан юм тэгээд осол гаргасан хэмээн над руу ярьсан. Хохирол төлбөрийг хуулийн дагуу төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “... Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Шар хадны замд 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг 42 минутын орчим ******** маркийн **-** УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч мотоциклтой мөргөлдөж жолоочийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ******** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 208.000 /хоёр зуун найман мянга/ төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/,

            “Итгэл хөрөнгө” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн №3467 дугаар: “... iPhone 13 pro маркийн гар утасны үнэлгээ 1.586.000 төгрөг, ******** XJR1300 маркийн мотоциклийн үнэлгээ 13.105.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-84 дүгээр тал, 90-92 дугаар тал/,

            2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06/147 дугаар:

            1. ******** маркийн **-** УНЗ улсын дугаартай автомашины жолооч ******** нь МУ-н ЗХД-ийн 10.13 “в”-р заалт буюу “... чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр ... буцаж эргэхийг хориглоно”, 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан ... тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, 3.5 “а”-р заалт буюу “Зам тээврийн осолд холбогдсон жолооч ... ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх ... үүргийг хүлээнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

            2. Yamaha маркийн **-** УРА улсын дугаартай мотоциклийн жолооч ******** нь МУ-н ЗХД-н 3.7 “а” заалт буюу “Жолоочид ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км-с хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

            3. ******** маркийн **-** УНЗ улсын дугаартай автомашины жолооч ******** нь МУ-н ЗХД-ийн 10.13 “в” болон 7.2-р заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Харин Yamaha маркийн **-** УРА улсын дугаартай мотоциклийн жолооч ******** нь МУ-н ЗХД-н 12.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослоос учирч болох хохирлыг ихэсгэсэн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 134-135 дугаар тал/,

            Шүүгдэгч ********-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 дүгээр тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

        Улсын яллагч “Шүүгдэгч ******** нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг 42 минутын орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Шар хадны зам эмнэлгийн 2 дугаар буудлын замд T.Rumion маркийн **-** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10,13 “в”-р заалт буюу “...чиглэлийн  тээврийн хэрэгслийн буудал дээр ... буцаж эргэхийг хориглоно, 7.2 дугаар заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан ... тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, 3.5 “а”-р заалт буюу “Зам тээврийн осолд холбогдсон жолооч ... ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх ... үүргийг хүлээнэ.” гэснийг тус тус зөрчсөний улмаас Yamaha маркийн **-** УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч ********-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх хүндрүүлэх шинжийг заажээ.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч ********-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******** нь 26.487.649 төгрөг, 1150 доллар, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа нь 208.000 төгрөг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч ******** нь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч ********-ийн хохирол төлбөр болох 208.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 дугаар тоот дансанд төлсөн, мөн хохирогч ********-д 5.600.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн.

Хохирогч ********-гийн зүгээс БНСУ-д гагнуурын мэргэшсэн ажилтнаар хамрагдах байсан хөтөлбөрийн урсгал зардал болох 1150 долларыг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********-ээс 28.467.649 төгрөгийг гаргуулж хохирогч ********-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ ... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж тус тус заасан.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6 дугаар зүйлд “Шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,  ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Гурав. Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал Гуравдугаар зэрэглэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлснээр /660.000х13=8.580.000/ буюу нийт 8.580.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг иргэний хариуцагч гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хариуцвал зохих этгээд нь иргэний хариуцагч ******** байх боловч шүүгдэгч ********, иргэний хариуцагч ******** нар нь 2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг иргэний хариуцагч, шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хуваарилах шаардлагагүй гэж дүгнэв.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ********-ийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч ********-ийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн зүгээс: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэн харгалзаж өгнө үү..” гэх саналыг гаргасан бол хохирогч, шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ц.Эрдэнэчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 140 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 141 дүгээр тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 142 дугаар тал/, оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 143 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 144 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 145 дугаар тал/, ******** нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 215-217 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч ********-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”, 1.4 дэх заалт “... хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч ********-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******** нь 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн ********, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр төрсөн ********, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн ******** гэх хүүхэдтэй болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгч ********-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан шүүх анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх төрлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.

             Иймд энэхүү гэмт хэргийг шүүгдэгч ******** нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ******** дугаар жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******** овогт ********-ын ********-ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ********-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь хорих ялыг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асраж хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэмэгдүүлэн оногдуулахыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********-ээс 28.467.649 төгрөгийг гаргуулж хохирогч ********-д олгосугай.

7. Хохирогч ******** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ******** дугаар жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ******** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

     11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     12. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ******** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

                              

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС